antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Хэнтийн хорих ангид нэг ялтан өлсгөлөн зарлаж, бусад нь бослого гаргасан уу

нийтлэсэн Admin

-Н.АЛТАН-ОЧИР: С.БААТАРЖАВЫН ЯЛЫН ДЭГЛЭМИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 419 дүгээр хорих ангиас “Манай хорих анги дээр нэг ялтан өлсгөлөн зарлаж, бусад нь бослого гаргаад байна” гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ мэдээллээр бол тус ангид ял эдэлж байгаа С.Баатаржав хорих ангийнхаа удирдлага болон ажилтнуудын талаар гомдол гаргаж, өргөдөл өгсөн гэнэ. Гэтэл тус хорих ангийн удирдлагууд түүнийг “өргөдөл өглөө” хэмээн зодож бусдаас нь тусгаарлан хорьсон аж. Үүнээс болж С.Баатаржав өлсгөлөн зарлаж эхэлжээ. Харин бусад ялтнууд “Энэ үйлдэл хүний эрхийг зөрчиж байна”, “Хорихын удирдлагууд ялтнуудтай зүй бусаар харьцлаа” хэмээн бослого гаргасан байна.

Энэ явдал өнгөрсөн баасан гаригт болжээ. Өргөдөл бичих болсон шалтгаан нь тус ангийн ажилтнууд ялтнуудаас мөнгө гэх мэтийн эд зүйлс нэхэж, хүссэн зүйлийг нь өгөөгүй тохиолдолд зодож, дарамталдаг тухай бичсэн байна. Тэгэхдээ ямар цолтой хэн хэдэн сарын хэдний өдөр юу нэхсэн, яах гэж зодсон гэх мэтээр жагсаасан гэнэ. Үүнээс болж хорихынхон С.Баатаржавыг бусдаас нь тусгаарлан өрөөнд хорьж эхэлсэн бололтой.

419 дүгээр хорих анги нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд жирийн дэглэмтэй хорих анги юм. Одоогоор тус газар 300 гаруй ялтан ялаа эдэлж байгаа аж.

С.Баатаржав нь Багануурын чанга дэглэмтэй хорих ангиас дэглэм буурч дээрх хорих ангид ял эдлэхээр ирсэн байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэлийн ажилтан н.Баясгалангаас тодруулахад “Хариуцлагатай албан тушаалтнуудаас асуухад ийм зүйл огт болоогүй гээд байна” гэсэн мэдээллийг өглөө. С.Баатаржав нь хүн амины хэрэгт холбогдон шүүхээс 21 жилийн ял авчээ. Одоогийн байдлаар эдлэх ёстой ялынхаа 17 орчим жилийг эдлээд буй гэнэ. Тэрбээр өмнө нь Багануурын хорих ангид ял эдэлж байгаад дэглэм буурч Хөвсгөл аймгийн хорих ангид ял эдэлж байжээ. Тэнд байхдаа хорихын харгалзагч, ажилтнуудын хууль бус зүйлийг илчилсэн өргөдөл прокурорынхонд дэлгэж байсан аж. Үүнээс болж тус хорих ангийн нэг ажилтан ажлаасаа чөлөөлөгдөж, дараахан нь бусдыг зодсон гэдэг үндэслэлээр түүний дэглэмийг нэмж Багануурын хорих анги руу шилжүүлсэн байна. Тэндээсээ Хэнтий аймгийн жирийн дэглэмтэй хорих анги руу шилжиж ирсэн нь энэ бололтой. Хорих ангитай холбоотой асуудал гарах болгонд тэрбээр өмгөөлөгч авч байсан гэнэ. С.Баатаржавын аав З.Төмөрийг олж уулзлаа.

-Танай хүү чинь шоронд өлсгөлөн зарласан гэнэ. Энэ талаар дуулсан уу?

-Дуулаагүй. Өлсгөлөн зарлалаа гэхэд хорихынхон хэлэх биш. Хол байдаг болохоор тэр болгон эргэж очоод байж чадахгүй юм. Ээж нь л санаа зовоод хэцүү юм. Би жинхэнэ аав нь биш. Хойд аав нь юм.

-Өмнө нь өлсгөлөн зарлаж байсан юм болов уу?

-Зарлаж байсаан. Хөвсгөл аймгийн хорих ангид ял эдэлж байхдаа зарласан. Тухайн үед бид өлсгөлөн зарласныг нь мэдээгүй. Энэ тухай хүнээс асуухад зарласан гэж байсан. Тэгээд бид өмгөөлөгч аваад прокурорт хандтал хорих анги дотроо өлсгөлөн зарлаж байсныг нь олж тогтоосон. С.Баатаржав хууль сайн мэднэ. Тэгээд хорих ангийн ажилчид ялтнуудтай хууль бусаар харьцах юм бол гомдол гаргана. Тэмцдэг, шударга нь дэндчихсэн хүүхэд байгаа юм. Харин ээж нь эндээс санаа зовоод байгаа. Дахиад өлсгөлөн зарлачихаж дээ.

