antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2011 Comments are off

Оюутолгойн 6 тэрбум долларын “луйврын” мөрөөр С.Баярцогт, Д.Зоригт нар нэгэн зэрэг лавлагаа авчээ

нийтлэсэн Admin

Дэлхийн санхүүгийн террористууд гэж хэн бэ?

Оюутолгойн гэрээг хуульд нийцүүлэн засварлах уу, болих уу гэсэн маргаан үргэлжилсээр байна. Үүнтэй холбогдуулан манай сонинд иргэдийн захидал олноор ирэх боллоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хорооны оршин суугч, уурхайн инженер Б.Баярмөнх “Би танай сониноос тэргүүн хатагтай Х.Болормаагийн Америкт зочилсон тухай олж уншлаа. Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Колорадо мужийн Денвер хотод болсон хандивын арга хэмжээнд тэр оролцож 2,5 тэрбум төгрөг авсан байх юм. Дэлхийн хамгийн тансаг зочид буудал болох НҮАТТ-д болсон цайллагын үеэр энэ мөнгийг гардуулсан “Рио Тинто”-гийн захирлуудад тэргүүн хатагтай гүн талархлаа илэрхийлжээ. УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулахыг шаардахтай зэрэгцүүлээд ийм зүйл хийж байгаа нь тун ойлгомжгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Оюутолгойн гадаад эздийг дэмжиж, гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь тэрхүү хандив авсантай нь холбоотой болж таарлаа. Өөрөөр хэлбэл манай төрийнхөн “Рио Тинто”-гийн барьцаанд оржээ” гэсэн байна.

2006 онд “Тайм” сэтгүүлийн хамгийн хүчирхэг 100 хүний тоонд багтаж байсан Яан Ду Плессис гэгч нь манай оронд саяхан ирээд буцлаа. Тэр “Рио Тинто” болон “British American Tobacco” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажээ. Мөн Америк, Канад төдийгүй дэлхийд нөлөө бүхий “Lloyds TSB” группын гүйцэтгэх захирлын алба хашдаг. Энэ эрхэм Оюутолгойн төслийн ажилтай танилцахаар ирсэн юмсанж. Манай дарга нар түүнд жинхэнэ бөхөлзөх шиг боллоо хэмээн нэгэн эх сурвалж хэлж байна. Дэлхийн болон бүс нутгийн бизнесийн, улс төрийн томчуудтай уулзаж болно л доо. Уулзах ч ёстой. Улс орныхоо нэрийн өмнөөс, ард түмнийхээ улаан нүүрэн дээр тэр хүмүүсээс ичиж зовохгүйгээр юм гуйж болно. Гуйх цаг үеийг монголчуудад бишгүйдээ л тохиож байсан. Аль ч улс оронд энэ бол байдаг л зүйл. Гэхдээ гуйхад учир бий. Үндэстэн дамнасан үйлдвэрлэл, санхүүгийн корпорациуд өнөөдөр их гүрний том бодлогыг баялаг ихтэй, буурай орнуудад далд аргаар тулгаж байна. Тиймээс болгоомжтой хандахгүй бол боломгүй.

