antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

“Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” уриа хаана явна

нийтлэсэн Admin

“Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг” гэх зүйр үг үнэн ажээ. Эцэг, эхийн халамж дутсан, архи согтууруулах ундаа хэрэглэхийг нь даган дууриасан олон хүүхэд гэмт хэрэгт оролцож, хүчирхийлэлд өртсөөр буй.

Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож хорих ял эдлэх, хүнд хөдөлмөр эрхлэх, гэр орон, сургууль, цэцэрлэг, болон асрамж халамжийн төв, гудамж талбай зэрэг бүхий л орчиндоо хүчирхийлэл, дарамтад өртсөөр байна.

Магадгүй таны хүү, охин гэмт хэргийн золиос, зохион байгуулагч нь болж яваа ч юм бил үү. Ийм л орчинд хүүхдүүд өсөн торниж өргөн хүрээгээр тэлж байна. Зарим нь харьд одсон эцэг, эхээ санан бэтгэрч эмээ, өвөө, хамаатан садны асрамжид амьдарч, аж амьдралынхаа төлөө ачааны хүндийг үүрч яваа. Тэдний олонх нь машин угааж, сонин хэвлэл, телевизийн мэдээ зарж, тэрэг түрнэ. Эдгээр хүүхдийн хажуугаар томчууд юу ч болоогүй юм шиг хэнэггүй алхдаг.

Хүүхэд хөсөр хаягдаж, хүнд хөдөлмөр эрхэлж буй эл байдалтай хүмүүс эвлэрэх ёстой асуудал мэт санаж, чих нь дөжирсөн гэхэд болно.

“Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая”, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэх мэтийн уриа лоозон хаана явна вэ. Энэ нь эцэг, эхийн ёс суртахуун, харилцаа, хайр халамж муу байдагтай шууд холбоотой.

Насанд хүрээгүй хүүхдээ архинд явуулах, дэргэд нь согтуурах, маргалдах нь түүнд дууриал болдог аж. Өөрөөр хэлбэл архи уудаг гэр бүлд хүмүүжиж буй хүүхэд эцэг, эхдээ гомдох, аймхай болох, найз нөхдөөсөө хөндийрч сурлага нь муудахаас эхлээд олон сөрөг үр дагавар дагуулдаг. Энэ мэт гэр бүлийн архидалт, завхайрал зэргээс ичихдээ зарим хүүхэд өрхийн тэргүүний ачааг нуруундаа үүрэх нь ч бий. Ялангуяа эмэгтэй хүүхэд дүү нараа асарч, гэр орноо авч явах ачааг үүрдэг байна. Энэ нь багш болон найз нөхдөдөө “Архичны хүүхэд” хэмээн хэлүүлнэ гэж эмзэглэдгээс үүдэлтэй.

Эдгээр муу нөлөөллийн дундаас хамгийн хор хөнөөлтэй нь өсвөр үеийнхэн архидан согтуурах явдал юм. Манай улсад спиртийн 12, архины 91, пивоны 24 үйлдвэр байдаг. Олон улсын судалгаагаар тухайн орны нэг хүнд ногдох архины жилийн хэрэглээ есөн литрт хүрвэл үндэсний хэмжээнд аюул учирлаа хэмээн үздэг байна.

Монголд өнөөгийн байдлаар нэг хүний жилийн хэрэглээнд 28 литр архи ногдож байгаа нь аюул нүүрлээд зогсохгүй архинд живсэн үзүүлэлт юм. Он гарсаар улсын хэмжээнд 96 мянга 517 хүн эрүүлжүүлэгдсэний 1218 буюу 1.3 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, дөрөв орчим хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Эмэгтэйчүүд эрүүлжүүлэгдэх, согтуугаар гэмт хэрэг үйлдэх хандлага өсч байгааг мэргэжлийнхэн хэлж байгаа.

Сүүлийн 10 сарын байдлаар гэмт хэргийн золиос болж 928 хүүхэд хохирсон бол 888 хүн амиа алдсаны 70 орчим нь 0-17 насны хүүхэд байжээ. Энэ нь ахуйн хүрээнд архидалт газар авч буйтай салшгүй холбоотой. Эцэг, эхчүүд жилд дунджаар 30-аад төрлийн баяр, ёслолыг гэртээ тэмдэглэдэг гэнэ. Архидалтаас хүүхдүүд буруу сургамж, үлгэр аван архинд орох, хайр халамж дутан гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох зэрэг хор нөлөө бий болдог. Эцэг, эхийн үйл хөдлөл, хэл яриаг даган дууриаж хүн болдог учраас тэдэнд буруу өгөх аргагүй мэт.

