Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх батлан даалтад гараад найм хонож байгаа. Өнгөрсөн зун АТГ-аас Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон тухай тус газрынхан мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр АТГ болон Нийслэлийн прокурорын газар хамтран Л.Гансүхийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тус газар Л.Гансүхийг шалгаж эхэлснээс хойш хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, Хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй мэтээр ташаа мэдээлэл цацах болсон тухай тэд мэдээллийнхээ эхэнд онцолсон.
Тиймээс Л.Гансүхийн холбогдоод байгаа хэргийн бодит байдлыг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж АТГ-ынхан үзжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Л.Гансүх, М.Тулга нарын арван иргэнийг шалгаж байгаа. Тэд “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс мөнгө идээд зогсохгүй зарим компаниудаас ихээхэн хэмжээний мөнгө баримт хийхгүйгээр авч ашигласан нь тогтоогдож байгаа. Улмаар хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг тэдэнтэй өмгөөлөгчийг нь уулзуулахгүй, мөн эрүүдэн шүүсэн зүйл байхгүй” гэдгийг онцоллоо. Мөн Л.Гансүх нь өөрийн хүрээллийн хэд хэдэн хүнтэй нийлж, шинээр аж ахуйн нэгж байгуулан Багануур ХХК-тай нүүрс нийлүүлэх, тээвэрлэх гэрээ байгуулж ажилласан байна.
Тухайлбал Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин нь Багануур ХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан хоёр ч компанийн ерөнхий нягтлан бодогчоор нь ажиллаж байсан.
Түүнчлэн худал тайлан гаргаж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 854 сая төгрөг гаргуулж байсан байна. Мөн Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар завдсан, нөлөөлөх гэж оролдсон, төрийн өндөр албан тушаалтны нэр барьсан гэх үндэслэлээр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад холбогдох баримтыг нь хүргүүлжээ.
Энэ үеэр АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Л.Гансүх нарын хэрэгт яг хэдэн хүнийг шалгаж байгаа вэ. Цагдан хоригдсон хүмүүсээс гадна гадуур байцаалт өгч байгаа хүмүүс байгаа юу?
-Энэхүү хэрэгт дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогийн байдлаар арван хүнийг сэжигтэн яллагдагчаар татан шалгаж байна. Үүнээс зургаан хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эдгээр зургаан хүнээс гурван хүн нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийдвэрлэж гаргаад гурван хүнийг цаашид цагдан хорьж байгаа.
-“Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэж байгаа ч энэ мөнгөн дээр их хэмжээний мөнгө завшсан нь нотлогдож байгаа гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?
-2012, 2013 оны гэрээний дагуу нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр Багануур ХХК-иас худалдаж авсан. Эргүүлээд 2012-2014 онуудад борлуулахдаа 19.9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг. Борлуулсан үнийг та бүхэн мэдэж байгаа. Иргэдэд нэг тонныг нь 80000 төгрөгөөр борлуулж байсан. Уг асуудлаар Үндэсний аудитын газар шалгалт хийж дүгнэлт гаргасан.
Дээрээс нь АТГ-т шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор шинжээч нарыг томилон ажиллуулж, давхар дүгнэлт гаргуулж асуудлыг нягталж үзлээ.
-М.Тулгын биеийн байдал муу байгаа гэсэн?
-М.Тулгын хувьд нарийн мэргэжлийн оношлогоонд орж “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт 18 хоног хэвтэн эмчлүүлсэн байгаа. Улмаар эмч нарын зүгээс М.Тулгыг цаашид цагдан хоригдоход болно. Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэсэн учраас цагдан хорих хугацааг сунгасан. Түүний хувьд 2010 оноос нурууны бэртэлтэй байсан юм билээ.
-“Багануур” ХХК-ийн хувьд их хэмжээний хохирол амсссан гэсэн. Энэ талаар?
-“Багануур” ХХК-ийн хувьд 2.8 тэрбум төгрөгний хохирол хүлээсэн. Мөн эдгээр компаниудаас Л.Гансүх нарын хүмүүс их хэмжээний мөнгө авч хувьдаа ашигласан байж болзошгүй байгаа. Одоогоор хэн хэдэн төгрөг авсныг тодорхойлон хэлэх боломжгүй байна.
-Хоригдож буй хүмүүст эргэлт уулзалтыг оруулахгүй байгаа гэх хэл ам их байгаа?
-Эргэлт уулзалтыг оруулж байгаа. Ар гэрийнхэн, өмгөөлөгчдөөс гадна дэмжигч иргэд, зарим гишүүд төлөөлөгчдийг ч оруулж уулзуулсан.
Л.Гансүхийг цагдан хоригдож байх хугацаанд 20 удаа эргэлт орсон бол М.Тулгад 10, Мөнгөнтуяад 21, Э.Төмөрбаатарт 9, харин Батхуягт 10 удаа эргэлт орсон.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.