Эверестэд гарсан анхны эмэгтэй уулчин болсон “Бөртэ чоно 2011”-ийн шилдэг есөн тамирчны нэг Б.Гангаамаатай ярилцлаа.
-“Бөртэ чоно 2011”-ийн шилдэг есөн тамирчны нэг болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Тамирчин хүн бүр л өөрийн зорьсон зорилгодоо хүрч, шилдгийн шилдэг болохыг хүсдэг байх. Миний хувьд энэ жил 20 гаруй жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг үзсэн амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил байлаа.
-Та Эверестэд гарсан багийнхныхаа талаар, тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Есөн орны арван уулчинтай олон улсын багт явсан. Манай багаас хоёр нь л оргил дээр гарсан. Бусад нь ямар нэг шалтгаанаар гарч чадаагүй. Нийт хорин экспедиц хойд талаас нь авирсан. Нөгөө багуудаас нэг хүн нас барж, нэг хүн сохорсон. Уулан дээр баяр гунигтай олон зүйл болно. Зарим нэг нь амжилттай авираад баярлаж байхад, зарим нь тэнд амиа алдаад үүрд тэндээ үлдэж байх жишээтэй.
-Олон жил ууланд авирахдаа олон адал явдалтай тохиолдож байсан байх. Танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн уул аль нь байв?
-Монголынхоо бүх ууланд авирлаа. Оросын уулнуудад ч авирсан. Бүгд л дурсгалтай сайхан байсан. Тэр бүхнийг ярих аргагүй юм. Гэхдээ өнөөдрийг хүртэлх дурсамжуудаас хамгийн хамгийн нь сая гарсан Эверест л байлаа. Мэдээж би зодог тайлаагүй болохоор цаашид ямар сонирхолтой зүйлтэй учрахыг хэн ч мэдэхгүй.
-Дэлхийн хамгийн өндөр оргил дээр гарчихлаа. Үүнээс илүү оргил амжилт байна гэсэн үг үү?
-Хамгийн өндөр оргилыг эзлээд байгаа ч уулчин хүн бүрийн хүсэл болсон хамгийн хүнд хэцүү нэг уул бий. Дэлхийн спорт авиралтын хаан энэ ууланд тийм ч олон хүн авирч байгаагүй. Эверестэд 3000 гаруй уулчин гарсан. Харин энэ ууланд 280 гаруй уулчин авирсан ч 30 хувь нь тэндээ амиа алдсан байдаг. Таван тивийн ноён оргил бас байна.
-Ямар нэртэй уул вэ?
-К-2. Уулын спортын оргил амжилт нь Эверест, К-2 ууланд авирах юм. Энэ уулын оргилыг эзэлж чадах юм бол юун олимпийн аварга. Тэр бүх амжилттай зүйрлэх аргагүй үнэ цэнэтэй амжилт.
-Уулчдын тухай “Оргил өөд” гэдэг киноноос харж байхад маш их бэлтгэл сургуулилт хэрэгтэй юм шиг юм шиг ээ?
-Тэгэлгүй яах вэ. Ууланд авирлаа гээд л яваад очдог юм биш. Тийм ч учраас мэргэжлийнхээ ажлаас татгалзаад энэ спортод бүхнээ зориулж явна. Зундаа ууланд авирна. Өвөлдөө судалгаа шинжилгээ хийнэ. Тухайн уулынхаа аль талаас гарах вэ, ямар саад бэрхшээл тулгарч болох вэ гэдгийг судална. Үүнээс гадна уулын спортын амжилт маш их цаг хугацаа, өндөр үнээр олддог.
-Ярилцлага маань өөрийн эрхгүй санхүүгийн асуудал руу орчихлоо. Эверестэд авирсан амжилтыг тань төр засгаас яаж үнэлэв. Гаргасан зардлаа нөхөж чадсан уу?
-Хүмүүс гайхах байх. Надад улсаас нэг ч төгрөгийн урамшил өгөөгүй. Гаргасан зардлаа нөхөх битгий хэл бөөн өрөнд орчихсон явж байна. Би ч гайхаад л байна. Сая “Бөртэ чоно 2011” дээр сайд, эрхэм гишүүд ирсэн. Тэд бүгд хоосон гуяа ганзагалаад ирсэн байна лээ. Тамирчдын бүтэн жил хүсэн хүлээдэг “Бөртэ чоно” шагнал бас нэг ч төгрөгийн урамшилгүй байдаг нь юм билээ.
