Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хамт “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэргээр хоригдож байгаа М.Тулгын ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа. М.Тулга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний туслах юм.
-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг батлан даалтад гаргасан. Харин таны хүүгийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа. Яагаад тэр вэ?
-Батлан даалтад гаргах эсэхийг шүүхээс хэлэлцэх энэ удаагийн хэлэлцүүлэгт ар гэрийнхнийг нь оролцуулаагүй. Харин өмнөх хэлэлцүүлэгт нь би орж байсан. Шүүх бүрэлдэхүүн өөрийг нь батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх үеэр хүү маань “Сонгдо” эмнэлэгт хэвтэж байсан.
-М.Тулга өмнө нь нурууны хууч өвчтэй байсан гэсэн. Гэтэл харгалзагч нь зодсоноос өвчин нь сэдэрсэн гэж хэвлэлээр мэдээлж байна. Яг юу болсон юм бэ?
-Хорих ангийн хуяг хүүг маань долдугаар сарын 30-нд хорихын камер руу оруулахдаа нуруу руу нь өшиглөснөөс болж хууч өвчин нь сэдэрсэн. Тэр хуяг өмгөөлөгчтэй нь маргалдсан юм билээ. Тэгээд М.Тулгыг камер руу оруулахдаа “Чи муухай хараад байна уу” гээд нуруу руу нь өшиглөөд оруулсан гэсэн. Үүнийг өмгөөлөгч нь харж гомдол мэдүүлснээр тухайн хуягийг ажлаас нь чөлөөлсөн. Харин нөгөө хуягууд энэ явдлаас болж хүүд минь өс санах маягаар дарамталдаг байсан талаар хэлдэг.
-Эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг хорих анги руу шууд ачсан нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхгүй байгаа. “Сонгдо”-д хэвтэж эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан уу?
-Өнгөрсөн хугацаанд 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт миний хүү 2-3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Өмнө нь 2010 оноос хойш нуруу нь өвддөг байсан юм. Ингээд хоригдсоноос нь хойш хорихын эмнэлгээс гадуур өөр эмнэлэгт үзүүлж нарийн оношлуулах талаар АТГ-ын байцаагч нарт удаа дараа хүсэлт гаргасан. Тэд өмнөөс хуулийн заалт яриад болж, бүтэхгүй талаар нь хэлдэг байсан. Ингэж явсаар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд хөл нь мэдээ алдаж эхэлсэн. АТГ-т хүсэлт гаргаад 461 дүгээр хорих ангийн эмч нар тодорхойлолт хийж өгсөн. Ингээд хөл нь мэдээ алдаж эхэлснээс хойш14 хоног хөөцөлдөж байж анх “Сонгдо” эмнэлэгт үзүүлэх зөвшөөрөл авсан юм. Ер нь АТГ “Сонгдо”-д ханддаг юм билээ. Иймээс АТГ-аас над руу утасдаад “Хүүхдийг чинь шинжилгээнд хамруулъя” гэж ярьсан. Би ч хүүхдээ эмнэлэгт эмчлүүлэх талаар хөөцөлдөж байсан учраас “Тэгье” л гэсэн. Уг нь сүүлийн үед “Гранд мед” эмнэлэг нурууны мэс засал хийж байгаа юм билээ. Тэгээд хүү маань ч гэсэн нэг мөсөн нуруу, нугасны эмнэлэгт хандах талаар ярьж байсан юм. Өмнө нь “Сонгдо”-д үзүүлж байхад мэргэжлийн эмчгүй байсан гэж хүү маань хэлж байсан. Өмгөөлөгчдөө хандаад “Гранд мед” эмнэлэгт үзүүлэх талаар хэлэхэд АТГ-аас “Танайх анхнаасаа “Сонгдо”-г сонгосон учраас боломжгүй” гэсэн. Тэгээд шинжилгээ хийлгэхэд “Хэвтэж эмчлүүлэх шаардлагатай” гэсэн онош гараад дахиад 14 хоног болсон. АТГ-ын дарга нар нь “Танилцаж байна, гарын үсэг зурна” гээд удсан. Энэ хооронд хүний бие өвдөж байгаа зэрэгт санаа зовсон байдал эдгээр хүмүүсийн хэнд ч байгаагүй. Тэгэхээр нь 461 дүгээр хорих ангийн үүдийг би бүтэн долоо хоног сахиж байж “Сонгдо”-д авчирч хэвтүүлсэн. М.Тулгын эмчлэгч эмч нь Б.Болдсайхан эмч байсан.
