Сүүлийн үед Японы мэргэжлийн сумогийн дэвжээг монгол бөхчүүд тэргүүлж буйг сар тутмын хэвлэл “Сумо” сэтгүүлийн нүүр хуудас болон тусгай ярилцлага бүрт Асашёорюү, Хакухо аварга, Харумафүжи озэки нарын тухай үргэлж нийтэлж байгаагаас харж болох юм. Зарим нэгэн мэргэжилтэнүүд “Үндэсний гээд байгаа сумо гадаад бөхчүүдээр дүүрлээ. Японы Сумогийн Холбоог Монгол руу нүүлгэе” гэж япон бөхчүүддээ бухимдлаа илэрхийлж байгаа нь ч харагдана.
Ёкозуна Хакухо буюу М. Даваажаргал, Японы нэртэй комикс /зурган өгүүллэг/ зохиолч, зураач Чиба Тецуяатай хөөрөлдсөн ярилцлага “Сумо” сэтгүүлийн долдугаар сарын дугаарын “Тэргүүн ярилцлага”-т нийтлэгдэж олны сонирхлыг татсан билээ. Хакухо аварга энэ зохиолчийн нэгэн комикст их дуртай бөгөөд уулзахыг ихэд хүсдэг байжэ. Энэ зохиолч ч Хакухог биширдэг болохоор “мөрөөдлийн том уулзалт” болсон гэж “Сумо” сэтгүүл онцолжээ. Энэ хоёр эрхмийн яриаг уншигчиддаа бүрэн эхээр нь толилуулж байна.
Чиба зохиолч:-Уулзалгүй уджээ. Сайхан зусаж байна уу?
Хакухо аварга:- Сайхан. Та амар сайн уу?
Чиба зохиолч: -Аваргын царай өнгөлөг байна шүү…
Хакухо аварга:-Өнөөдөр яагаад ч юм нэг л эрч хүчтэйгээр залуу бөхчүүдтэй тавин удаа хүч үзэж барилдлаа. Ойрд тийм их кейко /бэлтгэл/ хийгээгүй юм. Хөлс их гаргалаа.
Чиба зохиолч:-Өө тийм үү? Тэгээд л ийнхүү сэргэлэн цовоо байжээ. Би мэтийн энгийн хүмүүс 50 удаан барилдана гэдэг хэр зэрэг хүч гарч байгааг төсөөлж чадахгүй байна л даа.
Хакухо аварга: -Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Кото кен сан, /хажууд нь сууж байсан Сумогийн комикс зохиолч/ тайлбарлаад өг дөө…. Кото кен:- Маш их тоо шүү. Сүүлийн үед бэлтгэл барилдааныг 30 удаа хийж байгаа бөх ч ховорхон болж байна. Энгийн сумо бөх нэг дор 50 удаа барилдвал хөл дээрээ ч зогсож чадахгүй болох вий.. Харин Ёкозуна бол бэлтгэл барилдаан болгоныг няхуур нямбай, харилцагчаа маш сайн судлангаа, аахилж тэвдэхгүй хөнгөхөн дуусгаж байна.
Чиба зохиолч:– Тийм учиртай байжээ… Супермэн юм аа.
Хакухо аварга:– Эхний 15-20 дэх барилдаан надад ч хэцүү. Түүнийг л давчихвал бие маань дасан зохицоод, барилдах хүсэл оргилоод, зүтгэчихэд улам л бяр чадал амтагдаад байдаг юм.
Чиба зохиолч:- Хүн хязгаараа даван туулчихад л дотроос нь өөрийн эрхгүй илүү хүч чадал гарч ирдэг бололтой. Их аваргатай хамт бэлтгэл хийж байгаа “Мияагино” дэвжээний залуу бөхчүүд тун азтай юм аа.
Кото кен:– Тиймээ. Үнэхээрийн нэр төрийн хэрэг. Хамт бэлтгэл хийе ч гэсэн Секи тори бөх ч байхгүй дэвжээ олон бий шүү.
Чиба зохиолч:- Бэлтгэлийн үед залуу бөхчүүдтэй барилдаж байхдаа анхны үеэ дурсан санаж, харьцуулах үе байдаг уу?
Хакухо аварга:-Байлгүй яахав.
Чиба зохиолч:- Би ч гэсэн оюутнуудад хичээл зааж байхад анзаараагүйгээ олж харах ч юмуу, тэднээс суралцах зүйл бишгүй олон гардаг юм.
Хакухо аварга:-Би ч гэсэн.
