Үйлчлэгч онгоц газардах дөхсөнийг зарлахад яагаад ч юм анх удаа хөл тавих гэж байгаа газраа тольдохоор цонхоор шагайв. Бага зэрэг цайран шаргалтах элсэн талд энд тэндгүй ботгоны нүд шиг хар толбо содон үзэгдэв. Яг л дэвтрийн цаасан дээр бэх дусаасан мэт онцгойрон харагдах энэ толбонууд Кувейт орныг гэнэт баяжуулсан нефтийн цооног ажээ.
Өндрөөс зэрэглээтэн харагдах бараанд элсний өнгө дагасан шаргал байшингуудыг хараад утаанаасаа уйдан байгаа эсгий хотоос элсэн хотод ирснээ сая анзаарлаа. Эмэгтэйчүүд нь гивлүүрээр нүүрээ халхалж, хар өмсгөлөөр биеэ өвч битүүлсэн арабын ертөнцийн танил дүр зураг угтах байх гэж төсөөлж байтал эндүүрчээ. Бидэнтэй л адил чөлөөт хэв маягаар хувцаслаж, Америкт үйлдвэрлэсэн их гарын жийп хөлөглөсөн хүүхнүүд гудамжаар давхилдах нь ердийн үзэгдэл ажээ. Эрчүүд нь ч ялгаагүй хамгийн сонгодог загвартай тансаг зэрэглэлийн машиныг гар татахгүй авдаг гэсэн. Кувейт эрчүүдийн хувьд үндэснийхээ хувцсыг илүүд үзнэ.
Үндэснийх нь өмсгөлийг дисташа гэх бөгөөд эрчүүд нь голдуу цагаан өмсгөл, цагаан алчуур сонгоно. Энэ улсын иргэд цэвэрч гэж жигтэйхэн. Зөрөөд өнгөрөх эрчүүдээс сүрчиг сэнхийж, хүүхнүүдийнх нь нүд хөмсөг дэрвэлзэх нь ихэмсэг. Кувейт бол 1.2 сая гаруй хүнтэй хот улс юм байна. Ихэнх барилга нь элсэн өнгөтэй байдаг нь цөлийн цаг агаартай холбоотой юм байна. Хичнээн гоё өнгөөр байшингаа будавч элсэн цөлийн нэг л шуурганд газрынхаа өнгөтэй болдог учраас сонголтгүй үлддэг байж мэднэ. Гэхдээ шинэ, хуучин Дархан гэдэг шиг хотынхоо төв рүү орохоор хуйлсан сонин шиг өндөр, шил толь болсон орчин үеийн барилгууд сүндэрлэсэн харагдана.
Египетийн уран барилгачдын шийдлээр олон байгууламж бүтээн босгосон юм байна. Энэ улс Үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд эдүгээ Аль Сабахын гэр бүл угсаа залгамжлан сууж байгаа юм билээ. Биднийг очихоос өмнө Засгийн газраа огцруулахаар жагсаал тэмцэл хийж байгаа мэдээлэл цацагдаж байв. Харин тэнд байх үед Засгийн газраа хамгаалсан жагсагчид жагсаал хийж байгаатай таарсан. Харин нутаг буцсаны хойно Засгийн газар нь огцорсон байна лээ. Засгийн газраа солих нь ардчилсан төртэй оронд байдаг л хэвийн үзэгдэл болохоор Кувейтийн иргэд энэ үйл явцыг харьцангуй тайван хүлээж авсан байх.
Арабын тэнгисээс түүсэн сувдаа ганц бөхтэй тэмээгээрээ Турк хүртэл жин тээж худалдаалдаг байсан худалдаачдын амьдралын хэв маяг XIX зууны эхэн үеийн нэг л өдөр орвонгоороо өөрчлөгджээ. 1936 онд нефтийн анхны цооногийн крантыг нээснээс хойш бараг л мөнгөөр бороо орсон гэхэд хилсдэхгүй байх. Өнөөгийн Кувейт орон төсвийн алдагдал гэдэг ойлголт байдаггүй, харин илүүдлээ хааш нь шингээх вэ гэж эрх баригчид нь толгойгоо гашилгахад хүрдэг байна. 1980 онд байгуулагдсан Кувейтийн газрын тосны корпорац гэж ганцхан өдрийн дотор гурван сая баррель нефть олборлож, үүнээс 1.4 саяыг боловсруулах хүчин чадалтай лут компани байдаг юм байна.
