antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2015 1 comment

Д.Бадарсан: Бид дүүргийн хөрөнгөөр хоёр цэцэрлэг барьсан нь улсдаа анхны тохиолдол юм билээ

нийтлэсэн Admin
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай ярилцлаа.

-Энэ өдрүүдэд танай дүүрэг байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Тэгэхээр ярилцлагаа ой угтсан онцлох ажлуудаас эхэлмээр байна?
-Эхлээд дүүргийнхээ талаар товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Манай Сүхбаатар дүүрэг нийслэлийн хойморт оршдог, 140 гаруй мянган иргэн, 20 хороотой. Түүнээс гадна манай дүүрэгт нийслэлийн төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газар Засгийн газрын яам, агентлагууд, 13 улсын элчин сайдын яам, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болоод Олон улсын байгууллага, томоохон эмнэлгүүд зэрэг нийтдээ таван мянга гаруй байгууллага, аж ахуй нэгж байрладаг.

Тиймээс Сүхбаатар дүүргийг хүмүүс хамгийн оюунлаг хэмээн нэрлэж заншсан түүхтэй. Бид дүүргийнхээ 50 жилийн ойг угтан хийх ажлуудаа хагас жилийн өмнөөс хороодоор, иргэдийнхээ дунд уулзалт зохион байгуулан түүхт ойдоо ямар ажлууд хийх саналыг авсан. Энэ дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хүрээнд иргэдийн саналыг тусгаж, нийтдээ 50 багц дотроо 125 ажил хийхээр төлөвлөснөө бүрэн хангалттай хэрэгжүүлж амжлаа. Эдгээр ажлуудаас онцлон дурьдвал, хүүхэд залуучуудаа дэмжих, гэр бүл түүн дотроо эмэгтэйчүүдийг илүү их дэмжиж ажилласан. Мөн өндөр настан, ахмадууд, албан хаагчид, ААН, худалдаа үйлчилгээ, ЖДҮ эрхлэгчид, сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Ер нь зөвхөн 50 жилийн ой гэлтгүй жил бүр уламжлал болгон хийгддэг ажлуудаа иргэддээ илүү нээлттэй болгох, хамтарч ажиллах, дүүргийн зүгээс зохион байгуулж байгаа ажлуудад иргэдийг гар бие оролцуулах талд илүү анхаарч ажилласан гэдгийг энд онцлон хэлмээр байна. Дээр хэлсэн 125 ажлын заримаас дурьдвал бид иргэдийнхээ эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдалд анхаарч тэднийг спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх боломжийг хангах чиглэлээр “Иргэдийн спортын наадам”-ыг зохион байгууллаа. Энэ ажил бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдаж байгаа учраас ирэх аравдугаар сард дүнгээ гаргана. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, БТС-ын хэлтэс хамтран зохион байгуулж буй “Иргэдийн спортын наадам”-д давхардсан тоогоор дүүргийн есөн мянга гаруй иргэд хамрагдсан байна.

Түүнээс гадна хүүхэд, багачуудын спортын V наадмыг зохион байгуулсан. Эндээс шалгарсан 143 хүүхэд улсын чанартай тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Хүүхдийн спортын V их наадамд дүүргээ төлөөлөн оролцох эдгээр хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын зүгээс бэлтгэлээ хангахад нь санхүүгийн хувьд тусалж, дэмжиж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн иргэдээс ирсэн санал санаачилгын хүрээнд ногоон байгууламжийг дүүргийн хэмжээнд жигд нэмэгдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Сэлбэ голын урсацын нэмэгдүүлэх, эхийг хамгаалах талаар иргэдээс олон санал хэлж байсан. Энэ дагуу бид Сэлбэ голын эхэнд 10 гаруй байршилд булгийн эхийг хамгаалах тохижилтын ажлыг зохион байгууллаа. Энэ ажилд тухайн хороонд амьдардаг иргэдийг татан оролцуулсан. Мөн орон сууцны хорооллын гаднах ногоон байгууламжийг орчин үеийн шийдэлтэйгээр тохижуулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн нь олон хүний талархлыг хүлээсэн ажил болсон. Бидний хийж хэрэгжүүлсэн энэ бүх ажил манай дүүргийн иргэдийн гаргасан санал санаачилга гэдгийг хэлмээр байна.

-Ер нь жилээс жилд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотод хийгдэж байгаа олон бүтээн байгуулалтын ажлаас харагдаж байна. Тэгвэл танай дүүргийн тухайд 2015 онд ямар томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж амжуулав?
-Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх чиглэлээр нэлээд анхаарч ажилладаг. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид энэ ажлыг хийх төсөв санхүүг шийдэж, зүй зохистой зарцуулах тал дээр анхаарч байна. Манай дүүргийн орон сууцны барилгууд нэлээд хуучирч муудсан, олон жилийн насжилттай. Тийм учраас өнгө төрхийг нь сайжруулах чиглэлээр байрнуудын гадна талын фасад болон дээврийн засвар, гадна талын ногоон байгууламжийн тохижилт зэргийг мөн нэрлэж болно.



