antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 1 comment

Гүүрний хоёр талын амьдралын ялгаа

нийтлэсэн Admin

Ерээд оны дундуур Венесуэлийн “Халтар царайт” хэмээх олон ангит кино монголчуудыг байлдан дагуулж билээ. Уг кинонд баян ядуугийн ялгаа, үүнээс үүдэх нийгмийн гишүүдийн амьдралын зөрчлийг уран сайхны аргаар дүрслэн үзүүлдэг. Хэдийгээр монголчууд бид сэтгэлгээний хувьд социалист нийгмээсээ бүрэн дүүрэн ангижирч амжаагүй байсан ч энэхүү олон ангит кинонд өгүүлэх баян ядуугийн ялгаа, зөрчлийг жигшин зэвүүцэж байсан билээ.
Тэгвэл тэр цаг үеэс хойш даруй 20 орчим жил улирсны дараа Монголын нийгэмд Венесуэлийн Каракас хотын амьдрал нэгэнт нүүрлэжээ. Чухамдаа нэгэн гүүрний хоёр талд эрс ялгаатай амьдралын төвшин, хэв маяг тодоос тод ажиглагдах боллоо. Энэ тухай эдийн засагч М.Чимэддорж “Шинэчлэлийн зарчим” номондоо жишээ болгон бичсэн байсан.
Тийм ээ, өнөөдөр Монголын нийгмийн ялгааг Энхтайваны гүүр тодорхойлж байна. Гүүрний урд талд өндөр өртөг бүхий тансаг зэрэглэлийн хорооллууд өдөр ирэх бүр сүндэрлэж буй. Үүнийг дагаад сайн дэд бүтэц ч тийш чиглэсэн. Харин гүүрнээс хойш шинээр баригдах орон сууцны тоо цөөн. Дэд бүтцийн тухай бүр ч ярилтгүй. Цэвэр усны шугам татахын оронд утаагүй зуух, утаагүй түлшээр л аргацааж байна.

Гүүрнээс урагш нийслэлийн нийт хүн амын тал нь юм уу, талаас илүү хувь нь амьдарч байгаа бол бас өөр хэрэг. Гэвч төрд өндөр алба хашдаг томоохон эрх мэдэл бүхий цөөн тооны хүн, тэдний ойр тойрныхон л тэнд амьдардаг. Харин хойд талд дунд болон дундаас доош төвшний амьдралтай дийлэнх хэсэг нь бий. Гүүрний хойд талын хүмүүс урд талд гарч амьдрахыг үргэлж мөрөөддөг бол урд талынхан хойш зүглэх талаар бодохоос дургүй нь хүрдэг. Энэ бол нийгмийн гишүүд оршин буй газар нутгаараа ялгарч буй нийгмийн том ялгарал юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн чинээлэг хэсгийнхэн бусадтай адилхан байхаас татгалзахын зэрэгцээ бусдыг дорд үзэх хандлага улам лавширч буйн илрэл. Байдал цаашид энэ янзаараа үргэлжлээд байвал нийгмийн ялгарал улам гүнзгийрч яваандаа бие биенийгээ ойлгохоо болих аюултай.
Зарим хүнд энэ ялгаа тэр бүр анзаарагддаггүй байж болно. Гэхдээ наад захын жишээ л гэхэд гүүрний урд талын хорооллуудад нийтийн тээврийн үйлчилгээ үндсэндээ байхгүй. Яагаад гэвэл тэдэнд тийм хэрэгцээ байхгүй гэсэн үг. Гүүрний хойд талынхан жил бүр амьсгалах утаа нь нэмэгдэж, үүнээс болж төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэн амьдын там эдэлж байхад урд талынхан жирэмсэн эмэгтэйчүүдээ гадаадад амрааж, төрүүлж, хүүхдээ гадаадад өсгөж байна.
Нийгмийн гишүүдийн ийм ялгаатай байдал нь ихээхэн хор уршиг дагуулдаг. Хамгийн эхэнд хойд талд буюу муу дэд бүтэцтэй орчинд амьдарч буй хэсэг нь байгаа орчноо өөд татах бус, өөр таатай орчин руу нүүхийг эрмэлзэх боллоо. Үүнийг зарим судлаач “Хоноцын сэтгэлгээ” хэмээн тодорхойлсон байгаа юм. Нэгэнт хүмүүсийн сэтгэлгээ ийм болоод ирэхээр хот хөгжих боломж хязгаарлагдаж эхэлдэг ажээ.
Уг нь аливаа нийгмийн хөгжлийг бий болгогч нь дундаж давхаргынхан байдаг гэсэн бичигдээгүй хууль бий. Гэвч нийгмийн гишүүдийн ялгарал дундаж давхарга бий болох нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Чинээлэг хэсгийнхний зиндаархалыг нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Тухайлбал, гар утасны дугаар, автомашины номероор нь ямархуу бэл бэнчинтэй хүн болохыг нь мэддэг болчихоод байна. Тэр ч бүү хэл, улсын стандартаас өөр дугаар номертой өндөр үнэтэй автомашин ч хотын төвөөр үзэгдэх болсон билээ. Энэ мэт гаж үзэгдэл нь “эрх мэдэлтэй, баян чинээлэг хүмүүст хууль дүрэм үйлчилдэггүй” гэсэн ойлголтыг нийгэмд хүчээр хүлээн зөвшөөрүүлж байх жишээтэй.

Угаасаа энэ нь хавтгайрчихсан. Жишээ нь, саяхан гэр хороололд амьдардаг танилын маань суудлын автомашиныг  нэг ачааны том тэрэг шүргэчихэж. Том тэрэгний жолоочийн 100 хувь буруу байсан ч тэр нь нэлээд нэр нөлөө бүхий том компанийн машин байсан учир яах ийхийн зуургүй том том жийптэй хүмүүс давхиж ирээд замын цагдаагаас урьтаад асуудлыг шийдчихсэн байна. Гэхдээ хохирлыг нь барагдуулсан бол өөр хэрэг. Харамсалтай нь, замын цагдааг хүртэл дарамтлаад ажлыг нь хийлгэхгүй байх жишээтэй. Энэ мэт үзэгдэл нийгэмд “Хуулийн дагуу явсан нь хохирдог” гэсэн буруу ойлголтыг улам л суулгаад байна.
Ер нь нийгмийн хэт ялгаатай байдал нь ирээдүй хойч үед хамгийн хүндээр тусдаг. Учир нь гэр хорооллын хүүхдүүд өдөр бүр усанд орох боломж байхгүй. Тиймээс хүссэн хүсээгүй үнэрээрээ хүртэл бусдаас ялгарна. Энэ ялгаа нь  тэднийг бусдаас дор мэт харагдуулж, ирээдүйдээ итгэх итгэлийг нь унтраадаг. Тэдний хэрэглэдэг хоол хүнсний чанар, сурч боловсрох орчин, мэдээллийн хүртээмжтэй байдал гээд түмэн зүйлийг дурдаад байвал барагдахгүй. Хамгийн гол нь ялгаа хэт газар авсныг өдгөө хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
Гэхдээ хүлээн зөвшөөрөх гэдэг нь зүгээр л толгой дохих гэсэн үг биш. Нийгмийн ялгарлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж, энэхүү хорт үзэгдлийг арилгахын төлөө бодлогын томоохон ажил эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.

Ч.Дашдэлэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 07, 2011 12:06:19 pm )

    Butsaad sots niigemdee oroh uu yah uu

antalya rent a car