-Хорих ангиас нь ийм мэдээлэл ирсэн юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан тийм зүйл болоогүй гээд байна л даа?

-Уг нь суллагдах дөхөж байгаа байх. Суллагдахын хооронд өргөдөл, гомдол гаргаад асуудал дэгдээчих юм яалтай билээ дээ. Энэ талаар тодорхой мэдэх юм алга.

-Яаж яваад хүний амь хөнөөчихсөн юм бэ?

-Хүү маань 20 билүү, 21 настай байсан юм. Хүн амины хэрэгт сэжиглэгдээд шүүхээс ял аваад явсан. Тэр хэргийнх нь талаар нэг их сайн мэдэхгүй юм.

Харин 419 дүгээр хорих ангийн дарга Н.Алтан-Очироос энэ талаар тодрууллаа.

-Танай хорих анги дээр нэг ялтан өлсгөлөн зарлаж, зарим ялтнууд бослого гаргасан гэж сонслоо?

-Тийм зүйл огт болоогүй ээ.

-Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс танаас энэ талаар тодруулж байгаа юм. Танай хорих ангиас энэ мэдээлэл ирсэн?

-Хэн гэдэг хүн энэ мэдээллийг өгсөн юм бэ?

-Эх сурвалжийнхаа нэрийг бид нууцлах эрхтэй байдаг юм. Тийм болохоор хэн ийм мэдээлэл өгснийг хэлж чадахгүй нь?

-Манай хорих анги дээр бослого гаргаж, өлсгөлөн зарласан хоригдол одоогоор алга байна.

-Бослого гаргаж, өлсгөлөн зарласан үйл явдал өнгөрсөн баасан гаригт болсон гэсэн?

-Манай хорих анги дээр тайван байна. Тийм болохоор таны асуултад хариулах боломж алга.

-Танайд С.Баатаржав гэдэг ялтан байгаа юу?

-Байгаа.

-Энэ хүн хорихынхоо ажилчдын хууль бус үйлдлийн талаар удирдлагад нь өргөдөл гаргасан чинь түүнийг бусдаас нь тусгаарлаж өрөөнд хорьсон. Бусад ялтнууд түүнийг өмөөрч бослого гаргасан гэж сонссон юм?

-Бослого гаргаагүй. Тэгээд ч ялтан өлсгөлөн зарлана гэсэн ойлголт байдаггүй юм. Ялтны ял эдлэх үүрэг гэж бий. Үүнд өлсгөлөн зарлах тухай заагаагүй байдаг. Цагдан хорих төвд хоригдож байгаа хүн харин өлсгөлөн зарлаж болно. Ялаа эдэлж байгаа хүн өлсгөлөн зарладаггүй.

-Тэгэхээр ялтан өлсгөлөн зарласан ч түүнийг нь хүлээж авах боломжгүй гэсэн үг үү?

-Бараг л тийм дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтны эрх үүрэг гэсэн хэсэг бий. Тодорхой хэлбэл 115 дугаар зүйлийг сайн харчихаарай. С.Баатаржав бол өөрөө хорих ангийн ажилчдыг дарамталдаг, доромжилдог, гүтгэдэг. Түүнээс гарахгүй авир гэж үгүй.

-Тэгэхээр түүнийг бусдаас нь тусгаарласан өрөөнд хориогүй гэж ойлгож болох уу?

-Энэ хүнтэй холбоотой асуудлыг сайн тунгааж бичихгүй бол болохгүй шүү. Байнга л өргөдөл, гомдол гаргаж байдаг.

-Танай ангийн зарим нэг ажилчид түүнээс мөнгө, эд зүйлс нэхээд өгөхгүй болохоор нь зодож дарамталдаг тухай өргөдөл бичсэнээсээ болж бусдаасаа тусгаарлагдсан гэж сонслоо. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Тийм зүйл огт байхгүй. Бид түүний ялын дэглэмийг удахгүй дээшлүүлэх гэж байгаа.

-Ямар учраас ялын дэглэмийг нь дээшлүүлж байгаа юм бэ?

-Шоронд архагшчихсан хүн л дээ. Хүний амь хөнөөчихөөд тэрийгээ сайрхаж ярьдаг. Энэ хүн бол жирийн дэглэмтэй хорих ангид байж болохгүй хүн. Янз бүрийн гомдол, өргөдөл гаргаж асуудал дэгдээнэ. Дараа нь гарах хор уршгийг нь мэддэггүй. Өөрөө  тухайн асуудлаа сайн мэдэхгүй, ойлгохгүй байж гомдол гаргадаг.

-Хөвсгөл аймгийн жирийн дэглэмтэй хорих ангид байхдаа бас ажилтнуудынх нь хууль бус үйлдлийг илчилж, тэр нь прокурорын шалгалтаар илэрч нэг хүн ажлаасаа чөлөөлөгдсөн гэдэг үнэн үү?

-Тийм зүйл болоогүй. Хөвсгөл аймгийн хорих ангид байхдаа хүн зодож дэглэм нь дээшлээд Багануурын чанга дэглэмтэй хорих анги руу шилжсэн юм билээ.

Г.Онон

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car