Сүүлийн үед улс төрөөс татгалзах тухайгаа мэдэгдээд буй Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны охин өнгөрсөн онд “Голдман Сакс” банкны томоохон албан тушаалтантай гэр бүл болсон дуулдана. Ер нь Клинтоныхон томоохон санхүүгийн сүлжээнд олон жилийн өмнөөс татагдан орсон гэх мэдээлэл бий. Тэгвэл “Голдман Сакс” нь Америкийн эдийн засгийг ганхуулахуйц санхүүгийн будлиан үүсгэсэн хэргээрээ шүүхэд дуудагдаад байна. Өөр бас хэд хэдэн банкны хэрэг араас нь залгаад шүүх рүү очиж байгаа. Банк санхүүтэй холбоотой эдгээр хэргүүдийн цаад эздийг америкчууд өөрсдөө “Санхүүгийн террористууд” гэж нэрлэв. Тэд өнөөдөр “Волл Стрийтийг эзэл” хөдөлгөөнийг зохион байгуулж, үндэстэн дамнасан санхүүгийн терростуудын эсрэг жагсаал цуглаан хийж байна. Жагсагчдын тэргүүн эгнээнд Америк болон бусад томоохон улс орнуудын төрийн нууцад халдсан гэх дуулианы эзэн, “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Пол Ассанжи нэгджээ. Ж.Ассанжи нь олон улсын санхүүгийн луйврын схемүүдийг задлахад өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдэв бололтой. 2008 онд Кенийн Ерөнхийлөгчтэй холбоотой нууц материалыг хэвлүүлснийхээ төлөө “Эмнести Интернэшнл” байгууллагаас шагнал хүртэж байв. Энэ онд “Guardian” сонин түүнийг хэвлэл мэдээллийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд багтаажээ. Түүнд Монгол дахь санхүүгийн луйврын тухай мэдээллүүд байгаа. Тэр нь удахгүй 130 гаруй мянган баримтын хамт дэлхий даяар зарлахаа нуусангүй. Энэ бүхэн юуг хэлээд байна вэ? Дэлхийн нөлөө бүхий мэдээллийн агентлагууд Америкийн “Волл стрийтийг эзэл” хөдөлгөөн нь тив, бүс нутаг, улс болгонд нэн хүчтэй “халдварлаж” хүрээгээ тэлж байгааг онцолсоор байна. Тэд дэлхий нийтийг хэрэн сүлжсэн санхүүгийн луйвар, хөрөнгийн луйврын эсрэг ийнхүү нэгдэж байна.

Үндэстэн дамнасан санхүүгийн луйврын нэг объект нь Монгол боллоо

Монголд өнөөдөр дэлхийн санхүүгийн луйврын сүлжээ аль эрт ажиллаад эхэлжээ. Дээр өгүүлсэн “Голдман сакс” нь Олон овоотын лицензийг барьцаалан “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт их хэмжээний зээл олгож байлаа. Олон овоотын асуудал бүрэн шийдэгдээгүй байна. “Голдман сакс” банк нь анх Монголд орж ирэхдээ Оюу толгойгоор дамжсан түүхтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд “үнэт” зөвлөгөө өгч, “Монгол улс 34 хувийг нь эзэмших ёстой” гэж тулгасан тухай нэгэн эх сурвалж хожим нь дурсан ярьсан байлаа. Тус банк дараа нь Таван Толгойд IPO хийхээр шалгарчээ. Шүүхийн маргаанаа яаж шийдэх нь тодорхойгүй байгаа энэ банк манай найдвартай түнш болж чадах эсэх нь дэндүү эргэлзээтэй, бас эрсдэлтэй байна. Эдгээр үйл явдалтай давхцаад “Оюутолгой” төслийг удирдах үүрэг хүлээсэн “Рио Тинто”-той холбогдолтой бас нэг асуудал сөхөгдлөө. “Рио Тинто” нь “Айвенхоу Майнз”-ын том хувьцааг худалдан авч, гол хөрөнгө оруулагч болсныхоо дараа хөрөнгө оруулагчийн харьяаллаа Нидерландын вант улс болгон өөрчилжээ. “Үндэсний мэдээ” сонин анх удаа энэ тухай хөндөж тавьсныг уншигчид санаж байгаа байх. Манай сонины Оюутолгойн гэрээний бас нэгэн “но”-г ил болгосон нь олон улсын нэр бүхий томоохон байгууллагын зүгээс шүүмжлэл хүлээв. Бид энэ талаар удахгүй дэлгэн тавих болно.

