Шүүгчид О.Магнай даргаар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргана гэв
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдийг эрх мэдэл, мөнгөтэй компаниудын талд үйлчилж байна” хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Тэгвэл түүний энэхүү үйлдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрс эсэргүүцэж, түүнд өчигдөр мэдэгдэл хүргүүлжээ.
Юутай ч О.Магнай дарга нэр бүхий шүүгчдийн нэрсийг олон нийтэд зарласнаараа буруутан болж мэдэхээр байгаа юм. Уг нь өнгөрсөн хугацаанд О.Магнай дарга “арилжааны банкуудыг иргэдээс хууль бусаар шимтгэл авч байна” хэмээн тэдэнд торгууль ногдуулж байсан. Харин хэд, хэдэн банкны төлөөлөл ШӨХТГ-ыг буруу шийдвэр гаргасан гэж үзэн шүүхийн байгууллагад хандаад байсан юм. Тиймээс өнөөдөр болох анхан шатны шүүх хуралдаа О.Магнай дарга ихэд санаа зовж ийнхүү яаран сандран мэдээлэл хийсэн нь түүнийг Төрийн албан хаагчийн үүргээ умартлаа хэмээн олон нийт үзэж байна.
Ийн хэлэхийн учир нь тэрбээр “Арилжааны банкуудтай холбоотой хэргээр шүүхэд хандсан ч өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд шүүгч нар есөн удаа манай байгууллагын эсрэг шийдвэр гаргалаа. Нэр бүхий шүүгч нар мөнгө, эрх мэдэлтэй компаниудын талд шийдвэр гаргаж байна. Бүр тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Адьяасүрэн, Батзориг, мөн давж заалдах шатны шүүхийн шүүгч Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Зандраа, Сумьяа, Мөнхтуяа, Цэцгээ зэрэг хүмүүс бидний болон ард иргэдийн эсрэг шийдвэр гаргаж байна. Тиймээс энэ сарын 15-нд буюу нөгөөдөр болох шүүх хурлыг олон нийтэд ил болговол шүүхийн шийдвэр шударга гарах болов уу гэдэг үүднээс нь энэхүү мэдээллийг ард олондоо хүргэж байна” гэж шүүгчдийн нэрсийг олон нийтэд зарлаад авсан нь өчигдрийн дуулиант мэдээ байлаа.
Тэгвэл түүний хийсэн энэхүү хурлын дараа олон шүүгчид эмзэглэж, Шүүхийн ерөнхий зөвлөлд уг асуудлыг анхааралдаа авахыг хүссэн хүсэлт гаргажээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Олон шүүгчийн эрх ашиг хөндөгдөөд зогсохгүй, шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хүссэн байна” хэмээн ШӨХТГ-ын дарга О.Магнайд мэдэгдэл хүргүүлсэн нь энэ аж.
Уг мэдэгдэлд дурьдсанаар “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдаантай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандан “… нэр бүхий шүүгчдийг манай байгууллагын эсрэг мөнгөтэй, эрх мэдэлтэй компанийн талд шийдвэрийг гаргаж байна..” гэж мэдээлэл хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улстөрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчийн шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж шүүгчид нөлөөлөхийг оролдсон гэж үзэж байна. Иймд таныг шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хүндэтгэн ажиллана гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ.
Товчхондоо энэхүү мэдэгдэлд О.Магнай даргыг шүүгчдэд нөлөөлөхийг оролдлоо гэж үзсэн байгаа юм. Хэдийгээр тэрбээр ард иргэдийнхээ талд ашигтай шийдвэр гаргахыг зорьж байгаа ч нөгөө талаараа бусдыг хардаж шүүхийн байгууллагыг олон нийтэд “муухай” харагдуулах гэсэн оролдлого гэж үзэж буй хүн ч олон байсан. Уг нь шүүн таслах ажиллагаанд дарга, цэрэг, хэнбугай ч хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг хуульд заачихсан байдаг.
Олон нийт гэж цээжээ дэлдэн яаруу сандруу мэдээлэл хийсэн нь ШӨХТГ болон Шүүхийн ерөнхий зөвлөл гэх хоёр байгууллагын дунд үл ойлголцол үүсгэлээ гэж тус газрын зарим албан хаагч хэлж байсан. Уг нь О.Магнай даргыг “Нэр бүхий шүүгчдийн нэрсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад хэрэггүй. Бид эдгээр шүүгчдийг аль нэг талд үйлчилсэн гэдгийг нь тогтоож чадахгүй учраас зөвхөн хурлын товын талаар ярьж, шүүхэд яригдах банкуудын талаар дурьдаарай” гэж доод тушаалын албан хаагчид нь хэлж байсан аж.
О.Магнай дарга байгууллагаа аврах гэсэн биш, улам эвгүй байдалд орсон нь энэ аж. Уг нь шүүхийн байгууллагыг шинэчлэгдэж байгаа гэж хүн болгон ярих болсон. Тухайлбал, өмнө нь шүүгчид зөвхөн өнгө үзэмжээр нь хэргийг шийдэж мөнгөтэй эрхмүүдийн талд шийдвэр гаргадаг байсан нь нууц биш. Энэ бүхнийг арилгахын тулд шүүхийн шинэчлэл гээч том акц явуулснаар өнөөдөр хүн болгон шүүх хуралдаанд оролцох боломж нь нээгдэж үзэл бодлоо ч хурлын явцад чөлөөтэй илэрхийлэх болсон нь шүүхийн шинэчлэлийн нэг давуу тал нь болсон гэж ойлгож болно.
Юутай ч О.Магнай дарга ийнхүү яаруу сандруу хурал хийж бусдын нэр хүндийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нотлох баримтгүйгээр дурьдсан нь асуудал үүсч мэдэхээр болоод байгаа юм. Түүнчлэн нэр бүхий шүүгчид нэр төрөө сэргээлгэх талаар ч Н.Лүндэндорж даргад дуулгаад амжсан байна. Хэрвээ шүүгчид О.Магнай даргаас нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандвал түүнд гаргаж ирэх өөр нэгэн хөзөр байхыг ч үгүйсгэхгүй. Эцэст нь хэлэхэд, өнөөдөр болох шүүх хурлын шийдвэр олны анхаарлыг татах нь бололтой.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (October 15, 2014 2:26:55 pm )
Танил тал, хөрөнгө мөнгө харж шийдвэр гаргадаг нь худлаа юм биш дээ. Юун нэр төрд халдлаа, шүүгчид хөндлөнгөөс нөлөөллөө гээд байгаа юм. Лүндэндорж согтуугаар авгайнхаа машинтай явж байгаад хүн дайрч алчихаад ямарч шийтгэл хүлээлгүй өнгөрөө биз дээ. Ингэж л шүүгч нар нь ажлаа хийдэг шүү дээ. Одоо хэрэглэгчдийнхээ төлөө дуугарсны төлөө Магнайг буруутгаж, ажлаас нь зайлуулах нь л дээ.
-
Zochin (October 16, 2014 9:10:45 am )
шүүх шиэнчлэгдэхээ хатдаа, яг л урьдынх шигээ л байгаа ш дээ, хөрөнгө мөнгөтэй хүний талд үйлчилсэн хэвээр, өөрчлөгдсөн зүйл нь цалин нь нэмэгдсэн л байх, тойргоор байгуулсан шүүх нь хол зайтай, иргэдийг чирэгдүүлж байна, хэвлэл мэдээллээр шүүх шинэчлэгдэж байна гэж байнга цацаад байхаар чинь тэгж ойлгох нь аргагүй дээ
2 Comments