antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2011 Comments are off

“Мотив” сая төгрөгөөр дуулдаг ч уян хатан ханддаг

нийтлэсэн Admin

Залуусын дунд нэр хүндээ хэдийнэ олчихсон “Мотив” хамтлагийнхантай ярилцлаа.

-Танай хамтлаг саяхан тоглолтоо хийсэн. Энэ удаагийн тоглолт хэд дэх бие даасан тоглолт байсан бэ?

-Бид 2010 онд хамгийн анхны “Хайрын гэгээ” тоглолтоо тавьж байсан. Харин гурван жилийн дараа хийсэн “Цасан бороо” тоглолт маань бидний бие даасан хоёр дахь тоглолт. Ер нь цаашид жилд нэг удаа “Мотив” хамтлаг юу хийсэн тэр бүхнээрээ тайлан тоглолт хийе гэж төлөвлөж байгаа.

-Ихэнх уран бүтээлчид олон жил хийж бүтээсэн чанартай бүтээлээ үзэгчдэд тайлагнах зорилгоор тодорхой хугацааны дараа тоглолт хийдэг юм шиг санагддаг. Тэгвэл танай хамтлагийн хувьд жил бур тайлан тоглолт хийхэд уран бүтээлийн чанарын хувьд сулрахгүй юу?

-Энэ бол цэвэр уран бүтээлчдийн хөдөлмөрөөс хамаарна гэж боддог. Яагаад болохгүй гэж. Ялгаагүй л хамгийн сайн уран бүтээлээ сонсогчдодоо хүргэнэ. Нэгэнт бид эстрадын дуучин гэдэг мэргэжлээр төгссөн юм чинь ажлын завсарлага аваад амраад байх утгагүй. Эмч, багш, барилгачин гэх мэт хүмүүс өдөр тутам ажлаа хийгээд л явж байдаг. Яг үүнтэй адил бид ч гэсэн өдөр болгон шаргуу хөдөлмөрлөж, хөлс хүчээ урсган байж фэнүүдтэйгээ улам ойртох нь чухал. Тухайн хамтлаг тоглолт хийгээд байна гэдэг чинь ямарваа нэг компани шинэ бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх, таниулах, борлуулахтай адил. Хэдий чинээ шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ төдий чинээ тэр байгууллагын нэр хүнд өсөж орлого нэмэгдэнэ. Уран бүтээлч гэдэг бол яг үүнтэй адил ажилладаг.

-Тоглолтоо яагаад “Цасан бороо” гэж нэрлэсэн юм бэ?

-Манай хамтлагийн “Цасан бороо” гэсэн дууны нэрээр өгсөн. Мөн хоёр дахь цомог ч бас ийм нэртэй. Энэ дууны үгийг хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр хосуудад зориулж бичсэн. Цас бороо хоёр зэрэг яагаад орж болохгүй гэж гэсэн уран сайхны сэдлээр бичсэн юм.

-Энэ удаагийн тоглолтын онцлог юу байв?

-Бид өмнөх тоглолтдоо олны танил томоохон уран бүтээлчдийг урьж оролцуулж байсан бол энэ удаа өөрсдийнхөө үеийн шинэ залуу хамтлаг, дуучид болон хөгжимчид, бүжигчдийг бусдад таниулах зорилгоор оролцуулсан. Өөр нэг онцлох зүйл бол Бөхийн өргөөнд ойрын хэдэн жил засагдаагүй тайз, чимэглэлийг зассан. Бид энэхүү тоглолтдоо их ач холбогдол өгч бэлтгэсэн.

-Тоглолтын үеэр гэнэтийн бэлэг их байсан гэсэн. Одоо задалж болно биз дээ?

-Манай хамтлагийг сонсдог, сонсох дуртай олон залуус Бөхийн өргөөг хоёр хоног дүүргэж, доргио өнгөрүүлсэн. Тэр сайхан залуучууд дундаас бид нэг залууг “Мотив”-ын хамгийн галзуу фэнээр шалгаруулж ивээн тэтгэгчийн 300 мянган төгрөгийн шагналыг гардуулсан. Өөр нэг бэлэг бол ивээн тэтгэгчдийн зүгээс бидэнд барьсан “Мотив” нэртэй бялуунаас гадна бид дөрвийн зургийг шигтгээгээр буулгасан хөрөг юм. Тэрхүү бүтээл их гоёмсог, нэлээд том хэмжээтэй чамин, тансаг бэлэг болж чадсан. Өмнөх жилүүдийг бодвол манай хамтлагийг сонсдог залуучуудын тоо цар хүрээгээ үнэхээр тэлсэн нь бахархмаар санагдаж, сэтгэл их хөдөлж байсан.

-Хамтлаг, дуучид үе үе тоглолт хийж байдаг. Ер нь хэр ашиг олдог юм бэ. Тоглолтоос олсон ашгаа юунд зарцуулсан бэ?

-Ашиг гээд овойж, оцойгоод байх юм байдаггүй. Учир нь хийж бүтээсэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх зорилгоор тоглолт хийдэг. Тэрнээс биш айхтар ашиг олъё гэж тоглолт тавьдаггүй. Яахав мэдээж тодорхой хэмжээний үнэ ханшаар үнэлж тоглолт хийж байгаа болохоор багагүй орлого олдог хэдий ч тоглолт зохион байгуулж буй баг хамт олонтойгоо хувааж хүртдэг.

-Танай хамтлагийн ихэнх дууны үгийг нэгэн залуу бичдэг байсан гэж сонссон юм байна. Ямар хүн байдаг юм бэ?

