antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

Хулгайлагдсан охины мөрөөр…

нийтлэсэн Admin

Алга болсон охины ээж Д.Одончимэгийн Мандал сумын Түнхэл тосгонд байх гэр.

Монголчууд хулгайд алдсан малынхаа мөрөөр сар, жилээр явж олдоггүй юм гэхэд ямар нэг сэжимтэй үлддэг. Тэр сэжмээрээ хөөсөөр байгаад олдог хүмүүс. Гэтэл долоон сарын өмнө хулгайлагдсан О.Номин-Эрдэнээс өнөөг хүртэл ямар ч сураг алга. Цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа гэх ч хуруун чинээ охины сургийг ч гаргаагүй. Тиймээс манай сонины сурвалжлах баг таван сартайдаа хулгайлагдсан бяцхан охины мөрөөр нэхэн сурвалжиллаа. Энэ сурвалжлагынхаа эхний хэсгийг хүргэж байна. Ээжийнх нь халуун сүүнээс нялх амьтныг салгаж одсон тэр хулгайчийн талаар сураг сонссон, хөөрхий охины араас нь хөөцөлдөх хэн бүхэнтэй манай сонин хамтарч ажиллах болно.

О.Номин-Эрдэнэ охины ээж, өвөө эмээ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын V баг Түнхэл тосгонд амьдардаг юм байна. Охины ээж Д.Одончимэг 22 настай. “Аварга” дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан. Тэрбээр хүүхэдтэйгээ хамт аавынхаа гэрт амьдарч байсан. Ийм мэдээллийг цагдаагаас авсан бид Түнхэл тосгоныг зорилоо.

Д.Одончимэгийнх Түнхэл тосгоны хойд тал, уулын бэлд байдаг юм байна. Шатахуун түгээх станцын түгээгчээс “Хулгайлагдсан Номин-Эрдэнэ охины ээж хаана амьдардаг вэ” гэж асуухад эргэлзэлгүй зааж өгөх юм. Тэгэхээр Түнхэлийнхэн сураггүй болсон охины талаар сонссон бололтой. Гудамжны зах дахь зай багатай хашаанд жижиг цагаан байшин байсан нь Д.Одончимэгийн аавынх. Биднийг очиход гурав, дөрөвдүгээр ангид сурдаг болов уу гэмээр хүү байшингаас гарч ирсэн нь Д.Одончимэгийн дүү аж. Гэрт Д.Одончимэг дүүтэйгээ хоёулхнаа байв. Охиныг нь эрж сурж яваа учраа хэлбэл баярлах байх гэж таамаглаж байсан ч тэгсэнгүй. Харин ч хаанаас юун хүмүүс хүрээд ирэв гэсэн шиг болгоомжилж байна. Уг нь үрээ алдсан эх хүн наашаа гэсэн болгон руу найдлага тавьж баймаар. “Мөрдөн байцаагч л зөвшөөрөхгүй бол юу ч ярихгүй” гээд гүрийх янзтай. Цагдаагийнхан шалгаад охиныхоо талаар сураг ч сонсч чадахгүй байгаа биз дээ, олныхоо дэмээр хайцгаая л даа гэж ятгасны хүчинд Д.Одончимэг хэдэн үг солихтойгоо болов.

ohin

-Амралтаараа гэртээ ирчихсэн байгаа юм уу?

-“Аварга” дээд сургуулийн эмчилгээний ангид сурдаг. Амралтынхаа өдрүүдэд гэртээ ирдэг юм.

-Охиноо яаж яваад алдчихсан тухайгаа яриач. Тэр үед яагаад хүүхэдтэйгээ Түнхэлээс Улаанбаатарт ирэх болсон юм бэ?

-Охин маань хордлоготой байсан юм. Хордлого нь ихдээд, Түнхэлийн эмч “Хот руу очиж Арьсны өвчин судлалын үндэсний төвд үзүүл” гээд бичиг хийж өгсөн. Тэгээд л бид хоёр өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өглөө  галт тэргээр  хот руу очсон. Эмнэлэгт үзүүлэхэд “Хэвтүүлж эмчилгээ хийх шаардлагагүй” гээд эм бичиж өгсөн. Эмээ аваад бид хоёрын мөнгө дуусчихсан. Тэгээд төмөр замын вокзалын хоёрдугаар давхарт гарсныхаа дараа ээжтэйгээ утсаар ярьж зардлын мөнгө хэрэгтэй байгаагаа хэлсэн. Дараа нь охиноо хуурайлсан юм. Тэр үед нэг эгч ирээд “танилцъя” гээд яриа өдөөд байсан.