Эдгээр ажлуудыг манай иргэд маш сайхнаар хүлээн авч байгаа нь энэ ажлыг хариуцсан албан хаагчдад илгээсэн талархлын захидлаас харж болохоор байна. Энэ бол иргэн, дүүргийн төр захиргааны байгууллага бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Харин манай гэр хорооллын иргэдийн хувьд гүний худаг, намгархаг гудамжинд хайрган хучилттай зам хийх санаачилга гаргасан. Түүний дагуу гэр хорооллын доторх намаг, шавартай зам, хальтиргааг багасгах чиглэлээр 17 км урттай хайрган хучилттай замыг 38 байршилд хийсэн. Бид ийм олон гудамжны замыг засч сайжруулсан байна. Одоо цөөн хэдэн гудамж үлдсэн. Түүнийгээ ирэх онд засч дуусгана. Харин гэрэлтүүлгийн тухайд жил бүр тодорхой тооны ажил хийх хуваарь гарган энэ онд аль гудамжийг түрүүлж хийх үү гэсэн судалгаа гаргаад түүн дээрээ үндэслээд гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажлаа эхлүүлээд байгаа. Өнөөдөр манай дүүрэг нэлээд гэрэл гэгээтэй дүүрэг болж, тэнд амьдарч байгаа иргэд амар тайван байх нөхцөл бүрдэж байгаад  сэтгэл хангалуун байна.

-Иргэдийн оролцоотой олон бүтээн байгуулалтын ажил хийжээ. Ер нь иргэдийнхээ ажил орлоготой байх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар ямар ажил хийсэн бэ?
-Мэдээж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг бол маш чухал асуудлын нэг. Үүнийг дан ганц Хөдөлмөрийн хэлтсийн хийх ажил гэж ойлгож болохгүй. Манай дүүргийн онцлог бол боловсрол, цагдаа, нийгмийн даатгал, татвар гээд бүх хэлтэс хамтарч иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг ажил орлоготой байлгах талаар хамтарч ажилладаг. Энэ хүрээнд олон залуусыг мэргэжлийн чиг баримжаа олгох давтан сургалтад хамруулж, тэдний 60 гаруй хувийг ажилд зуучилсан байна.

Мөн дүүргийн зүгээс бодлогоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн бүлгээр хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэднийг татан оролцуулдаг. Энэ жил л гэхэд 50 орчим ажлыг Иргэдийн бүлгээр хийлгэсэн. Нэг ажлын цаана 10 хүн ажлын байраар хангагдсан гэж харах юм бол 500-гаад хүн өөрийн дүүрэг, хороо, цаашлаад амьдардаг орчныхоо тохижилтод гар бие оролцсон гэж ойлгож болно. Ер нь ингэж аливаа бүтээн байгуулалт, тохижилтын ажилд иргэний оролцоог нэмэгдүүлснээр олон талын эерэг дүр зураг харагддаг. Хүн өөрийнхөө амьдарч байгаар орчныг маш сэтгэл хангалуун засч янзалдаг түүнийхээ дараа тухайн тохижилтоо хайрлаж хамгаалдаг. Хэрэв эвдэрч, гэмтэх юм бол өөрсдийн санаачилгаар засч янзалдаг. Бид энэ ажлыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ирсэн. Энэ онд иргэдийн бүлгээр хийсэн ажлууд маань ч гэсэн их амжилттай хэрэгжиж байна.

-Танай дүүргийн бас нэг онцлог бол боловсролын салбараа нэлээд дэмждэг. Энэ салбарт хийгдэж байгаа ажлуудаасаа иргэддээ танилцуулаач. Ялангуяа энэ жил хэдэн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?
-Боловсролын салбарт дүүргийн зүгээс оруулж байгаа хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж байгаа. 2015 онд л гэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар хоёр томоохон цэцэрлэг ашиглалтад орж байна. Энэ бол анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барьсан тохиолдол юм билээ. Ингэснээр нэг цэцэрлэгт 300-400 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байна гэсэн үг. Үүний цаана 600-800 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм. Нөгөө талаас нь харахад дээрх тооны ээж ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэх бололцоо гарч байна гэж харж байна.

