antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Багш нар ажил хаяж, сурагчид гудамжинд гарав

нийтлэсэн Admin

14.00 цагийн үед гуравдугаар сургуулийн хичээлийн анги танхимууд ийм байдалтай байв

Сурагч хичээлээ тасалбал багш нарын зөвлөлийн хурлаар оруулж, сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авдаг. Гэтэл багш нар өчигдрөөс хичээлээ тасалж эхэллээ. Хичээл орохгүйг сонссон сурагчдын олонхи  нь “Ура” хашгираад гудамжинд гараадахав. Төгсөх ангийн хичээл хийхгүй байхын үр дүнг мэдэрч байгаа хэд нь “Үеийнхнээсээ хоцорч гүйцлээ. Ирэх хавар их, дээд сургуульд орж чадахгүй бол хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ” гэсэн асуултыг тавьж байна. Харин харьяа яамныхан нь “Энэ багш нар чинь бидний хяналтаас гараад явчихлаа шүү дээ” гэж гайхширч сууна.

Үйлдвэрчний холбооноос эхлүүлсэн багш нарын ажил хаялтад одоохондоо нийслэлийн сургууль, зарим цэцэрлэгийнхэн л хамрагдаж байгаа юм байна. Харин орон нутгийн багш нар ажлаа хийцгээж байна. Тэгэхээр нийслэлийн хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байна гэсэн үг. Өөрсдийнх нь хэлснээр Ерөнхий боловсролын шалгалтаа нийслэлийн сурагчид амжилтгүй өгвөл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Хүүхдүүдийн сурах эрхийг боогдуулж байгаа томчууд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ. Бид энэ талаар сурвалжиллаа.

Хүний эрхийн үндэсний комиссын хувьд багш нарын ажил хаялтыг ажиглаж байгаа аж. Яваандаа хүний эрхийг ноцтой зөрчсөөр байвал зохих байгууллагад нь хандах болно гэдгээ илэрхийлсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ)-наас төгсөх ангийн сурагчдын үзэх хичээлийг телевизээр зааж эхлээд байгаа аж. Багш нарыг хазаарлаж чадахгүй учраас гал унтраах төдий ийм аргыг сонгожээ. Гэхдээ сургуулиараа  ажил хаях лүндэн буулгасан ч зарим багш тэмцлийн энэ аргыг дэмжихгүй байгаагаа эцэг эхчүүдэд сэм хэлжээ. Сонинохайрхан дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийн багш сурагчийнхаа эцэг эхэд “Нэгдүгээр ангийнхан хичээлээ мартах нь амархан. Миний хувьд ажил хаямааргүй байгаа ч нийтийн жишгийг дагахаас аргагүй. Настай багш нар энэ тэмцлийг дэмжихгүй байгаа. Гэвч сургуулийн удирдлага бидний үгийг сонсохгүй” гэсэн аж.

БАГШ НАР СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ГИЮҮРЧ СУУНА

Гуравдугаар сургуулийн багш нар хийх байхаа олж ядан гиюүрч байгааг харлаа. Тус сургуульд сурагчдаа оруулахгүй байгаа гэнэ. Хүүхдүүдийн дуу цангинаж байдаг орчин нам гүм. Багш нар нь цагаа бүртгүүлчихээд ажил тарахыг хүлээн сууцгаана. Нэг нь хатгамал урлаж байхад нөгөө нь буйдан дэрлэн хэвтэнэ. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нь захиралтайгаа хуралдаад завгүй. Багш нарын өрөөнд түүнийг хүлээж байтал “Хүн хэлээд байхад ойлгохгүй юм. Мэдэгдлийг нь нэг бүрчлэн уншиж ойлгууллаа” гэж ихэд ууртай орж ирэв. Тус сургуулийн Үйлдвэрчний хороон дарга, монгол хэлний багш А.Цэцэгмаатай ярилцлаа.

-Танай сургуулийн багш нар ажил дээрээ байна. Ажлаа хийгээд байгаа юм биш үү?

-Хөдөлмөрийн хуульд ажил хаясан тохиолдолд ажлын байрандаа байх талаар заасан. Гэхдээ бид үндсэн ажлаа хийхгүй. Ажлын найман цагт сургууль дээрээ байгаа ч төлөвлөгөө боловсруулах, хичээл заах зэрэг ажлаа хийхгүй.

