Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн энэ оны эхний таван сарын байдалд хийсэн мониторинг дүн шинжилгээг танилцууллаа. Түүнд дурдсанаар Монгол Улсын төсвийн орлогын тасалдал эхний таван сарын байдлаар 18 хувьд хүрсэн учраас төсөвт тохиргоо хийх шаардлагатай болжээ. Төсвийн бодлогод тохиргоо хийснээр эдийн засгийн хямралын үндсэн шалтгаануудыг засах боломжтой болно гэж Дэлхийн банк зөвлөсөн байна. Энэ нь Засгийн газар зардлаа эргэн харж, орлогын бодит байдалтайгаа уялдуулж, Тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх боломж олгох юм. Улсын төсвийн орлого тавны нэг хувиар тасрахад импорт эрс буурсан, газрын тосны болон зэсийн үнэ унасан зэрэг шалтгаан голлон нөлөөлсөн байна. Хууль тогтоогчид болон гүйцэтгэх засаглалынхан төсвийн орлогыг амьдралаас тасархай, хэт өөдрөгөөр төсөөлж байсан нь ч үүнд нөлөөлсөн нь тодорхой. Энэ зуур гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг АНУ-ын Нью-Йорк, Вашингтон хотод ажлын айлчлал хийж, улс төр болон бизнесийн хүрээнийхэнтэй уулзаж явсан юм. Тэрбээр өөрийн захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бэлтгэж боловсруулсан, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломжтой 400 гаруй төслийн эмхтгэлийг тэвхийтэл барьсаар АНУ-ын хөрөнгө оруулагч томоохон компаниудыг царайчилж явлаа. Үүний үр дүнд бас ч хоосон байсангүй. Манай улсын Засгийн газартай хамтран “Чингис” бонд гаргахад идэвхтэй оролцож байсан “JPMorgan” банктай дахин нөхөрлөж, Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар ярилцсан байна. Бас 400 сая ам.долларын дүрмийн сантай байхаар тохиролцож, хоёр тал тус бүр 200 сая ам.доллар нийлүүлэхээр болжээ. Ч.Сайханбилэг сайдын хувь нийлүүлэх 200 сая нь хаана ч байгаа
юм. Нөгөөдүүл нь санхүүгийн зах зээлд анх хөл тавьж байгаа гэнэн хонгорууд биш болохоор цаана нь бодсон, тооцоолсон юм байж л таараа. Цаашлаад Дэлхийн банкны удирдлагууд Ерөнхий сайдтай уулзах үеэрээ, улс орныхоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах, 2016 оны улсын төсөв, хөрөнгө оруулалтын бодлогоо хэрэгжүүлэхдээ ашиглаарай гэж 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Энэ нь эргээд ард түмнийхээ нурууг хотойтол дарах өр болох нь тодорхой ч Ерөнхий сайд маань малилзтал инээсээр өнөөх “өглөг”-ийг дуртай нь аргагүй хүлээн авч байна билээ. Түүгээр ч зогсохгүй. “Манай улс орны эдийн засаг одоохондоо жаахан таагүй, өсөлт нь удааширсан ч ирээдүйд дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар өгөөжтэй сайхан болно” гэж Америкийн хөрөнгө оруулагчдыг хошгоруулж явлаа. Энэ нь Тавантолгойн төсөлтэй холбоотой болохоор түүнийг тойрсон авто болон төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулаарай гэхчлэн амаараа Тавантолгойг босгочихоод ирэв бололтой. Мөн Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар одоо улс төрөөс ангид цэвэр эдийн засаг, бизнесийн үйл ажил болсон гэх рекламаа “Сувгаа бүү солиорой” гэдэг шигээ л ярьж байгаа ч яаж ч сурталчлаад манай гуравдагч хөрштэй хийж байгаа худалдааны эргэлт ердөө л 250 сая ам.доллар байгаа нь өмнөд, хойд хөршөө л бараадахаас аргагүйг харуулаад байгаа хэрэг. Түүнээс гадна Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн ашиглалтын лицензийг зогсоож, хоёр жил орчим хааж боосныхоо төлөө Олон улсын арбитрийн шүүх дээр ялагдал хүлээж, тэдэнд 104 сая ам.долларын хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, бүрэн бүтнээр нь төлнө гэж амласан. Цаашлаад ДНБ-ий өсөлт удааширч байгаатай холбогдуулан Олон улсын зах зээл дээр нэг тэрбум төгрөгийн бондыг ам.доллараар нэрлэж гаргана гэдгээ ч хэлээд авсан байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Лондонд ажлын айлчлал хийгээд амжуулжээ. Бас л бөөн амлалт. Түүний дотор Гацууртын ордод нэлээд анхаарал хандуулснаас гадна ОХУ, БНХАУ-тай хийх “Талын зам” дэд бүтцийн төслийг урагшлуулахаа мэдэгдсэн нь сонирхол татаж байна. Улмаар Тавантолгойн шинэ хувилбарыг УИХ-д өргөн барьж, парламентаар хэлэлцүүлнэ. Батлагдах нь тодорхой гэхчлэн дэлхийн нэр нөлөө бүхий хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байна билээ. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн тийм хэмжээний сонин хэвлэлд ярилцлага өгнө гэдэг нь түүний амнаас гарсан үг болгон үнэн гэх итгэл үнэмшлийг дэлхий ертөнцийн хүн бүхэн, хөрөнгө оруулагчдад төрүүлж байдаг нь тодорхой. Харин манай Засгийн газрын Ерөнхий сайд энэ бүхнийг ойлгож, бага боловч баримжаатай л юм ярьсан байгаа даа, яана аа. Дараа нь тун удахгүй Хятад, Сингапур, Хонконг гээд дэлхийн эдийн засгийн нөлөө бүхий улс оронд “аялан айлчлал” хийхээр зорьж байгаагаа Ч.Сайханбилэг сайд хэлж байсан. Түүний очсон газар бүртээ ярьсан хэлсэн бүхэн цаад хүмүүстээ итгэл үнэмшил төрүүлэх болгонд Монголын эдийн засагт орж ирэх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл бүр ард түмний нуруун дээр ачаа болж унахыг бодох л хэрэгтэй байх. Цаашлаад АН өөрийн Засгийн нүүрэн дээр олж ирсэн мөнгө бүхэн дараагийн засагт том дарамт болох вий дээ. Хүн бүхэнд ногдох өрийн хэмжээ нэмэгдсээр л байна даа.
Д.МӨНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
зочин (July 21, 2015 1:53:50 pm )
төр засаг минь ард иргэд чинь өлөн зэлмэн өвчин шаналдаа дарагдаж байхад төрийн тэргүүн та нар баяр наадам хэсэж жаргалдаа ташуурч өр зээлийг эх ороноо худалдан жаргаж явж байна эх орон ард иргэдээ гэсэн сэтгэл байдаг бол хөлд орсон газар амьсгалж байгаа орчиноо амьдарч байгаа эх нутгаа бодох цаг иржээ
1 Comment