Х.Тэмүүжин: Намайг үнэнийг дэлгэх болсонд цагдаагийнхан дэмжиж байна-
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр сэтгүүлчдэд нэлээд бухимдангуй мэдээлэл хийсэн юм. Учир нь өнгөрөгч баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, унагасан.
Тиймээс эрхэм гишүүн энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь энэ юм. Тэгэхээр өнгөрөгч парламентын сонгуулийн үр дүнд долоодугаар сарын 1-ний гэх шинэ хавтаст хэрэг нээгдсэн билээ. Энэ бүхний талаар эрхэм гишүүн хуралдааны эхэнд “Хүний эрхийн дэд хорооны дүгнэлт зөвлөмжийг УИХ-ын тогтоол болгосон. Уг тогтоолд долоодугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон ард түмнээсээ төр уучлалт гуйх хэрэгтэй гэсэн заалтыг тусгасан. Гэвч уг заалтыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлгийн гишүүд олонхиороо унагаалаа. Ингэснээр төр ард түмнээсээ уучлалт гуйх эрх зүйн орчин хаагдаж байна” хэмээн тодруулав.
Түүний хэлж буйгаар шүүхээс эл хэрэгтэй холбогдуулан буруутай этгээдүүдийг тогтоогоогүй боловч, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба болон бусад газрынхны шалгалтаар иргэд рүү буу шагайсан этгээд нь цагдаагийнхан гэдэг нь нотлогдсон аж. Гэвч цагдаа, прокурор, шүүх, Тагнуулын байгууллагын дотоод хяналт, бие даасан хараат бус байдлыг сайжруулахгүйгээр хүний эрхийн зөрчил буурна гэсэн ойлголт байхгүй гэдгийг тэрбээр онцолж байв.
Учир нь энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарлаа гэхэд дарамт шахалт их байгаа нь шүүх хараат бус байж чадахгүй байгааг харуулж байна гэв. Мөн тухайн үед долоодугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдсон залуусыг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсныг ч сануулж байлаа. Мөн түүний үзэж буйгаар ард түмнээсээ төр уучлалт гуйх утга бүхий тогтоолыг унагахад УИХ-ын гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын үүрэг нэлээд байсан гэнэ.
Тэрбээр энэ тухай “Ийм илэрхий хэргийг хаацайлж буй нь үнэхээр гутамшигтай, гэхдээ үнэнд гүйцэгдэнэ. Сайн эцэг, сайн дүүгийн нэрээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, сайд Д.Зоригт нарыг хэр хол явахыг харъя. Эцсийн дүндээ сонгогчид эдгээр хүмүүсийг хүний эрхийг хамгаалаарай гэж УИХ-д илгээснээс биш гэмт хэрэг хийгчдийг хаацаалаарай гэж сонгоогүй л байх.
Үнэн хэзээд ил болдог. Ард түмнээсээ үнэнийг нууж, хүний эрхийг уландаа гишгэчихээд инээж байгаа МАН-ын гишүүд өөрсдөө төсвийн есөн тэрбум төгрөгөөр намынхаа байрыг босгочихоод сууж байна. Гэтэл өнөөдөр ч надад цагдаагийн ар гэрийнхэн хандаж байна. Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр тушаал биелүүлж хамгаалалтад ажиллаж байгаад гэмтэж бэртсэн ч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж, эмчилгээний төлбөр авч чадаагүй гэсэн гомдол ирүүлж байна.
Өмнө ч хандаж байсан. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж асуулга тавьж байлаа. Дараа нь 2010 оны нэгдүгээр сарын 20-нд хэвлэлийхнийг цуглуулан сүр дуулиантайгаар мөнгө гаруулж байсан. Гэтэл өнөөдөр ч хохирлоо барагдуулаагүй цагдаагийн ажилтнууд байсаар байна. Намайг үнэнийг дэлгэх болсон тухай мэдээллийг сонссон цагдаагийнхан дэмжин, мессэж бичиж байна. Үнэнийг ил болгох хэрэгтэй гэж” цухалдангуй ярив.
