antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2015 5 comments

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангиас хийсэн сурвалжлага

нийтлэсэн Admin

Тэд олуулаа

407.  Уг хорих ангид 337 эмэгтэй ял эдэлж байна. Хар тамхины хэргээр 18 жилийн ял авсан Филиппин улсын нэг ялтанг эс тооцбол бүгд монгол улсын иргэн.

Нар хүүшлэх цагаар тус ангийг зорин очсон сурвалжлагын багийнхан хийгээд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Д.Оюунбаатар нарыг ангийн захирагч Б.Амардорж тэргүүтэй албан хаагчид тосон авч, холбогдох танилцуулгуудыг хийв. 41 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн хорих анги бидний нэрлэж заншсанаар тоосгоны хорих ангид нүүж ирээд хоёр жилийг ардаа үджээ.

Ангийн даргын танилцуулснаар энгийн дэглэмтэд 253 , чанга дэглэмтэд 68 , баривчлах хэлбэртэй  6 ялтан тус хориход ял эдэлж байгаа аж.  Үүний 50 орчим хувийг нь 35 наснаас доош үеийнхэн эзлэдэг бөгөөд 50-аас дээш настай 35 эмэгтэй ялтан байна.

Ямартай ч “Шоронгийн хаалгаар оронгуут нуруу хүйт даах мэдрэмж төрдөг” гэх олны үг надад лав үйлчилсэнгүй.  Мөн бусдаас ялгаатай, хорио дэглэмтэй гэх шинж харьцангүй бага ажиглагдсаныг сурвалжлагынхаа эхэнд цохон  тэмдэглье. Гэвч тэд гурван сая хүн амтай Монгол улсын хувьд  эмэгтэй хорих ангийн ялтнууд хэтэрхий олуулаа мэт санагдсаныг нуух юун.

Хөдөлмөрийн хөлсөөрөө ар гэртээ гурил будаа залгуулдаг ялтан  байна

Ангийн хорих хэсэг рүү нэвтрэн оронгуутаа бидний зочилсон хамгийн эхний танхим бол үйлдвэрийн хэсэг байлаа. Ажлын дүрэмт хувцастай эмэгтэйчүүд цахилгаан машинаар гэрийн цагаан бүрээс оёж, цаадах өрөөнүүдэд хатгамал, бэлэг дурсгалын зүйл урлаачид сууцгаана.

Ажлын байраар ялтнуудаа хангах явдал нь  хорих ангийн үндсэн зорилтуудын нэг. Тэр ч утгаараа уг ангийг түшиглэн оёдлын үйлдвэрлэл явагдсаар ирсэн. Эднийх 2014 оны байдлаар нийт ялтнуудынхаа 86 хувийг ажлын байраар хангаж байсан бол он гарсаар энэ тоо буурч 77 хувьд хүрчээ. Гэхдээ л чамлалтгүй. Эмэгтэйчүүд л юм болсон хойно зүгээр суулгахаар харилцааны асуудлаас эхлээд төвөгтэй байдаг учраас аль болох хөдөлмөрлүүлэхийг хичээдэг гэдгээ ангийн удирдлагууд учирлаж байв.

Үйлдвэрлэлийн өрөөнд бидний нүдэнд туссан бас нэг зүйл нь тусгайлан зассан үзэсгэлэн. Хоригдогч эмэгтэйчүүд зүү ороож хөөрөгний даалин урлах, зээгт наамлаар бурхан бүтээх, бэлэг дурсгалын зүйл хийх зэргээр бүтээлч байдалд суралцдаг аж. Сүүлийн саруудад монгол гутал урлах сургалт явагдсан гэх.

