Хүмүүний амьдрал нугачаа бартаа ихтэй, тааж тааварлашгүй адал явдал, хагацал, учралаар дүүрэн билээ. Оросод сурч, амьдран суугаа монголчуудын холбооны http://www.moscowmongols.com сайтад “Аавыгаа олоход минь туслаач” гэсэн гарчигтай нэгэн сонирхолтой захидал нийтлэгдсэнийг манай сайт та бүхэндээ хүргэж байсан.
Тэгвэл энэ удаа захидлын эзэн Лена Винокуроватай интернэтээр холбогдон дараах ярилцлагыг авлаа. Түүний бидэнд ярьсан түүх аавыгаа олоход нь бага ч гэсэн хувь нэмрээ оруулах байх гэж найдаж байна. Охин аавыгаа олж, удаан хүлээсэн элгээ дэвтээж, нэгэн сайхан учрал удахгүй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ингээд түүний ярьсан түүхийг хүргье.
-Өөрийнхөө тухай уншигчдад маань танилцуулахгүй юу?
-Намайг Лена Винокурова гэдэг. Би 22 настай. 1991 оны 12 дугаар сарын 27-нд Якутск хотод төрсөн. Якутск бол өвөл болгон -50 хэм хүйтэрч байдаг газар л даа. 2014 онд Хабаровскийн улсын эдийн засаг, эрх зүйн академийг төгссөн. Одоо өөрийнхөө бүс нутгийн нэгэн яамны газар мэргэжилтнээр ажиллаж байна. Шатар тоглох дуртай, мөн усан санд явдаг, ер нь спортын аль нэг төрлөөр хичээллэхийг хичээдэг л дээ. Бас чөлөөт цагаа гэр бүл найз нөхдийнхөө хамт өнгөрүүлж, ертөнцийг таних үзлээ өргөжүүлэх, олон орны үндэстэн ястнуудын соёл ахуйг таних үүднээс аялж зугаалах дуртай.
-Одоо хаана, хэн хэнтэйгээ амьдардаг вэ?
-Би ээж, нагац эгч хоёрынхоо хамт Якутск хотод амьдардаг. Тэд маань якут хүмүүс л дээ. Якутчууд бол Орос улсын олон үндэстэн ястаны бас нэг ард түмэн.
-Олон нийтийн сүлжээнээс таныг эцгээ хайж байгаа, тэр монгол хүн гэдгийг олж мэдсэн л дээ. Тэгээд бага ч гэсэн тус болох үүднээс өөрт чинь хандсан юм?
-Маш их баярлалаа. Олон хүмүүс надад туслахаар хандаж байгаа нь тааламжтай бас гайхалтай байна.
ААВ МИНЬ МОНГОЛ ХҮН ГЭДГИЙГ ЗУРГАДУГААР АНГИД БАЙХДАА МЭДСЭН
-Та эцгийнхээ тухай хэзээ анх мэдсэн бэ?
-Зургадугаар ангид сурч байхдаа ээжээсээ анх удаа аавынхаа тухай асууж байснаа санаж байна. Тэгэхэд би 12 настай байсан. Тэгэхэд ээж аавыг минь монгол хүн гэж хэлэхэд нь их гайхсан шүү. Үүнээс өмнө судсаар минь монгол цус гүйж байгааг мэдээгүй ээ. Өөрийгөө цэвэр якут хүн л гэж боддог байлаа. Тэгэхэд хүүхэд байсан болохоор аавынхаа тухай тэгтлээ их сонирхоогүй. Харин оюутан болоод жил бүр л түүний тухай асуудаг байлаа. Харин одоо хайж олохоор шийдээд байгаа минь энэ.
-Та эхээс хэдүүлээ вэ, төрсөн эгч, дүү, ах?
-Харамсалтай нь төрсөн дүү нар байхгүй. Гэхдээ би ээжийнхээ талын төрөл садангуудтайгаа сайн харьцаатай байдаг. Энэ утгаараа надад олон ах, эгч дүүс бий. Магадгүй миний эцэг гэр бүлтэй байх. Тэгвэл би гэнэт дүү нартай болох болов уу… Тэгвэл үнэхээр баярлах болно.
ААВ ЭНЭ ЗУРГИЙГ ХАРААД ЭЭЖИЙГ ТАНЬЖ, ОРОС ОРОНД ТҮҮНИЙ ОХИН БАЙГААГ ДУРСАН САНАХ БАЙХ АА
-Таныг би аавыгаа олно гэдэгт итгэж байна. Хэрэв олвол Монголд ирэх үү?
