УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулахад 66 гишүүн оролцож, 36 гишүүн буюу 54.5 хувь нь Н.Алтанхуягийн эсрэг кноп дарснаар тэрбээр албан тушаалаасаа огцорсон.
Яг үнэндээ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг гуравхан саналаар ялагдал хүлээн огцорч байгаа хэрэг юм. Яагаад гэвэл энэ санал хураалтад УИХ-ын 10 гишүүн оролцоогүйгээс долоо нь АН, хоёр нь “Шударга ёс” эвслийнх, нэг нь бие даагч гишүүн байв.
Мэдээж Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачилсан МАН-ын бүлгийнхэн 100 хувь Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн. Хувь заяаг нь шийдсэн түүхэн хариуцлагатай санал хураалтад АН-аас Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ нар оролцоогүй бол “Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Ц.Оюунбаатар нар харин бие даагчдаас С.Ганбаатар нар бултаж алга болсноор МАН-д “заналтайгаар” хүчин зүтгэв. Эрх баригч АН-ын дотоод зөрчил, албан тушаалын төлөөх “цусгүй дайн” Н.Алтанхуяг гэдэг хүнийг албан тушаалаас нь авч хаяснаар дуусна гэвэл гонжийн жоо. Одоо л жинхэнэ утгаар нь самарч эхэлнэ дээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэдхэн хоногийн өмнө нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу” хэмээн ярьсан нь бий.
Түүний ёрлосноор Засгийн газар нь огцорчихлоо. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд “эсэргүү” Ж.Батзанданг “эрүүдэн шүүх” ажиллагаа явагдаж таарна. Одоо Алтангадасчууд “АН-ын дүрмэнд тийм заалт бий” гээд дайрцгаах нь тодорхой.
Хамгийн сонирхолтой нь өчигдөр болсон Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн санал хураалтад Ж.Батзанданг оролцуулаад АН-ын найман гишүүн өөрийн намын дарга Н.Алтанхуягийн эсрэг санал өгч, Шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын хойтохыг уншчихсан. Байдал ингэж барцадтай эргэсэн тул АН найман “Дүлзэн”-дээ ялын тогтоол уншиж, дүрмийнхээ дагуу гудамжинд хөөн гаргах болов уу.
Хэрэв найман “Дүлзэн”-гээ хөөгөөд явуулчихвал УИХ дахь АН-ын гишүүдийн тоо 27 болно. Анх 34 гишүүнтэй байсан АН-ын бүлэг бас нэгэн “Дүлзэн” Д.Батцогтоор бүл нэмж 35 болоотохсон нь саяхны явдал. Тэгтэл эрх баригч АН-ыг ганц цаг зүгээр суулгадаггүй УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй гэж байгай. Хэрвээ АН дүрмээ ягштал сахиж, найман “Дүлзэн”-гээ шилбүүрдээд хөөчихвөл МАН, АН хоёр ердөө ганцхан гишүүний зөрүүтэй болж, хачин жигтэйхэн ойлгомжгүй байдал ноёрхоно.
Хэрэв дахиад ганц хоёр “Дүлзэн” чимээгүйхэн тодрон гарвал өнөөдөр сөрөг хүчин гэгдэн буланд шахагдаж суугаа МАН олонх болж жинхэнэ золиг шиг юм болно.
Ингээд ургуулан бодоод байвал Монголын улстөр, түүнийг хутгаж суугаа улстөрч нэртэй “хор найруулагчид” шиг хөгтэй, хөгжилтэй туучийнууд өөр хаа нэгтэй байдгийг мэдэхгүй юм. Мөн ч хачин жигтэй, хиншүү хярвас ханхлуулсан улстөр дахиад л оволзож эхлэх нь дээ. Яана даа, хөөрхий.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (November 06, 2014 10:46:05 am )
Namiinaa hamgaalval namslaa geed shudragaa unniig dagval Dulzendlee geed hetsuu chi uymaa.Shudarga l baih heregtei shidee.Nam geed buruu uym hiij baihad ni dulii dumbu orgiod suuh estoi uym u .
1 Comment