Тэдний урласан хөөрөгний даалинг 150 мянган төгрөгөөр үнэлэн зах зээлд борлуулдаг. Үүнээс холбогдох журмын дагуу 50 хувь нь ялтны нэрийн дансанд байршина. Ихэвчлэн захиалгаар  хөөрөгний даалин хатгадаг агаад ШШЕГ-ын дарга нар уг хорих ангийн ялтан эмэгтэйчүүдээр эл гангараагаа урлуулдаг хэмээн ярианы завсар сонирхуулж байв. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уг бүтээлүүдтэй танилцах явцдаа “Танайх марктенгийн мэргэжилтэнтэй болмоор юм байна.  Зах зээл дээр эрэлттэй хэсэгт нь борлуулж чадвал эмэгтэйчүүдэд бодит урам өгнө” гэж онцлов.

Нарийн аргачлалтай урлах ажлуудаа ангийн зүгээс чанга дэглэмтэй удаан хугацаанд хоригдох ялтнууддаа түлхүү зааж, тодорхой эдийн засгийн эргэлт үүсгэхийг чухалчилдагаа нуусангүй. Ингэснээр ангийн санхүүд ч хувь нэмэртэй байдаг аж.

Нөгөө талаас эдгээр ялтан эмэгтэйчүүд дунд өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө ар гэртээ гурил будаа залгуулдаг хүмүүс ч байдаг аж. Эмэгтэйчүүд нийгмийн аль ч давхаргад байлаа ч тэжээн тэтгэх, асран өргөх ухаанаа ийм өндөр түвшинд авч явдаг нь гайхмаар.

Энд дуулгах сайн мэдээ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар байгууллагын дотоод журмыг чанд сахин биелүүлсэн ялтандаа ангийн даргын захирамжаар 30 хүртэлх хоногийн ялын хөнгөлөлт үзүүлдэг аж.  Энэ ч утгаараа ялтан эмэгтэйчүүд ажилд хамрагдах чин хүсэлтэй байтгаа ярилаа.

Хоёр хүү, гурван охин хорих ангид эхийн хамт “тусгаарлагджээ”

Хорих ангид сурвалжлага хийх хугацаанд дээр хэлсэнчлэн илэрхий эрх нь зөрчигддөг, бидний мэддэгээр хэт дарангуйлалд байгаа дүр зураг эмэгтэйчүүдээс ажиглагдсангүй. Гэхдээ хорих анги л бол хорих анги. Энд хүний эрхийн тодорхой хязгаарлалтууд журмаараа хэрэгждэг нь тодорхой. Чухам тийм шаардлагатай болоод л тусгаарлалт үүсгэж байгаа нь хэн хүнд ойлгомжтой.

Хамгийн харамсалтай нь тэрхүү тусгаарлалтад энхрий бяцхан үрс өртөж буй явдал. 407 дугаар хорих ангид одоогийн байдлаар 0-1 насны таван хүүхэд ял эдэлж буй эхийн хамт тусгаарлагдаж байна.  Вакцинжуулалт, товлолт үзлэгүүд цаг тухайдаа хийгдэж, эмчийн хяналтан  дор өсөж торниж байгаа хэдий ч эдгээр хүүхдүүдийн эрх  тодорхой хэмжээгээр зөрчигдсөөр байгаа нь харамсалтай.

Хүүхэдтэй ялтангууд  хорих ангийн их хашаанаас жаахан тусдаа байрласан байшинд амьдардаг агаад хүүхдийн тоглоомын өрөөгөөр хангагдаж, дотроо хоолоо хийгээд идчихдэг, харьцангуй чөлөөтэй байдалд байдаг гэхчлэн давуу талуутай юм.  Гэхдээ тэдний  хоёр ч эмэгтэй нь гурван хүүхэдтэй аж.  Өвөр дээр нь бөмбөрч буй нялх үр нь яахав гэхэд хорих ангийн хананаас тусгаар аж төрөх бусад үрсүүд нь яаж өсдөг бол гэхээс элэг эмтэрнэ.