Мөн дүүрэг, нийслэл, БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 15 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхэлснээс одоогоор 10 гаруй нь ашиглалтад ороод байна. Үлдсэн хэсэг нь ойрын хугацаанд ашиглалтад орохоор ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Бид 2013 оноос дүүргийнхээ боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарыг цуглуулж уулзсан. Энэ уулзалтад хамгийн анхаарал татсан нэг санал байсан нь хөдөлмөрийн кабинетийн тоног төхөөрөмж өнөөдрийн сургалтын шаардлагад нийцэхгүй, хуучирсан гэдэг асуудал байсан. Үнэхээр хөдөлмөрийн хичээлээр хүүхдүүд зөвхөн онолын хичээл үзэх биш өөрсдөө гараараа бүтээж, сэтгэдэг. Түүнийгээ харж алдаа, оноогоо дүгнэдэг. Сайхан бүтээл урласан бол бахархах сэтгэл төрж байдаг тийм онцлогтой. Бид багш нарын гаргасан энэ санаачилгыг ажил хэрэг болгож, ЕБС-иудаа орчин үеийн, европ технологийн иж бүрэн хөдөлмөрийн кабинетаар тоноглосон. Энд голдуу дунд ангийн хүүхдүүд маань шамдан хичээллэж байгаа.

Бид энэ ажлынхаа үр дүнтэй газар дээр нь явж танилцсан. Ер нь ажил хийж байгаа хүний гаргасан аливаа санаачилгыг дүүргийн зүгээс дэмжиж, ажил хэрэг болоход нь хөрөнгө санхүүгийн хувьд туслах юм бол бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжих юм байна гэдгийг эндээс олж харсан. Бид өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт 55 багц ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Түүний нэг нь л хөдөлмөрийн кабинетийн тохижилт юм. Өнгөрсөн оноос БСШУ-ны яам, нийслэлийн Боловсролын газраас хүүхэд бүрийг хөгжүүлэх “Цөм” хөтөлбөр сургуулиуд дээр амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэ жил суурь боловсрол буюу дунд ангийнханд хэрэгжиж байгаа. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр ч хэрэгжиж эхэллээ. Ер нь хүүхэд болгонд авьяас бий.

Тэр авьяасыг хөгжүүлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүрэг бидэнд байгаа учраас энэ ажлуудыг хийж байгаа юм. Сүхбаатар дүүргийн боловсролын салбартаа хийж байгаа ажлыг үнэлж, нийслэлийн удирдлагуудаас манай дүүргийг “Боловсролд ээлтэй дүүрэг”-ээр хоёр жил дараалан шалгаруулсан. Бид ч гэсэн цаашдаа энэ амжилтаа улам бататгах хэрэгтэй гэж харж байна. Мөн бид энэ жил сургууль, цэцэрлэгүүдийнхээ гадна аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр камерын бүрэн хяналтын системд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ажил нь ид явагдаж байгаа. Энэ намартаа багтаад ашиглалтад авна. Ингэснээр хүүхдүүд маань аюулгүй орчинд сурч боловсроход томоохон түлхэц болно гэсэн үг.

-Одоо эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа ажлуудаасаа дурьдах нь зүйтэй байх?
-Иргэдэд хамгийн ойрхон байдаг анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгох чиглэлээр хичээн ажиллаж байна. Энэ бол 50 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа онцлох ажлуудын маань нэг. Үүнд дүүргийн ЭМТ, Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг маань гурвалсан холбоогоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, манай эрүүл мэндийн салбар шат шатандаа хариуцлагатай ажиллаж байна гэсэн үг. Дүүргийн удирдлагын зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Өнөөдөр манай Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэлээд олон төрлийн шинжилгээ, үзлэгийг эмнэлэг дээрээ хийх боломжтой болсон. Мөн дүүргийн ЭМТ-ийн шинжилгээний лабораторийг бүрэн шинэчилж, орчин үеийн анализатор бүхий аппараттай боллоо.

Ингэснээр ЭМТ-өөр үйлчлүүлж байгаа иргэд хоног хугацаа алдахгүйгээр өдөртөө шинжилгээний хариугаа авдаг болсон. Мөн Хүүхдийн түргэнийхээ дөрвөн автомашиныг бүрэн шинэчиллээ. Энэ бүх ажил бол хүүхэд төдийгүй хүний эрүүл мэндийн төлөө хийж байгаа бодит хөрөнгө оруулалт юм. Ер нь манай дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тодорхой түвшингээр ахиж байгаа гэж ойлгож болно. Энд бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар хөрөнгө оруулалт нь тавигдаж, хоёр жилийн хугацаанд баригдсан ахмадын “Сүхбаатар сувилал” маань өнгөрөгч дөрөвдүгээр сард ашиглалтанд орсон.