-Тэгээд хэдийг хүртэл ингэж гиюүрсэн байдалтай байх юм бэ?

-Цалинг нь нэмнэ гээд байхад багш нар яагаад ажил хаяад байна гэж иргэд гайхаж байна. Гэтэл гурван талт хэлэлцээрээр нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг нэмнэ гэсэн шүү дээ. Гэтэл ирэх оны гуравдугаар сараас нэмнэ гэж биднийг хуурсан. Үүнээс болж л зөрчил үүсээд байгаа гэдгийг иргэд ойлгохгүй байна. Бид тавих ёстой шаардлагаа л тавьж байгаа. Хэрвээ Сангийн яам, УИХ энэ асуудлыг авч хэлэлцээд гурван талт хэлэлцээрээ хэрэгжүүлбэл бид ажлаа хийхэд бэлэн байна.

-Хүүхдийн сурах эрхийг зөрчихгүйгээр асуудлаа шийдүүлж болдоггүй юм уу?

-Энэ тухай олон удаа ярьсан. БСШУ-ны сайдыг дуудсан. Хэн ч бидэнтэй уулзаагүй.

-Одоо танай сурагчид хаагуур яваа бол?

-Ажил хаяхаас долоо хоногийн өмнө эцэг эх, асран хамгаалагчдын сонорт бичиг өгсөн. Хүүхэд бүрийн эцэг эхтэй уулзаж “Ажил хаялтын үед хүүхдээ асран хамгаална” гэж гарын үсгийг нь зуруулсан. Сурагч ч үүнийг ойлгож гарын үсгээ зуруулсан.

-Багш нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа. Тэгсэн атлаа хүүхдүүдийг нь сургахаас татгалзаж байна. Хувийн сургуулийнхнаас сурагчид чинь хичээлээр хоцорвол хэн хариуцлага хүлээх вэ?

-Ажил хаялт зогсвол хичээлийн хоцрогдлыг арилгах боломж хангалттай бий. Харин БСШУЯ телевизээр хичээл заана гэдэг нь ердөө л арьсаа хамгаалсан хэрэг.

-Сурагчид ангидаа цуглаад хичээлээ давтаж болохгүй гэж үү?

-Ажил хаялтын үед сурагчдыг оруулахгүй. Сурагчид ангидаа цуглаад багшаасаа нэг л хичээл асуучихвал ажил хаялт хүчингүй болно. Эцэг эх нь бүрэн хариуцах ёстой. Манай сургуулийн 79 багш ажил хаяж байна.

-Танай сургуулийн сурагч гэмт хэрэгт холбогдлоо гэхэд хэн хариуцах вэ?

-Эцэг эх нь.

-Та олон жил багшилсан бололтой юм. Гэнэт сурагчдаа сургуульдаа оруулахгүй, өөрөө хичээл заахгүй байгаадаа эмзэглэхгүй байна уу?

-Эмзэглэлгүй яах вэ. Хамгийн их сэтгэлтэй хүмүүс багш нар. Ажлаа хаясан ч “Нөгөө хүүхдүүд минь яана даа” гэж ярьцгаадаг. Гэхдээ сурагчид төгсөөд л явдаг. Хөөрхий багш нар байрандаа л үлддэг шүү дээ. Шавь нарынхаа төлөө гэсэн сэтгэлийг улс үнэлэхгүйгээс зөрчил үүсч байгаа хэрэг.

-Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Би 28 жил багшилсан. 350 мянган төгрөгийн үндсэн цалин дээр зэргийн 10 хувь болох 35 мянган төгрөг авдаг. Үүнээсээ татвараа төлөөд гар дээрээ 300 мянга хүрэхтэй, үгүйтэй л цалин авдаг гэв.

Д.ЭРДЭНЭЧИМЭГ: АЙМГУУДАД АЖИЛ ХАЯСАН БАГШ АЛГА

Өчигдрийн байдлаар ерөнхий боловсролын 89 сургууль, 98 цэцэрлэгийн багш нар ажил хаясан аж. Тэд цалинг нь нэмтэл ажил хийхгүй гэнэ. Харин багш нарын тэмцэлд хэрхэн хандаж байгаа талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Багш нар хугацаагүй ажил хаячихлаа. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг яаж арилгах вэ?

