2015 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрын зүгээс өмнө нь “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтыг долоо хоног бүрийн пүрэв гаригт зарладаг байсан бол энэ сараас “Сайдын цаг” болгож өргөжүүлжээ. Ингэснээр тухайн долоо хоногт хамгийн их анхаарал татаж буй асуудлаар сайд нар мэдээлэл хийхээр болсныг энэ үеэр Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга онцоллоо.
Ирэх оны төсвийн орлогын тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд, зарлагыг 8.4 их наяд байхаар тооцжээ. Өрийн таацыг нэмэгдүүлэхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. Гэхдээ энэ нь ДНБ-ний 70 хувьд хүрэхгүй юм байна. Мөн Сангийн сайд “Ирэх онд татварыг нэмэхгүй бас шинээр татвар бий болгохгүй” гэлээ.
Хотын удирдлагууд УИХ 2015 оны төсвийн хуулийг энэ чигээр нь батлах юм бол нийслэлийн төсөв дампуурах эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Энэ асуудалд Сангийн сайд Ч.Улаан “Орон нутагт урсгал зардлыг нь шилжүүлж байгаа, гэхдээ улсын төсвөөс эх үүсвэртэй нь хамт өгнө. Улаанбаатар хотын тухайд ч адилхан. Жишээ татвар, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа нарын нөхөн олговорт зориулж ирэх онд улсын төсвөөс 52 тэрбум төгрөгийн татаас олгоно. Өмнө нь Улаанбаатар хот төвлөрсөн төсөв рүү 60 орчим тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх үүрэг хүлээдэг байсан, ирэх жилээс орлого төвлөрүүлэхгүй” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.