
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг өчигдөр товлосон ч дахин хойшиллоо. Өөрөөр хэлбэл, шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд 10.00 цагт эхэлсэн ч хэд, хэдэн шалтгааны улмаас ийнхүү 14 хоногоор хойшилсон юм.
Шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргахын өмнө шүүх бүрэлдэхүүний зүгээс “Өнгөрсөн шүүх хуралд Ц.Цэрэнжээ өмгөөлөгч ирээгүй. Тиймээс бид шүүх хурлыг хойшлуулсан. Гэтэл энэ удаад өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Л.Цэндсүрэн, Ц.Цэрэнжээ нар ирсэнгүй.
Ч.Шаравнямбуу өмгөөлөгчийн бие муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэж мэдэгдсэн ч эмнэлэг рүү нь хүн явуулахад байгаагүй. Гэтэл аль 14 хоногийн өмнө зарласан шүүх хуралдаа суулгүй хэдхэн хоногийн өмнө шүүх товлогдсон хуралдаанд оролцохоор өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Л.Цэндсүрэн нар Сэлэнгэ аймаг руу явчихсан байна. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг боломжит хугацаагаар хойшлуулж байгаа. Өөрөөр хэлбэл, та бүгдийн эрхийг нь хангаж байна. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулж байна” гэх тайлбарыг өгсөн.
Харин шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын зүгээс шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлт тавьсан.
Тухайлбал, шүүгдэгч Н.Даваахүү өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас гадна дахин нэг өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Тэрбээр шүүх бүрэлдэхүүнд хандаж “Шүүгдэгч Б.Мөнгөнтуяа бид хоёр дундаа нэг өмгөөлөгчтэй. Өмгөөлөгч маань удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс дахин нэг өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Өмгөөлөгч авлаа гэхэд хэргийн материалтай танилцахад тодорхой хэмжээний хугацаа шаардана. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулж өгнө үү” гэв.
Түүнчлэн шүүх хуралд Л.Гансүхийн өмгөөлөгчөөр оролцож буй Ц.Баасандорж хэлэхдээ, “Л.Гансүх нартай холбоотой 40 хавтаст хэрэг байгаа. Өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцахад доод тал нь 14 хоногийн хугацаа шаардана. Учир нь, уг хавтаст хэрэг дээр тоо тооцоолол, эдийн засагтай холбоотой маш олон тоо баримт бий. Зүгээр нэг гүйлгэж хараад хэн ч ойлгохгүй, амар биш асуудал олон байгаа. Тиймээс шүүх хурлыг доод тал нь 14хоногоор хойшлуулж өгөхийг хүсч байна. Энэ хугацаанд ямар ч өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжина” гэсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн шүүх бүрэлдэхүүнд хандаж “А.Шоовдор нарт холбогдох хэрэг бол маргаантай, олон жил хэлэлцэж байна. Өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Цэрэнжээ нар тийшээ яваа л биз. Үүний төлөө өмгөөлөгчдийг буруутгаж Хуульчдын холбоонд гомдол гаргана гэж байгааг чинь гайхаж байна. Хоёрдугаарт бие нь муу, хүнд өвчтэй байгаа өмгөөлөгч Ч.Шараннямбууг худлаа хэлсэн мэтээр ярьж байгаа чинь таалагдахгүй байна. Үнэхээр гайхаж байна, шүүгч ээ. Өмгөөлөгч хурал нь давхцаад шүүх хурал хойшилж л байдаг. Энэ ямар тав, зургаа дахь удаагаа хойшилж байгаа шүүх хурал биш” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлэв.
Харин шүүгдэгч Л.Гансүхээс шүүх хуралд ирээгүй хоёр өмгөөлөгчтэйгөө холбогдсон эсэхийг лавлахад “Би өмгөөлөгч Л.Цэндсүрэнтэй холбогдоогүй. Харин Ц.Цэрэнжээ өмгөөлөгчтэй бол холбогдсон. Өмгөөлөгчид би шүүх хуралтайгаа хэлсэн. Гэвч “Би Сэлэнгэ аймагт шүүх хуралд оролцох гээд ирчихсэн байна. А.Шоовдор нарт холбогдох хэрэг бол хоёр жил үргэлжилж байгаа олон хүнд холбогдох хэрэг. Би шүүгчид энэ тухайгаа хэлсэн. Хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр өгсөн, санаа зоволтгүй” гэж л хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй” гэх хариуг өглөө.
