“Хямд үнэ, чанартай сонголт” гэж ирээд л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол сурталчилдаг “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд үнэн хэрэгтээ луйврын арга хэрэгжүүлдэг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Үйлчлүүлэгчдээ хэрхэн хулхидаж, хэдэн төгрөг ахиухан салгахаа тэд хэнээс ч дутуугүй мэддэг. Саяхны нэгэн өдөр “Миний дэлгүүр” сүлжээний гурван ч дэлгүүрээр орж үзлээ. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд ялгарах зүйлгүй тэдгээр газарт үйлчлүүлэгчээ хулхидах арга нь ч мөн яг адилхан байсан гээд бод доо.
Эхний удаад 11 дүгээр хороололд байрлах “Миний дэлгүүр”-т орж, 4800 төгрөгийн үнэтэй амтат бялуу худалдаж авлаа. Гурван ч касс байгаа атал хоёр машиных нь эзэн алга. Арга буюу нэг кассны ард дугаарлаж арайхийн тооцооны машинд хүртэл мөнөөх бялууны маань үнэ 8000 болтлоо “өсчихдөг” байгаа. Учир байдлыг лавлавал, үйлчилгээний ажилтнууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг сольж амжаагүй юм гэх. Шинэ бараа байрлуулах, үнийн шошго тавих гэх мэт ажил нь ар араасаа ундраад хөөрхий ажилтнууд нь зарим зүйлээ ор тас мартчихсан байхыг үгүйсгэх арга алга. Гэхдээ үйлчлүүлэгчид тэдний андуурал, ажлын алдаанаас болоод хэтэвчээ хоослох албагүй байлтай. Ард дугаарлаж байгаа үйлчлүүлэгчдээсээ ичээд кассын ажилтны мөнгө нэхсэн харц, өндөр үнэ бичсэн талоны хавчлага дор хэлсэн тоогоор нь хэтэвчээ сэгсрээд гарах хүн цөөнгүй байдаг гэж сонссон. Харин миний хувьд, иймэрхүү байдалд өмнө нь ч бас орж байсан учраас энэ удаа бууж өгөхийг хүссэнгүй. Тухайн бүтээгдэхүүнийг тэр даруйд нь буцаагаад лангууны дор огт байгаагүй үнийн шошгыг “буруу харсан” хэрэгт буруутгагдсаар гарч одлоо.
Мэдээж хэрэг, надад харааны шил зүүлгэх шахсан “Миний дэлгүүр”-ийнхэн гэмгүй мэт царайлаад ээлжит үйлчлүүлэгчээ хулхидаад үлдсэн нь тодорхой. Дараа нь хорооллын “Ачлал” их дэлгүүрийн доод хонгилд байрлах “Миний дэлгүүр”-т орж үзлээ. 2500 төгрөгийн үнэ бичсэн лангуун дээрээс цаасан ууттай жигнэмэг аваад кассны бүсгүйд өгсөн биш баахан доромжлуулах нь тэр. Жигнэмэгийн “жинхэнэ үнэ” нь 4000 төгрөг гэх бөгөөд тооцооны ажилтан маань үйлчлүүлэгчээ “Ийм хямдхан жигнэмэг та хаанаас худалдаж авна гэж санаа вэ” хэмээн толгой түрүүгүй загнаж байх юм. Хэн ч гэсэн, хэтэвчиндээ байгаа мөнгөнийхөө хэмжээнд тааруулж юу худалдаж авахаа шийднэ биз дээ.
Тэндээс гараад “Өргөө” кинотеатрын урд байрлах “Миний дэлгүүр”-т орохдоо “Одоо бас ямар үнээр яаж хулхидах бол” гэсэн багахан айдастай байсныг нуугаад яах вэ. Хүүхдийн баяр ойртож байгааг ч хэлэх үү, жаал зугаа юм сонирхох санаатай явтал гэрлэн чимэглэл бүхий сэнстэй тоглоом анхаарал татлаа. Олон янзын загвартай, чихэр багтаасан эдгээр тоглоомын доод талд “1700 төгрөг” гэсэн үнийн шошго тодоос тод харагдаж байна. Арай л дэргэдүүр өнгөрсөн өвөөгөөс харааных нь шилийг гуйж авсангүй. Худалч хүнд, тэнд бараг сохор хүн ч олж хармаар томоор бичсэн байна лээ. Ингээд уг тоглоомыг тээшний савандаа хийгээд тооцооны машин дээр иртэл ахиад л хэрэг бишидлээ. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүний маань тооцоо бодож байснаас минь бүр хэтрээд явчихлаа шүү. Кассын ажилтны хэлсэн үнийг төлчихөөд талоноо авч үзтэл, өнөөх гоё тоглоом чинь 1700 биш 5770 төгрөгийн үнэтэй гэж бичигдэж.
