ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс хийсэн хяналт шалгалтын дунг танилцуулж өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус байгууллага Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран “Гар утас” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди төв”, “Монтел”, “Дархан жонон”, “Түгээмэл”, “Ди Би Ди” зэрэг компанийн гар утасны худалдааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй, урьд нь ашиглаж байсан гар утасыг “Шинэ утас” гэж худалдаалдаг, баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн аж.
Эдгээрийг арилгуулах зорилгоор гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байгаа. Энэ талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуучин утсыг “Шинэ” гэж зарах боломжтой юу?
-Ер нь гар утасны хулгай 2-3 ченжийн гараар дамжиж байдаг. Тухайлбал, “I phone” утсыг хулгайлсан хүүхэд 80 мянган төгрөгөөр бусдад худалддаг. Үүнийг нь ченж авч, лангуун дээр ажилладаг хүмүүстэй хамтардаг.
Ченжүүдийн хувьд “Камерт бичигдэнэ” гээд хэзээ ч худалдааны төвүүд рүү ордоггүй. Энэ мэт хэрэг нь бүр сүлжээ болсон байна. Улмаар кодыг нь урд хөрш рүү аваачиж тайлуулаад энд “Шинэ утас” гээд 500 мянгаас дээш үнээр зардаг юм байна.
-Тэгэхээр ийм зөрчилд ямар хариуцлага тооцох вэ?
-Цагдаагийн байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагынхаа дагуу гүйцэтгэлийн шалгалт хийнэ. Хэрвээ тухайн лангуун дээр зарж байгаа гар утас гарал үүслийн бичиггүй байвал лангуу түрээслэгчтэй гэрээгээ цуцлах шаардлага тавина.
-Гар утас худалдан авч буй иргэд гарал үүслийн гэрчилгээг нь шаардах эрхтэй юу?
-Заавал гарал үүслийнх нь гэрчилгээг шаардах ёстой. Худалдан борлуулагчид иргэдэд хаанаас яаж авсан гэдэг бүх мэдээллийг мэдээллэх үүрэгтэй шүү дээ.
М.Болд
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 07, 2014 5:35:18 pm )
хуучин утасыг шинэ гэхэд мэдэхгүй тэнэг хүн хаана байхав дээ
-
duma (December 07, 2014 9:42:39 pm )
medehgvi hvmvvs zondoo bga sh de, yaj shalgaj avdag ym.
2 Comments