-Тийм ээ н.Шонхор гээд Соёлын коллежид сурдаг бидний үеийн залуу л даа. Өвчний улмаас хорвоог орхисон. Их зөөлөн сэтгэлтэй өөрийн гэсэн өвөрмөц дотоод ертөнцтэй сайхан залуу байсан. Өөд болсных нь дараахан ээж нь бидэнд дууны үг санал болгосон. Тэр үгийг бид уншиж үзээд хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр маань жаахан өөрчлөөд “Чамдаа” дуу анх төрж байсан түүхтэй. Мөн тэрээр манай “Хайрын гэгээ” дууны үгийг бас бичсэн л дээ. Манай хамтлагийн дууны үгийг ихэнхдээ Б.Эрдэнэбаяр маань зохиодог болохоор хамтлагаараа ярилцаж байгаад энэ үгийг тэгж, энэ үгийг ингэж өөрчилбөл зүгээр юм байна гэхчлэн хоорондоо ойлголцож ярилцахад амар байдаг. “Цасан бороо” цомогт багтсан “Өөрчлөлтийг өөрөөсөө”, “Дурлалын домог”, “Гоё охин”, “Чи минь ганцхан” гэх мэт дууны үгийг бичсэн байгаа.

-Цаашид нөгөө л уянгын, хайрын дуунуудаа дуулаад байх уу. Өөр урсгалаар дуулах бодол бий юу?

-Биднийг ихэвчлэн өсвөр үеийнхэн, хайрын дуунд дуртай залуус сонсдог. Мэдээж бидний гол өнгө аяс бол уянгын зөөлөн аялгуу. Гэхдээ одоогийн дэлхийн хөгжмийн өнгө аяс электро хаус, поп диско урсгал руу чиглэх хандлагатай болсон. Тиймээс бид ч бас хөгжмийн хувьсалтай хөл нийлүүлж энэ төрлөөр уран бүтээл хийж үзэхээр төлөвлөж байгаа.

-Гадаадад тоглолтоо хийх төлөвлөгөө бий юу?

-Одоохондоо хараахан шийдээгүй байгаа. Зарим нэг орнуудаар аялан тоглолт хийх сэжүүр бол бий.

-Залуу хүмүүсийн хувьд тархиа хэрхэн цэнэглэж байна?

Манай хамтлагийн гишүүн Т.Ганбаатар СУИС-д магистрт үргэлжлүүлэн сурахаас гадна орчуулагч мэргэжилтэй. Орос, англи, солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр хувийн компанид менежерээр ажилладаг. Э.Анхбаяр маань Удирдлагын академид суралцаж байгаа. Б.Сайнцогтын хувьд одоохондоо уран бүтээлдээ анхаарч байгаа. Мөн бизнесийн чиглэлээр сурах төлөвлөгөөтэй. Зав зай гарвал ерөнхийдөө уран бүтээлдээ анхаарч ажилладаг.

-Танай хамтлагийн гишүүн Б.Сайнцогт “Хайрын үнэ цэнэ” кинонд тоглосныг уншигчид мэднэ. Цаашид хамтлагаараа кино урлагт хүч сорих уу?

-Кинонд тоглоно гэдэг тийм амар ажил биш. Мэдээж бид мэргэжлийн жүжигчин биш учраас энэ талаар сайн бодолцож үзэх хэрэгтэй. Ер нь санал ирдэг л дээ. Саяхан дөрвөн найзын амьдралыг өгүүлсэн кино зохиол ирсэн. Гэхдээ бид хүлээж аваагүй. Магадгүй цаашид өөр кинонд тоглох болбол үзээд алдана гэж бодож байгаа.

-“Universe best songs” тэмцээнд хамтлагийн хоёр ч гишүүн оролцсон нь биеэ тоох оддын өвчинд автаагүйн шинж юм болов уу гэж бодогдсон. Та хоёрыг сонсогч, үзэгчид хэр хүлээж авч байсан бэ?

-Манай хамтлаг хамгийн анх “Л .Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд оролцож байсан. Дараа нь Балхаа ах ” Universe best songs ” уралдаанд танай хамтлаг оролцвол яасан юм бэ гэж байсан. Тухайн үед хоёр гишүүн маань оролцох боломжгүй байсан учир Сайнаа, Ганбаа хоёр орсон. Ер нь аливаа нэг тэмцээнд оролцсоноор бид илүү хурцлагдаж, урам зориг, эрч хүчтэй болдог юм шиг санагддаг. Оддын өвчин гэдэг боловсролгүй, мэдлэг дутуугийн шинж байх л даа. Уран бүтээлч хүн уран бүтээлийн талбар дээр ур чадвараа бүрэн төгс харуулж чаддаг байх ёстой. Урлаг бол хүн болгоны нүдэн дээр ил харагддаг мэргэжил учраас өөрийгөө зөв авч явах хэрэгтэй.

-Шинэ жилийн арга хэмжээнд “Мотив” хоёр дууг нэг саяар дуулна гэж сонссон. Бараг томоохон гавьяатуудтай зэрэгцэж үнэ тогтоосон нь шинэ залуу хамтлагийн хувьд арай өндөр ханш юм биш үү?

-Ихэнх хамтлаг, дуучдын жишиг үнээр бид тогтсон. Аливаа нэг уран бүтээл гэдэг хүний хөлс хөдөлмөр шингэсэн байдаг учраас тодорхой ханшаар үнэлэх нь зүйтэй болов уу. Мэдээж үнэ ханшийн тал дээр яг нэг сая гээд зогсоод байхгүй уян хатан байлгүй л яахав.

Д.ДАВААСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car