“Босоо хөх Монгол”, “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ууд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид Гурванбулаг суманд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй компанийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Баянхонгор аймгийн Гурван булаг суманд энэ асуудал газар авч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тиймээс “Босоо хөх Монгол”, “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-уудын тэргүүнүүд иргэдийн хүсэлтээр энэ сарын 4-8 ны хооронд Гурванбулаг суманд ажиллаад иржээ.
Хэргийн тухайд гэвэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвөөс 1.5 км-т Өвөр хөшөөт гэх газар байдаг байна. Тус газар “Жи энд юу гоулд” ХХК ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2007 онд авч, 2011 оноос Өвөр хөшөөтийн аманд үйл ажиллагаа явуулах болжээ. Үүнийг Гурванбулаг сумын нийт ард иргэд эсэргүүцсээр өдийг хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг зогсоох талаар бүхий л арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй байна. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж байжээ. Анх “Жи энд юу гоулд” компани Гурванбулаг сумын нутагт байрлах Ихрийн аманд нөхөн сэргээлт хийнэ гэх амлалтаа биелүүлээгүй нь иргэдийн дургүйцлийг төрүүлж эхэлсэн байна. Тус талбайд 3.9 тэрбум төгрөгийн хохирол байгаа гэдгийг БОНХЯ-аас баталгаажуулсан байна. Түүнчлэн хуульд заасанчлан тухайн жилийн нөхөн сэргээлтээ хийгээгүй тохиолдолд дараа жил олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх хуулийн заалтыг зөрчөөд байгаа аж. Газар дээр нь очоод ирсэн ТББ-уудын мэдээлж байгаагаар Өвөр хөшөөтөөс 1.5 кмт Шар усан гол урсдаг бөгөөд энэ нь Тайширийн усан цахилгаан станцын усны нөөцийг бүрдүүлдэг эх үүсвэр байна. Гэтэл уурхайн үйл ажиллагаанаас болж Шар усан гол ширгэж, гүн бохирдсон байна. Тиймээс иргэд сумын төвөөс 10 км-ийн зайд урсах Хар усан голоос усаа зөөж байгааг тэд онцолсон юм. Түүнчлэн хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй уг компанийн буруугаас болж их хэмжээний мал, шувуу үхэж байгаа аж. Тиймээс Гурванбулаг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Нархүү тус компанид шалгалт явуулсан бөгөөд нэлээн хэдэн зөрчил илэрсэн учраас зургаан техникийг лацдаж, үйл ажиллагааг нь түр зогсоожээ. Гэтэл команийн удирдлагууд үүнийг үл ойшоож, дур мэдэн үйл ажиллагаагаа явууснаар уурхай дээр ноцтой осол гарч нэг хүн хүнд бэртсэн авсан. Харин хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар энэ сарын 7-нд “Жи энд юу гоулд” компанийн уурхайд ажилласан байна. Ингэхдээ өнгөрсөн таван сараас хойш хууль зөрчин ажиллаж байсныг тогтоож, үйл ажиллагааг нь мөн л зогсоосон байна. Гэтэл компанийн захирал Г.Чинтөмөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын уг шийдвэрийг эсэргүүцсэн нь ширүүн тэмцэл үүсгэсэн байна. Ингэхдээ “Иргэний хөдөлгөөнүүдийн машиныг дайр, би бүх хариуцлагыг хүлээнэ” гэх мэтээр дарамталж хоёр машин, 4 том хово, хоёр жип машинаар дайрахын завдсан байна. Тиймээс “Жи энд юу гоулд” компанийн захирал Г.Чинтөмөрийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн хэмээн хэллээ. Энэ үеэр “Жи энд юу гоулд” компанийн уулын инженер Батгэрэл гэгч залуу “Энэ хэвлэлийн хурал хэт нэг талыг барьсан, өдөөн турхирсан хурал болж байна. Та бүхэн хоёр өөр орд газрыг нэг орд мэтээр ярьж байна. Тус тусдаа лицензтэй ордууд. Нөхөн сэргээлт явуулаагүй гэх асуудал шүүхийн шатанд явж байгаа. Манай компани эдгээр хүмүүсийн ярьж байгаа шиг ард иргэдийн ундны усыг олборлолтод хэрэглэдэггүй. Харин уурхайн ажилчдын ундны усаа Шар усан голоос авдаг. Бас хүн, мал, амьтанд хортой химийн бодис ашигладаггүй учраас нохой, шувуу тийм шалтгаанаар үхсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Үхсэн нохой, шувууны зургийг хаанаас ч олж болно биз дээ. Үнэхээр ямар шалтгаанаар үхсэн байна вэ гэдэг албан ёсны дүгнэлт ч гараагүй” гэсэн юм.
Д.Сувд
– See more at: http://www.unen.mn/content/40907.shtml?alias=society#sthash.ekzbyXBD.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.