Чиба зохиолч:- “Мияамото Мусаши” гэдэг номыг бичсэн Японы нэрт зохиолч Ёшикава Эйжи “Надаас бусад нь бүгд багш” гэж байнга хэлдэг байсан гэсэн. Доод зиндаанд байхдаа хэнтэй хамт бэлтгэл хийж байв?
Хакухо аварга:– Коохо /одоогийн Ажигава ояагата/ болон Рюүо /Э. Санчирболд/-той халз ширүүн бэлтгэл хийдэг байлаа. Тэр бас адилхан Монгол бөгөөд нэг жилийн өмнө ирсэн байсан. Бэлтгэлийн үеэр бид хоёр зодолдож байгаа юм шиг л ан мана, ач тач үзэлцдэг байлаа. Өдөр бүр ахмад бөхчүүдэд дээрэлхүүлэн, нулимсаа дуслуулан байж бэлтгэлийг доод тал нь гучин минут хийдэг байсан. Тэгж байж л өдий хүрсэн гэж боддог доо.
Чиба зохиолч:-Аварга анх бөх болж байхдаа их туранхай байсан байлаа шүү.. Би 25 жилийн өмнө зохиолоо бичих гээд сумо судлахаар “Мияагино” дэвжээнд очиж байсан юм. Такебаяама /одоогийн Кумагаяа ояагата/ дэвжээний эзэн байлаа. Хүнийг их сайхан хүмүүжүүлж, харж ханддаг байсан санагдана.
Хакухо аварга:– Намайг өдий зэрэгт хүргэсэн нь үнэхээрийн Кумагаяа багшийн минь л ач тус юм. Арван таван настай байхад Кёкшюүзаны зуучлалаар сумоч болох гэж Осака хотын “Сэцүтоко” компаны клубт анх ирсэн. Долоон хоногт гурван удаа бэлтгэл хийдэг байлаа. Намайг авах дэвжээ олдохгүй байсан юм. Дэвжээгүй дөрвөн хүүхэд үлдэж маргааш нь Монгол явна гээд ачаа тээшээ баглачихсан. Гэвч сүүлийн мөч хүртэл ийшээ тийшээ утасдаж за юу ч гэсэн яахав гэж бодон Оошима ояагата / Одоогийн Асахикүми оозэки/-тэй дотно байдаг Касукаяама ояагата /Макүүчи Касугафүжи/ луу эцсийн найдлага хэмээн залгатал эзэнгүй байсан юм. Тэгээд Рюүогийн дэвжээ лүү холбогдсон нь Мияагино ояагата байлаа. Тэр үед үлдсэн бид дөрвөөс нэгийг нь л авна. Гагцхүү Рюүогоос нас бага, өндөр нуруутай хүүхэд гэж нөхцөл тавьсан. Туранхай нь ч яахав чянко хоол идүүлээд болгочихно гэж хэлсэн. /Инээв/ Ингээд би үлдсэн хэдээсээ хамгийн бага хэмээн сонгогдсон юм. Гэвч тэр дэвжээнээс хүн ирж намайг албан ёсоор авч явахгүй бол горьдлого талаар өнгөрнө гэж байсан. Тэгээд Осакад байсан дэвжээний Асаэ сан /Макүүшта Хоориюү/ намайг дагуулж юутай ч гэсэн нэг дэвжээнд элсэн орсон юм. Найдлага тасарч, харина гэж байсан миний хувь заяа хэдхэн цагийн дотор өөрчлөгдсөн юм. Тэр чигээрээ харьсан бол ингээд байж байхгүй л дээ…
Чиба зохиолч:- Нэг хором л хувь заяаг тань орвонгоор нь эргүүлжээ.
Хакухо аварга:- /инээмсэглэн/ Кен сан, үнэнийг хэлэхэд Садогаке дэвжээ лүү бас ярьсан байсан.
Кото кен:- Тийм үү? Анх удаа л сонсож байна. /гайхсан янзтай/
Хакухо аварга:- Тэр үед бөх ихтэй учраас аваагүй юм шиг байна лээ.
Кото кен:- Ээ хайран… Харамсалтай юм болжээ. Манай дэвжээнд орсон бол Котомоко гэдэг нэртэй ч байх байсан юм бил үү…./инээв/
Хакухо аварга:- Би эцсийн мөч хүртэл юуны учир тэгтлээ их мэргэжлийн сумод орохыг хүсэж байсан бэ гэвэл юун түрүүнд сумогийн гайхамшигт мөн чанарыг бие махбодиороо мэдэрсэн. Хамт ирсэн хүүхдүүдээс гурав нь түрүүлээд дэвжээнд элсчихсэн. Тэднээс илүү намайг сонгосон нь болжээ гэж би хэлүүлэхийг хүсэж байсан. Тэр үед аав луугаа утасдаж “Хүү нь алхам алхмаар хичээж, ахина аа” гэж хэлсэн.