-Хүүг тань эмнэлэгт хэвтэж байхад шахалт дарамт их байсан талаар өөрийн тань сонинд өгсөн ярилцлагаас уншлаа. Та нэлээд гомдолтой байгаа бололтой. Яг юу болсон юм бэ?
-“Сонгдо” эмнэлэгт хүүг маань харгалзагчийн хамт хэвтүүлсэн. Гэрийнхэн нь хоол цай оруулахаас өөр уулзаж ярилцах боломж байхгүй. Хөлийн мэдээ алдалт нь байнгын хэвтэрт зүү тавиулж байж гайгүй болдог. Гэтэл хоёр хоногийн дараа эргэхэд төмөр тулчихсан хөлөө чирээд явж байсан. Тэгэхээр нь “Миний хүү ингэж явж болохгүй шүү дээ. Ингээд байвал нурууны чинь судас дарагдаад бүр суучихна” гэхэд хариу ч сонсох боломжгүй өрөөнийх нь хаалгыг хаачихсан. Ингээд эхний долоо хоног бид уулзаж чадаагүй. Дараагийн долоо хоногийн хоёр дахь өдөр нь эргэлтийн өдөр учраас орсон. Тэгээд “Яагаад төмөр тулаад яваад байгаа юм бэ” гэхэд “Эмч нь яв гэж дарамтлаад байна. Явахгүй бол хараалын үг хэлээд “Чи зүгээр байгаа шүү. Босч яв. Битгий баашлаад бай. Эмнэлгийн нэр хүнд гутаагаад байна” гэж эмчлэгч эмч нь дарамталж байгаа талаар хэлсэн. Ингээд маргааш нь эмч дээр нь орж уулзсан юм. Удахгүй хорих хугацааг нь сунгах, үгүй эсэхийг хэлэлцэх гэж байсан учраас хүүгийнхээ биеийн байдлыг орж асуусан юм. Мөн эх хүний хувьд хүүгээ өмнө нь өвдөж, хөл нь мэдээ алддаг байсан талаар хэлж “Энэ хүүхэд үнэхээр зүгээр биш” гэдгийг хэлсэн. Гэтэл “Танай хүүхэд зүгээр байгаа. Манайх мэргэжлийн эмчгүй ч гэсэн III эмнэлгийн эмч нарыг авчирч үзүүлсэн. Танай хүүхэд зүгээр” гэж тайлбарласан. Надад өвчнийх нь талаар хэлж өгсөн л дөө. “Нурууны завсар байдаг мөгөөрс нь зүгээр. Бараг хадаас хатгасан ч мэдрэхгүй” гэж хэлсэн. Түүнээс гадна эмч хүний хувьд надад нэг зохисгүй үг хэлсэн нь “Ийм жаахан байж Ерөнхий сайдын туслах хийнэ гэж юу байсан юм. Далдаганаж яваад ийм байдалд хүрч байна” гэсэн. Гэхдээ үүнийг би нэг их хүндээр хүлээж аваагүй. “Хамгийн гол нь хүүхдийг минь эрүүл саруул болгох тал дээр та туслаач” гэсэн. Тэгэхэд Б.Болдсайхан эмч “Харин тийм. Би АТГ-ынханд хэлсэн. Та нар наад хүнээ эмчлүүлэхгүй бол гай болно шүү” гэж хэлсэн. Тэгээд тэд оношлогоо хийлгэхээр болсон. Ингээд би танай хүүхдийг 10 хоног ч гэсэн амраад аваг гэж бодоод авчирсан” гэж хэлсэн. Ингээд хүн сэтгэлээсээ ярьж байхад би өмнөөс нь асаад “Миний хүүхдийг битгий ингэж дарамтлаад байгаач” гэж хэлэх ухамсар байхгүй шүү дээ.
-Цагдан хорих хугацааг сунгах, батлан даалтад гаргах шүүхийн хэлэлцүүлэгт эмнэлгийн онош чухал байдаг. М.Тулгын шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?
-Цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт “Сонгдо”-оос “Эрүүл мэнд нь зүгээр” гэсэн онош гаргаж өгсөн байсан. Шүүх нэгэнт эмнэлгээс ийм онош гаргаж өгсөн учраас өмгөөлөгч хэчнээн “Энэ хүн ийм хүнд байгаа” гэж хэлээд шүүх авч хэлэлцдэггүй юм билээ. Ингээд хугацааг нь 30 хоногоор сунгачихсан. Иймд хүүгийнхээ эхнэртэй нь дээрх шийдвэр гарсны маргааш Б.Болдсайхан эмч дээр орсон. Б.Болдсайхан эмч нөгөө л ярьдаг хадаас хатгасан ч зүгээр гэдэг зүйлээ ярина лээ. Тэгтэл эхнэр нь дургүйцэж “Би 2010 оноос хойш нөхрөө дагаж эмчлүүлж байгаа хүний хувьд зүгээр биш гэдгийг нь мэдэж байна. Та яагаад ийм онош гаргаад байна вэ” гэхэд “Тэгвэл тэр шорон руу нь одоо аваад яв. Гай болж байх шив дээ” гэж уурласан. Тэгэхээр нь би аль болох ая эвийг нь олж байгаад дахиад нэг мэргэжлийн эмчид үзүүлчих санаатай чимээгүй л байсан. Гэхдээ “Одоо үргэлжлүүлж хорихоор боллоо. Та зүгээр гээд явуулчихаж байгаа юм чинь 461 дүгээр хорих ангид очоод ямар нэг үр дагавар гарах уу” гэхэд “Юу болов гэж, эмээ уугаад л хэвтэж байна биз. Дараа нь юу болохыг би бөө биш яаж мэдэх юм” гэж хэлж байгаад нь гомдмоор санагдсан.
-“Сонгдо” эмнэлгийн эмч Б.Болдсайхан М.Тулгыг эрүүл мэнд нь зүгээр гэсэн онош гаргасан юм байна. Тэгэхээр танай хүүхэд 13 хоног хэвтэж эмчлүүлэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ?
-Булчин суллах дусал тариа хийхээс гадна өвчин намдаах маш хүчтэй эмнүүд өгч байсан. Хүчтэй эм ууж байсан учраас хүү маань хэд хоног хөл нь мэдээгүй ч гэсэн өвдөлтийг мэдрээгүй байх. Хамгийн гол нь эмчлэгч эмч нь дарамтлаад байхаар тэр хүнд ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ хоолой нь идээлчихсэн байсан учраас антибиотик өгч байсан. Зөвхөн хоолой өвдсөн бол 461 дүгээр хорих ангийн эмч нар эмчилчихнэ шүү дээ.
-Ер нь хүний гэм буруутайг шүүхээс тогтоогоогүй байхад олон сараар баривчилдаг жишиг тогтчихлоо. Энэ таныхаар хүнлэг ардчилсан нийгэм мөн үү?
-Чи их онож асуулаа. Бид үнэхээр хүнлэг биш нийгэмд амьдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл энэ жишгийг буруу гэж хэлсэн байна лээ. Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлэхдээ хорьж цагдахыг урьтал болгодог бүдүүлэг арга барилаа өнөөдөр ч өөрчлөх боломж манай хуулийнханд байгаа. Хууль нь ийм юм гээд хүмүүсийг айлгах, залхаах байдлаар хэрэг хүлээлгэх гэж оролдох явдал бол гэмт хэрэг гэдгийг би энд онцолж хэлье. Тэгэхээр үүнийг засах ажлыг бид зөвхөн хүнээс биш хуулиасаа, тогтолцооноосоо хайж, түүнийг өөрчилж байж л иж бүрэн өөрчилж чадна” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд энэ байдал үнэхээр газар авч байна шүү дээ. Би хүүгээ хэлмэгдэж байгаа гэдгийг онцолмоор байна.
-Анх хүүг тань хэрхэн баривчилсан бэ. Өмнө нь хуулийн байгууллагаас мэдэгдэж байцаалт авч байсан уу?
-Долдугаар сарын 29-ний өдөр би хүүтэйгээ утсаар ярьсан. “Ээж ээ, хүү нь гадуур ажилтай явж байна” гэсэн. Дүү нь бас элэгний өвчтэй. Тэгээд дүүгийнх нь эмний мөнгө дууссан учраас хүүгээсээ мөнгө асууж залгасан юм. Тэгэхэд “Ээжээ, маргааш цалин бууна” гээд зүгээр ярьж байсан. Гэтэл 30 минутын дараа эхнэр нь над руу яриад “М.Тулгыг АТГ-аас бариад явчихлаа” гэсэн. Үнэхээр хүнд цохилт болсон. Гудамжинд явж байхад нь бариад явсан байна лээ. Тэгээд маргааш нь би АТГ-т очоод юу болсон талаар асуусан. “Онц ноцтой гэмт хэрэг хийсэн” гэснээс өөр тайлбар хэлээгүй. Би бодохдоо хүний аминд хүрчихсэн юм биш байгаа гээд элдвийн юм бодсон. Орой нь хоёр хүүхдийг нь гэртээ байхад гэрийг нь нэгжээд уйлаан майлаан болоод бөөн юм болсон. Нэг барьцаат зээлийн газар ажиллуулдаг байсан найзыг нь бас барьж гурван сар хориод сая Л.Гансүхтэй хамт батлан даалтад гаргалаа шүү дээ.
