Монголын уран бүтээлчид, ялангуяа киночид долоо хоноод л ээлжит киноныхоо нээлтийг бүх л телевизээр зарлан тунхаглаж, үзэгчдийг “За маргааш л энэ киног заавал үзье” гэтэл нь рекламдаж байгаад кино театр руу хошууруулж дөнгөж байна.
Ганцхан сарын дотор зургийг нь авч, хэдхэн шөнө суугаад дуу, дүрсээ нийлүүлчихдэг шинэ цагийн Монгол киноны нэрсийг сонирхвол бас л уран бүтээлч сэтгэлгээ гэхээсээ илүүтэй мөнгө даллан дуудах сонирхолтой нь илт анзаарагдана. Солонгосын савангийн дуурьт толгой нь эргэж гүйцсэн дунд сургуулийн хүүхдүүд, оюутан нэртэй ч оюуны бяд суух яагаа ч үгүй, ядаж л зөв бичгийн дүрмийн наад захын мэдлэггүй залуусын сэтгэлийг гижигдэх зорилготойгоор “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Тагнуулч аав”, “Хөлтрөг”, “Хүдэн”, “Анирлагч”, “Зүрхээр наадагч”, “Давхар цохилт”, “Миний ах атаман”, “Үргээлэг” “Сүүлчийн шөнө” гээд л үргэлжилнэ.
Бидний бага нас “Туул” рестораны өмнөх “Хүүхдийн ба баримтат кино театр” “Элдэв-Очир”, “Ард” кино театруудад гардаг байсан “Нарны унага”, “Гарьд магнай” “Би чамд хайртай”, “Хүний амь”,“Хон Гиль Дон”, “ХХ зууны далайн дээрэмчид”, “Ярилцъя ах аа” зэрэг онц сонирхолтой кинонуудад хөглөгдөж өссөн болохоор хагас, бүтэн сайнд кино үзнэ гэдэг хамгийн аз жаргалтай дурсамж байдагсан.
Тэр үед “Монголкино” үйлдвэр жилдээ хоёр гуравхан кино бүтээдэг байсан ч жинхэнэ утгаар хүний сэтгэлийг хөвсөлзүүлж, самсаа шархируулан, ухаарал хайрладаг чансаатай уран бүтээл хийдэг байж. Тиймдээ ч шинэ кино үзээд кино театраас уур савсуулан гарч байгаа үзэгчдийн царайд баяр хөөр тодорч, сэтгэл нь сэргэж, киноныхоо үйл явдалд хутгалдчихаад гарцгаадаг байв.
Бүх л телевизээр орой бүр реклам нь урин дуудаж, үйл явдал нь нүдэнд харагдах шиг болоод байхаар нь “Сүүлчийн шөнө” киног “Өргөө-2” кино театрт хэрэг зориг болгон очиж үзэв. Киноны найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар уран бүтээлийнхээ талаар итгэл төгс тайлбарлан ярихыг олон сонссон болохоор эхнэр, хүүхдээ шавдуулан байж кино эхлэхээс 30 минутын өмнө “Өргөө-2”-т очсоныг яана. Би “Сүүлчийн шөнө” киноноос урам зориг, шинэ сэтгэлгээ, урлагийн сайхан таашаал авахын тулд л тэгж яарсан хэрэг. Танхимд барагцаагаар дунд сургуулийн 20-30 сурагч, оюутан залуус, миний үеийн насны тав зургаан хос суудлаа эзэлж кино эхэлсэн.