Мөн тэдэнтэй хамт 14  хоногийн дараа төрөх жирэмсэн эмэгтэй байрлажээ. Жирэмсэн байхдаа ял авч орж ирсэн гэх. Ял хөнгөлөх матрериалаа бүрдүүлж, прокурорт хүргүүлсэн хэдий ч хүлээлт үүсгэсээр төрөх даваандаа тулж иржээ. Цаашид хэрхэхийг ёстой л нөгөө бурхан мэдэх байх.

Өршөөл, өршөөл өршөөл…

Уг нь яг ийм хэсгүүдэд л өнөөх он оны чуулган дамжаад замхарсан өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Гэтэл  олон намын төлөөлөл оролцсон, тодорхой бариж зүтгүүлэх эзэнгүй гэх шалтгаанаар орхигдсоор өдий хүрээд байна. Ц.Оюунбаатар гишүүн “Энэ хаврын чуулганы бусад гэсэн жагсаалтад оруулсан. Зүтгүүлээд, зүтгүүлээд хэлэлцэгдэхгүй хойшлоод байна” гэж энэ үеэр халагласан бол Ц.Оюунгэрэл гишүүн  “Наад хуулийг тань эмэгтэй гишүүдтэй нийлж, лоббидьё” гэж дуугарлаа.

Урд жилийн хаврын чуулганаар өршөөлийн хууль батлагдах сураг гарч, эмэгтэй ялтнууд өвлийн хувцсаа шатаан,  намрын хайлган цаг гэхэд гэртээ харьчихсан байна хэмээн хөөрцгөөсөн боловч асуудал талаар өнгөрч, дахин өвлийн хувцас ар гэр лүүгээ захисан гэх. Сэтгүүлчдийг сэмхэн нудраад “Гэмт хэргийн хууль хэзээ батлагдах бол” гэж асуух ялтан ч байсан гэдгийг энд нууцлахыг хүссэнгүй.

Тэд ингэж дор бүрнээ өршөөл, гэмт хэрэг, эрүүгийн, зөрчлийн гэх сайхан тодотголтой хуулиудыг хүлээж, амьдралд яарч суугаа нь маш тодоор  ажиглагдаж байлаа. Ангийн дарга Д.Амарболдын яриснаар бол өршөөлийн хууль батлагдсан тохиолдолд уг хорихын ялтнуудын 50 хүртлэх хувь нь суллагдах боломжтой аж. Чухам иймээс л  нийгэмд өршөөлийн хуулийг хүлээсэн бүхэл бүтэн хүн сүрэг, тусгай арми, энхрий үрсийн бүлтгэр нүднүүд  олноороо үүсээд байгаа гэлтэй.

“Одоо ч цөхөрсөн дөө”

Эмэгтэй хүмүүс л юм болсон  хойно  аливаа асуудлаа бусдад яриж байж, жаахан сэтгэл нь онгойдог бололтой.  Ялынхаа тогтоол, шүүх хурлын явц, хэрэг үйлдэлтийнхээ талаар яриж эхлэнгүүтээ хоолой нь цахиртаад ирэх юм. Басхүү  “сэтгүүлчдийн өмнө тайлбар хиймээргүй байна” гээд буруу харчих нэгэн ч байв.

Бусдын гуйлгаар дайвар цүнх тээвэрлэснийхээ төлөө хар тамхины хэргээр ялд унасан,  хулгайд алдагдсан малыг мэдэлгүй худалдан аваад хам хэрэгтнээр татагдсан, найман жилийн турш шүүхийн хаалга сахиж, эцэст нь чанга дэглэмтэд 13 жилээр таслагдан орж ирсэн…гээд сонсоод байвал төгсөшгүй. Энд тэднийг өмөөрч, илтэд хамгаалах гэсэнгүй. Зүгээр л тэднээс ямар нэгэн гомдол, цөхрөл нэвт үнэртэж байгааг харснаа өгүүлмээр байна.

