Наадам дууссан. Гэвч бараг аймаг бүр ойгоо тэмдэглэж, тойргоосоо сонгогдсон гишүүдээ “торгодог” уламжлал үргэлжилж байна. Хачирхалтай нь энэ нь сүүлдээ нийслэлд халдварлаж Баянгол дүүрэг 50 жилийн ойгоо тэмдэглэж хурдан морины уралдаан зарлаж дүүргийн алдартнуудаа тодруулан “Баянгол дүүргийн 100 эрхэм” номоо бүр нэг сарын өмнөөс хэвлүүлж нээлтээ хийсэн байх юм. Номынх нь хавтсыг тус тойргоос УИХ-д сонгогдсон С.Одонтуяа гишүүн чимж, араасаа азай буурал жинхэнэ алдартнуудыг дагуулсан байх жишээтэй. Ичмээр ч дамшиг юм аа даа.
Гэтэл ичмээр дамшигтай зэрэгцээд халдварт даншигийн сураг дуулдаж эхлэв. Энэ нь Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид халхавчилж буй. Үндэсний баяр наадмын дайтай бай шагнал бүхий энэхүү даншиг наадмын талаар цахим хуудаснаа УИХ-ын дэд даргад хандан шүүмж үг илгээсэн ч тэрбээр Нийслэлд болох даншигтай ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлсэн.
НЗДТГ-аас энэхүү наадмыг дэмжин ажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Mongolian Tourism Market (MTM) –ийг наадмын үеэр зохион байгуулж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Саран хөхөө” дуулалт жүжгийг дэглэн, Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна.
Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх сайн мэдээ дуулдаж Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээх тухайгаа хөтөлбөртөө тусгасан ч чухам юу гээч болохоыг таашгүй.
Ямартай ч 256 бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны морьд уралдаж, сур шагайн харваа бүхий цогц наадам, цам, ном хурах гээд юм юм л үзэх бололтой. Тэр ч байтугай “Хамгийн амттай айраг” хүртэл шалгаруулахаар уралдаан зарлажээ.
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүдийн цолыг харгалзалгүйгээр сугалаагаар оноолт тааруулан барилдуулахаар болжээ. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм байна. Энэ нь наадмаа нанчилдаан ч болгож мэдэх талтай.
Дашрамд хошигноход “Шинэчлэлийн” Засгийн газарт ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл “жуулчдад хөтөч хийж” байгаа зургаа цахим хуудаснаа жиргэлээ. “Бүсгүй” гэж зөөллөн дууддаг ч бүсээ тайлсан нөмгөн эмэгтэйг жиргээчид тэгтлээ “таалсангүй” бололтой. “Ийм ч Их хурлын гишүүн, хатан түшээтэй байх” гэж хэмээн халаглан үлдсэн нь цөөнгүй. Тэгээд ч харийн ханьтай хэмээн нэгэн үе гоочлуулж байхад нь өмөөрч байсан атал түүнийгээ морин дээр хөтлөөд явж байгаагаа хөтөч хэмээн тодотгон гайхуулах нь зохимжтой санагдсангүй. Уг нь Хөвсгөл далайг бохирдууллаа гээд хөдөлгөөн ч атугай өрнүүлээд хог түүгээд явж байсан бол арай дээр алхам болох байлаа. Гэвч өндөр хэмийн халуун, наадмын синдромд бусдын адил автсан бололтой.
Ямартай ч “наадмаа багасгаж ажилдаа шамд” гэсэн Төрийн тэргүүн болон УИХ-ын дарга нарын үгийг энэ удаад үл тоож төв талбай маань төв цэнгэлдэхээс ялгарах юмгүй болж тэр хэрээр эдийн засаг хямраагүйг сэм харуулах бололтой. Үүний дараа Ерөнхий сайд ямар нүүрээрээ “Бүсээ чангал” гэж захих билээ. Улсын наадмыг Төрийн тэргүүн нээдэг бол Нийслэлийн даншигийг Хотын мээр нээх биз ээ гэсэн сонирхолтой таамаг ч дэвшүүлээд байна.
Хэн ч нээж хаалаа гэсэн “Даншиг бол эдийн засагт үр өгөөж авчрахгүй, харин ч дайсагнаж мэднэ. Нөгөөтэйгүүр бусад дүүргийнхэн иргэдээ гонсойлгохгүйн тулд барьцаад “даншиг зохион байгуулна” гэвэл хот даяараа дампуурч таарах нь. Наадамлаж л байвал ган, зуд, зуншлага, хадлан, өвлийн бэлтгэл тэргүүтэн огт хамаагүй бололтой. Яаж ийгээд хэн нэгэн салбарын сайдад нааж буруутгаад огцруулчих юм чинь гэсэн мэт энэ бодлогогүй эхлэлийг тавьсан дарга нарт хариуцлага тооцоосой.
Эх сурвалж: Zaluu.com С.Лантуу
Холбоотой мэдээ
-
Олон ардчилал (July 23, 2015 1:24:47 pm )
сонгуулийн суртилгааг хийж байгаа юм биш үү.Авилгатай төсөв баталдаг хүмүүс тоохгүй ээ.
-
bantan (July 23, 2015 6:35:40 pm )
Ойлгомжтой.баяр наадмаар халхавч хийж сонгуулиа хийж байна.энэ их наадам цэнгээний зардал төсөвт тодорхой хэмжээний дарамт болж л байгаа ш дээ.
-
ыхггтрлуаёх (July 24, 2015 8:58:22 am )
оюунгэрэлээ өөрийгөө нэг хардаа чи төрийн түшээ байх хүн мөн үү чи арай өөр ажил хийвэл яасийн чамд монгол гэх сэтгэл байхгүй ээ чи зүгээр л гадаадын бас нэг гар хөл гэж бодож байна энэ зураган дээр байгаагаа хар даа ой гутчихлаа. Уг нь би ногоон нүдэн ламыг уншаад их үнэлж байсан одоо бол үгүй монголын төрд гараад хийсэн юмгүй зүгээр л сандалын буг болж байна өөрийгөө юм хийгжжд л байгаа гэж бодож суугаа байхдаа хөөрхий ийм монгол гэхэд монгол биш болсон хүмүүсийг яана даа хөөрхий
3 Comments