-Ямархуу хүн бэ. Чи тэгээд танилцсан уу?

-Охин маань дутуу төрсөн учир асаргаа ихтэй. Дээр нь охиноо хуурайлах гэж мунгинаж байхад элдэв юм ярих  нь түвэгтэй байсан учраас тэр эгчтэй нэг их юм яриагүй. Богино  хүрэм, өмд, пүүзтэй эгч байсан. Тэр эгч “Танай хүүхэд ямар хөөрхөн юм бэ” гэж өхөөрдөөд байсан. Өөрийгөө Наранчимэг гэж танилцуулаад V сургуульд бага ангийн багшаар ажилладаг гэсэн. Гурван хүүхэдтэй, дөрөв дэх хүүхдээ гаргах гэж байгаа, жирэмсэн гэж ярьсан.

-Тэгээд юу болсон бэ?

-Тэр эгч “Эгч нь жирэмсэн болохоор ойр ойрхон өлсөөд байх юм. Гурвуулаа хоол идье. Дараа нь та хоёрт унааны зардал өгөөд явуулъя” гэсэн. Тэгэхээр нь галт тэргэндээ амжих юм байна гээд дагаж хоолонд орсон. Вокзалын ойролцоох цайны газарт орсон.

-Хоолонд орчихоод хаачсан бэ?

-Гэрээсээ мөнгө аваад бид хоёрт өгнө гэсэн юмаа. Өөрийнхөө гэрийг Хархорин захын ойролцоох байранд байдаг гэж ярьж байсан. Ингээд бид такси бариад Хархорин захын дэргэдэх 20 дугаар байрны үүдэнд очсон. Намайг буусны дараа тэр эгч жолооч ахтай юм ярьж байгаад бууж ирсэн. 20 дугаар байрны ойролцоох “Баяннасан” гэдэг дэлгүүрээс “Юм аваад ирээч. Би охинтой чинь сандал дээр сууж байя” гээд явуулсан.

-Ямар өнгөтэй такси байсан юм бол. Таксинд мөнгөө өгсөн үү. Чамд хэдэн төгрөг өгч юм захисан юм бэ?

-Машины өнгийг анзаараагүй. Жолоочтой юу ярьсныг нь ч мэдэхгүй. Ямар ч байсан таксинд мөнгөө өгсөн. Надад 5000 төгрөг өгөөд чихэр жимс аваад ир л гэсэн.

-Чихрээр яах гэж байсан юм бол?

-Мэдэхгүй. Чихрийг нь авчихаад гараад ирэхэд охиныг маань аваад алга болчихсон байсан.

-Вокзал дээр таараад хоол идээд, Хархорин зах хүртэл явахад багагүй хугацаа зарцуулсан байж таарна. Та хоёр ер нь юу ярьсан юм бэ?

-Нэг их юм яриагүй.

-Хүүхдийг чинь тэвэрч байсан уу. Охины чинь талаар ямар нэг юм асуусан уу?

-Би охиноо тэвэрч явсан. Охины болон миний нэрийг л асуусан.

-Тэгээд охиноо алдчихаад хэзээ нь цагдаад мэдэгдсэн юм бэ?

-Тэр эгчийг хүүхдийг маань аваад явчихна гэж бодоогүй. Орой хүртэл тэр хавийн орц энэ тэрээр хайж байгаад “Өнөр” цагдаагийн хэлтсийн жижүүрт тэмдэглүүлсэн.

-Хэдэн цагийн галт тэргээр Түнхэл явах гэж байсан юм бэ. Хүүхдээ яг хэдэн цагийн үед алдсан?

-16.00 цагийн галт тэргээр явах гэж байсан ч хоцорчихсон. Би 15.00 цагийн орчимд охиноо алдсан байх аа.

-Танилцсан эгчийн чинь амьдрал ахуй ямархуу юм шиг санагдсан бэ. Чамайг ямар хоолоор дайлсан?

-Нэг баян ч биш, ядуу ч биш дунд зэргийн амьжиргаатай болов уу гэмээр эгч байсан. Надад банштай цай авч өгсөн. Гэхдээ надаас ямар хоол авахыг асуусан л даа.

-Та хоёрыг өрөвдсөн байдалтай байгаа нь анзаарагдсан уу. Эсвэл чамайг ажиглаж байгаад хүүхдийг чинь хулгайлах зорилготой байсан юм болов уу.  Тэр хүний хандлага нь ямар байсан бэ?