Тэрбээр үргэлжүүлэн “Би өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газарт олон удаа байцаалт өгсөн. Тэр болгонд хуулийн байгууллагууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт аль долдугаар сард гарсан байж аравдугаар сар хүртэл үзүүлээгүй байх жишээний. Ганц би ч биш Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ч гэсэн адилхан” гэв.
Энэ мэтчилэн 20 орчим минут мэтгэлцсэний эцэст шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг 14 хоногийн хугацаатай хойшлуулж, дараагийн шүүх хуралд шаардлагатай бол гэрч, хохирогчдыг албадан ирүүлэхээ мэдэгдэв.
Г.Баасандорж: Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт гаргасан
Шүүх хурал хойшлох шийдвэр гарсны дараа шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Яг ямар шалтгааны улмаас хойшлов?
-Нэгдүгээрт шүүхээс дуудсан гэрч болон шинжээчид шүүх хуралд ирсэнгүй. Хоёрдугаарт шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хойшиллоо. Тиймээс шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг ирэх сарын 2-ныг хүртэл хойшлуулаад байна.
-Та шүүх хуралд яг ямар байр суурьтай оролцож байгаа вэ?
-Өмгөөлөгч, хуульч хүний хувьд Л.Гансүхийг гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байна. Гэмт хэрэг гэдэг бол иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага болон төр хохирсон байхыг шаарддаг. Энэ хэрэгт бол төрөөс нэг ч төгрөг гараагүй. Иргэдийг ажлын байраар хангасан, хямд нүүрс авсан. Багануур компани ямар ч хохирол амсаагүй байдаг.
Энэ бол цэвэр улс төрийн зорилготой гэж харж байна. Миний үйлчлүүлэгч Л.Гансүх гэдэг хүнийг хэлмэгдүүлэх гэсэн үйл явдал юм. Шүүх хуралд шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцож байна.
-Шүүх хурлын үеэр та мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтайгаа бүрэн танилцаагүй гэх тайлбарыг өгч байгаа харагдлаа. Яагаад тэр вэ?
-Хэргийн материалтай танилцах хүсэлтийг олон удаа тавьсан. Гэвч “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байна” гэх хариулт өгч байсан. Түүгээр ч зогсохгүй мөрдөн байцаалт дууссан эсэхийг ч хэлэлгүй хэргийг прокурорт шилжүүлсэн. Прокурор шүүхэд шилжүүлсэн. Үнэхээр танилцах боломж олгоогүй.
-Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлт гаргасан гэж сонссон. Ямар утгатай хүсэлт гаргасан юм бэ?
-Бид шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Авлигатай тэмцэх газраас хүнийг гэмт хэрэгтэн мэтээр улс орон даяар зарлаж, ямар хэрэг зохиосныг олон нийт харах хэрэгтэй. Энэ ч утгаараа шүүх хурлыг нээлттэй явуулах санал, хүсэлт тавьсан.
-Хариу ирүүлэв үү?
-Үгүй, гэхдээ удахгүй ямар нэгэн хариу ирүүлэх байх гэж бодож байна. Хүсэлтийг маань хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаа.
-Саяхан баталсан Өршөөлийн хуульд Л.Гансүх нарыг хамрагдах боломжтой гэж ярьж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Өршөөлийн хуульд гэмт хэрэг хийсэн хүмүүс хамрагддаг. Л.Гансүх нарт холбогдох хэрэг бол гэмт хэрэг биш.
-Ингэхэд Л.Гансүхийн биеийн байдал ямар байна вэ?
-Биеийн байдал нь хүнд байгаа.
Б.Төрбат
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
6 Comments