Чиба зохиолч:– Аав тань Монгол бөхийн их Аварга төдийгүй чөлөөт бөхийн тамирчин байсан гэж сонссон.
Хакухо аварга:– Токиогийн олимпод долдугаар байр, Мексикт болсон олимпоос мөнгөн медаль хүртэж байсан. Тэр үеийн шүүх дүрэм нь жаахан ээдрээтэй байснаас тэмцээнд ялагдаагүй ч, мөнгийг авах болчихсон сонссон.
Чиба зохиолч:– Үндэсний бөхийн их аварга аавынхаа тухай хөгжилтэй дурсамжаас хуваалцана уу?
Хакухо аварга:– Аав маань аварга болоод ид мандаж байх үед барилдаж байхдаа нөгөө бөх нь сандарч тэвдээд, барьцаа олохгүй байхаар нь “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яарна вэ?” гэж хэлж байсан гэдэг.
Чиба зохиолч:- Аааа… Их хүчтэй бөхийн амнаас л гарах үг байна даа.
Хакухо аварга:– Энэ үг орон даяар тархаж, янз бүрийн нөхцөл байдалд хүмүүс бие биедээ хэлж, хошигнодог болсон. Нилээн гүнзгий утгатай үг байгаа биз…
Чиба зохиолч:- Тийм байна. Гайхалтай. Ажиглаад байхад Аварга иймэрхүү яриа, хөгжилтэй дурсамж хүүрнэх дуртай юм шиг ээ. Хүмүүсийн бишрэл хүндлэл болсон унах сэхэхээ үздэг спортын ертөнцийг манлайлж байгаа таны хувьд энэ нь их чухал, хэрэгтэй юм шиг санагдаж байна.
Хакухо аварга:- Тиймээ. Саяхан би “Нихон” телевизийн “Утга гүн яриа” гэдэг нэвтрүүлэгт оролцож маш их сэтгэл хөдөлсөн.
Чиба зохиолч:- Ямар яриа нь таны сэтгэлийг их хөдөлгөв?
Хакухо аварга:- Зээрэнцэг шидэлтийн бөмбөг хийдэг Сайтама аймгийн нэгэн үйлдвэрийн уран гартны тухай байсан. Түүний хийсэн зээрэнцэг нь хүндийн жинг нь яг голд нь байлгахаар урласан болохоор өнхөрдөггүй ажээ. Зөвхөн зээрэнцэг шидэлтэнд л яв тав таарч, зориулагдсан. Өөр улсын зээрэнцэг үйлдвэрлэдэг хүмүүс түүнийг яг дууриалгаж хийж чаддаггүй гэнэ. Олимп болгонд хэд хэдэн төрлийн зээрэнцэг байрлуулж тамирчид аль өөрт нь тохиромжтойгоо сонгож шиддэг ажээ. Барселон, Сидней, Атланта олимпийн медалт тамирчин бүгдээрээ гагцхүү тэр японы зээрэнцгийг шидсэн ажээ. Харин сая Хятадын бодлогод дургүй учир Бээжингийн олимпод зээрэнцгээ хэрэглүүлээгүй тийм л цэх шулуун, шударга хүн бололтой.
Чиба зохиолч:-Японы бага, дунд үйлдвэрт үнэхээрийн шилдэг, сор болсон ур чадвартай хүн их байдаг шүү.
Хакухо аварга:– Тэр гайхамшигтай ур чадвар, ухаанаа бусад өрсөлдөгч компанидаа сэтгэл харамгүй зааж байгаа сурагтай. Зээрэнцгийг баримжааны нарийн мэдрэмжээр бүтээдэг учир хэн ч дууриаж хийж чадахгүй болов уу гэж хэлсэн байдаг. Тэгэх тусмаа тэр хүн зааж, сургая гэсэн сэтгэл нь бас агуу юм.
Чиба зохиолч:-Аан.. Энэ ярианд ч би бас сэтгэл хөдлөх юм байнаа. /инээв/
Хакухо аварга:- Үнэхээр тийм шүү.