Тэрхүү гомдол цөхрөл нь шат шатны хууль хяналтын байгууллагуудын хайхрамжгүй байдал, нэг ирэхэд нь солигдоод алга болчихдог шүүгч, прокуроруудын сэлгээ, холбогдох хуулиудын заалт сэлтээс үүдэлтэйг яригдсан түүхүүд  үндсэндээ гэрчилж байлаа. “Эрхээ ямагт хамгаалж байгаарай. Битгий цөхөр, шат шатны байгууллагад хандаад үз” гэсэн Ц.Оюунгэрэл гишүүний  зөвлөгөөнд “Одоо ч цөхөрсөн дөө” гэх хариултууд дуулдаж байв.

Хүчирхийлэлд олон жил өртөснийхөө төлөө ялаа улам нэмүүлдэг тогтолцоо

…Нөхрөөсөө хуулийн дагуу салаад жил гаруй болох хугацаанд өмнөх хүчирхийллийн хэлбэр огт тасраагүй. Тэр хүн өөр эхнэр авч, хүүхэд нь төрөх дөхсөн  үед хүртэл манайд ирж, намайг дарамталж, хэрцгийгээр зодсоор байсан. Би тухайн үед хорооны цагдаа, хэсгийн төлөөлөгч нарт энэ байдлаа хэлж, намайг хамгаалж өгөөч ээ гэсэн ч “Та хоёр салчихсан учраас бид яаж  ч чадахгүй. Наад асуудал тань гэр бүлийн тухайн хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхгүй” гэж үл тоомсорлодог байв. Тэгээд нэг л өдөр би биеэ хамгаалахын тулд хариу үйлдэл хийгээд хүний аминд хүрсэн.

…Аргагүй байдлаас биеэ хамгаалан, нөхрийгөө хөнөөсөн үед миний биеэр дүүрэн шарх сорви байсан. Түүний хүрзээр зодож байсан шинэхэн сорвийг ч шүүх хурал дээр баримт болгон үзээгүй…Аргагүй хамгаалалтын хэлбэрт оруулан тооцоогүйд үнэхээр гомдолтой явдаг.

…Мөрдөн байцаагч надаас “Чи ингэж олон зодуулж байхаар өөрийг нь  нэг сайн цохиод авах юм сан гэж чамд санагдаж байсан уу?” гэж асуусан. Мэдээж олон жил тэвчсэн хүнд тийм сэтгэгдэл төрдөг. Би үнэнээ л хэлтэл өш санах зүйл анги руу оруулаад ялыг улам хүндрүүлсэн. Энд байгаа ихэнх эмэгтэйчүүд өш санасан гэх нэрээр эрүүгийн хуулийн 91.2.3-аар ялаа 3-5 жилээр нэмүүлсэн байдаг.

…Байцаагч намайг элдвээр доромжилж “П..минь чи нөхрөө алсан биз дээ. Чамайг шоронд хатаагаад өгнө өө. Нөхрөө алсан уу, хурдан хэл” гэж ширээ нүдэн хашгирсан. Би тухайн үед айсандаа “Тийм ээ” гэсэн…

Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхрөө хөнөөсөн эмэгтэй ялтнуудын цухас яриа. 407 дугаар ангид ийм төрлийн хүн амины хэрэгтэй 15 эмэгтэй хоригдож байна. Тэд өөр олон зүйл ярьсан. Тэр бүх яриаг нэгтгэн авч үзвэл эмэгтэйчүүдийн олон жил нөхөртөө зодуулсан байдал нь өш санах зүйл анги руу шилжин ялыг нь улам хүндрүүлдэг, аргагүй хамгаалалтыг шүүх дээр юман чинээ боддоггүй, өмгөөлөгч нар ихэвчлэн давж заалдахгүй байхыг анхааруулдаг, анхны мэдүүлгээ ямар ч өмгөөлөлчгүй гол төлөв ажлын бус цагаар өгдөг гэхчлэн хуулийн гажуудлууд байв.

