С.БЯМБАЦОГТ ХУРЛЫГ ДАРГАЛЖ, ХЭВЛЭЛИЙНХЭНД НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭВ
МАН-ын хоёрдугаар Бага хурал өнгөрсөн бямба гаригт болж, шийдвэрээ гаргалаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засагт хамтрах урилгыг хүлээн авах эсэх тухай шийдвэр гаргах уг хуралдааныг өнгөрсөн баасан гаригт хийхээр товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойш-луулснаар ийнхүү бямба гаригт болов. Бага хурлыг намын дарга М.Энхболд илтгэл тавьснаар эхлүүлсэн юм. Түүний илтгэлд Ч.Сайханбилэг сайдын зүгээс тавьсан санал болон улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар тодорхой туссан бөгөөд уг илтгэлийн талаар Бага хурлын гишүүд санал солилцсоноор хуралдаан эхэлсэн юм. Хэдийгээр амралтын өдөр болсон ч хуралдааны зохион байгуулалт сайн байсныг энд дурдах нь зүйтэй. Тухайлбал, МАН-ынхан Бага хурлынхаа үеэр хэвлэлийнхэнд нэг цэгийн үйлчилгээ хүргэсэн бөгөөд хурал-даан Тусгаар тогтнолын ордны долдугаар давхарт бол сон бол наймдугаар давхарт хэвлэлийнхнийг байрлуулсан юм. Хуралдаан хаалттай болсон учраас хоёр цаг тутамд хурлын явц болон бусад мэдээллийг холбогдох хүмүүс нь гарч ирж өгч байлаа. Товлосон цагаасаа нэг цагаар хоцорч эхэлсэн хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт даргалсан бол нарийн бичгийн даргаар Өвөрхангай айм-гийн МАН-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, нийслэлийн НАМЭХ-ны тэргүүлэгч, Бага хурлын гишүүн Х.Алтанзагас нар ажиллав. МАН-ын Бага хурал 310 гишүүнтэй бөгөөд хуралдаан эхлэхэд 250 орчим гишүүн цугласан байлаа. Хуралдаан эхлээд цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа МАН-ын Хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга хурлын ирц болон хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бага хурлын гишүүд хоёр асуудал дээр тогтож ярилцаж байна. Энэ нь намын даргын илтгэлийн агуулга болон намын дунд хугацааны бодлого” хэмээн тодорхойлсон юм.
“АН ЯДРАХААРАА МАН-ЫГ ТҮШДЭГ, ЗАДРАХААРАА ШОРОНД ХИЙДЭГ”
Бага хурлын хоёрдугаар хуралдааны өмнө МАН-ын Удир-дах зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргасан юм. Уг санал хураалтад оролцсон гишүүд “МАН намынхаа эрх ашгийг бус улс эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой” гэж үзсэн бол Ц.Нямдорж гишүүн “Хамтарч болохгүй” гэсэн үзэл бодолдоо бат зогсчээ. Тэрбээр өмнө нь илэрхийлж байсан “Засагт хамтарч болохгүй” гэдэг байр сууриа дахин илэрхийлсэн бөгөөд “АН ядрахаараа МАН-ыг түшдэг. Задраад, тамиржаад ирэхээрээ шоронд хийдэг” хэмээн хатуухан шүүмжилсэн байна. Түүний энэ хатуу үгийг эс тооцвол МАН-ын Бага хурал намдуухан болсон бөгөөд С.Баяр, Ц.Нямдорж нарыг “Хуралдааныг орхин гарлаа” гэх мэдээлэл гарсан ч уг мэдээлэл худлаа болохыг гишүүд илтгэж, өөрсдийн твиттер болон фэйсбүүк хуудаснаа зургийг нь тавьж байлаа. Ч.Сайханбилэгийн засагт хамтрах эсэх асуудал Удирдах зөвлөлөөс 96.4 хувийн дэмжлэг авчээ. Түүнчлэн МАН-ын Бага хурлын дундуур зөвшилцөх ажлын хэсгийг ахалсан Су.Батболд гишүүн мэдээлэл хийсэн юм. Ажлын хэсэгт МАН-ын зургаан гишүүн ажилласан бөгөөд тэд баасан гаригийн 23.00 цаг хүртэл ажиллаж, зөвшилцөлд хүрснийг тэрбээр хэлсэн. Ажлын хэсгийнхний зөвшилцсөн гол асуудал нь эдийн засаг байжээ. Тодруулбал, ажлын хэсгийнхэн эдийн засгийн хямралаас гарах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээс гадна уул уурхайн ордуудын тухайд нэг ойлголтод хүрч чадсан аж. Оюутолгойн хувьд одоогийн нөхцөлийг бууруулахгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг урагшлуулах боломжтой гэж үзсэн бол Монгол Улсын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хүндрэлээс гарахаар тохирсон байна. Мөн Үндсэн хуулийн болон сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр нээлттэй хамтарч ажиллахаар болсон гэдгийг Су.Батболд гишүүн хэлсэн юм.