Чиба зохиолч:-Иймэрхүү яриа шиг домог болон мөнхрөх сайхан дурсамжийг олноор нь та үлдээнэ гэдэгт би маш их итгэж байна. Сумогийн даян аврага болох Футабаяама гэх мэтийн сор бөхчүүдийн тухай их судалдаг гэж сонссон. Футабаяамагийн зогсоо зайгүй далан удаа давж байсныг Акиноүми бөх зогсоосон юм. Тэгэхэд тэр их аварга “Би бас л арай болоогүй байна даа” гэсэн домогт үгээ хэлсэн байдаг.
Хакухо аврага:-Тэгсэн гэсэн. Сумод нэвтэрхий хүмүүсээр яриулж, ном хэвлэлээс уншиж, судалж өөрийгөө харьцуулж, дүгнэлт хийдэг.
Чиба зохиолч:– Тэгээд тэр үеийн өндөр рекордыг зогсоочихоод Акиноүми бөх багш нь баярлана гэж бодохоос хөл нь газар хүрэхгүй, яаран очиж дуулгахад багш нь эргэж ч харалгүйгээр “Чи давсан гэж хүмүүсийг шагшруулахгүй, уначихлаа шүү дээ гэж түмнийг шуугиулах бөх болсон нь дээр” гэж хэлсэн байдаг.
Хакухо аварга:-Үнэхээрийн утга учиртай, нарийн хэлжээ. Сумо гэдэг тэр чигээрээ гүнзгий утга учиртай юмаа. Би Ёкозуна болсон бүх бөхийг хүндлэн биширдэг. Видеогоор үзэж байхад бүхэлдээ тэд их гүнзгий хүмүүс байдаг. Ааш зан, бие чадлаараа гайхамшигтай байсан гэж боддог. Та сумогийн талаар нарийн мэдэх юмаа.
Чиба зохиолч:-Би багаасаа л сумод их хорхойтой байсан. Бага сургуульд байхдаа өөртөө сумогийн нэр өгөөд л барилдаад байдаг байлаа.
Хакухо аварга:-Та хэнийг их биширдэг байв?
Чиба зохиолч:-Манайх Сумогийн ордоны ойрхон байсан болоод ч тэр үү Наёорүива бөхөд их дуртай байлаа.
Хакухо аварга:-Аан тийм. Нөгөө Тацунами дэвжээний гурван хүчтэн болох Футабаяама, Хагүрояма, Наёорүива биз дээ? Тэгээд “Дайчин барилдаан”-ы шагнал хүртээд нулимас унагааж байсан…..
Чиба зохиолч:-Тийм, тийм. Танай сумо багийн ахмад бөх шүү дээ. Ингэхэд Аварга залуухан байж маш сайн мэдэж байна шүү. Гайхалтай.. Тэр Наёорүива гэдэг бөх харахад аймаар, сүртэй ч маш уян зөөлөн сэтгэлтэй байсан. Дагаж гүйгээд байгаа бид мэтийн хүүхдүүдээс нэг ч удаа төвөгшөөдөггүй байсан. Уйгагүй бидэнтэй харьцаж, хүн гэдэг нь ёс дэг жаягаа хатуу баримтлах ёстой гэх мэтээр их зүйлийг зааж сургадаг байлаа. Хааяа бас бидэнд чихэр боовны хишиг тараадаг байсан юм.
Хакухо аварга:-Тиймэрхүү зүйл үнэхээрийн чухал шүү.
Чиба зохиолч:-Дээр дурдсанаас гадна Хакухо аваргын өвөг эцэг ояагата болох Ёшибазан бөхөд бас их дуртай. Аварга том биетэй, бяр чадал ихтэй, төгөлдөр сайхан бөх байсан. Дэвжээн дээр мөн сайхан дэвж дохёо ири ёслолоо хийдэг байсан шүү. Сүүлийн үед аварга таны сайхан дэвж, шавж, сүр жавхалантай ёслолоо үйлдэж байгааг харахад адилхан санагдаад байдаг юм. “Ширанүй хэлбэрийн ёсолгоо” гэж утга төгөлдөр сүрлэг юм даа.
Хакухо аварга:-“Үнрүй хэлбэрийн ёсолгоо” нь баруун гараараа хамгаалаад зүүн гараараа довтлон барилдахыг билгэдэн үзүүлж буй утгатай. Харин “Ширанүй ёсолгоо” нь зөвхөн ухралт буцалтгүй довтлон барилдахыг илэрхийлдэг гэж урьд нь сонсож байсан юм. Яг үнэндээ бол би Ёкозуна болчихоод “Үнрүй” хэлбэрийг сонгохыг хүсч байсан. Тэгээд эцэст нь дэвжээнийхээ өв уламжлалыг бодсон ч яахын аргагүй “Ширанүй хэлбэрийн ёсолгоо”-г сонгосон. Одоо ч үүндээ баяртай байдаг.