-Ер нь нөхцөл байдлыг олон талаас нь үнэлж, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг яам баримталж байгаа. Багш нар ажил хаясантай холбоотой ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй байдал, хичээлийн хоцрогдолгүй байлгах, ялангуяа төгсөх ангийн сурагчдын сургалтыг хэвийн явуулах талаар тодорхой арга хэмжээ авч байна. Өнөөдөр (өчигдөр)-өөс эхлээд Боловсрол суваг телевизээр 10.00-16.00 цагийн хооронд ерөнхий шалгалт өгөх долоон хичээлийг телевизээр зааж байгаа. Энэ сарын сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт явагдана. Хичээлийг шилдэг багш нар зааж байгаа. Тус хичээлийг www.tvhicheel.mn сайт дээр байрлуулж байна. Сурагчид дуртай цагтаа хичээлээ үзэх боломжийг хангаж байна.

Мөн аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн байр сууц, хоол хүнсний аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хангахаар үүрэг өгсөн. Мөн бага насны хүүхдүүдийг эзэнгүйдүүлэх, хараа хяналтгүй байлгахгүй байх тал дээр тодорхой арга хэмжээ авах чиглэлийг Боловсролын газруудад өгсөн.

-Хүүхдүүд телевиз үзээд хичээлээсээ хоцрохгүй гэдэгт итгэлтэй байна уу. Ялангуяа ерөнхий боловсролын шалгалт өгөх сурагчид хохироод байгаа юм биш үү?

-Хичээлийг хэвийн явуулах бололцоотой бүх аргыг хэрэглэж байгаа нь л энэ. Ангид багш хичээл заахыг гүйцэх арга гэж юу байх вэ.

-Орон нутагт багш нар ажил хаяж байгаа юу. Танай яамныхан “Багш нар яамны мэдлээс гарчихлаа” гэцгээж байсан.

-Одоогийн байдлаар аймгуудад ажил хаясан багш алга. Нийслэлийн хувийн өмчийн бүх сургууль, цэцэрлэг ажиллаж байна. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 20 орчим хувь нь хэвийн ажиллаж байгаа. Цэцэрлэгүүдийн 42 хувь нь ажлаа хэвийн явуулж байна.

-Ид хүйтний үеэр сурагчдаа хаяад “амарчихаж” байгаа багш нарыг ажиллуулах хэрэг байна уу. Ажилгүй байгаа багш нарыг оронд нь сонгон шалгаруулж авч болдоггүй юм уу?

-Ер нь цалин хөлсний асуудлаар дуу хоолойгоо өргөх нь өөрсдийнх нь эрхийн асуудал. Үүнд багш нарыг хална, солино гэсэн байр суурь байхгүй. Харин эцсийн бүлэгт хүүхэд хохирч байна. Хүүхдүүдийг хохироохгүйгээр асуудлаа шийдвэрлэх талд анхаарах ёстой.

-Сурагчдыг хохироохгүйгээр асуудлыг шийдэх боломж байгаагүй юу?

-Гурван талт хэлэлцээр ёсоор багш нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалтын хүрээнд 2012 оны төсөвт суучихсан. 2008 оны түвшинтэй харьцуулахад ирэх онд багш нарын цалин хоёр дахин нэмэгдэнэ. Харин хэзээ нэмэх вэ гэсэн цаг хугацааны асуудал л байгаа.

-Зарим багш нар ажил хаяхад санал нэгдэхгүй байгаа ч бусдыгаа дагахаас өөр аргагүй байна гэдгээ хэлж байсан. Ер нь багш нар хэн нэгний уриалгаар улстөржөөд байгаа юм биш үү?

-Үүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх байхгүй гэлээ.

СУРАГЧИД: БИД ҮЕИЙНХНЭЭСЭЭ ХОЦОРМООРГҮЙ БАЙНА

Төгсөх ангийн сурагчид ингэж хэлж байна. Тэдний хувьд их, дээд сургуульд орохын өмнөх хамгийн хариуцлагатай үе өдийд байдаг. Төгсөх ангийнхан өдийд ЕБШ-даа гол бэлтгэх үе. Гэтэл сургууль нь хаалгаа хааж, багш нар нь ажлаа хаячихлаа. Сурагчид сурах эрхээ боогдуулж байгаадаа бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Төгсөх ангийн сурагчид багш нарынхаа тэмцлийн талаар ямар бодолтой байгааг нь сонирхлоо.