-Мэдээж Монголд очилгүй яахав. Ямар ч тохиолдолд энэ чинь миний өвөг дээдсийн нутаг шүү дээ.
-Танд эцгийн тань талаар ямар нэг мэдээлэл бий юу. Гэрэл зураг нь. Эсвэл монгол өвөө, эмээ нарын зураг ч юм уу. Түүний тухай ээж тань юу ярьж өгсөн бэ?
-Түүнийг Ганбат гэдгийг л мэднэ. Ээж Эрхүүгийн улсын багшийн сургуульд 1987- 1991 он хүртэл сурч байхдаа аавтай танилцсан гэсэн. Харин аав тэнд наймаа эрхэлдэг байсан юм билээ. Тэр Белорус явж тэндээс чингэлэгт мотоцикл ачуулан Монголд аваачиж зардаг байсан гэнэ билээ. Тэр хоёр 1991 онд ээжийн их сургуулийн нийтийн байранд танилцсан гэсэн. Тэр нийтийн байр Польшийн босогчдын гудамжинд байдаг байжээ. Харамсалтай нь ээж тэр гурав дөрөвхөн удаа л уулзсан гэнэ билээ. Ээж төгсөөд төрсөн нутаг Саха (Якут) руугаа буцаж тэдний харилцаа тасарсан байдаг. Миний мэдэж байгаагаар ээжийг буцсан хойно аав түүнийг хайж нийтийн байранд очоод ээжийн найзтай уулзсан гэж дуулдсан. Ээжийн найз түүнд миний таван сартай байх үеийн зургийг үзүүлсэн гэдэг. Энэ л миний ганц найдвар. Аав энэ зургийг хараад ээжийг таньж, Орос оронд түүнд охин нь байдаг гэдгийг дурсан санах болов уу гэж найдаж байна. Миний ээжийг Даша (Дарья) гэдэг.
-Та Монголын талаар хэр мэдэх вэ?
-Аавыгаа монгол хүн гэж мэдсэн цагаас хойш Монголын тухай сонирхож уншиж эхэлсэн. Монголын соёл, ёс заншил, шашин шүтлэгийн тухай гээд л. Ийм маягаар аавынхаа эх орны тухай бага зэрэг мэдээлэлтэй болсон л доо.
-Таны аав монгол хүн, судсаар тань монгол цус урсаж байгаа. Магадгүй аавыгаа олсны дараа монголд амьдарч, монгол залуутай ханилах талаар бодож байв уу?
-Үнэнээ хэлэхэд энэ тухай хэзээ ч бодож байгаагүй ээ. Тэгээд ч надад хайртай залуу байгаа. Бид хоёр үерхээд таван жил болж байна. Монголд амьдрах тухайд хэлж мэдэхгүй юм аа. Харин очиж үзэхийг маш их хүсч байгаа.
-Аавыгаа ямар хүн байгаа гэж төсөөлж байна вэ?
-Ээжийн найз намайг яг аав л гээд байдаг. 46-50 орчим настай, надтай адилхан хүнийг ямар харагдахыг төсөөлж мэдэхгүй байна. (инээмсэглэв)
Гэхдээ намхавтар нуруутай, махлаг, нүд хамар нь минийхтэй адилхан байх. Ээжийн хэлснээр аав зөөлөн дуутай, тайван амгалан зантай 170 см-ээс дээш өндөргүй хүн байсан гэсэн. Мөн тэрбээр ээжид Улаанбаатарт биеийн тамирын багш мэргэжлээр сурч байгаад сургуулиа орхиж наймаа хийх болсон хэмээн ярьсан байна билээ.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Надад туслахаар маш олон хүн Монголоос хандаж байгаад эхлээд гайхсан ч үнэхээр байрлаж байна. Монголчууд маш их халуун сэтгэл зүрхтэй, тусархаг, уяхан сэтгэлтэй хүмүүс юм гэдэгт итгэж үнэмшлээ. Миний аавыгаа хайсан эрэлд тусалж байгаа бүх хүмүүст их баярлалаа. Аавын найз, танилууд миний түүхийг уншаад холбогдох байх аа.
-Илэн далангүй ярилцсанд их баярлалаа?
-Миний хүсэлтийг ийнхүү халуун дотно хүлээн авсан танд их баярлалаа.
Х.Намуун
Холбоотой мэдээ
-
Цогт (November 06, 2014 12:12:12 pm )
Очень красивая – Лена Винокурова. С этого момента я буду молиться чтобы они встретились…. Мы Монголы уверенны , что твой отец очень гордиться вами. Будьте счастливы…
-
aaw ni bn (November 06, 2014 3:21:27 pm )
Aawdaa xvreed ir
2 Comments