Манай улсын бүтэн жилийн хэрэглээг ганцхан өдөрт олборлоно гээд бодохоор Кувейтийн саалийн ганц үнээ нь яахын аргагүй нефть. Газрын тос хэмээх баялаг тус улсын Үндсэн хуулиар төрийн 100 хувийн мэдэлд байх бөгөөд Кувейтийн газрын тосны корпорац нь дотроо арьан том охин компанитай төрийн мэдлийн компани ажээ. Гэхдээ хар алтаар хөлжсөн түүх тийм ч дардан байгаагүй гэдгийг Кувейтийн газрын тосны корпорацынхан онцолж байлаа. 1978 оноос өмнө газрын тосыг Их Британи, Америк гэх мэт гадаадын компаниуд хамтран эзэмшдэг байжээ.
Ер нь бол дур дураараа л олборлодог, хараа хяналт ч муутай байсан юм уу даа. Харин 1978 оноос хойш гадаадын компаниудтай яриа хэлэлцээ хийсний үндсэн дээр газрын тосны салбарыг төр 100 хувь мэдэлдээ авч чадсан юм байна. Буруу дуулаагүй бол Кувейтийн Засгийн газарт 320 гаруй тэрбум ам.долларын илүүдэл мөнгө байгаа гэлцэх юм билээ. Зарим улс орон, ялангуяа Европын орнууд эдийн засгийн хямралд идэгдэж, өрөндөө баригдаж байхад кувейтүүд мөнгөө барахгүй сууж байгаа нь сонин л дүр зураг. Монголын төр овсгоотойхон байвал дориухан хэмжээний хөрөнгө оруулалтыг эх орон руугаа татах боломж харагдаад байгааг Элчих сайд К.Сайраан хэлж байна лээ.
Хар алтны буянаар Кувейтүүд нэг л өдөр ганц бөхтэй тэмээгээ “Mercedes benz”-ээр сольж, элсэн цөлд орчин үеийн хот сүндэрлүүлжээ. Кувейтийн иргэд будаа, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний зарим бараагаа үнэгүй авдаг. Эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий боловсрол бас л үнэгүй. Такси үйлчилгээ нь ч үнэгүй. Энэ жил тусгаар тогтнолынх нь 50 жилийн ой тохиосон учраас эрхэм дээд Эмирийн шийдвэрээр иргэн бүртээ 1000 динар буюу 3600 орчим ам.доллар өгчээ. Хамгийн сонирхолтой нь энэ оронд литр шатахууныг 300 төгрөгөөр авч байхад литр ус 2000 төгрөг болж байх юм.
Харамсалтай нь байгалийн баялаг дандаа л баяжуулдаггүй, бас зовлон дагуулдаг гэдгийг Кувейтийн ард түмэн амьдралаараа мэдэрчээ. 1991 оны наймдугаар сард Иракийн арми Кувейт рүү гэнэт халдан довтолж, олон зуун хүнийг хүйс тэмтэрснийг монголчууд сайн мэдэх байх. Яагаад гэвэл хар алтны төлөөх энэхүү түрэмгийлэл болж байх үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер ардчилсан Монгол Улсад анх удаа айлчилж таарсан байдаг. Ноён Бейкер 1991 оны наймдугаар сарын 2-нд Өмнөговь аймгийн Манлай сум руу үлэг гүрвэлийн чулуужсан мөр харахаар хөдлөх гэж байхдаа дайны тухай мэдээг анхлан сонсчээ. Ингээд Монголын нийслэл Улаанбаатараас анх удаа Иракийн түрэмгийллийг эсэргүүцсэн мэдэгдэл хийж, дайны эсрэг зогсохыг дэлхий нийтэд уриалсан нь түүх болон үлджээ.
Энэхүү мэдэгдлийг Монгол Улс ч дэмжиж, Кувейтийн ард түмэнтэй хамт гэдгээ хамгийн анх зарласан учраас кувейтүүд одоо ч энэ ачийг санаж Монголд элэгтэй байдаг юм билээ. Тус улсын хаан эрхэм дээд Эмир сүүлийн таван жилд дөрвөн удаа Монголд албаны болон хувийн айлчлалаар ирсэн нь үүний том нотолгоо болов уу. Гэхдээ Ирак Кувейтийн хооронд дайн дэгдэхэд АНУ далдуур хатгасан гэх хардлага ч байдаг юм билээ. Ямар ч байсан америкууд цэргийн хүчээ Кувейт рүү оруулж чөлөөлснийхөө хариуд чамгүй хэмжээний мөнгөн төлбөр авсан гэх яриа байдаг. Америкийн 20 гаруй мянган хүнтэй арми одоо ч Кувейтийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг сахин хамгаалдаг гэсэн. Кувейт Монгол хоёрын жаргал зовлон хоёр ижил ч юм шиг санагдсан.