77 дугаар дунд сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Дөлгөөнзулаас тодрууллаа.

-Танай ангийнхан өнөөдөр юу хийж өнгөрөөв өө. Маргааш яах вэ?

-Нэгэн рүүгээ яриад заал авах уу, яах вэ гэцгээж байна. Сүүлийн долоо хоногийн турш багш нар зөвхөн цалингийнхаа л тухай ярьсан. Хичээлээ ерөөсөө хийгээгүй. Одоо бид багш нар ямар цалинтай байдгийг мэддэг учраас буруутгамааргүй байна. Гэхдээ томчуудын маргаанаас болж бид хохирмооргүй байна. Тиймээс ажил хаяхаас өөр аргаар тэмцээсэй гэж хүсч байгаа. Манай ангийнхан тараад явчихсан учраас нэгэнтэйгээ утсаар л ярьж байна. Миний хувьд сургалтын төвд сурдаг.

-ЕБШ-даа яаж бэлтгэж байна вэ. Танай багш нар бүгд ажил хаяхад санал нэг байна уу?

-Уг нь хичээлээ хийгээд явсан бол 800 оноогоо авах боломжтой байсан. Зарим сайн багш ажил хаямааргүй байгаагаа хэлдэг. Тэд “Та нар ирээрэй. Би давтлага өгнө өө” л гэдэг. Даанч тэр нь цөөн л дөө. Зарим багш учраа ч мэдэхгүй ажлаа хаясан.

ШУТИС-ийн лицей сургуулийн сурагч Б.Мэндбаяр: Манай сургуулийн багш нар ажил хаяагүй. Гэхдээ олонхи найз маань өнөөдөр гэртээ сууж байна. Хичээл хаясан багш нарын шавь биднээс нэг алхам хоцорлоо шүү дээ. Тэдний ирээдүйг бодооч гэж багш нарт хэлмээр байна. Хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй байгаад багш ч, төр засаг ч буруутай. Нэг багш ажил хаяхад цаана нь хэдэн хүүхэд хохирох билээ гэдгийг бодох байсан. Хэдэн төгрөгөөс болж ирээдүйгээ битгий харлуулаасай. Хамгийн том зорилгоо биелүүлэхийн тулд бид одоо л хичээх ёстой. Гэтэл бидний үеийнхэн сургуульдаа орж чадахгүй, багшаараа хичээл заалгаж чадахгүй байгаад харамсч байна.

77 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч М.Цэнд: Би хэн нэгний зөв бурууг шүүхгүй. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалмаар байна. Төрөөс ирээдүйгээ боддог байсан бол ийм байдал үүсгэхгүй байсан. Багш нар маань хэдэн мянган сурагчдаа бодоод хичээлээ заагаач. Бид бусад шиг жагсаж цуглаж , өлсгөлөн зарлаж чадахгүй. Гэхдээ хэн нэгний хий, боль гэснийг дагахгүй. Харин өөрсдийгөө дайчлах л үлдэж байна. Сургалтын төвд ч болов сураад хичээлийнхээ хоцрогдлыг арилгах хэрэгтэй.

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ ЗАГВАР ШАЛГАЛТ АВНА ГЭВ

Багш нарыг ажил хаяж байгаатай холбогдуулан өчигдөр “Монголын бүтээлч оюутны хөгжлийн сан” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. Тус байгууллагын ерөнхийлөгч Н.Лхагвадоржийн ярьснаар багш нар ажил хаялаа гээд сурагчид зүгээр сууж болохгүй гэнэ. Харин түр сургалтын төвд суух ёстой аж. Дээрх байгууллагаас түр сургалтын төвүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж хохирсон сурагчдыг сургах гэнэ. Жилийн 750 мянган төгрөгийн төлбөртэй сургалтын төвд л гэхэд дээрх төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр сурвал 150 мянган төгрөг болох аж.

Мөн тус төрийн бус байгууллага энэ сарын 24-25-ны өдрүүдэд их, дээд сургуульд элсэх загвар шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car