-ЦААСАН ДЭЭР БАТЛААГҮЙ ХӨТӨЛБӨР ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙСАН БАЙХ УУ!-
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр найман сарын турш Авлигатай тэмцэх газраас уяатай болсон Л.Гансүх нарт холбогдох хэргийн яллах дүгнэлт үйлдүүлэхээр оны өмнөхөн прокурорт шилжүүлсэн билээ. Гэхдээ прокуророос яллах дүнгэлт гаргаж хэзээ шүүхэд шилжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тэднийг Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан хэрэгт сэжигтнээр татаж, өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээс цагдан хориод байгаа юм.
Ингэхдээ “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнд үндэслэн улсад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа. Гэвч Л.Гансүх нар “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай хохирсон биш харин ч хожсон гэдгийг өнгөрсөн хугацаанд хэлсээр ирсэн. Тэдний тайлбарлаж байгаагаар 2012 онд гурван сая 500 мянган тонн нүүрс олборлож байсан уурхай хөтөлбөрийн хүрээнд гурван сая 860 мянган тонн нүүрс олборлож борлуулсан аж.
Ингэхдээ “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Багануурын уурхай нэг тонн нүүрсээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр үнэлэн нийлүүлдэг байж. Харин эцсийн хэрэглэгчдэд зарах зорилготой шигшиж ангилаагүй технологийн дамжлагын нэг тонн нүүрсний үнэ 25000 төгрөгийн ханштай байжээ. Энэ үнэ ханшийг Багануур хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээр болоход Багануур хувьцаат компанийн удирдлагууд энэ хөтөлбөрт зориулан технологийн дамжлагын нэг тонн нүүрсээ 20500 төгрөгөөр буюу станцуудад өгдөг үнээрээ зарах санал тавьсан юм билээ.
Харин Засгийн газар “Багануурыг ашигтай ажиллах ёстой” гэж үзсэн учраас тухайн үед ТУЗ-өөс нь тогтоож өгсөн шигшиж ангилаагуй технологийн нүүрсний хамгийн дээд ханшаас илүү үнээр буюу 27 мянга 500 төгрөгөөр авахаар болсон гэдэг. Өөрөөр хэлбэл Багануурын уурхай “Нүүрс” хөтөлбөрт нийлүүлсэн тонн нүүрс тутмаасаа долоон мянган төгрөгийн ашигтай ажилласан гэх. Гэвч “Нүүрс” хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоол байхгүй болохыг АТГ-ын шалгалтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, “Нүүрс” хөтөлбөр гэж анхнаасаа байгаагүй гэдгийг албаныхан хэлж буй. Гэтэл ямар ч байгаагүй, батлаагүй хөтөлбөрийн үр дүнд иргэд хожсон гэх үгийг Л.Гансүх нарын хүмүүс л өнгөрсөн хугацаанд ярьсныг эс тооцвол түүнийгээ баталж чадаагүй.
Нэг ёсондоо цаасан дээр батлаагүй хөтөлбөр иргэдэд ээлтэй байсан байх уу! Шинэчлэлийн Засгийн газраас гаргаж байсан тогтоолууд дунд ч “Нүүрс” хөтөлбөр гэсэн тогтоол байтугай өгүүлбэр ч байдаггүй юм билээ. Тиймдээ ч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой мэдээллийг АТГ-т гаргаж өгч чадалгүй өнөөдрийг хүрч байна. Товчхондоо Шинэчлэлийн Засгийн газар тэр дундаа Л.Гансүх зөвлөх анхнаасаа цаасан дээр ч бичсэн шийдвэр байхгүй хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байсныг хуулийнхны хийсэн шалгалтаар тогтоосон нь энэ юм.
Угтаа бол АТГ-аас авлигад өртсөн, улсад хохирол учруулсан гэх албан тушаалтны хэрэг дээр мөрдөн байцаалт явуулж, шалгаж тогтоосны дагуу прокурорын байгууллагад шилжүүлдэг. Гэвч прокурорын байгууллагаас авлига, албан тушаалтай холбоотой хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхой бус байдаг нь нууц биш. Тиймдээ ч Л.Гансүх нарын хэрэг замхарч болох талтай. Өмнө нь АТГ-аас илрүүлсэн албан тушаалтнуудтай холбоотой хэрэг прокурорын байгууллага дээр очоод гацсан бүр хэрэгсэхгуй болсон хэд хэдэн тохиолдол бий. Жишээ нь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд холбогдох Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгон тус танхимын нэр дээр олгогдсон газраас 5000 ам метр талбайг “Дэлхийн худалдааны төв” төрийн бус байгууллагад шилжүүлэн өгч их хэмжээний хохирол учруулж байгууллагын өмч хөрөнгийг үрэгдүүлсэн хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгасан ч прокуророос хоёр жилийн өмнө хэрэгсэхгүй болгож байв.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа “Эксим инвест” компанийн захиралтай тохиролцож, 2.4 сая ам. долларын вексель бичиж, тоног төхөөрөмжийн гэрээ байгуулан урьдчилгаа гэж 2.4 сая ам.доллар олгосон хэрэгт буруутган шалгасан ч Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгож байлаа. “Сод-Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын ажилтан Г, Сангийн яамны мэргэжилтэн М нарт 18 мянган ам.долларын хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутган шалгасан боловч мөн л прокуророосхэрэгбиш гэж үзэн хаасан байдаг. Энэ мэтчилэн хавтаст хэргүүд прокурорын шатандаа очоод гацсан жишээг дурдвал олон.
Гэхдээ Л.Гансүх нарын “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэг замхрах учиргүй. Хэрвээ гэм буруутай бол түүнийх нь хариуцлагыг хүлээлгэх л ёстой. Ингэж байж л хуулийн байгууллагад иргэд итгэнэ. Бас бусдад нь сургамж болно. Үнэхээр Л.Гансүх нар гэм буруугүй юм бол түүнийг нь шүүхээс тогтоож дэнсэлнэ шүү дээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
Намдаг (March 16, 2015 8:53:57 pm )
Гансухын буруу юу байх вэ?! Алтанзуягийн л хжрэгшуудээ! Дэнзэгийнх ч гэсэн замтдаа явах учиртай юм билээ?!
-
Иргэн (March 16, 2015 10:22:40 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 16, 2015 10:22:58 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (March 16, 2015 10:23:30 pm )
Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/
-
Иргэн (March 16, 2015 10:24:07 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (March 16, 2015 10:24:26 pm )
“Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй.
“Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй.
Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй.
Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу.
“Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /Күнз/ -
Я (March 17, 2015 1:05:25 am )
шалгагдсан хэргүүд ямар нь прокурурын шатанд хэрэг биш болж байгааг хуулийн заалтаар тайлбарлаад олон нийтэд мэдээлж болдоггүй юм уу.Эс бөгөөс прокуроруудын нэр хүнд маш их унаж байна, эсвэл мөрдөн байцаалт худлаа явагдаж байна гэж үзмээр.Нээлттэй шилэн бодлогоо монголынхоо эд хөрөнгө,хүний хувь заяаны асуудал дээр хэрэгжүүлээчээ ерөнхийлөгчөө.
-
Anonymous (March 17, 2015 12:26:29 pm )
Л.Гансүх нүүрс шуудайлж байсан ажилчидад сард 600К-800К ₮ өгсөн гээд байсан. Бүтэн 6 сар гаран нүүрс шуудайлсан цэргүүдэд тэр цалингаа өгсөн болов уу?
8 Comments