Мөн дээрх хэрэггэй холбоотойгоор УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллахаас эхлүүлээд бусад үйл ажиллагааг дэмжиж ажилласан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр, Д.Одбаяр, Д.Балдан-Очир, Ч.Улаан нарт талархаж байгаагаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн эрхэм гишүүн энэ үеэр бас нэгэн асуудал хөндсөн нь холбогдох албан тушаалтнуудын хэлж байгаачлан цагдаагийн ажилтан галт зэвсэг хэрэглээгүй байсан ч энэ хэргийг өнөөг хүртэл илрүүлж чадаагүйнхээ төлөө төр уучлалт гуйх ёстой аж. Тэрбээр эл асуудлын тухайд “Ийм юм ярьж байгаа хүмүүст хандан хэлэхэд, надад тэмдэглэлийн дэвтрээ өгсөн цагдаагийн албан хаагчийн тэр өдөр даргынхаа тарааж өгсөн галт сумны хонгионы оронд тараалгасан сургуулийн сумны хонгиотойгоо тэмдэглэлээ авчирч өгсөн. Энэ баримтууд байхад уучлалт гуйхгүй хэмээж буй хүмүүст харамсаж байна” гэв.
Тэгэхээр гишүүний хэлж буйгаар цагдаагийн өдрийн тэмдэглэлд хэд, хэдэн ноцтой мэдээллүүд бий аж. Түүнд хэний тушаалаар цагдаагийн бие бүрэлдэхүүнд галт зэвсэг тарааж өгсөн. Иргэд рүү гал нээж буудсаныхаа дараахан гэмт хэргээ нуун далдлахын тулд тухайн газраас сумны хонгионуудыг түүж оронд нь сургуулилтын хонгио цацсан.
Мөн иргэд рүү гал нээхдээ ашигласан буугаа өөрчлөх гэж оролдсон гээд олон баримтыг дээрх үйл ажиллагаанд оролцсон цагдаа өдрийн тэмдэглэлдээ нэг бүрчлэн бичсэн гэнэ. Түүнчлэн дээрх үйл ажиллагааг цагдаа нараар гүйцэтгүүлсэн цагдаагийн хурандаа Н.Батсүх, Н.Мягмаржав хоёр цагдаа
нарт хандан “Өөрсөддөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй. Бууг чинь янзалж өгнө шүү” гэж хүртэл захиж байсныг энэхүү өдрийн тэмдэглэлд бичсэн байгаа аж.
Харин иргэдийн амь насыг хөнөөсөн цагдаа нар хаана юу хийж явна вэ гэвэл, тэр тусмаа дарга нарыгаа хууль хяналтын байгууллагынханд гэрчлээгүйнхээ төлөөсөнд зарим нэг нь гадаадад сурахаар явсан бол хэн нэг нь Цагдаагийн академиад суралцаж буй юм байх.
Эцэст нь дуулгахад, өнгөрөгч хугацаанд долоодугаар сарын 1-ний гэх энэ асуудал нэлээд саад бэрхшээл, урт хугацааг давжээ. Уг хэрэг явдал болсоноос нэг жилийн дараа буюу 2009 оны долоодугаар сарын 1-нд ажлын хэсэг байгуулагдан дөрвөн бүлэг асуудлаар хүний эрхийн хяналт явуулахаар тогтсон. Харин 2009 оны долоодугаар сарын 10-нд нээлттэй сонсголын журам боловсруулж, арваннэгдүгээр сарын 12-нд Хуульзүйн байнгын хороогоор батлуулжээ.
Улмаар арванхоёрдугаар сарын 2-нд “Долоодугаар сарын 1-н ба хүний эрх” нээлттэй сонсгол зохион байгуулсан. Мөн 2010 оны гуравдугаар сарын 17-нд “Долоодугаар сарын 1-н ба хүний эрх” нээлттэй сонсголын үргэлжлэл “Цагдаагийн байгууллага галт зэвсэг хэрэглэсний улмаас иргэдийн амьд явах эрх зерчигдсөн эсэх асуудлаар” хийхээр бэлтгээд нийтэд зарласан.
Гэвч гурван удаа сонсгол ямар нэгэн далд шалтгаанаар хойшилсон байдаг аж. Мөн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас нээлттэй сонсголыг хуралдааны хуваариас хасч хойшлуулсан. Түүнчлэн өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЦЕГ, УЕП-оос УИХ-д нээлттэй сонсголд оролцохгүйгээ мэдэгдсэн албан бичгийг ирүүлснээр мөн хойшилсон.
Энэ мэтчилэн олон шалтгаанаас болж галт зэвсэгтэй холбоотой нээлттэй сонсгол болоогүй байдгийг тэрбээр тодруулж байсан юм.
О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
Comments are closed.