Чиба зохиолч:– Ёшибазан аварга ийм сайхан ач хүүтэй болсондоо их баярлаж байгаа байх даа.
Сумо сэтгүүл: Түүхэн дэх ёкозуна нарыг судлахад “Үнрүй хэлбэрийн ёсолгоо”-г хийдэг бүх ёкозуна нэг удаа ч болов “Ширанүй хэлбэрийн ёсолгоо”-г үйлдэхийг хүсдэг байсан нь тэрхүү сүр жавхлантай харагддагийн илэрхийлэл юм./
Хакухо аварга:– Тэгвэл Китанофүжи саны “Ширанүй хэлбэрийн ёсолгоо” хийж байгаа зураг нь байдаг даа /инээмсэглэв/
Чиба зохиолч:-Аварга үүнээс өмнө Татеяма аваргын түрүүлсэн тоог гүйцээд одоо “Ширанүй хэлбэрийн ёсолгоо”-г хийдэг ёкозуна нараас манлайд хүрлээ. “Үнрүй хэлбэрийн ёсолгоо”-оос магнайд нь Тайхо бөх байдаг. Нэг үгээр хэлбэл энэ хоёр ёсолгооны оргилд адилхан “Хо” нэртэй байгаа нь сайхан санагдаж байна.
Хакухо аварга:– Баярлалаа.
Чиба зохиолч:-Дашрамд дурдахад өнөө үеийн сумогийн дэвжээг Хакухо, Асашёорюү аварга, Харумафүжи оозэки нар тэргүүлж, мөн Санякүд шинэ монгол бөх дэвшиж буйг харахад монголчууд үнэхээр сумог ноёлж байна гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Монгол сумоч нарын хүч чадлын нууцыг та юу гэж тайлбарлах вэ?
Хакухо аварга:- Биднийг балчир хүүхэд байхад одоотой адилхан телевиз, компьютерын тоглоом байгаагүй. Би хотын хүүхэд ч цор ганц хүсэн хүлээж, догдолдог зүйл нь хөдөө явах байдаг байлаа. Тэнд очиход хийхгүй ажил гэж үгүй. Заримдаа морин дэл дээр хийсч, тал хээрээр давхиад сайхан байдаг ч ус зөөж, хонь хариулж, борив бохисхийлгүй хөдөөний ажилд тусалдаг байв.
Чиба зохиолч:- Тийм хэцүү, завгүй ч хөдөөд дуртай хүүхэд байв уу?
Хакухо аварга:- Бүгдээрээ инээлдэж, шуугин, тоглож наргиад үнэхээр сайхан байдаг шүү.
Чиба зохиолч:- Онгон сайхан байгаль дунд гүйж харайн, биеэрээ хөдөлмөрлөж, эрүүл чийрэг байх тийм сайхан орчинд яахын аргагүй л бие бялдар өв тэгш өсөж торнидог байх нээ.
Хакухо аварга:-Тиймээ. Гэхдээ одоогийн хүүхдүүд хөдөө явах дургүй болсон юм шиг ээ. Тэдний хөл, нурууны бяр чадал хөдөлгөөн муутай байхын хирээрээ сул дорой болж байгаад сэтгэл зовинож л байна.
Чиба зохиолч:- Дээр үеийн япон хүүхдүүд ч мөн ялгаагүй уул талаар хэсэн гүйж, будаа, ногооны талбайд туслалцаж, бие хаа нь өлчир чийрэг байсан бол одоо биеийн хүчний ажил төдийлэн хийхгүй болж, тамир тэнхээгүй, тэсвэр хатуужил муутай өсөж өндийцгөөж байна. Тэгээд ч тэрүү, дээр үеийн япон хүчтэнтэй адил гадаад бөхчүүдэд япон бөхчүүд өвдөг шороодох нь их боллоо. Үүнтэй адил Монголын ирээдүй тийм битгий болоосой гэж санаа тавихгүй бол болохгүй нь ээ.
Хакухо аврага:– Тэгэлгүй яахав.