-М.Тулга саатуулагдахаасаа өмнө нь ямар албан тушаал хашиж байсан бэ. Ерөнхий сайдын зөвлөхөөр өмнө нь ажиллаж байсан байх аа?
-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрөгч гуравдугаар сараас больсон. Манай хүү Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга шүү дээ. Зөвлөх, намын даргын үүргийг давхар хийж байгаад зөвлөхийн ажлаа өгөөд намын даргын ажлаа л хийж байсан. Мөн цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байсан юм.
-“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан хэрэгт хүү чинь шалгагдаж байгаа. “Нүүрс” хөтөлбөртэй яаж яваад холбогдчихов?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байх үед нь миний хүү “Нүүрс” хөтөлбөрийн талаар судалж байсан. Өөрөөр хэлбэл, ажил болгох хүртэлх бүх зүйлийг хийлцсэн. Би ээжийнх нь хувьд мэдэж байна. Том, жижиг шуудай судлаад л хэдэн кг-аар савлах энэ тэр гээд ярьдаг байсан. Ингэж яваад ажил болсон. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжээд хүн бүр л ам сайтай байлаа. Энэ ажлаараа “Шинэчлэлийн баатар” гэж болж байсан шүү дээ, миний хүү. “Нүүрс” хөтөлбөрийн судалгаанд оролцож ажил болгосон хүн нь манай хүү мөн. Дарга буюу Н.Алтанхуягийн хэлсэн үүргийг биелүүлсэн хүн шүү дээ. Гэтэл одоо хийсэн ажлыг нь буруутгаад байж болохгүй шүү дээ.
-Сая хүү чинь “Сонгдо”-д хэвтэж эмчлүүлэхэд нийт хэдэн төгрөгийн зардал гарсан бэ. Таныхаар бол Б.Болдсайхан эмч бизнес хийчихсэн юм шиг ярьж байна шүү дээ?
-Миний хүүгээр бизнес хийсэн нь үнэн. “Үнэхээр бие нь муу байна” гээд авчирсан хүн чинь эцсийн оношлогоог зөв гаргаж өгөх байсан. Нийт 13 хоногт таван сая төгрөг зарцууллаа. 13 хоног хэвтүүлчихээд “Гар” гэж хэлэхгүй байсан. Гэтэл хүү маань сүүлийн уулзалтаар “Ээж ээ, би эндээс гаръя. Та прокурор дуудаад өгөөч. Би энэ эмчид байцаагч шиг дарамтлуулж чадахгүй. Ингэж байснаас 461 дүгээр ангид очоод хэвтэж байя. Намайг ямар хүн болох нь уу энэ хүн харна биз” гэсэн. Тэгээд 16 хоноод хүүг маань 461 дүгээр хорих ангийн эмнэлэг рүү авч явсан. Би 13 хоногийн төлбөрийг нь эмнэлэгт төлсөн. Одоо гурав хоногийн мөнгийг нь өгч чадаагүй, 360 гаруй мянган төгрөг нэхээд утасдаад байж байна. Би “Сонгдо”-д гомдолтой байгаа. Яах гэж өвчтэй байна гэж манай хүүхдийг авчирсан юм. Эхнээсээ зүгээр байсан бол эмнэлэгтээ хэвтүүлэх шаардлагагүй байсан.
-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй та уулзсан уу?
