Монгол Улсын тусгаар тогтнол МАН-ын өмч үү? …Яг энэ асуултыг бид жилийн өмнө тавьж байсан билээ. МАН-ын төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 1-ийг Тусгаар тогтнолын өдөр болгон зарлаж, нэг бүр нь 4600 төгрөгийн үнэтэй 50 мянган ширхэг “Тусгаар тогтнол” одонг улсын төсвийн мөнгөөр захиалж хийлгээд намынхаа бүх гишүүдэд тарааж, МАХН-ын шатсан барилгын суурин дээр төсвийн хөрөнгөөр бариулсан МАН-ын байшинг “Тусгаар тогтнолын ордон” хэмээн зарласных нь дараа.
Харин энэ удаа “МАН-ын даргад ичих нүүр байна уу?” гэж асуухаас аргагүйд хүрэв. Уг нь энэ асуултыг МАН-ын удирдлага болон тэдний имижмэйкерүүдэд бүгдэд нь тавих ёстой боловч тухайлан хэн нэгнийг нэрлэхгүйгээр хавтгайд нь МАН гээд явчихаар нөхдүүд тэмээн хяруул элсэн доогуур толгойгоо шургуулчихаад өөрийгөө нуугдчихлаа гэж итгэдэг шиг чихний хажуугаар өнгөрөөгөөд байх бололтой.
Саяхан МАН-ын дарга С.Батболдын ярилцлага МАН-ын “Үнэн” сонин дээр гарсан байна. Тэнд ёстой МАН-д л үнэн санагдаж болох зүйлсийг мань эр ярьсан байна лээ. Ирэх сонгуулийг угтан иргэд, олон нийтэд зориулж эерэг мессеж хаяхад чиглэсэн түүний энэ ярилцлага 2012 оны сонгуулийн дараа МАН юу хийж чадахаас биш, 1921 онд байгуулагдсан МАН Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн тухай ухуулгад чиглэсэнд гайхах ч юм алга. Гэм биш зан, гэнэт биш заншил гэдэг биз дээ. Харин түүндээ зөвхөн МАН, МАХН-ын түүх ч биш, Монгол улсын түүхийг гуйвуулж байгаа нь хоржоонтой хэрэг. Тэр энэ удаа Монгол Улс тусгаар улс болсон үеийг МАН байгуулагдсан үе буюу 1921 оноос эхлэн тоолж, тэр ч байтугай 1990 оны Ардчилсан хувьсгалын үндэс суурь нь Монгол Улсын тусгаар тогтнолыг манаж ирсэн МАН юмаа хэмээн “залсан” байна.
Түүний ярьж буйгаар бол бидний энэ жил 100 жилийнх нь ойг хийх гэж байгаа Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд дэлхийн дахинаа тусгаар улс хэмээн зарласан Богд хаант Монгол улсын түүх өмнөх 70 жилийн адил дахиад “түүхийн цагаан хуудас” болон хувирах нь байна. Харин Ардчилсан хувьсгалын үндэс суурь нь юу байсан бэ гэдгийг магадгүй тухайн үед ардчиллыг хийсэн нөхдүүд, Монголын ард түмний энэ сонголтыг хүлээн зөвшөөрч огцорсон МАХН-ын Төв хороо, УТТ-ны гишүүд /хэрэв тэднээс хэн нэг нь амьд сэрүүн байдаг бол шүү дээ/ хариулах биз. Ямар ч байсан МАХН-ын нэрийг барьж засгийн эрхэнд гараад, дараа нь МАН болон зүсээ буруулсан одоогийн намын дарга нар лав хариулахгүй.
Өнгөрсөн долоо хоногт МҮОНТВ болон ТV9, ТV5 телевизүүдээр Монголын төрийг нэгэн үе удирдаж байсан маршал Хорлоогийн Чойбалсангийн талаар МАН-ын захиалгаар хийсэн нэгэн киног дэлгэн үзүүлэв. /Өөр ч олон телевизээр Монголыг түүхийг бүхэлд нь МАН-ын түүх болгон зохиомжилсон лут лут рекламны шторкууд явж байна/ Драмын театрын найруулагч Д.Болд найруулж, УГЖ Г.Дашпэлжээ гол дүрд тоглосон энэ кинонд 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байсан энэ хүн 1930-аад оны эхээр Москвад очиж “архины эмчилгээнд явсан” гэх шалтгаар жил гаруй алба завсарлаад ирснийхээ дараа Коминтерний бодлого үйл ажиллагааг Монголд хэрэгжүүлэх ажлыг хийж, Сталины шууд оролцоотойгоор Ерөнхий сайдаар томилогдож, Дотоод яамны орлогч сайдын ажлыг хавсран хийхдээ Монголын 30 мянган шилдэг сэхээтэн, лам хувраг, жирийн малчин ардыг хэлмэгдүүлэн цаазалсан тухай огт дурьдсангүй.