Чиба зохиолч:– Аваргаас эхлээд монгол хүмүүс одоогийн япончуудаас нэг их ялгардаг онцлог гэвэл эцэг эх, гэр орноо гэх хүйн холбоот сэтгэл нь үнэхээрийн гүн гүнзгий байдаг юм шиг ээ.
Хакухо аварга:– Япон хүмүүсийг харахад эцэг эх, ах дүүсээ гэх сэтгэл нь нимгэн, өнгөцхөн юм шиг санагддаг. Бүхнээс илүү эцэг эхээ хайрлан дээдлэх ёстой. Хэзээ нэгэн цагт Монгол тиймэрхүү харилцаатай болчихвол яанаа гэж бодогддог юм.
Чиба зохиолч:- Гэр бүл гээд яривал сумогийн дэвжээ бас нэгэн халуун ам бүл юм даа…..
Хакухо аварга:-Яг тийм. Тэгээд л дэвжээнийхээ нэг хүнийг ч гэсэн сайн бөх болгочих юмсан гэж байдгаараа чармайдаг ч санаснаар минь болохгүй л байна.
Чиба зохиолч:-Ийм сайхан Ёкозуна хажууд нь байхад яагаад тэд хөгжиж дэвшихгүй байна вэ?
Хакухо аварга:– Зөвхөн Сумо бөх болчихлоо гэдэгтээ л сэтгэл ханаад цааш зүтгэе гэх сэтгэл, хүчгүй бөхчүүд олширч байгаа юм шиг санагдаж байна. Тэдэнд мөрөөдөл алга. Одоо байгаа амьдралын орчин, хэв маягтаа дасчихаад болоод байна гэж бодож болохгүй. Өөрөөс чинь дээр Оозэки, Ёкозуна гэдэг өндөр цол бий. Түүн лүү хүсэн тэмүүлээч гэж би зөндөө хэлдэг ч тусгаж авах хүн цөөхөн бололтой.
Чиба зохиолч:-Одоо их сургуульд комиксийн хичээл зааж байхад ч гэсэн надад бас тиймэрхүү зүйл мэдрэгддэг юм. Хичнээн авьяастай ч өөрийгөө хурцлан, улам хөгжүүлж, ихийг сурч мэдье гэсэн хүсэл тэмүүлэлгүй, хэлэхээр дорхноо гомдоод, нүүрээ буруулчихдаг оюутан цөөнгүй байдаг болохоор харамсалтай байдаг юм. Тэдэн шиг залуу байхдаа би зурахдаа муу байсан болохоор, жаахан л тэд биеэ дайчилчихвал улам чадварлаг болно гэж бодохоос хайран санагдаад байдаг юм.
Хакухо аварга:-Бидний үеийнхний дунд бэлтгэл барилдаандаа мундаг сайн байсан мөртлөө яг башёгийн тэмцээнд олигтой биш, эсвэл бэлтгэлийн үедээ муу барилдаж байсан мөртлөө башёд хүчтэй, сайн байдаг бөхчүүд байдаг юм. Адилхан бэлтгэл хийж байгаа мөртлөө улам хүч, тэнхээтэй болдог бөх байхад бүр сул дорой болчихдог нь ч бий. Яагаад тийм байдаг юм болоо?
Чиба зохиолч:-Хэтэрхий юманд ноцтой, нухацтай хандаад байх дэмий. Эсвэл хичнээн хүчтэй ч дэндүү сэтгэл хөөрөлдөө автаад байж бас болохгүй. Ерөөсөө л аль аль талаасаа тэнцвэртэй байх нь чухал болов уу.
Хакухо аварга:-Өөрт буй хүч бололцоогоо зуун хувь гаргахгүй л бол дэв зиндаа ахина гэдэг хэцүү. Бүх хүч чадлаа дайчилж чадсан хүн л Оозэки, Ёкозуна болж байгаа.
Чиба зохиолч:-Комикс зураач, зохиолч болно гэдэг өдөр бүр хичээн чармайж, чадвараа дээшлүүлэхийн төлөө биеэ дайчилж, их бага алдаанаасаа байнга суралцан, ухаарч явсан хүн л амжилтанд хүрдэг юм.
Хакухо аварга:-Амжилтанд хүрэх зам хэдий хол ч өдөр өдрийг чухалч лан өнгөрөөж, нэгэн хэвийн зүйл байнга хийгээд байгаа юм шиг санагдаад байсан ч бага багаар туршлага хуримтлуулаад л байвал хэзээ нэгэн цагт тэрхүү оргилд хүрэх юм л даа. Миний хувьд бэлтгэл л /кейко/ хийгээд байхаас өөр аргагүй гэх үү дээ.