-Уулзаагүй. “Интер мед” эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн байх. Бие нь гайгүй болохоор очиж уулзах санаатай байна. АТГ шалгах ямар нэгэн үндэслэл байгаа учраас шалгаж байгаа гэж бодож байна. Гэхдээ хүүд маань хэн нэгний хэргийг үүрүүлчихвий гэж эмээж байна. Ажлаа хийгээд явж байгаа залуучуудыг гудамжинд явж байхад нь шууд баривчлаад хэдэн сараар хорьж амьдралгүй болгодог байдлыг гайхдаг. Одоо дөрвөн сар шахам хоригдож байна. Хувийн эмнэлэгт хэвтсэн ч гэсэн бусдын эрхэнд дарамтлуулж байна гэдэг чинь энэ хүн эргээд амьдрах орчингүй болж байна шүү дээ. Энэ эмнэлгээс аавдаа үүрүүлээд гарахдаа хүү маань надад“Энэ эмчийг шүүхэд өгөөрэй. Намайг элдвээр харааж зүхэж, энэ муу ялтан гэдэг байдлаар хандаж, хэн ч биш болгоод гаргалаа” гэж хэлсэн. Тэгэхэд байцаагч нь бидний дэргэд байсан.
-Хорих ангид аваачсаны дараа та хүүтэйгээ уулзсан уу. Бие нь одоо ямар байх шиг байна вэ?
-Өнгөрөгч баасан гаригт хорих ангийн даргатай нь уулзах гэж очоод өдөржингөө хүлээгээд уулзаж чадсангүй. Одоо эмнэлгээс нэгэнт “Зүгээр” гээд хорих ангид авааччихсан юм чинь хорих ангийнхан АТГ-ынхны үгийг л сонсоно шүү дээ. Би “Хүү маань тахир дутуу болох гээд байна” гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй. Тиймээс бид “Сонгдо”-ийн гаргаж өгсөн CD, зургийг хувилаад Тайвань, Солонгос, Хятад руу явуулсан. Эхнээсээ Тайвань, Өмнөд Солонгосоос хариу нь ирсэн. “Дурангийн хагалгаа яаралтай хийлгэх шаардлагатай” гэсэн яг нэгэн жигд хариу ирж байна. Гэтэл дотоодын эмнэлэг нь зүгээр гээд хуулийнхны гарт хүүг маань өглөө. Аргаа бараад “Гранд мед” эмнэлгийн солонгос эмчид “Сонгдо”-гийн зургийг аваачаад үзүүлэхэд “Мэдрэлийн судас нь дарагдсан байна. Үнэхээр их өвдөлт өгч байгаа” гэдгийг хэлсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Цэцэгдэлгэр
– See more at: http://www.unen.mn/content/41772.shtml?alias=unen#sthash.kgGvLGxH.dpuf
Холбоотой мэдээ
-
ЧИМГЭЭ (November 03, 2014 4:09:44 pm )
ЭНЭ БАЛИАР ШУНАЛЫН ТУЛАМ БОЛДСАЙХАН ӨӨРӨӨ ШОРОНД ОРНОО ЧИ, ЯАГААД ГЭВЭЛ ЭМЧИЙН ӨРГӨСӨН ТАНГАРАГААСАА БУЦАЖ ӨВЧТЭЙ ХҮНЭЭР ДООГ ТОХУУ ХИЙЖ ДОРОМЖИЛЖ БАСАМЖИЛСАН БАЙНА Ш ДЭЭ АР ГЭРИЙНХЭН НЬ БОЛДСАЙХАН ГЭЖ МАЛЫН ЭМЧИЙГ ШҮҮХЭД ӨГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИД БИЧ ХЭҮК-Д ГОМДОЛ ГАРГАА ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДООГҮЙ ХҮНИЙГ ЯЛТАН ГЭЖ ХАРЬЦДАГ ТЭР МУУ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ХУЖАА СОЛОНГОС ХҮНЭЭС ДОР НОВШИЙГ ХАРИН ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ ЭМЧ ХҮН ДАЙСАНАА Ч ЭМЧИЛЖ АМИЙГ НЬ АВРАХ ҮҮРЭГТЭЙ Ш ДЭЭ БОЛДСАЙХАН ГУАЙ ӨӨРИЙГӨӨ МУНДАГ ГЭЭД БОДЧИХСОН ӨЧҮҮХЭН АМЬТАН, ,АРД ИРГЭДЭДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭХЭД СОНГДО БОЛ ШАЛ ХУДЛАА ЭМНЭЛЭГ ШҮҮ
-
zochin (November 04, 2014 10:23:20 am )
yamar muuhai yum be emch gedegee martsan yum bolov u ali esvel zorilgoo martaad nudend ni mongo haragdaad baisan yum bolov u iim emch nar emnelegeer duurvel yana hun chanar,hunleg yosoo geesen emch nar olshirvol yana.Udval saidaa,emnelegiin baiguulaga tseverlegee hiih boljee,
2 Comments