ОРОН НУТГИЙНХАН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙВ
МАН-ынхан засагт хамтрах эсэх асуудлаар “Стратеги” академийнхан судалгаа авчээ. Тэд есөн дүүрэг, 10 аймагт 2500 иргэнийг хамруулсан судалгаа хийсэн байна. Энэ талаар тус академийн захирал Я.Төмөрбаатар Бага хурлын дундуур хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Судалгаанд оролцогчдын 52.6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй хэмээсэн” гэлээ. Уг судалгааг өнгөрсөн сарын 25-27-ны өдрүүдэд авсан бөгөөд хот, хөдөөгийн 2500 иргэнээс тохиолдлын журмаар авчээ. Ингээд Улаанбаатар хотын иргэд “Хамтрах нь зүйтэй” гэх саналыг давамгай өгсөн бол орон нутгийн иргэдийн эсрэг санал түлхүү байжээ. Түүнчлэн санал өгсөн байдлыг боловсролын төвшнөөр нь авч үзвэл бүрэн дунд, дээд боловсролтой иргэд эерэг санал өгсөн бол боловсролгүй болон бага боловсролтой иргэдийн хувьд “Хамтрах хэрэггүй” гэжээ. Олон нийтийн дунд явуулсан судалгааны дүн ийм байсан бол эх сурвалжаас авсан мэдээллээр орон нутгийн төлөөллийн зарим нь засагт хамтрахыг дэмжээгүй байна. Тэдний зарим нь “Өнгөрсөн хугацаанд АН-ынхан хор уршигтай олон шийдвэр гаргасан. Гэтэл бид засагт хамтарснаас энэ муу муухайтай нь хүссэн, хүсээгүй нэр холбогдох болно. Тиймээс хүчтэй сөрөг хүчнийхээ байр суурин дээр бат зогсох хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн МАН-ын Шинэчлэлийн хорооныхон найман шаардлагыг хангасан тохиолдолд МАН АН-тай хамтарч Засгийн газар байгуулах боломжтой болно гэж үзсэн байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийг УИХ-аас, харин Засаг даргыг иргэдээс сонгодог болох, УИХ-ын гишүүдийг холимог бус 76 мажоритари тойргоос сонгодог тогтолцоог сэргээх, сонгуулийн саналыг автомат машинаар тоолсныг гар аргаар баталгаажуулан тоолж байх гэх мэт санал гаргажээ.