Хэдийгээр ойролцоо суусан хүүхдүүд шарсан төмс шаржигнуулж, утсаар ярих нь чихэнд чийртэй байсан ч тэр бүхнийг анзаараагүй царайлж бушуухан л киноныхоо үйл явдалд уусахыг хүссэн юм. Монгол Улсын СГЗ Ш.Гүрбазарын зохиол ерөнхийдөө гурван үеийн төлөөллийн хайр сэтгэл, амьдралын дунд тохиолдох ээдрээ, өнгөрсөн амьдралын гэгээн дурсамж руу он цагийг эргүүлэн буцааж, урсаад өнгөрөх амьдралын утга учрыг өгүүлэхийг зорьж. Киноны эхнээс орчин цагийн монгол киноны нэгэн дүр төрх болсон хэтэрхий чамирхал, баян тансаг амьдралыг хүний сэтгэхүйн дээд үнэлэмж мэтээр үзүүлдэг дүрслэл шууд л эзэгнээд явчихаж байгаа юм. Залуу үеийн төлөөлөл Амирлан охины 18 насны төрсөн өдрийн зураглалаас үзэгчдийн сэтгэлд торж үлдэх дүрслэл, сэтгэлд нийцтэй халуун үг илэрхий дутагдаж байсан. Харин залуу жүжигчин О.Дөлгөөн энэ дүрийг үзэгчдийн сэтгэлд нэлээн ойртуулж, ялангуяа хайртай залуу Эрхэстэйгээ нууцаар хуримлаж байгаа хэсгийн сэтгэл дотроо агуулсан гуниг, хайртай залуугаа өрөвдөж хайрласан сэтгэлийг тун чадварлаг гаргасан нь л энэ киноны шигтгээ болжээ. Амирлан буюу О.Дөлгөөний 18 насны төрсөн өдрийн баярт урилгагүй хүрэлцэн ирж, түүний хойшдын амьдралыг таах аргагүй болгогч, Австралид сургууль төгссөн Билгүүний дүрийг жүжигчин Т.Билэгжаргал харин нэлээн өвөрмөц шийдэлтэй бүтээснийг хэлэх ёстой.
Ер нь энэ киног тааруухан найруулсан Н.Наранбаатар найруулагчаас илүүтэй чадварлаг жүжигчдийн тоглолт л арай жаахан өргөснийг шулуухан хэлчихье. Насны нар нь хэлбийсэн хойно бага насандаа хайрлаж явсан охинтойгоо санамсаргүй байдлаар учирсан эмч Цогнэмэхийн дүрийг бүтээсэн Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Амирлангийн аавын дүрийг бүтээсэн СТА Ц.Төмөрхуяг, Саянцэцэгийн дүрийг бүтээсэн МУГЖ Н.Батцэцэг, СТА С.Болд-Эрдэнэ нарын жүжиглэлт л үйл явлаас үйл явлын хооронд хоосон орон зай үүсгэж, утгын хэмнэлийг огцом ойлгомжгүй байдлаар шийдсэн, тун болхи найруулгатай “Сүүлчийн шөнө”-д сүүмийх одод байсан гэдгийг хэлэх ёстой. Ер нь үргэлжлэх хугацаандаа үзэгчдийг огтхон ч уйдаахгүй, үйл явдалдаа татан оролцуулж уйтгарлуулж, уйлуулж, догдлуулж, бас ухааруулж чаддаг сайн киноны алтан дүрэм нь үйл явдлын хоорондох утга, уянгын хэлхээс, дараагийн үйл явдалдаа үзэгчдийн сэтгэл, зүрхийг бэлтгэх найруулагчийн торгон мэдрэмж л байдаг. Тэгвэл “Сүүлчийн шөнө” кино сайн киноны алтан дүрмээс гажиж хэтэрхий огцом, ойлгомжгүй үйл явдлуудын цуглуулга болжээ.