Чухамдаа, байж болох хамгийн сайн хувилбараар хийгдсэн гэх Оюутолгойн гэрээний дагуу Ноогдол ашгийн татвар буюу давхар татварын зохицуулалтыг ул суурьтай хийгээгүйн улмаас манай улс дахин алдагдал хүлээх нөхцөл нэгэнт бүрдчихээд байгаа. Тодруулбал, одоо хүчинтэй байгаа “алдарт” гэрээ ёсоор бол Оюутолгойгоос Рио Тинто 66 хувийн ашиг авна, Монголын Засгийн газар 34 хувийн л ашиг авна. Ихэнх буюу 66 хувийн ноогдол ашиг авч байгаа Рио Тинто өөрт хуваарилагдсан ашгаа Монголоос гаргахын тулд олон улсын худалдааны дүрэм, Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд давхар татвар төлөх ёстой. Тэр нь нийлбэр дүнгээрээ 6 тэрбум доллар, түүнээс ч их мөнгө гарч байгаа юм. Гэтэл өнөөдрийн байдлаар 2 жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний татварын эх үүсвэрийг Монгол улс авч чадахгүй болчихлоо.

Татварын диваажин буюу татварын сүүдрэвчтэй улс орнууд дэлхий даяар 20 гаруй бий. Тэдгээрийн нэг нь Нидерландын вант улс. Манай Засгийн газар тус улстай хэдэн жилийн өмнө давхар татвар “0” байхаар зааж, гэрээ байгуулжээ. Яаж яваад, ямар шаардлагаар энэ гэрээг байгуулчихсаныг одоо хэн ч мэдэхгүй гэнэ. Ямар ч байсан эрхзүйн хувьд бүрэн хүчин төгөлдөр ийм нэг баримт бичиг үүргээ гүйцэтгэсээр байна. “Рио Тинто”-д энэ гэрээний тухай хэн хэлж өгөв өө. Эсвэл тэд үүнийг анхнаас нь бэлдчихээд ирэв үү. Уг нь Оюутолгойн гэрээн дээр “Хөрөнгө оруулагчийн харьяаллаа солихгүй” гэсэн ганцхан өгүүлбэр нэмчихсэн бол Монгол улс 6 тэрбум доллараа алдахгүй байжээ. Америк, Австралид төгссөнөөрөө бардамнадаг С.Баярцогт, Д.Зоригт нарын залуу сайдууд иймхэн зүйлийг мэдэхгүй боловсон хүчнүүд байсан юм уу.

Энэ бол олон улс даяар нөлөөгөө тогтоосон үндэстэн дамнасан корпорациудын санхүүгийн луйврын сүлжээ Монгол улсад аль эрт ажиллаад эхэлсний тод жишээ. Тэд хэзээ ч хуулиас гадуур зүйл хийдэггүй. Харин хуулийг өөртөө тохируулж гаргадаг ажээ.

Хамгийн сонирхолтой нь, Рио Тинто 6 тэрбум ам.долларыг Монголоос зувчуулах ажиллагаагаа нэгэнт эхлүүлчихээд байхад УИХ, Засгийн газар, Сангийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам болон Оюутолгойгоор овоглосон 20 эх оронч бүгд таг чиг. Оюутолгойн 20 гишүүнд ард түмэн маш их итгэл хүлээлгэж байсан. Гэвч тэд эх орны төлөө биш, арай өөр зүйлийн төлөө яваад байна уу гэх хардлага төрж эхэллээ. Оюутолгойн гэрээг залруулах тухайд ярьж байгаа бол энэ луйврыг яагаад ярихгүй байна аа. Эцсийн бүлэгт эрх ашиг яриад байна уу, улс төр хийгээд байна уу гэдгийг эндээс дэнсэлж болмоор санагдаад байна.

Харин бидэнд ирсэн баттай эх сурвалжийн мэдээллээр, “Үндэсний мэдээ” сонин Оюутолгойн давхар татварын 6 тэрбум долларын асуудлыг хөндөж тавьсны дараа Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар нэгэн зэрэг шахуу Гадаад харилцааны яаманд хандан Нидерландын вант улстай байгуулсан давхар татварын гэрээний асуудлаар лавлагаа авчээ. Тэд энэ гэрээний талаар огтхон ч анзаарахгүй, мэдэхгүй байгаа биш л юм байна. Мэдэхийн дээдээр мэдэж, анзаарахын дээдээр анзаарч байгаа юм байна. Харин ямар шийдэл, шийдвэр хүлээгээд чимээгүй суусаар байна аа.

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car