Багаасаа л архи уудаг хүний дэргэд өссөн хүүхэд архидалтыг байх ёстой ердийн зүйл мэт боддог. Ийм орчинд өсч торнисон олонх хүүхэд архийг сонирхож, дуурайж ууснаар эцэстээ өөрөө ч анзааралгүй дасал болох нь бий. Улмаар анги, найз нөхдийнхөө дунд архидалтын сэдлийг дамжуулдаг байна.

ХЗДХЯ, Архидалт, мансуурлын эсрэг Ассоциаци, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хамтран “Архидалтын эсрэг болон хүүхдийн эрх зүй, аюулгүй байдал” гэсэн сэдвээр судалгаа хийсэн. Судалгаанд 10 аймаг, дөрвөн дүүргийн 12-17 насны 7000 хүүхдийг хамруулсан аж. Гэтэл хүүхдүүдийн 70 гаруй хувь нь архи хэрэглэдэг гэсэн дүн мэдээ гарчээ. Хүүхдүүдэд хичээлийн хөтөлбөрөөр согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх мэдлэг олгох тогтолцоог багш, ажилчдын тал хувь нь дунд зэрэг гэж үнэлсэн байдаг. Учир нь сурагчид эрүүл мэндийн хичээлээр жилд нэг удаа, нэгээс хоёр цагт нь архидалттай холбоотой мэдлэгийг олж авдаг аж.

Уг нь аливаа улс орны хүүхдийн нийгэмшил, төлөвшил тухайн улсын хөгжлийг илтгэдэг. Гэтэл хичээл сурлагадаа сайн ч ёс зүйн хувьд доголдолтой, хүмүүжил дутмаг гэгдэх хүүхэд цөөнгүй. 15 наснаас өмнө архи уусан хүүхдүүдийн 40, 17 наснаас өмнө уусны 25 хувь нь архаг архичин болдог гэсэн судалгаа бий.

Түүнчлэн архидан согтуурах, хүчирхийлэлд өртөх, мансууруулах бодис хэрэглэх, биеэ худалдах зэрэг болгоомжилбол зохих муу үйл хүүхэд, залуучуудад халдварлан тархаж байгаад сэтгэл зовохгүй байх аргагүй юм. Хэн нэгний саваагүй шохоорхол, болгоомжгүй үйлдэл, хэнэггүй зан авир өөрийг нь төдийгүй бүхэл бүтэн улс орноо ч аюулд учруулж болзошгүйг иргэн бүр бодууштай.

Өнөө үед хүүхдийн төлөвшлийн асуудлыг харилцааны хандлагад тулгуурлан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, эцэг эхийн дэмжлэг, олон нийтийн оролцоог нягт уялдаатай авч үзэх амьдралын чухал хэрэгцээ дутагдаж байна. Ингэхийн тулд эцэг, эхийн гаж зуршил, оюун санааг нэн түрүүнд эмчлэх нь зүй болов уу. Учир нь тухайн хүүхэд ямар хүн болж төлөвших нь гэр бүлийн харилцаа, нийгмийн байдал нөлөөлдөг шүү дээ.

Хүүхдүүдийн эрх нүднийх нь өмнө бүдүүлэг, ноцтойгоор зөрчигдөж байхад хэн нь ч хамгаалахгүй байгаад гайхмаар. Амьдралын бэрхшээлээс болж хүүхдээ санамсаргүй байдлаар хараа хяналтаасаа алдаж байна гэх эцэг, эхийг буруутгах уу. Эсвэл “Хүүхдийн төлөө за гэж хэлье”, “Бүхнийг хүүхдийн төлөө” хэмээн гоё чамин үг хэлэх байгууллагууд уу. Үгүй бол төр буруутай юу. Ямартай ч хүүхдийн төлөө бодитой ажил хийж, бодлого боловсруулах цаг хэдийнэ хаяанд ирснийг иргэн бүр санах цаг болсон мэт…

М.Наранболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car