-Намайг замын зардалгүй байна гэж ээжтэй утсаар ярьж байхаас ажиглаж байсан юм шиг байна лээ. Хожим нь тэгж бодогдсон.

-Чи охиныхоо аавтай холбоотой байдаг уу. Аав нь хүүхдээ хүнээр хулгайлуулсан ч байж болох?

-Ямар ч холбоогүй. Цагдаа шалгасан гэсэн. Аавд нь охин маань байхгүй байна гэсэн.

-Охиноо олдоно гэдэгт итгэж байна уу?

-Итгэлтэй байна. Зүүдэнд  байнга ордог.

Бидний дунд ийм яриа өрнөж байтал Д.Одончимэгийн ээж гаднаас орж ирлээ. Хэл амтай болов уу гэмээр 50 орчим насны эмэгтэй биднийг хаанаас, яаж явааг сайтар лавлаад ярианд оролцсон юм. Д.Одончимэг бидний асуултад “Мэдэхгүй, санахгүй байна” гэсэн хариу өгөөд байсанд ээж нь уурлаж “Хүүхдийг чинь эрэлцээд өгье гэж байхад илэн далангүй яриач. Юундаа мэлзээд байгаа юм бэ. Тэр хүүхдийнхээ аавын хамаатнуудын талаар сайн ярь. Эх нялхаст хэвтэж байхад чинь нэг хүн хүүхдийг чинь өргөж авъя гээд байсан гээ биз дээ. Дандаа мэдэхгүй гэх юм” гэж уурлаж үзэв. Охин “Та яагаад байгаа юм бэ. Хүний хажууд” гэж ээжийнхээ өөдөөс өрвөлзөх. Ээж, охин хоёрын яриагаар Д.Одончимэг өөрөөсөө хоёр дүү залуутай танилцаж, гэрт нь амьдрах болсон гэнэ. Найз залуу нь өөрийн гэсэн ажилгүй. Харин хадмууд нь барилгын засал чимэглэл хийдэг. Д.Одончимэгийг жирэмсэн болсноос хойш найз залуу нь гадуур хоноод, тэнээд байсан болохоор нь салсан гэнэ. Охин Зүүнхараад төрж, охинтойгоо аавынхаа гэрт амьдарч байжээ. Дараа нь хичээлдээ суухын тулд ээж охин хоёртойгоо хотод очсон байна. Ээж нь охиныг нь харж Д.Одончимэг хаврынхаа шалгалтыг өгч дуусчээ. Ингээд охиноо аваад Түнхэлдээ ирснээс хойш хордлого нь бүр ихсэх болсон байна. Тиймээс хотод очиж эмчид үзүүлсэн нь тэр. Зээ охиноо хулгайлагдсаныг ээж нь охиныхоо амаас биш Төмөр замын цагдаагийн ажилтнаас сонсчээ.

Эх нялхаст хэвтэж байгаад охиныг нь гуйсан хүний тухайд ийм байна. Дутуу төрсөн О.Номин-Эрдэнэ охин гэнэт муудаж Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн сэхээнд хэвтэж эмчлүүлжээ. Тэр үед хүүхдээ алдсан нэг эх хамт хэвтэж байсан гэнэ. Тэгэхдээ Д.Одончимэгийг оюутан, нөхөргүй гэдгийг мэдээд хүүхдийг нь гуйж байсан аж. Харин Д.Одончимэг ямар хариу өгснийг ээж нь олж мэдэж чадаагүй бололтой. Д.Одончимэг өөрөө болохоор “Юу гэж охиноо хүнд өгдөг юм” гэж байна лээ.

Ийн ярилцаж байтал Д.Одончимэгийн хоёр дүүгийн нэг нь ямар нэг юм хэлэх гэтэл ээж охин хоёр зэрэг шахуу “Дуугүй бай. Том хүний ярианд оролцоод” гээд чимээгүй болгочихов.

Д.Одончимэгийн аав, ээж тодорхой ажилгүй. Түнхэлд хөрөө рам дээр ажиллах зэргээр амь зогоодог гэж Түнхэлийнхэн ярьж байв. Д.Одончимэгээс гадна бага насны хоёр хүүхэдтэй юм байна. Д.Одончимэг ч хөрөө рам дээр ажилладаг байсан тухай олж мэдсэн юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Үргэлжлэл бий

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car