Мэдээж хэрэг Монголын түүхийн нэгэн үеийг эзэлж, нам, төрийг удирдаж байсан энэ хүний намтарт алдаатай, оноотой, ээдрээтэй, эмгэнэлтэй олон зүйл бий. Түүнийг нь ч Монголын ард түмэн тэр л хэвээр нь хүлээн зөвшөөрч, шүтэх нь шүтэж, шүүмжлэх нь шүүмжилж ирсэн. Ялангуяа 1990 оноос хойш ил болсон их хэлмэгдүүлэлтийн тухайд. Яагаад гэвэл энэ түүх Чойбалсан гэдэг хувь хүний түүх намтар бус, харин Монголын ард түмэн яс махаараа, цус нулимсаараа, сэтгэл зүрхээрээ туулаад өнгөрсөн гашуун түүх учраас. Тиймээс түүний хийсэн алдаа, оноог одоогийн өндөрлөгөөс шүүх бус, хар цагааныг ав адилхан дэнсэлж, түүхийн үнэнийг ил болгох нь сүүлийн 20 жилд манай түүхчид, эрдэмтэд, судлаачдын гол зорилго байсан билээ.
Гэвч харамсалтай нь МАН-ын нөхдүүд энэхүү “баримтат” нэртэй захиалгат киногоороо Монголын түүхийн сүүлийн 20 жилд ил гарсан алдаа оноо, эмгэнэлт гашуун дурсамжуудыг халхавчилж, Монголын ард түмний нэгэн зууны түүхийг гажуудуулж эхэллээ. Хэрвээ МАН-ын дарга нар мартаагүй бол бид түүний эрх мэдэл, эрүү шүүлт дор хэлмэгдсэн 30 мянган хүнийхээ гэм буруугүйг тогтоож, нэр төрийг нь сэргээн цагаатгах ажил сүүлийн 20 жил үргэлжилж байгаа, одоо ч бүрэн гүйцэд дуусаагүй.
Магадгүй энэ нь МАН-ын дарга нарын хувьд зүгээр л ирэх сонгууль угтсан нэг төрлийн “пиар”, МАН-ыг МАХН-аас ялгаж, салгах, түүхийг өмчлөх гэсэн өрөвдөлтөй оролдлого, өчүүхэн заль мэх байх л даа. Гэвч үүнээс цаашлаад тэд дахиад өөр юу хийж, яаж тархи угаах бол гэдэг нь айдас төрүүлж байна. Тиймээс хэрвээ энэ нам үнэхээр л түүхийн хулгайч, бүлэг дээрэмчдийн орогнол биш, улс төрийн нам ухаантай нь үнэн л юм бол энэ удаа ядахдаа өнгөрсөн түүхээр оролдох биш, өнөөдөр хийж байгаа ажилдаа үнэлэлт дүгнэлт өгөөд цаашдын зорилтоо тодорхой болгосон нь ирэх сонгуульд оноо авахад нь тустай биз. Ерөн жилийн өмнө бий болоод гурван жилийн дараа үгүй болсон МАН-ын нэр, социалист дэглэм, нэг намын дарангуйллын жилүүд дэх МАХН-ын түүхийн аль алиныг нь өмчлөх эрх одоогийн МАН-ын дарга нарт байхгүй.
Тиймээс энэ намд өнгөрсөн түүх, үйлдсэн нүгэл, хийсэн ажил гэж хэрвээ байдаг бол өнгөрсөн 20 жилийн турш энэ нам ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, хувийн өмчийг хэрхэн уландаа гишгэж, өөрчлөлт шинэчлэлийн чөдөр тушаа, саад тотгор болж ирсэндээ дүгнэлт хийгээд цаашдынхаа замыг тодорхойлох нь өлзийтэй.
Б.СЭМҮҮН
Холбоотой мэдээ
Comments are closed.