Түүнээс гадна хэзээ хойно ч сэтгэл дотор бадамлан асч байдаг утга уянга шингэсэн кино болгонд маш сайн туслах дүр байдгийг Төрийн соёрхолт найруулагч маань ч бодолцсонгүй, киноны зохиолыг бичсэн СГЗ Ш.Гүрбазар ч тооцоолсонгүй. Жишээ нь 1980-аад оны дундуур төгсөх ангийн сурагчдын сэтгэл зүрхийг ёстой л хуйлруулж, уяраан догдлуулж явсан “Би чамд хайртай” кинонд хажуу айлаасаа сонгино гуйж, хэдхэн мөчийн дараа бага зэрэг халамцуухан “Уучлаарай би давсыг нь мартчихаж” гээд гуйвасхийн зогсож байдаг эрийн дүр байдаг. Чухамдаа “Би чамд хайртай” киног эргэн дурсах болгонд Монгол киноны туслах дүрийн нэрт мастеруудын нэг Г.Цэгмид гуайн бүтээсэн буузныхаа давсыг мартдаг будилуу эрийн дүр өөрийн эрхгүй бодогдож инээд хүрдэг билээ. Тэгвэл “Сүүлчийн шөнө” кинонд ийм л туслах дүр үгүйлэгдэж дүр, үйл явдлын хоорондох утгын нандин хэлхээс алдагджээ. Уран сайхны киноны гол зарчим нь үзэгдэх байдал, үйл хөдлөл, өрнөл, туйл, хөгжим, авиа, гээд хэлж, дүрсэлж, дуулгаж болох бүхнээр үзэгчдийн сэтгэлийг догдлуулахад л оршдог. Харин хэтэрхий драмчилж, тайзны урлагийн үг хэллэгээр бүхнийг илэрхийлэх гэж оролдвол хий хоосон уран цэцэрхэл давамгайлж, хожим хүний сэтгэлд үлдэх дүр, дүрслэл муутай болдгийг бодолцох учиртай. “Сүүлчийн шөнө” кино зохиолч, найруулагчдынхаа шийдлээр гурван үеийн, гурван өөр хосын хайр сэтгэл яван явсаар нэг танхимд нэг цаг мөчид дуусч байгаа ч хамгийн гол нь оршил, өрнөл, туйлын утгын хэлхээс алдагдаж, зүгээр л үзэгчдийн сэтгэлийг үе үехэн хөвсөлзүүлээд өнгөрөх илэрхий өнгөц, барьцгүй дүрслэлүүд үргэлжилсээр байгаад дуусч байна. Аргагүй л драмын найруулагчийн шийдэл учир “Цаг хугацаа биднийг усны давалгаа мэт элээж оддог уу, эсвэл биднийг тойрон байдаг уу” гэсэн жүжгийн гэмээр хэллэгээр Н.Наранбаатар найруулагчийн “Сүүлчийн шөнө” уран сайхны кино төгсдөг. Харин энэ киноны хөгжим, дуу авиа боломжийн санагдсан.
Товчхондоо “Сүүлчийн шөнө” киног драмын найруулагч найруулсан нь уран сайхны кино, тайзны урлаг хоёрын үйл явдлын өрнөл, утгын тайлал дундах жижигхэн гэж үл тоомсорлож болохгүй хэлхээ холбоог алдагдуулснаас сэтгэлд төдийлөн үлдэцгүй дүр, дүрслэлийн бөөгнөрөл болжээ.
Хэдийгээр бибээр мэргэжлийн хүн биш ч сүүлийн үед долоо хоног бүр нээлтээ хийж байгаа ганц сарын настай уран сайхны нэртэй уран сайхангүй кинонуудад үнэлэлт, дүгнэлт өгдөг хүнгүй шахам болсонд сэтгэлээ чилээн үүнийг тэрлэв. Үг хэдий хатуу ч үнэн тусмаа үйл хэрэгт тустайг бодолцов. Авахыг нь аваад хаяхыг нь хаясугай хэмээжүхэй.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (October 22, 2014 2:00:48 pm )
iimerhuu shuumj uneheer heregtei shuu
-
Anonymous (October 22, 2014 5:27:35 pm )
Ойрд иймэрхүү үг үсгийн алдаагүй мэдээ ховор болжээ. (мэдээ гэчихье). Шүүмж хэрэгтэй. Сайн ч шүүмжилж гэж бодож байна. ялангуяа тэр “Киноны эхнээс орчин цагийн монгол киноны нэгэн дүр төрх болсон хэтэрхий чамирхал, баян тансаг амьдралыг хүний сэтгэхүйн дээд үнэлэмж мэтээр үзүүлдэг дүрслэл шууд л эзэгнээд явчихаж байгаа юм” гэдэг өгүүлбэр яг үнэн шүү. Кино болгонд л иймэрхүү дүрслэл гардаг болж.
-
Anonymous (October 22, 2014 6:27:35 pm )
uzehee boliloo. odoo ch haltuurnii kinonuud ih bolj
-
hmm (October 23, 2014 11:30:46 am )
yg zow sain shuumjleed oilguulad ogouih heregtei ter bayn tansag n dendtsen amidarlaas hol tasarhai kino ih bolj hunii setgeliig hondoj 1g bodogduulah kino suuliin ued mongolchuud hiij chadahgui bolj. deer ueiin kino hund yaj tusdag bilee odoo ch martagdaagui duruud utga sanaa bn.
4 Comments