Сувилал 60 ортой, жилдээ дунджаар дүүргийнхээ 1500 орчим ахмад настанд сувилалын үйлчилгээ үзүүлэх бололмжтой. Мөн энэ сувилалд шаардлагатай дутагдаж байсан тоног төхөөрөмжийг нийслэл болоод орон нутгийн төсвөөсөө шийдвэрлэж, хангасан. Түүнээс гадна ахмадын амралтын үйл ажиллагааг жигдрүүлсэн. Бага Хандгайт гэх энэ амралт бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дүүргийнхээ ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр амрааж байна.

-Иргэдийн хамгийн их шаарддаг ажил бол хот тохижилт, амьдарч байгаа орчныг сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийхийг хүсдэг. Энэ чиглэлд ямар ажлууд хийсэн бэ?
-Дүүргийн зүгээс иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Түүнээс гадна манай дүүрэг нийслэлийн нүүр царай гэдэг утгаараа хотын стандарт бүхий гадна орчны тохижилттой байх ёстой гэж үзэж байгаа. Яг үнэндээ саяхныг хүртэл байрнуудын гадна талд зэрлэг л ургадаг байсан. Түүнээс улбаатайгаар хүмүүс ургамлын болоод тоосны харшилтай болдог. Үүний цаана олон хүний эрүүл мэнд, ая тух гээд олон асуудал бий. Тийм учраас бид иргэдээ эрүүл, ногоон орчинд амьдрах боломжоор хангаж, 80 гаруй орон сууцны гадна талд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийлээ.

Энэ тохижилтын ажлыг манай иргэдийн бүлгүүд хийж, хэрэгжүүлсэн. Энэ дашрамд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг маш чанартай гүйцэтгэсэн иргэдийн бүлгүүддээ талархал илэрхийлмээр байна. Дүүргийн Засаг даргад нэг эрх байдаг. Энэ нь дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг боловсруулаад ИТХ-даа өргөн барьж батлуулдаг. Би тэр эрхээ иргэдтэйгээ хуваалцаж байгаа. Өөрөөр хэлбэл, 2013, 2014 онд иргэдээсээ ямар ажлыг нь түрүүлж хийх шаардлагатай байна вэ гэсэн саналыг авсан.

Энэ санал асуулгад манай дүүргийн иргэдийн  83 орчим хувь нь хамрагдсан байдаг. Тэгэхээр иргэдийн гаргасан саналууд маш бодитой хэрэгжиж байна гэсэн үг. Тухайлбал, орон сууцны хороололд бол автомашины зогсоол алга, хүүхдийн тоглоомын талбай дутагдаж байна. Гэр хороололд бол намаг, шалбааг бүхий гудамж, замуудыг янзлах гэх мэтчилэн. Нөгөө талаас манай гэр хороолол бүхий 10 хорооны ес нь нэлээд намгархаг газар байрласан байдаг. Мэдээж төсөв санхүү тоотой учраас хийх ажлуудынхаа алийг нь түрүүлж хийх вэ гэдгийг иргэдээр өөрсдөөр нь сонгуулж, ИТХ-аараа батлуулсан. Иргэдийн санаачилгаар хийгдэж байгаа учраас тэд дэмжиж, хүлээн авч байгаа. Ер нь иргэдээс хамгийн их ирдэг санал бол эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлд хяналтын камерын системийг суурилуулахыг хүсдэг. Өнөөдрийн байдлаар манай дүүргийн хувьд 300 орчим камерийг суурилуулаад Цагдаагийн хэлтэс дээр удирдлагын төвийг нь байгуулан ажиллаж байна.  Цаашдаа бид дээрхтэй ижил тоотой камерийг суурилуулах юм бол дүүрэг бүхэлдээ хяналтын камерийн системд бүрэн шилжинэ.

Түүнээс гадна хороолол доторх замуудыг өргөтгөн шинэчиллээ. Энэ жил нийслэлийн автозамын сангийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хороолол доторх замуудыг шинэчлэх ажил хийгдэж байна. Нэг үеэ бодвол нийслэлийн авто замын сүлжээ эрс сайжирсан. Өнөөдөр бараг айл болгон машинтай болж. Тийм учраас хороолол доторх замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, авто зогсоол бий болгох гээд асуудал бас бий.

-Нийслэлд сүүлийн гурван жилд хийгдэж байгаа том бүтээн байгуулалтын ажил бол гэр хорооллын дахин төлөвлөлт. Энэ ажлын үр шимийг нь эхнээсээ хүртэж, зарим байршилд иргэд орон сууцандаа орсон. Тэгвэл танай дүүргийн тухайд энэ ажил хэр ахицтай байна вэ?
-Манай дүүргийн IX, XI хороонд дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Энд нийтдээ 200 орчим га талбайг хамарсан ойролцоогоор III, IV хорооллын дайтай бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэсэн үг. Дахин төлөвлөлтийн ажлын нэг онцлог бол иргэд, төсөл хэрэгжүүлэгч, төр захиргааны байгууллага гурвын хамтын ажиллагааны дүнд хийгдэж буй бүтээн байгуулалт. Өөрөөр хэлбэл, иргэд газраа өндөр үнээр борлуулна эсвэл төсөл хэрэгжүүлэгч газрыг бага үнээр авна гэвэл энэ ажил цааш явахгүй.

Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт оролцогч талууд зах зээлийнхээ дагуу хэн нэгнээ хохироохгүй байх зарчмыг л барьж ажиллах юм. Түүнээс гадна манай XIV хороо бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлбэ дэд төв болсон. Ингэснээр хотын төв рүү үүсдэг төвлөрөл багасах давуу талтай. Ер нь нийслэлээс барьж байгаа бодлогын хүрээнд хотын зах руу хэд хэдэн дэд төвийг байгуулна. Үүний нэг нь Сэлбэ дэд төв. Сүүлийн 2-3 жил судалгааных нь ажил хийгдээд одоо ажил нь эхлэх гэж байна.

Хэрэв энэ ажил амжилттай хэрэгжих юм бол манай дүүргийн 7-н буудал орчим орчин үеийн шийдэлтэй дэд төв болон хөгжих боломжтой болох юм. Мөн XII, XIII хороо дахин төлөвлөлтөд орох шийдвэр нь гарчихсан бэлтгэл ажил явагдаж байгаа. Ер нь хот өөрөө орон сууцжих, амины тохилог орон сууцтай болж тэлэх хүрээнд дээрх ажил явагдана. Дахин төлөвлөлтийн нэг давуу тал бол нийгмийн олон талын хэрэгцээг тооцож байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, тэнд бага сургууль-цэцэрлэгийн комплекс, нийгмийн дэд бүтэц бүхий төрөл бүрийн үйлчилгээнүүд бий болох юм.

-Дүүргийн зүгээс төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, нээлттэй, ил тод байдлыг хангах тал дээр хэр зэрэг анхаарч байна?
-Бид дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ байрандаа ороод жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан барилга маань 1940-өөд оны, Мэргэжлийн хяналтын газрын хоёр удаагийн акттай. Шинэ байраа нийслэлийн хөрөнгө оруулалтаар дөрвөн жил дамжин барьж өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Бид шинэ байранд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ нэг том асуудлыг шийдэхийг хүссэн. Энэ бол иргэдэд олон цонхоор төрийн үйлчилгээг үзүүлэх.

Бид өмнө нь найман цонхоор үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр 28 цонхоор иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэж байна. Иргэд ч үүнд маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг. Түүнээс гадна манай нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг хөдөө орон нутаг, аймаг болоод азийн зарим орны хотууд ирж судалж байна. Зөвхөн Засаг даргын Тамгын газар гэлтгүй хороодод нэг цонхны үйлчилгээг нээн ажиллуулж байгаа. Дүүргийн ИТХ-аас хороодын ажлын албатай хамтраад хороо бүр дээр Иргэний танхимыг нээн ажиллуулж байна.

Энэ бол иргэний оролцоог нэмэгдүүлэх талаар хийж буй нэг ажил. Ер нь нэг цэг болно гэдэг бол төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хүнд сурталгүй үзүүлэхэд их том гарц болж байна. Бид төрийн анхан шатны үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн нийт зургаан байрыг барьж ашиглалтад орууллаа. Энэ жил дахиад гурвыг барина. Иргэний танхимд манай ахмадууд үдээс өмнө ирээд сонин уншлагаа хийнэ. Түүний дараа эмэгтэйчүүд цэцэг тарих болон өрхийн төсөвтэй холбоотой сургалтад суучихаж байна. Өдрийн цагаар ахмадууд хийн дасгалаа хийдэг. Орой нь залуус гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх болон олж авсан мэдээллээ солилцож байна.

-Өнөөдөр улс орны эдийн засаг хүндрэллээ гээд байгаа. Тэгвэл танай дүүргийн төсөв, санхүүгийн байдал ямар байна вэ?
-Төсөв санхүүгийн хувьд оны эцэс гэхэд энэ жилийн тавьсан зорилтоо биелүүлнэ гээд ажиллаж байна. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд байгаа боловч манай дүүргийн төсвийн орлого 90 гаруй хувьтай байна. Оны эцэс гэхэд биелэгдэх байх. Манайх бусад дүүргүүдийг бодвол нийслэлийн төсөвт хамгийн их орлогыг төвлөрүүлдэг. Энэ жил ес шахам тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлэх ёстой. Бид аль болох бүрдэж байгаа төсвийг иргэдэд нэн шаардлагатай гэсэн ажилд үе шаттайгаар зарцуулахаар шийдвэрлэж байна. Өмнөх онд Засгийн газрын төсөв хэмнэх тухай 147 дугаар тогтоол гарсан. Энэ хүрээнд дүүргийн ИТХ, ЗДТГ нийтдээ 460 гаруй сая төгрөгийг урсгал зардлаасаа хэмнэсэн байгаа.

-Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг сонирхмоор байна?
–Гадаад харилцааны тухайд хамгийн удаан буюу 1995 оноос өнөөдрийг хүртэл БНСУ-ын Сөүл хот Жонну дүүрэгтэй хамтын ажиллагаатай явж ирсэн. Мөн Өвөрмонголын Хөлөнбуйр аймаг, Япон улсын Нагона мужийн Саку хот болон Болгар, Турк, ОХУ-ын зарим хотуудтай хамтарч ажилладаг. Энэ хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдаа харилцан туршлага солилцуулдаг. Тухайлбал, хог хаягдлын менежмент нь ямар юм бэ, гэрэлтүүлгээ хэрхэн асааж байна, замын түгжрэлтэйгээ хэрхэн ажиллаж байна гэх мэтчилэн нийслэл, дүүрэгтээ тулгамдаж байгаа ижил төстэй асуудлуудыг судалдаг. Түүнээс гадна хүүхэд солилцооны соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ жил Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт Монгол, ОХУ, Хятадын өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт болсон. Энэ тэмцээнд манай дүүргийн өсвөрийн хөлбөмбөгчид аварга болсон байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд дүүргийнхээ иргэдэд хандаж юу хэлэх үү?
-Өнөөдөр Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны хагас зуун жилийн түүхэн ой тохиож байна. Ер нь Сүхбаатарчууд бидний улс эх орны болоод нийслэл, дүүрэг, хорооныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр багагүй бий. Энэ дашрамд, дүүргийнхээ үе үеийн удирдлагууд, нийт албан хаагчид болон иргэддээ 50 жилийн ойн халуун мэндийг хүргэе. Өнгөрсөн хугацаанд манай дүүрэг өдрөөс өдөрт өнгө засан өөрчлөгдөж байгаа. Энэ бол бидний хамтын ажлын үр дүн гэдгийг онцлон хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн мэндчилгээ
Гадаад хэргийн яам дүүргийн ууган байгууллагуудын нэг гэдгээрээ бахархдаг

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв зүрхэн хэсэг болсон Сүхбаатар дүүргийн ажилтан, албан хаагчид болон иргэд та бүхэнд дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Гадаад хэргийн яам нь тус дүүргийн нутаг дэвсгэрт олон жил байрлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн ууган байгууллагуудын нэг гэдгээрээ бахархаж байдаг. Яам, дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлалууд, бусад олон арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагдаж, энэ бүгдэд дүүргийг удирдлагын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байдагт талархаж байгаагаа баярын энэ үеэр илэрхийлэхэд таатай байна. Ирэх 2016 онд Улаанбаатар хотод болох Ази, Европын /АСЕМ-ын/ 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Тус уулзалтын онцлог нь  АСЕМ-ын 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой тул тус арга хэмжээг зохион байгуулах, бэлтгэлийг хангахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо чухал бөгөөд гол арга хэмжээ нутаг дэвсгэрт нь зохион байгуулагдахын хувьд Сүхбаатар дүүргийн зүгээс онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эх хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Сүхбаатарчууд та бүхэнд ололт амжилтаа бататган, хөгжил дэвшилд үргэлж өөдөө тэмүүлж, эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөе.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ

Хагас зууны түүх гэдэг бол манай Сүхбаатар дүүргийн хувьд бахархал юм

Бидний үеийнхэн унасан газар, угаасан ус гэж ярих дуртай. Би бол Булган аймгийн Гурванбулаг сум Рашаантын өвөлжөөнд төрсөн хүн. Түүгээрээ ч их бахархдаг. Тэгвэл хотод төрж өссөн орчин үеийн хүүхдүүд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг гээд сайхан бахархалтай хэлэх байх.

Тийм учраас хүний төрж өссөн, ажиллаж, амьдарч байгаа засаг захиргааны нэгж гэдэг бол бараг эцэг эхийн нэртэй хамт явж байдаг ийм ойлголт. Өнөөдөр Сүхбаатар дүүрэг маань байгуулагдсан он цагийнхаа 50 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Өөрөөр хэлбэл, энэ дүүргийг анх байгуулагдахад төрсөн хүүхдүүд өнөөдөр 50 настай болж байна гэсэн үг. Тийм учраас 50 нас гэдэг бол цаанаа их утга агуулгатай зүйл гэж боддог. Хүн төрөлхтөн өөрийнхөө хөгжил цэцэглэлтийн түүхийг зуун зуунаар хэмжиж ирсэн уламжлалтай.