Арга ядаад тооцооны ажилтнаас учрыг лавлахад “Угаасаа л ийм үнэтэй шүү дээ” гэж хоёр гараа энгэртээ зөрүүлчихээд пээдийж байна. “Тэгвэл яагаад 1700 төгрөг гэсэн шошго хадсан юм бэ” гэвэл “Тэр чинь зөвхөн батарейны үнэ” гэдэг байгаа. Бодвол, мөнөөх завгүй ажилтнууд нь батарейны үнийг бичээд уймарч явахдаа тоглоомынхоо үнийг бас л “мартчихсан” бололтой. Гэтэл ард зогсож байсан хоёр эмэгтэй тохойноос минь нударч “Өчигдөр би бас хууртсан юм. Хямдхан үнэтэй юм байна гэж бодоод автал ийм их мөнгө нэхдэг байгаа” гэж нэг нь ундууцахад нөгөөх нь “Би ч гэсэн, өндөр үнэ төлөх шахсан. Наадахаа буцаа” гэж дэм өглөө. Хажуунаас нэг бяцхан охин “Эгч ээ, та аваад хэрэггүй ээ. Ээж бид хоёр бас буцаасан юм чинь” гэхэд нь сая л юу болохыг ухаарлаа.
“Миний дэлгүүр”-ийн хулхи арга бүх салбарт нь хэрэгждэг юм байна шүү дээ. Хамгийн сонирхолтой нь, надаас өмнө хэд хэдэн удаа ийм гомдол гарч байсан гэхэд уг дэлгүүрийнхэн алдаагаа ер засаагүй байх юм. За даа, ер нь засах гэж оролдоо ч үгүй биз. Ийнхүү кассын дэргэд үүссэн үйлчлүүлэгчдийн бухимдлаас болоод тус дэлгүүрийнхэн удаан гэдийж чадсангүй. Худалдаж авсан барааны минь талоныг хураан авч, надад 5170 төгрөг өгөөд цаашаа харсан. Инээд ч хүрэх шиг. 1700 төгрөгийн үнэтэй тоглоомыг нь “андуурч” аваад 5770 төгрөг төлсөн биш, буцааж өглөө гээд намайг 600 төгрөгөөр торгож байгаа юм байх даа.
Өнөөх сэтгэлд хүрсэн үйлчилгээ, чанартай сонголт нь хаачив аа. Харин ч бүр хулхи үйлчилгээ, хуурамч сонголт гэж нэрлэмээр юм даа, “Миний дэлгүүр”-ийнхэн. Тээшний саваа дүүртэл бараа бүтээгдэхүүн худалдаж авсан үйлчлүүлэгч тооцооныхоо хуудсыг шалгах завгүй гарах юмуу аль эсвэл нэрэлхүү зантай эрхмүүд хэлсэн үнийг чинь төлөөд гарах үе олон л байдаг байх.
Гэхдээ хэлэхэд ч ичмээр энэ болхи аргаа орхихгүй бол өөрсдийгөө мянга сайхан сурталчлаад ч нэмэргүй болох вий дээ. Ганцхан өдрийн дотор “Миний дэлгүүр”-ийн гурван ч салбарт орж үзлээ. Гурвуулаа л үнийн андуурал, ажлын алдаатай байна гэдэг нь ердийн үзэгдэл гэж үү, таминь. Үүнээс үзвэл “Миний дэлгүүр”, цаашилбал “Мэхний дэлгүүр”-ийн түгээмэл аргуудын нэг биз ээ.
Р.ЕСҮЙ

Холбоотой мэдээ
-
Anonymous (December 04, 2011 9:37:50 am )
w w w autohelpmn ороод үзээрэй, таныг уйдаахгүй.
Энэ миний дэлгүүр яг ийм заваан ш дээ. Орсон хүн болгон л гомдолтой байдаг юм -
Anonymous (December 29, 2011 9:52:53 pm )
minii delguur yag iim baidag.
2 Comments