Сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа хүн амын өсөлтийг гүйцэх бүтээн байгуулалт манай улсад тэр дундаа нийслэлд хийгдэхгүй байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Үүнийг цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байгаагаас харж болно.
Тухайлбал, бага насны хүүхдүүдэд цэцэрлэг олдохгүй, сургуулиудын анги дүүргэлт тогтоосон хэмжээнээсээ хэтэрлээ гэх сэтгэл гонсойлгом мэдээ сүүлийн жилүүдэд тасраагүй. Эцэг эхчүүдийн хувьд энэ нь намрын намарт сэдэрдэг “толгойны өвчин” юм.
Энэ асуудлыг амтай бүхэн дээр, дооргүй ярьдаг ч шийдвэрлэх арга замаа эрж хайсаар л. Өнөөгийн нийгэмд эцэг эхчүүдэд тулгамдаж буй энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн гол “түлхүүр” нь Өдөр өнжүүлэх төв болоод байгаа билээ.
Хэдийгээр борооны дараах мөөг шиг олширлоо гэх шүүмжлэлд өртдөг ч эцэг эхчүүдийн хувьд хамгийн хэрэгцээтэй зүйлийнх нь нэг аль хэдийнэ болсон. Яагаад гэвэл амьдралаа залгуулахын тулд ажиллаж, хөдөлмөрлөх шаардлага насанд хүрсэн хүн бүрийн өмнө тулгардаг шүү дээ. Гэтэл зарим хүний хувьд ажлаа хийж, олсон тав гурван төгрөгөө амьдралдаа нэмэрлэе гэхээр хүүхдийг нь харах хүн олддоггүй.
Аль эсвэл хичээлийн хоцрогдолтой хүүхдэдээ зарцуулах цаг зав гардаггүй гэх зэргээр Өдөр өнжүүлэх төвийг сонгох шалтгаан эцэг эхчүүдэд олон бий. Тиймээс эдгээр төвийн ач тусыг мэдэрч, сайшаах хүн олон бий.
Гэхдээ эцэг эхчүүд бид хаанаас зөвшөөрөл авсан, ямар эрх үүрэгтэй газар хүүхдээ өгснөө төдийлөн мэддэггүй. Зарим хэнэггүй нөхөд бараг асууж судлалгүйгээр хүүхдээ хөтөлж аваачаад, төлбөрийг нь төлөөд л оруулчихсан байдаг. Уг нь энэ төвийн үйл ажиллагаа олон улсад бол тодорхой хууль, тогтсон эрхзүйн орчин, боловсролын албан ёсны хөтөлбөрийн дагуу хэрэгждэг юм билээ. Харин манайд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд ямар зөвшөөрөл, хууль журмын дагуу хэрэгждэгийг тодруулахаар албаны хүмүүсийг зорилоо.
Эхний ээлжинд Өдөр өнжүүлэх төвийн асуудал аль яаманд харьяалагддагийг олж мэдэхийг хүсч, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамнаас асуусан боловч харамсалтай нь алинд нь ч хамааралгүй болж таарав. Уг нь харьяалагдах магадлалтай гэж үзсэн нь л энэ.
Харин нэгэн танил маань “Өдөр өнжүүлэх төвийн асуудлыг аль нэг яам хариуцдаггүй, дүүргээс нь зөвшөөрөл олгодог юм шиг байна билээ” хэмээн ярьж байсан нь санаанд оров. Энэ мэдээллийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт очиж тодруулахад, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах “Дүүргээс ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй. Зөвшөөрөл олгох эрх, үүрэгтэй байгууллага нь ч манайх биш.
Өдөр өнжүүлэх төвийн тухайд тодорхой эрхзүйн үндэс байхгүй. Нэг талаас эцэг эх, нөгөө талаас өдөр өнжүүлэх төвийг ажиллуулж байгаа хүмүүсийн хоёр талт гэрээнд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр итгэлцлийн үндсэн явагддаг” гэв.
Харин Сүхбаатар дүүрэгт очиход, шинэ байр руугаа нүүж байгаа гээд бөөн бужигнаан. Миний асуултад хариулах хүн ч олдсонгүй.
Өдөр өнжүүлэх төвийг хариуцдаг, зөвшөөрөл олгодог байгууллага байхгүйг сонсоод сэтгэл жаахан гонсойсон ч, миний эрэл дуусаагүй юм. Хэрвээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг ямар нэг байдлаар хариуцдаг байгууллага байдаггүй юм бол хяналт шалгалт тавьдаг байгууллага ч байх ёстой гэж үзээд эрлээ үргэлжлүүлэв. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, шинжлэх ухааны хяналт хариуцсан мэргэжилтэн Болормаагаас тодруулахад, “Өдөр өнжүүлэх төв нь боловсрол олгодог газар биш, учраас манайх шалгалт хийх боломжгүй. Харин эрүүл ахуй, орчин талаас нь л шалгалт хийдэг. Үүнээс илүүг шалгах эрх бидэнд байхгүй” гэв.
