УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 66 гишүүнээс 36 нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэн. Тэгвэл гадны хэвлэлд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан асуудлыг доорх маягаар бичжээ.
Nikkei: Сөрөг хүчин МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл өчигдөр болсон хуралдаанаар олонхийн саналаар дэмжигдлээ. Улмаар тус улсын Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч, Шадар сайд Д.Тэрбишдагва түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдов. Монголын эдийн засгийн гол салбар болох нүүрсний үнэ унаж, эдийн засаг нь уналтад орсоны улмаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг сөрөг хүчний ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр долоо хоногийн хугацаанд багтааж, дараагийн шинэ ерөнхий сайдыг томилох байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.
Reuters: Монголын гадаад шууд хөрөнгө оруулалт хумигдаж, алт, зэс, нүүрсний үнэ унаж, эдийн засагт нь ноцтой хямрал үүссэний улмаас Монгол улсын их хурал хуралдаж, дийлэнхийн дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд Алтанхуягийн өчигдөр огцрууллаа. Хуралдааныг монголын үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд МАН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь дэмжсэн байна. Түүнийг огцруулах төслийг сөрөг хүчин өргөн барьсан ч хуралдааны үеэр Алтанхуягийн намын нөхөд нь ч гэсэн түүний эсрэг санал өгсөн юм. Одоогийн засгийн газрын зүгээс санаачилсан 2015 оны төсөв нь нилээдгүй шүүмжлэл дагуулаад байна.
Синьхуа: -Монгол Улсын Их Хурал энэ сарын 5-ны өдөр одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг баталжээ. Түүнийг огцруулах болсон гол шалтгаан нь эдийн засгийн салбартай холбоотой. Одоогийн засгийн газрын эрх барьсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хурд болон гадаад хөрөнгө оруулалт буурч, мөнгөний ханш унаж, юмны үнэ өссөн гэж УИХ-ын зарим гишүүд нь ярьж байлаа. Монгол Улсын Засгийн газрын үйл хэргийг Шадар сайд Д.Тэрбишдагва түр хариуцна гэж Улсын Их хурлын дарга З. Энхболд гэжээ.
Bloomberg: Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг эдийн засгийн өсөлттэй холбоотой асуудлын улмаас албан тушаалаасаа огцорлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн дэмжлэгтэйгээр тэрбээр огцорсон байна. 2011 онд 17.5 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр жилд огцом унасаны улмаас Ерөнхий сайд олон нийтийн болон хууль тогтоогчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулаад байсан юм.
Оюутолгойн зэс, алтны уурхайн өргөтгөлийн санхүүжилт дээр тус улсын засгийн газар болон Рио Тенто хоёрын хооронд удаан хугацаанд өрнөсөн маргааны улмаас гадаадын хөрөнгө оруулалт ч буурсан. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай байсан ч, энэ жилийн эхний хагаст 5.3 хувь хүртлээ огцом буурсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны мөн үед 3.82 тэрбум байсан ч, есдүгээр сар хүртэлх есөн сарын хугацаанд 647.5 сая болж буурчээ. Түүнийг албан тушаалаа хашиж байх хугацаанд эдийн засаг нь ийм хэмжээнд унасан нь огцруулах шалтгаан болсон байна.
Channelnews asia: Лхагва гарагт болсон Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 54.5 хувийн саналаар тус улсын Ерөнхий сайд огцорчээ. Тэрбээр Ерөнхий сайдын алба хаах хугацаандаа төрийн албыг төрлийн алба болгож, нөөц баялаг ихтэй улсын эдийн засгийг уналтад оруулсан гэх зэрэг шалтгааны улмаас сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарч, парламентын гишүүдийн олонхийн дэмжлэгтэйгээр суудлаасаа буужээ.
Эдийн засаг уналтад орж, гадаад хөрөнгө оруулалт муудсантай холбоотойгоор сөрөг хүчний МАН өнгөрсөн сард Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд түүний нам болох Ардчилсан намын фракцууд хүртэл түүний удирдах арга барил улс төрийн үймээнийг гүнзгийрүүлж магадгүй байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байсан юм. Улмаар лхагва гарагт явагдсан хуралдааныг телевиз, радио, сайтууд цаг алдалгүй дамжуулж байсан бөгөөд санал хураалтад оролцсон 66 гишүүний 34 нь буюу 54.5 хувь нь Алтанхуягийг огцруулах саналыг дэмжсэнээр тэрбээр огцорсон юм.
Straitstimes: –Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг огцорчээ. Н.Алтанхуяг нь эх орныхоо эдийн засгийг уналтад оруулсан хэмээн зэмлэл хүртэв. Түүнийг огцруулахад АН-ын бүлгийн гишүүд хүртэл санал өгсөн аж. Учир нь эдийн засгийн энэ хүнд үед нөхцөл байдлыг зөв олж харж, ийм сонголт хийхээс өөр аргагүй байсан бололтой. Одоо Эвслийн засгийн газар нь шинэ ерөнхий сайд болон бусад сайд нарын томилгоог хийх хэрэгтэй болно.
Asiarussia: –Норовын Алтанхуяг “Монгол Улс үүрд мандан бадраг” хэмээн УИХ-ын индэр дээрээсээ хэлжээ. Түүний хувьд энэ үед сэтгэл зүрх нь хүндхэн байсан болов уу. Одоо улс төрийн өрсөлдөгчид нь “явж буй” түүнийг үдэх баярыг тэмдэглэх биз ээ. Монгол Улсын Их хурал чуулганы нэгдсэн хуралдаанаараа одоогийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэв. Санал хураалтад нийт 66 гишүүн оролцсоноос 36 нь буюу 54.5 хувь нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс Норовын Алтанхуягийг огцруулах саналыг дэмжсэн байна. Санал хураалтын өмнө тавьсан илтгэлдээ Н.Алтанхуяг, түүний Засгийн газар Монгол Улсын ирээдүйн төлөө ажиллаж байсан, Монгол Улс үүрд мандан бадраг гэв.
УИХ-ын гишүүд нь аль хэдийнэ Монгол Улсын дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх талаар тохиролцсон. Засгийн газрыг огцруулах тухай шийдвэрийг богино хугацаанд гаргалаа. Санал хураалт өндөрлөсний дараа УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар нь УИХ-ын даргынхаа өрөөнд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний талаар ярилцахаар цугларсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ho (November 06, 2014 9:56:16 pm )
bolj de ert l uawah bcin
1 Comment