Тэгэхээр хагас зууны түүх гэдэг бол манай Сүхбаатар дүүргийн хувьд бахархал юм. Би ч гэсэн бусдын адил Улс монголдоо нэртэй, Улаанбаатартаа бүтээлтэй ийм дүүрэгт ажиллаж амьдарч байгаадаа баярлаж, энэ ойг хүндэтгэлтэй хүлээн авч байна.  Ингээд нийт Сүхбаатарчууддаа дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн мэндчилгээг дамжуулж ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.

Монгол улс, ОХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисгэгч, хошууч генерал  Ж.Гүррагчаа
Нийслэлийн дүүргүүд дотроос хөгжил цэцэглэлт, цэвэр цэмцгэр, үлгэр жишээгээрээ ямагт түрүүлж байдаг

Би Сүхбаатар дүүргийн иргэн. Энэ бол миний ажиллаж, амьдарч байгаа өлгий нутаг гэсэн үг. Манай дүүрэг нийслэлийн дүүргүүд дотроос хөгжил цэцэглэлт, цэвэр цэмцгэр, үлгэр жишээгээрээ ямагт түрүүлж байх ёстой. Тэгж ч байгаа гэж боддог.

Түүнээс гадна Сүхбаатар дүүрэг бол Улаанбаатар хотын зүрхэн цэг гэсэн үг. Тийм учраас энэ зүрхэн цэгт ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа бүх хүмүүст 50 жилийн ойн баярын талархал дэвшүүлэхийн зэрэгцээ амжилт хүсч байна.

Амжилтыг бол өөрсдөө олж авдаг. Бусад нь түүгээр бахархаж, үлгэрлэдэг. Тийм учраас бахархлаа өөрсдөө бий болгоорой гэж хүсмээр байна.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Урлаг судлалын ухааны доктор, профессор  Н.Жанцанноров
Боловсролын төв болон хөгжиж байгаад баяртай байна

Сүхбаатар дүүрэг эрт дээр үеэсээ сэхээтнүүд буюу боловсролтой, элит хэсгүүдийн дүүрэг байсан гэж хэлэгдэж ирсэн түүхтэй. Би энэ дүүрэгт сурч боловсрон өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаадаа баяртай явдаг. Өөөрөөр хэлбэл, миний ажил, амьдралын олон үйл явдал энэ дүүрэгтэй холбоотой гэсэн үг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд Сүхбаатар дүүргийн өнгө төрх маш хурдтай өөрчлөгдөж, нийслэл хотын хөгжил цэцэглэлтийн түүчээ болж байна. Түүнээс гадна Сүхбаатар дүүргийг удирдаж байгаа залуу дарга нар маш эрч хүчтэй ажиллаж, иргэдээ эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг цогцлоохын төлөө олон бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг гээд олон ажил хийж байна. Мөн энэ дүүрэгт Монгол улсын Боловсролыг том том төв, төрийн дөрвөн том сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм учраас Сүхбаатар дүүрэг боловсролын төв болон хөгжиж байгаа. Сүүлийн гурван жил би Сүхбаатар дүүргийн удирдлагуудтай хамтарч ажиллан Солонгос найзуудтайгаа нийлж, найман сургуулийг буцалтгүй тусламжаар тохижуулж өгсөн.

Ер нь энэ дүүрэгт төрж өссөн хүмүүс бүгд оюуны том бүтээл хийж, улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдагт би хувьдаа тэднээр бахархах сэтгэл төрдөг. Ингээд хагас зууны түүхтэй Сүхбаатарчууддаа,  үе үеийн дарга нар, сэхээтнүүдэд ойн баярын мэнд хүргэе.

ШУТИС-ын Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан тэргүүн дэд захирал Д.Батчулуун

Түүхт ойгоо 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгтэй угтаж байгаадаа баяртай байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар анх удаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаад байна. Энэ бол улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг гэдгээрээ онцлог.

Манай 234 дүгээр цэцэрлэг нь 2015-2016 оны хичээлийн жилд 240 хүүхэд, 31 багш ажиллагсадтайгаар бяцхан шавь нараа хүлээн авч, удахгүй  сургалтын үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаадаа баяртай байна. Дүүргийн X, XI, XII хорооны хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролд хамруулж, тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлсэн Засаг дарга Д.Бадарсан болон Засаг даргын Тамгын газрын хамт олондоо баярлаж байгаагаа нийт багш ажилтан, эцэг эх, бяцхан шавь нарынхаа өмнөөс илэрхийлмээр байна. Ингээд  Сүхбаатар дүүргийн түүхт 50 жилийн ойн баярын мэндийг бүх хүмүүстээ хүргэж, эрүүл энх, амжилт  бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сүхбаатар дүүргийн 234 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дариймаа

Иргэдийн дунд хашаагаа зүлэгжүүлж, мод, цэцэг, хүнсний ногоо тарьж ургуулдаг хүмүүсийн тоо өссөн

Нийт Сүхбаатарчууддаа 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлъе. Манай дүүргийн хөгжилд энэ хугацаа урт ч, бас богино юм. Иргэдийн ухамсар төлөвших, амьдралын шинэ хэв маягт суралцах, өөрсдийн хандлага, үнэлэмжийг өөрчлөхөд энэ хугацаа тийм ч урт биш.

