Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцээд түүнийг гэм буруугүйд тооцжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р ангид хоригдож байхдаа буюу төрийн хамгаалалтад байхдаа амь насаа алдсанаас хойш зургаан сарын дараа. АТГ-аас түүнийг Газрын тосны газрын дарга байхдаа албан тушаалаа ашиглан бусдаас авлига авсан хэрэгт сэжиглэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Гэвч уг хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийн хүсэлтээр шүүхээс Д.Амарсайханд таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьсны дараа биеийн байдал нь муудаж, хорих ангийн уулзалтын өрөөнд өмгөөлөгчийнхөө нүдэн дээр зүрх нь хаагдаж нас барсан билээ.
Хамгийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь Д.Амарсайханыг цагдан хоригдож байх хугацаанд түүний гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нь үйлчүүлэгчдээ эмнэлгийн тусламж үзүүлэхээр хорихын удирдлагуудад удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч шаардлагатай эмнэлгийн тусламжийг авч чадаагүй юм. Учир нь түүнийг шалгаж байсан мөрдөн байцаагч эмчилгээ хийсэн хорихын эмч нарт өөрсөд дээр нь авлигын хэрэг үүсгэн шалгаж дарамсалсны улмаас эмч нар Д.Амарсайханд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсан байдаг. Түүнийг амиа алдсаны дараа “Яагаад сэжигтэнд цаг тухайд нь шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлсэнгүй вэ” гэдэг асуудал үүсэхэд хорихын эмнэлгийнхэн “Дээрээс эмчилгээ хийж болохгүй гэсэн” хэмээн хариулсан нь хэрэг мандааж, “дээрх” гэгч нь уг хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөн байцаагчид болж таарсан.
Уг хэргээс болж ШШГЕГ-ынхан тэр чигээрээ түргэн авч, ерөнхий газрын даргыг хорин ангийн даргатай нь ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй “Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа нэг байгууллагын шахалт дарамтанд орохгүйгээр зөвхөн хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхийг” салбар хариуцсан сайд нь тушаал гарган захирамжилж байсан билээ. Харин энэ явдлаас хойш зургаан сарын дараа шүүх Д.Амарсайханы гэм буруугүй болохыг тогтоов. Нэг ёсондоо ямар ч гэм буруугүй хүн хуулийнхны хариуцлагагүй ажиллагаа, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийн золиос болон амиа алдсан гэсэн үг. Эдийн хохирлыг нөхөн төлж болох авч хүний амь насанд хохирол учраад байгааг хэн, хэрхэн төлж барагдуулах вэ? Улсын дээд шүүх энэ талаар ямар нэг шийдвэр гаргасан гэж үү?
Одоогоос 10 гаруй жилийн өмнө дөө, Завханы н.Эрдэнэ-Очир хэмээх цуутай алуурчин гарч ирж, түүний хэргийг манай хуулийнхан долоон жил гаруй шалгасан байдаг юм. Түүнийг саахалт айлынхаа эмэгтэйн амийг нь хөнөөсөн байж болох цорын ганц сэжигтэн гэдгийг бүхэл сумаараа гэрчилж байсан хэдий ч хэргийн газраас ямар ч ул мөр, нотлох баримт олдоогүй. Үүний улмаас хууль хяналтынхны долоон жил гаруй хөөцөлдсөн энэ хэрэг хэрэгсэхгүй болж, харин шүүхийн шийдвэрээр түүнийг хилсээр хорьж ялласан долоон жилийн хохирлыг барагдуулахаар Монголын төр 94 сая төгрөгийн нөхөн олговор өгч байсан юм. Яг ийм үндэслэлээр нөхөн олговор төлсөн тохиолдол шүүхийн практикт цөөнгүй байдаг юм билээ. Гэтэл одоо хилсээр ялласан тухай ч биш, хилсээр хорьж шалгах хугацаандаа хүний амь бүрэлгэсэн хэрэг гарчихаад байна. Магадгүй анхных нь ч биш байх.
Тэгвэл саяхан Хууль зүйн сайдын өргөн мэдүүлж, Засгийн газраар дэмжүүлсэн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр дээр өгүүлсэн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн амь нас, эрүүл мэндэд учирч эрсдлийг бууруулахаар зорьсон байна.
Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл гэхэд 1999 онд УИХ-аар батлан гаргасан Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг хэрэгжүүлэх тухай хуулиас хойш 15 жилийн дараа анх удаа шинэчлөн боловсруулагдаж байгаа юм байна. Өмнөх хуулиас ялгаатай нь таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн баривчлах, цагдан хорихоор хязгаарлаагүй. Гэрийн хорио, хувийн баталгаа, барьцаа гэх мэт таслан сэргийлэх арга хэмжээний шинэ төрлүүдийг бий болгожээ. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн эцсийн мөчид буюу сая нэрлэсэн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэглэх боломжгүй болсон, сэжигтэн, яллагдагч таслан сэргийлэх бусад арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Ингэхдээ мэдээж хуулиар хязгаарласнаас бусад иргэний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах, мөрдөн шалгах нууц ажиллагаагаар хувь хүний нууцад халдахыг нь хуулийн байгууллагуудад хориглосон байна.
Хамгийн гол нь сэжигтэн, яллагдагчид ямар тохиолдолд, ямар үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ, ямар хэлбэрээр таслан сэргийлэх вэ гэдэг хуулийн үндэслэлийг нарийвчилж, цагдан хоригдсон этгээдийг суллах үндэслэл, нөхцлүүдийг ч тодорхой зааж өгөх юм байна. Ядахдаа л оргон зайлж болзошгүй биш, оргон зайлахыг завдсан үйлдэл нь тогтоогдож байж цагдан хорих үндэслэл болно биз дээ.
Статистикаас үзвэл манайд жил бүр 4500 орчим хүнд таслан сэргийлэх /цагдан хорих/ арга хэмжээ авдаг бөгөөд тэдний дийлэнх нь хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон /хүн болон онц хүнд биш/ хүмүүс байдаг байна. Тэдний дийлэнхийг “оргон зайлж болзошгүй”, “хэргийн шалгалтад саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг. Гэтэл “оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэл нь хуулиар огт тодорхойлогдоогүй байх жишээтэй. Ердөө мөрдөн байцаагч тийм гэж үзвэл түүний хувийн үзэмжээр шүүх шийдвэр гаргаж байна аа гэсэн үг. Ялангуяа АТГ-аас ирүүлсэн цагдан хорих тухай 100 хүсэлтээс 99-ийг нь шүүх биелүүлдэг тухай өмгөөлөгчид ярьж байна. Эцэст нь гарч байгаа үр дүн энэ, Д.Амарсайханд тохиолдсон эмгэнэлт хэрэг.
Ядахдаа таслан сэргийлэх арга хэмжээг хэнд, ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдгийг нь хуулиар тодорхойлоод, хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэн нь ямар хариуцлага хүлээх, аюулгүй байдлыг нь хэн яаж хангах вэ гэдгийг хуулиар тодорхойлоод өгчихвөл дараа дараагийн Амарсайханууд хуулийнхны гарт амиа үйгээд, эрүүл мэндээрээ хохироод байхгүй юм даа. Тэгсэн байлаа гэхэд ядахдаа хариуцлага тооцох эзэнтэй байх хэрэгтэй шүү дээ. Үүний төлөө л зарим нь хуулийн байгууллагуудыг шинэчлэе, хууль тогтоомжоо өөрчилье гэж яриад, хуулийнхан дотроо ч заримдаа “ад” болоод яваа бус уу?
Б.СЭМҮҮН
News.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 03, 2014 7:27:14 pm )
ATG HUN ALSAN
-
zochin (December 03, 2014 9:10:35 pm )
Delhiin ali ch uls orond huuli zuin said ny hariutslaga huleegeed ogtsorch baidag shuu dee.Temuujinees amiig ny neheech
-
Boldoo (December 03, 2014 11:18:00 pm )
АТГын байцаагчыг шийтгэх хэрэгтэй.ТЭР Л БУРУУТАЙ.
-
Boldoo (December 03, 2014 11:19:49 pm )
АТГ БАЙЦААГЧААС ТӨЛБӨРИЙГ ГАРГАЖ ТАЛИЙГААЧИИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ.
-
Боролдой (December 04, 2014 12:49:39 am )
Мордон байцаагц нар нэг их хэрэг барилаа гээд оорсдийгоо бодчихсон .унэндээ тэд худлаа хун гутгэж хун алсан .тэр байцаагчыг бас дахин хун алxaac нь омно 461 ангид нь хорж зохих шийтгэлээ авах хэрэгтэй.
-
Ч.САЙХАНБИЛЭГ (December 04, 2014 9:53:22 am )
ЗӨВ ШҮҮ
-
зочин (December 04, 2014 10:28:50 am )
Хүнийг хилс хэрэгт гүтгэж хорьдог амь насыг нь хохироодог дараа нь цагаатгадаг энэ социализмийн үеийн арга технологиосоо хууль хүчнийхэн хэзээ салах вэ
-
zochin (December 04, 2014 5:33:53 pm )
хулгай хийгээгүй бол кк
8 Comments