Эдгээр гажуудлыг одоогийн яригдаж буй холбогдох хуулиудад оновчтой байдлаар тусгах,  ямар ямар арга замаар гажуудал үүсэж болохыг бодит амьдралыг туршлагаас харах,  энэ төрлийн ял эдэлж буй эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгах  зорилгоор Ц.Оюунгэрэл гишүүн уг уулзалтыг товлосон ажээ.

Ийнхүү он гарсаар дөнгөж 29 хоригдол суллагдаад байгаа ШШЕГ-аас бид бодрол, сэтгэлийн зовнил дагуулсаар хөдөллөө.  Социализмын үеийн цөөн хэдэн уран зохиолын ном, сэрүү татсан камерууд, гадуур хувцастайгаа пөөнийн зогсох эмэгтэйчүүд, гадаах нарлах талбай, чанга дэглэмтийн ангийн дэвхийтэл хураасан орнууд одоо ч нүдэнд харагдсаар байна.

Тэдгээр эмэгтэйчүүдийн төлөө бид юу хийж чадах бол? Холбогдох хуулиуд нь зөв чиглэлээр боловсруулагдан хэрэгжиж, тэдний амьдралд бодит тусгалаа өгөөсэй. Эмэгтэй гишүүд, ХЭҮК болоод ХЭҮТ-ийнхний олон жил ярьж буй хүний эрхийн наад захын асуудлууд эрхэм чухал болж шийдвэр гаргагчдын нүдэнд харагдаасай.  Энэ чиглэлд дөрөв дэх засаглал болсон Сэтгүүзүй улам анхааран нийтлэлийн бодлогоор хөхүүлэн дэмжээсэй гэх олон хүслүүд төрж байна.

Ялтан эмэгтэйчүүдэд алдаа оноогоо шүүлгэн хорих ангийн хаалгыг татсан харуусалт нэгэн өдөр байхад гэмшлээ ухаарсан тэнэгэр сэтгэлээр амьдралд дахин хөл тавих өдрүүд мөн ирэх буй за.

Эмэгтэй хоригдлуудын урласан бүтээл

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • boe (May 14, 2015 12:14:44 pm )

    arihchin nohortoo daramtluulj baihad hamgaalj chadaagui baij shorond hiine gedeg ezengui turiin gai

  • зочин (May 14, 2015 12:20:08 pm )

    Хүний амьдрал эрээнтэй бараантай санамсаргүй байгаад хүчирхийллээс үүдэн аргагүй хамгаалалт хэтэрсэн гэсэн асуудлаас болж алдсан хүмүүсийг бодхоос өрөвдөх юм тэд удахгүй төрийн өршөөлөөр суллагдах болтугай

  • d (May 14, 2015 12:24:32 pm )

    .

  • Anonymous (May 14, 2015 7:48:14 pm )

    MANAI TSAGDA XUULINXAN YMAR NEGEN XERGIIN BODIT NUXTSUL BAIDLIG ABCH VZEXESE ILVV TUXAIN XOLBOGDOGCHIG YLTAN BOLGOX TALRU NI ILVV AJILDAG YUMU GEJ SANAGDAD BGA,XOXIROGCHIG VL TOMSORLODOG BAIDAL BVR ILVV AJIGLAGDDAG,YLANGUYA GER BVLIN XVCHIRXIILELIN TAL DEER ENE BAIDAL IX BNAA,BARAG L XOXI CHINI BID TGD NADXIG CHINI YAXIIN GEJ BGAM DA,IIM BXAD XVCHIRXIILEL BURNA GEJ BXGVIEE

  • oogii (May 16, 2015 8:05:30 am )

    arhichin nohortoo hdn jil zoduulj daramtluulaad etsestn tewcheer n aldaraa blgvi dee iwii dee etses svvldn bvh ymnii buruun emegtei hvndl tohogdoh ymdaa
    ene tor zasagn yachwaa ygd tedniig uuchilj blhgvi jg nohorn arhi uudaggvi bsn bl iim ym blhgvil bh bsn bh

antalya rent a car