Гэсэн хэдий ч нааштай өөрчлөлтүүд гарсаар байгаа нь илт байна. Тухайлбал, иргэд маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүсэлдээ автан агаарын бохирдлыг бууруулах, хөрсний эвдрэлийг зогсоох, хогоо ангилан ялгах зэрэг байгаль экологийн асуудалд өмнөхөөс илүү анхаарал тавьдаг болсон байна.

Жишээ нь, манай XVI хорооны иргэдийн дунд хашаагаа зүлэгжүүлж, мод, цэцэг, хүнсний ногоо тарьж ургуулдаг хүмүүсийн тоо өдөр бүр л өссөөр байгаа нь тун талархууштай юм. Дүүрэг болон хорооноос ч энэ чиглэлээр иргэдтэйгээ хамтрах, тэднийг дэмжих ажил их зохиож байна. Ингээд цаашдаа манай дүүрэг ногоон дүүрэг болоосой гэсэн хүсэлтээ үүгээр илэрхийлъе.

Сүхбаатар дүүргийн XVI хорооны иргэн Ч.Эрдэнэчулуун
Бид түүхт ойдоо зориулж байрныхаа ногоон байгууламж, сантехникийн асуудлыг бүрэн шинэчилсэн

Хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй Сүхбаатар дүүргийнхэндээ, бүр тодруулбал “Цоглог-1” СӨХ-д хамаарч буй V хорооны 1болон 52 дугаар байрныхаа оршин суугчдад 50 жилийн ойн халуун мэндийг хүргэе. Бид энэ түүхт ойдоо зориулж дээрх хоёр байр орчмын ногоон байгууламж, сантехникийн асуудлыг бүрэн шинэчиллээ.

Мөн I байрандаа домофон хаалга, гадна фасад, вакуум цонхтой болсон нь оршин суугчдад амар тайван амьдрах орчныг бүрдүүлсэн иргэд талархалтай байна. Монголчууд бид “Өөдлөх айл үүднээсээ” гэж ярьдаг шүү дээ. Түүнээс гадна 52 дугаар байр маань ой тохиож байгаа энэ өдрүүдэд дээврээ засч байна.

Энэ бүгдийг бид оршин суугчдынхаа сэтгэлийн дэм, урам хайрласны хүчинд хийсэн гэдгийг тодотгох нь зүйтэй. Энэ бол манай “Цоглог-1” СӨХ-ны дүүргийнхээ 50 жилийн ойд зориулсан бүтээлч ажлын нэг гэж болно. Тийм учраас бидний ажлыг үргэлж дэмжиж байдаг дүүрэг, хороо, хэсгийн ахлагч нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн V хорооны “Цоглог-1” СӨХ-ны дарга Л.Цогбадрах
Дүүргийн удирдлагууддаа туйлын их баярлаж байгаагаа хэлмээр байна

Би ардын засгаас үүдэлтэй ууган сургуулийн шавь гэдгээрээ үргэлж бахархаж явдаг. Өнөөдөр манай III сургууль хоёр жил хүлээсэн хичээлийн шинэ байрандаа ороод удаагүй байна.

Бид бүхнийг сурах орчин нөхцөлөөр хангаж ийм сайхан эрдмийн өргөөг шинэчлэн барьж өгсөн БСШУ-ны яам болон нийслэл, дүүргийн удирдлагууддаа туйлын их баярлаж байгаагаа хэлмээр байна.

Манай сургуулийнхан түүхт ойгоороо орчин үеийн европ технологиор баригдсан ийм сайхан хичээлийн байртай болсон нь бас нэг түүх. Ингээд нийт сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсье. Үе тэнгийн найзууддаа амжилтын ертөнцийг хамтдаа бүтээцгээе гэж хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн Монгол III сургуулийн 12 ангийн сурагч Б.Баярцэцэг

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (September 19, 2015 7:50:17 pm )

    АН-н Бадарсан гэж нөхрийг “ДА ХҮРЭЭ” зах дээр ченж байсныг мэдэх юм байна олигтой нөхөр байгаагүй хулх гар байсан энэ одоо засаг дарга гэхээр өмнөөс ичих юм чадах уу? Дипломыг нь шалгахад гэмгүй л байх шүү хуурамч байж алах вий дээ

antalya rent a car