Чиба зохиолч:-Зөвхөн Бушидогоор ч хязгаарлахгүй Японы соёлын нэг өв болсон сумо бөхөд сэтгэлийн хат суух сургуулилтыг кейко гэдэг юм. /Монголоор кейко гэдэг нь бэлтгэл сургуулилт гэсэн үг бөгөөд бусад спортод энэ үгийг хэрэглэдэггүй зөвхөн сумод л кейко гэдэг/ Нэг үгээр хэлбэл ур чадвараа хөгжүүлэх гэсэн үг биш зүрх сэтгэлээ бүрэн зориулж, сэтгэлийн хат суухад суралцана гэдэгт л кейкогийн жинхэнэ мөн чанар оршино.
Хакухо аварга:-Яг тийм юм шүү. Таны яриа гүн байна шүү. /инээв/ Сумог янз бүрээр илэрхийлдэг ч “Сэтгэл, чадвар, тэнхээ” гэдэг гурван үгэнд л захирагддаг юм гэж сүүлийн үед бодогдоод байгаа юм.
Чиба зохиолч:- Аль ч нийгэмд, ямар ч ажлын талбарт зохих хэмжээгээр “Сэтгэл, чадвар, тэнхээ”-н үзэл үйлчилж байдаг. Компаний ажилтан, худалдаачин, сумо бөх хэн ч байсан ямар ч бэрхшээл тохиолдсон насан туршдаа сэтгэл зүрхээ хөгжүүлэх ухаанд суралцаж байна гэж амьдралд хандах нь зүйтэй болов уу.
Хакухо аварга:-За ойлголоо.
Чиба зохиолч:- Тиймээс л би жижиг гэлтгүй телевизийн суртчилгаанаас хүртэл санаа авч, ургуулан бодож “гүн” болгодог юм. /Инээв/
Хакухо аварга:-Жишээлбэл та юуг яаж “гүн” болгодог вэ?
Чиба зохиолч:-Сүүлийн үед сэтгэлд хоногшоод байгаа сурталчилгаа гэвэл нүүрээ сайхан будаад, гоёмсог кимоно өмссөн бүсгүй автобусанд суухад хүн болгон түүнийг гайхан харж байв. Хажууд нь суусан жаалхүү бүсгүйгээс “Эгчээ, өнөөдөр танд ямар нэгэн онцгой баярт үйл явдал тохиолдсон юм уу? “ гэж асуув. Бүсгүй ялдамхан инээмсэглэснээ “Хүнд эгэл жирийн гэж нэг ч өдөр байдаггүй юм шүү, дүү минь” гэж хариулдаг.
Хакухо аварга:– Өө тийм үү?
Чиба зохиолч:- Энэ үгэнд би үнэхээр сэтгэл хөдөлсөн юм. Хүний амьдралд өдөр бүр онцгой. Түүнээс хойш ч гэх үү дээ, энэ өдөр л миний бүх амьдрал дуусах гэж байгаа юм шиг л тэр цаг мөч болгоныг эрхэмлэн нандигнаж явна даа.
Хакухо аварга:-Энэ бас “гүнзгий” яриа байна шүү… Өнөөдөр тантай сайхан ярьж хөөрч, олон сургамжтай зүйл сонслоо. Их баярлалаа.
Чиба зохиолч:-Би ч гэсэн. Их аврага танаас олон сайхан юм асууж, мэдэж авсандаа сэтгэл догдлож байна.
Хакухо аварга:-Завтай үедээ Монгол руу хамт явцгаая. Тэгээд айлын таазан дах чийдэн мэт ойрхон харагдах одот тэнгэрийн дор хууч хөөрөлдөцгөөе. /инээв/
Чиба зохиолч:- Би бага насаа Хятадын Шинёо гэдэг газарт өнгөрөөсөн юм. Тиймээс эх газарт дуртай. Монголын хязгааргүй уудам талын тэртээ нар ууссан мэт мандаж байгааг хармаар байна.
Хакухо аварга:-Та заавал нутагт минь зочлоорой.
Чиба зохиолч:-Их баярлалаа.
Хөрвүүлсэн Х. Эрдэнэцэцэг
Холбоотой мэдээ
-
tseegii (June 07, 2015 3:54:21 pm )
Saikhan huu shuu daruuhan, uhaantai, Ulam ih amjilt gargaarai.Ger bul ur huuhded chini sain saihniig husie.