Геополитикийн хувьд энэ улс Ирак, Саудын Аравитай газраар, Ирантай далайгаар хиллэдэг, дээрээс нь газрын тосны баялаг нөөцтэй учраас манайх шиг олон тулгуурт гадаад бодлого баримталдаг юм билээ. Манай Тайширын УЦС, Булган Уньтын чиглэлийн авто замыг санхүүжүүлсэн Куйвейтийн сан дэлхийн 104 оронд хөнгөлөлттэй зээл олгож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас энэ бодлого тод анзаарагдсан. Энэ санг анх 1962 онд 50 сая динар буюу 150 сая ам.долларын хөрөнгөтэй байгуулж байсан бөгөөд тухайн үеийн нийт төсвийнх нь гуравны нэгтэй тэнцэж байсан ажээ.
Байгалийн ганц баялгаас хэт хараат болсон нь зарим нэг эрсдэлийг ч араасаа дагуулсан байх юм. Кувейтэд нефтийг эс тооцвол үйлдвэрлэл бараг хөгжөөгүй байна. Худалдааных нь 95 хувийг импорт эзэлдэг болсон нь тэдний санааг зовоож эхэлжээ.
Тэд махаа Шинэ Зеландаас, машинаа Америкаас, хүнсний бараагаа Саудын Аравиас зөөдөг гэсэн. Хэтэрхий их мөнгөтэй болохоор бэлэнчилдэг, цаашлаад нэг л мэдэхэд өөрсдөө бараг л юу ч хийж чаддаггүй болдог бололтой. Энэ улс 1.2 гаруя сая хүнтэйг дээр өгүүлсэн. Харин гадаадын цагаачид, ажиллах хүчний тоо хоёр сая хэдийнэ давжээ. Үндсэн иргэдээс нь илүү олон гадаад хүн Кувейтэд амьдардаг гэсэн үг. Хүүхэд асрагч, худалдагч, буудлын үйлчлэгч гээд бүх ажлыг энэтхэг, бангладеш, египетүүд нугална.. Харин кувейт эрчүүд бялдаржуулах урлагаар хичээллэж булчингаа хөгжүүлэхийг л илүүд үздэг юм шиг санагдсан.
Хэтэрхий их өр зээл тавьж, тооцоо судалгаагүй бизнес хийж байгаад “шатаж” модоо барьсан кувйет хүн ч цөөнгүй байдаг дуулдсан. Уулын мод урттай богинотой гэдэгчлэн дэлхийн стандартаар боловсрол эзэмшиж, шилдэг манлайлал үзүүлдэг кувейт хүн олон байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ л олонхид нь чаддаг зүйл ховор болжээ. Магадгүй уул уурхайн салбараас олсон мөнгөө бэлнээр тараагаад, компаниудад нь үнэгүй хувьцаа өгөөд байвал Монгол Улс 10-20 жилийн дараа яг ийм байдалд орохыг үгүй гэх газаргүй.
Тийм болохоор алс хэтдээ химийн үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэх чиглэл аримталж байгаа гэлгийг тус улсын эрх баригчид онцолж байв. Үүнээс гадна байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдаж дуусна гэдгийг ч кувейтүүд тооцоолжээ. Эрхэм дээд Эмирийн санаачилгаар Кувейтийн ирээдүйн санг байгуулсан бөгөөд газрын тосноос орж байгаа ашгийнхаа 10 хувийг энэ санд төвлөрүүлдэг юм байна. Энэ нь нэг ёсондоо ирээдүйдээ үлдээж байгаа баялгийн хувь юм уу даа. Ямар ч байсан бүх орлогоо идэж уугаад, бэлнээр тараагаад дуусгах бодлогоос кувейтүүд татгалзаж чадсан юм билээ. Монголчууд бид яагаад тэдний зовлонгоос сургамж авч, жаргалаас хуваалцаж болохгүй гэж.
Холбоотой мэдээ
Comments are closed.