УИХ-ын гишүүн Л.Болд Өршөөлийн тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Энэ УИХ бүрэлдсэнээсээ хойш Монгол Улсын эрх зүйн гол хуулиуд бүгд шинэчлэгдэж байгаа. Шүүхээсээ тахарын алба хүртэл бүх шатандаа эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. 2012-2016 оны парламентын түүхэнд үлдэх хамгийн том гавьяа нь энэ. Хуульзүйн шинэтгэлийн хүрээнд Өршөөлийн хуулийг гаргаж байгаа нь бас учиртай. Монголын ард түмэн өөрсдийн сонгосон байнгын парламенттай болсны ойн баярыг тохиолдуулан энэ хуулийг гаргаж байгаа юм. УИХ-ын бүх бүлэг, нам, эвсэл, гишүүд санал нэгдэн энэ хуулийг баталсан. Тэгэхээр энэ хуулийг хэн нэгэнд зориулсан гэх хардлага үндэслэлгүй юм. Энэ удаагийн Өршөөлийн хууль монголын ардчиллын үнэт зүйлсийг бататгаж, монголын ардчилал юугаараа онцлогтой вэ гэдгийг олон улсад харуулна. Өөрөөр хэлбэл монголын төр аль ч улс орноос илүү энэрэнгүй байж чаддаг гэдгийг харуулсан хууль гарч байгаа юм. Үүний цаана монголын нийгэм хуулийнхаа шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрх зүйн орчноо сайжруулан зөв гольдролд оруулаад явах боломжтойг харж болно.
Авлига, албан тушаалтны хэрэгт холбогдсон хүмүүс хийсэн хэргээ хүлээж, хохирлоо нөхөн төлсөн бол өршөөлд хамрагдахаар тусгасан байгаа. Ёс суртахууны болон улстөрийн хариуцлагаа хүлээж үлдэнэ. Энэ бол Өршөөлийн хуулийн маш том онцлог. Үүн дээр эргэлзэж, хуулийг буруу талаас нь тайлбарлаж олон түмнийг төөрөгдүүлэх шаардлагагүй гэж бодож байна.
Эрүүгийн хууль удахгүй шинэчлэгдэн батлагдана. Эхний санал хураалтууд хийгдчихсэн. 1990 оны үед мөрдөгдөж байсан хуулиар бол өнөөдөр улсын хэмжээнд 500 орчим мянган хүн хоригдох ял эдэлнэ. Учир нь наймаа хийж байгаа, засгийн газраа шүүмжилсэн, гадаад явсан гэхчлэн бүх хүн гэмт хэрэгтэн болно. Ингээд бодохоор манай нийгэм ямар том шинэчлэлийг зургаан удаагийн хуулийн шинэчлэлээр хийсэн бэ гэдэг нь харагдана.
УИХ-аас санал нэгтэй гаргасан зургаа дахь удаагийн Өршөөлийн хууль бол монголын өнөөгийн 25 жилийн ардчиллын тодорхой бэлэг тэмдэг болно. Өмнөх гарсан Өршөөлийн хуулиудын статистик байгаа. Нийт өршөөгдсөн хүмүүсийн 94 хувь нь ямар нэгэн байдлаар дахиж гэмт хэрэг хийдэггүй, холбогддоггүй. Монголын төрийн энэрэнгүй бодлого ямагт эзнээ олж, зөв шийдвэр байсан нь дээрх статистикаас харагдана. Цаашид бид хуулийнхаа шинэтгэлэлийг тууштай хэрэгжүүлж, нийгмийн сөрөг үзэгдлийг тууштай давах үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх зөв сайхан эхлэл гэж бодож байна. Мөн үүнтэй зэрэгцээд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Нөгөө талд бизнес эрхлэн баялаг буй ААН-үүдээ төр онцгойлон харж үзэж байна. Хэдийгээр цаг үе хэцүү байгаа ч гэлээ ирээдүйгээ харсан, эв нэгдэлтэй, сайхан нийгмийг бий болгох том зорилтын эхлэлийг энэ УИХ тавьж чадсан нь түүхэн гавьяа юм.” гэлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-“Ялгүйд тооцно” гэсэн заалт энэ хуульд орсон нь тухайн хүн цаашид сонгуульд нэр дэвших, төрийн өндөр албан тушаал хашиж болно гэсэн үг үү?
-Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрчихсөн, түүнийг нь бүх хүн мэдэж байхад тухайн хүн сонгуульд нэр дэвшээд амжилт олохгүй нь мэдээж. Ард түмэнд очоод өөрөө дүнгээ тавиулна шүү дээ. Энэ нь тухайн хүн хариуцлагаа хангалттай үүрч байгаа хэрэг.
Ер нь хуулийн байгууллагууд тогтоолцоогоо шинэчилж байгаа нь араасаа маш их хардлага дагуулж байгаа. Улс төрчдийг хоёр хуваачихсан. Нэг хэсэг нь хичнээн том хэрэг байсан ч нуун дарагдуулдаг. Нөгөө хэсэг нь ямар нэг юм байхгүй байсан ч зохиомлоор бий болгодог. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх мэдэл ард түмэнд байх ёстой.
-Олон түмнээс үнэлгээ авна гэдэг нь энэ удаагийн өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс төрийн өндөр албан тушаал хашхад нээлттэй гэсэн үг үү?
-Үүнийг ард түмэн л шийднэ. Тэд эрхээ ямагт эдэлдэг байх хэрэгтэй. Тэр эрхийг нь өгч байгаа нь ардчиллын маш том зарчим хэрэгжиж байгаа юм. Өршөөлийн хууль гараагүй бол хэрэг нь шийдэгдэхгүй, илрэхгүй, нотлогдохгүй өнгөрнө. Өршөөлийн хууль гарснаар аливаа хэргүүд нотлогдож улмаар хариуцлага хүлээнэ. Хариуцлага гэдгийг барьж шоронд хийдэг байсан өмнөх дарангуйллаар бодох хэрэггүй. Ардчилсан нийгэмд маш олон арга хэрэгсэл бий. Өршөөлийн хууль соцализмын үед 10 жилд нэг удаа гардаг байсан. Бид ардчилсан хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм гэдэг утгаараа 4-5 жил нэг гаргаж байгаа.
-Өршөөлийн хуулиар хичнээн хүн ялаас мултрах вэ?
-Дөнгөж өнөөдөр байнгын хороогоор комисс байгуулах тогтоолыг дэмжээд УИХ-д орууллаа. Өчигдөр хууль нь эцэслэн гарлаа. Одоо хууль хэрхэн хэрэгжиж, хчинээн хүн чөлөөлөгдөх вэ гэдэг нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн тус комиссын ажил.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 13, 2015 9:54:24 am )
Bitgii huc hen ta nar shig shulaachind zoriulsan biz dee
-
novshnuud (August 13, 2015 10:25:33 am )
AN-n luivarchid hezee 1 tsagt hariugaa vanaa ta nar
-
ХХХХ (August 13, 2015 11:05:22 am )
Төрд гараад өөрсдөө тохируулж хууль боловсруулдаг УИХ тарах хэрэгтэй.
3 Comments