-
Anonymous (June 07, 2015 7:49:13 pm )
saihan yria boljee
-
Anonymous (June 07, 2015 7:49:45 pm )
Orchuulagchid bas mehiin esloy
-
Монгол (June 07, 2015 10:05:52 pm )
Монгочууддаа энэ оройн мэнд хүргэе. би зүгээр л нэг монгол залуу танайд хоноё ТВ-25 -ийн нэвтрүүлэг үзэж сууна Мэндбаярын .АРДАЧЛАЛ гэж энэ мөн үү .Өнөөдрийн энэ нийгмийн үнэт зүйл юу вэ????зөвхөн МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ энэ зөв нийгэм мөн үү????? Бид АРДЧИЛСАН нийгмийг ийм гэж ойлогосонгүй ах эхсээ хүндэтгэдэг байгаль дэлхийгээ хайралдаг МОНГОЛ ёс уламжлал устлаа АРЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ таны байгуулсан АРДАЧЛАЛЫН үр дүн Монгол чууд чинь Аав, Ээж, Ах, Дүү, Найз нөхөд ,Хадам Баз Үр хүүхдүүд нь намаар талцсан талцсан талцсан талцсан хагаралдсан хялаасан хоорондоо дайсан боллоо одоо яах вэ? хэлэх үг олдохгүй байна олдохгүй байна. Монгол үг олдохгүй байна .Бид нэг үндэстнүүд СЕНГАПУР улсад Энэтхэг,Малайз Хятад гэх өөр олон үндэстнүүд одоо яаж хөгжиж байна .ОДОО БОЛСОН ШҮҮ АРДАЧЛАГЧ НЭРИЙН ДООР АМЬ ЗОГООЖ БАЙГАА .Монглчуудаар тоглож Байгаа Улсуудад УУр Хүрч Байна.
-
Зочин (June 07, 2015 10:43:11 pm )
Даваажаргал маань үнэхээр сайхан хүү юм даа. Лав л сумогоо шимтэн судалдаг, нилээн мэдлэгтэй болсон бололтой юм. Гол нь мэдлэгийн хэрээрээ даруу төлөв байгаад нь тун талархаж байна. Сумогийн мэдлэггүй бол сумогийн аль ч цолонд хүрсэн нь ялгалгүй давилуун, сагсуу байдаг юм болов уу даа. Мөөеө аварга, сумогийн дэвжээ, япон соёл, гэргий нь Даваажаргалыг сайхан хүн болгожээ.
-
Багш (June 08, 2015 12:06:22 am )
Овоо сайхан монгол хэлээр орчуулжээ. Баяр хүргэе.
-
Anonymous (June 08, 2015 1:21:34 am )
Манай махан толгойтой бехчууд найраа цол гэж тэнэгтэцгээж байхаар энэ хуу шиг ухаалаг сэтгэл сайтай байх хэрэгтэй дээ сумо бех хунийг их зев хумуужуулдэг юм бна сайхан ярилцлага болжээ ХАКУХО-доо амжилт хусье улам олон туруулээрэй
-
Фанаат (June 08, 2015 4:45:49 am )
Сумогоос Японы ес суртхууны өндөр соёл мэдрэгдэж, хүнийг даруухан болгож байгаа гэдэгтэй санал нэг байна.
-
-
batsaan (June 08, 2015 6:33:34 am )
manai ASA avarga ene niitleliig unshaad hundlegdeh es hundleliin talaar eej aavdaa yarij ogoosoi
-
Зочин (June 08, 2015 8:23:54 am )
Манай шалдан тэнэгүүд би ингэсэн, би тэгсэн гээд л солиорч өгөх байсан байхдаа… Тэнэгүүдийг ухаан, соёлд сургахсан….
-
Зочин (June 08, 2015 10:40:08 am )
Бидэнд япончуудаас сурах юм бас их байна шүү. Юманд үнэн сэтгэлээсээ ханддаг чанар, бас энэ ярилцлагад дахин дахин яригдаад байгаа юмс үзэгдлийн цаад гүн чанар, түүнээс авах ухаарал … Бидний өвөг дээдэс ч үүнээс илүү гүн гүнзгий сэтгэдэг байсан боловч одоо ийм хүн ховордож хэдэн төгрөг доллараас эх орон, газар нутгаа шалны алчуур шиг хямдхан худалдаж чаддаг хүмүүс дэндүү олон болжээ. Сайхан ярилцлага болж, орчуулагч бүсгүй ч эвлэгхэн орчуулсан байна. Улам их амжилтыг хүсэн ерөөе!
11 Comments