Энэ мэтээр аль ч яаманд харьяалагддаггүй, ямар нэгэн төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаггүй юм бол хэн дуртай нь ийм төвийг ажиллуулах боломжтой гэсэн үг юм. Хэдийгээр өдөр өнжүүлэх төвтэй холбоотой элдэв хэл ам одоохондоо олны дунд гараагүй л байна. Мууг зөгнөх гэсэн юм биш л дээ. Гэхдээ бид хүүхдүүдээ хооллож, сурч боловсрох, хараа хяналттай байлгахын төлөө Өдөр өнжүүлэх төвд өгч байгаа шүү дээ. Гэтэл муугаар бодоход тэдэнд маань ямар нэгэн зүйл тохиолдвол хариуцах эзэнгүй гэсэн үг.
Уг нь эрхзүйн орчныг нь бүрдүүлээд “Буух эзэн буцах хаягтай” болгочихвол хүүхдээ хөтлөөд тус төвийг зорин очих эцэг эхчүүдийн цуваа тасрахгүй л болов уу. Уг нь балчир үрсийн маань боловсролыг Боловсрол, шинжлэх ухааны яам, нийгмийн аюулгүй байдлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийг нь Эрүүл мэндийн яам гээд хариуцах эзэн олон л байлтай. Гэтэл яагаад “Өдөр өнжүүлэх төв”-ийг өдий болтол ямар нэгэн харьяалалгүй явуулаад байгаа юм бол. Эрэлт ихтэй Өдөр өнжүүлэх төвийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.
Өндөр төлбөртэйг эс тооцвол боломжийн юм билээ
-XIII хорооллын тэнд байдаг нэг өдөр өнжүүлэх төвд өмнө нь хүүхдээ өгч байсан, боломжийн л санагдсан. Гэхдээ төлбөр нь өндөр санагдсан. Сар бүр 250 мянган төгрөг төлөхөөр өрхийн төсөвт хүнд тусдаг юм билээ. Зөвхөн өдөр өнжүүлэх төвийн төлбөрөөр зогсохгүй шүү дээ. Хүүхдээ гайгүй сургуульд сургаж, чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээнэ. За тэгээд 2-3 хүүхэдтэй айл бол хэцүү л юм шиг байна билээ. Уг нь иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байвал хэрэгтэй л юм.
Хүүхдийг хичээлийг нь давтуулахын сацуу амраадаг байвал зүгээр
-Тогтмол ажилтай бидэн шиг хүмүүст маш их хэрэгтэй үйлчилгээ. Эцэг эхтэй байгуулдаг гэрээгээ сайжруулах нь зүйтэй. А4-ийн хэмжээтэй ганцхан цаасан дээр хэвлэсэн маш товчхон гэрээ байдаг. Түүнд нь тодорхой зүйлийг нарийвчлан заагаагүй байдаг.
Мөн хүүхэд тэнд байхдаа гэртээ эцэг эхтэйгээ яаж амардаг уу яг тийм байх ёстой. Өөрөөр хэлбэл, үдээс өмнө хичээлтэй байсан хүүхэд өдөр өнжүүлэхдээ очоод цайгаа уучихаад унтаж амардаг байвал зүгээр санагддаг юм. Тэгэхгүй бол хүүхэд жаахан ядрах гээд байдаг талтай. Хоол хүнс нь эрүүл, орчин нь тухтай, хичээлийг нь давтуулдаг багш нь мэргэжлийнх байвал эцэг эхчүүд дуртай байх нь мэдээж шүү дээ.
Өдөр өнжүүлэх төв байх ёстой гэж үзэж байна
-Би Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг маш их дэмждэг. Нэгэнт төр засаг сургууль, цэцэрлэгээ барьж чадахгүй байгаа юм чинь хувь хүмүүс ийм төв байгуулаад, сайн ажиллуулж чадаж л байвал дэмжих л хэрэгтэй. Би ач зээ нараа өгдөг. Боломжийн санагдаж байгаа.
Үнэхээр хүний сэтгэлд хүрэхээр үйлчилгээ үзүүлээд, түүнийхээ шанд ашгаа олж чадаж байвал болоо шүү дээ. Хэн ч тэдэнтэй өгөөжтэй зүйл хийснийх нь төлөө хэл ам хийхгүй.
Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэгчээр энэ олон “Өдөр өнжүүлэх төв”-д дотор сайн нь ч, саар нь ч байгаа. Миний хувьд хийж чадаж байгаагаа дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
М.Уянга
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.