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ХОЁР ДАХИА УРИЛГА ИРҮҮЛЭВ
Бага хурлын дундуур МАН-д хандсан гурван илгээлт ирэв. Үүнд засагт хамтрах эсэх шийдвэрээ гаргахаар хуралдсан МАН-ын Бага хурлын гишүүдэд хандан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илгээлт ирүүлснийг хурал зохион байгуулагчид хэвлэлийнхэнд мэдээлэв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Бага хурлын гишүүдэд дөрвөн хуудас бүхий илгээлт ирүүлсэн бөгөөд гол агуулга нь “Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед МАН-ын Бага хурлын гишүүд гаргах шийдвэрээ сайн бодож, хамтарч ажиллах талаар бидний урилгыг хүлээн авна уу” гэсэн агуулгатай байжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс МАН-д ийнхүү хоёр дахь удаагаа хамтрах урилга хүргүүлсэн юм. Түүнчлэн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “МАН төрийн ажлын дадлага туршлагаа дайчилж, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх зорилгоор засагт хамтрах нь зүйтэй” гэсэн утгатай уриалгыг ирүүлжээ. Мөн намын дарга М.Энхболдын нэр дээр Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс ийм агуулгатай илгээлтийг ирүүлжээ.
БАГА ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ОЛОНХИ НЬ ЗАСАГТ ХАМТРАХЫГ ДЭМЖЛЭЭ
Бага хурлын хоёрдугаар хуралдаан зургаан цаг гаруй хугацаанд үргэлжилж, 20.15 цагийн үед нэгдсэн шийдвэрээ гаргалаа. Энэ талаар Т.Гантулга дарга хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Бага хурлын ирц 75 хувьтай байна. Гишүүд хуралдааны дундуур үг хэлэхдээ дэмжих эсэхээ хэлээд явсан учраас санал хураалтын дүнг нарийвчлан гаргасангүй. Гишүүдийн олонхи нь засагт хамтрахыг дэмжлээ. Энэ бол улс төрийн намын эрх ашгийг хойш тавьж, улс эх орны нийтлэг эрх ашгийг хүндэтгэсэн шийдвэр боллоо” гэдэг тайлбарыг өгсөн юм. Ийнхүү МАН засагт хамтрах болсноор Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц энэ долоо хоногт бүрдэхээр болж байна. Түүнчлэн цаашид хоёр намын хооронд улс төр, эдийн засгийн зөвшилцөл үргэлжлэх бөгөөд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах, үлдэж буй 1.6 жилийн хугацаанд АН-ын мөрийн хөтөлбөрөөр биш хамтарсан бодлогоор ажиллах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж цахим машинаар тоолсон саналыг гараар тоолох зэрэг шаардлагууд биеллээ олох боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаас МАН-ыг засагт хамтрах шийдвэр гаргасантай холбоотойгоор “МАН таван яамыг Шадар сайдын суудалтай хамт авахаар болсон” гэх яриа гараад байгаа юм. Хэдийгээр энэ талаар МАН-ын зүгээс албан ёсны мэдээлэл өгөөгүй ч Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилох бол таван яамны сайдыг дан дээлтэй байхаар тогтсон байна. Ингэснээр МАН одоогийн гишүүдээсээ бус гаднаас залуу боловсон хүчнийг сайдаар ажиллуулах бололтой.
М.Өнөржаргал
– See more at: http://www.unen.mn/content/43071.shtml?alias=politics#sthash.fAkGNiR5.dpuf
Холбоотой мэдээ
-
тиор (December 01, 2014 12:12:44 pm )
АН ичиж үхмээр юм
-
munkh (December 01, 2014 12:17:31 pm )
Zuitei zuitei
-
balt (December 01, 2014 12:40:39 pm )
nam hamaagyi negdej ajillah n mongol hyn byhend eb negdel
-
tuul (December 01, 2014 1:12:19 pm )
bd neg tsustai Mongol humuus evtei baihad huchtei, nam hamaagui gol ni Mongolii ard tumen Mongol vndesten, hamtraad ene hyamraliig davan tuulaxad amjilt husie.
-
Ачу (December 01, 2014 6:30:59 pm )
Ард түмэн иргэд бол дэмжээгүй худлаа.Хэдэн сарын дараа урьдхаасаа дордсон байна огцор л гэхвийдээ.Ардчилагчид гэгч хүмүүс яасанч овилоггүй мэдлэггүй асар их шуналтай хүмүүс байдаг юмбдээ! Эх орноо зарсан урвагчид гэж би боддог.
5 Comments