-Таныг монголын ард түмэн уулчин Гангаамаа л гэж мэднэ. Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
– Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Эрдэнэт, Улаанбаатарын суугуул. 11 хүүхэдтэй өнөр өтгөн айлын долоо дахь хүүхэд болж төрсөн. Аав минь аж ахуйн ажилтныг насаараа хийсэн. 2006 онд өөд болсон. Ээж бас ажилчин хүн. Багаасаа эмээтэйгээ цуг бригадын төвд суурин амьдралаар амьдарч байсан. Бригадын төвийн сургуулийн хөвгүүд цэнхэр дээлтэй, охид нь ногоон дээлтэй байдаг байлаа. Би ганцаараа орос пальтотой, их ганган сурагч байсан юм. Анагаахын коллежийг 1994 онд микробиологич мэргэжлээр төгсөөд Эрдэнэтийн мэргэжлийн хяналтад долоон жил ажилласан.
-Эверестэд гарсан тухай ээж тань сонсоод юу гэж хэлж байсан бэ?
-Ээж маань аав нь байсан болоосой гэж хэлсэн. Үнэхээр тэгж хэлэхээс өөр арга байхгүй. Аав маань намайг амьдралаа бод гэж их хэлдэг байсан. Намайг ийм амжилтанд хүрчихнэ гэж итгэхгүй л байсан байх. Ээж одоо ингээд больсон нь дээр юм биш үү л гэсэн дээ.
-Гангаамаа гэж ямар утгатай нэр юм бол. Ээж аав тань өгсөн үү?
-Ганга эх гэсэн утгатай төвд нэр. Эмнэлгээс өгсөн нэр гэдэг юм билээ. Олон хүүхэдтэй айл хүүхдийнхээ нэрийг сугалж өгөх юм уу, эмнэлгээс өгдөг байсан юм шиг байгаа юм.
-Нөхөр хүүхэдтэй болж амжсан уу?
-Үргэлж ууланд явж байдаг болохоор нөхөртэй болж амжаагүй л байна. Тийм зүйл бодох зав ч алга. Ер нь амжилтанд хүрэх гэж байгаа эмэгтэй хүн олон зүйлээ золиосолдог бололтой.
-Ойрын гурван жилд гэр бүлтэй болох төлөвлөгөө байна уу?
-/Инээв/. Мэдэхгүй юм. Амжилтын төлөвлөгөө л байна.
-Шинэ оныг хаана угтах вэ?
-31-ний орой байсан ч хамаагүй Эрдэнэт рүү явна.
Б.НАРАНЧИМЭГ

Холбоотой мэдээ
-
Anonymous (December 27, 2011 12:34:16 am )
uu teneg xeden darga nar ichij vxeesei uurusduu undurxun bosgotoi xaalgaar alxaj chadaxgvi yumnuud iim mundag jiriin mongol bvsgvig demjeed ugdugvi yum baixdaa
-
Anonymous (December 27, 2011 12:37:59 am )
5 10 xan km gazar xeden adsaga uralduulchaad xeden sayaar neg negnee shagnaad baidag yu ba lee iim xvmvvsee demjidgvi yum bxdaa mongol xvn malaasaa dor vnetei yum uu ene xvvxend yaj tuslii da baiz arga xainaa !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (December 27, 2011 4:42:18 am )
gavya shagnalaa uguusei. nur etsuu hudulmur shuu dee. duuchin boldoos iluu l mongoliin ner delhii dahind tsuuriataj bgaa bh. bieiin tamr sportiin horoo huutsulduh heregtei sh dee. yamr uuruu huutsuldultei bish. huurhii emegtei hun amidralaa zolioslood l eh orniihoo neriig gargaj bn. amjilt husie gangaamaa
-
Anonymous (December 27, 2011 10:37:55 am )
mash ih zorig, tevcheer, uchnuun olon jiliin hudulmur,turshlaga shaardaj baij avirch garch baihad chini yadaj zardliig ni ugchihgui baihda yahav dee, ted nariin gants mashiniih ni l une baigaa bailgui dee, Archaagui turuus ichij baina.
4 Comments