Архи уугаад амьдрал дээшилдэг бол, аз жаргалаар гийдэг бол 2013 оны байдлаар Монголын хөдөлмөрийн насны хүн бүрт оногдоод буй 70,3 литр согтууруулах ундаагаа уугаад байя гэхсэн. Гэвч архи дагасан амьдрал өөдлөх нь бүү хэл сөнөж мөхөж буйг л олонтаа харж байна. Гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэл дунд амьдардаг тухай судалгаа архи гээч ямар хор хөнөөлтэйг харуулна. Дэлхийн III дайн гэр бүлд шилжлээ гэсэн судлаачийн үг оргүй хоосон биш нь олон тоо баримтаас харагдана. Эр бяраа гайхуулах архичид, хүчирхийлэгчдийн ард үр хүүхэд, хань ижил, гэр бүл нь хохирсоор байна. Архины хамааралтай болсон хүний эхнэр ямар зовлон үүрч амьдардгийг нэгэн бүсгүйн ярилцлагаар хүргэж байна.
Өнгөрсөн жил дэлхийн хамгийн сэтгэл шимшрүүлсэн гэрэл зургуудыг “Boredpanda” сайт нэрлэжээ. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар зовж шаналж байгааг харуулсан энэхүү 30 зурган дунд Монголын нэг зураг багтсан байлаа. Зурагчны дуранд буусан энэ хүү шиг хэчнээн хүүхэд согтуу аавтайгаа зовж амьдардаг бол…
–Та нөхөртэйгөө хэзээ танилцсан бэ?
-Би найман жилийн өмнө нөхөртэйгөө танилцсан. Тэр хүн багаасаа орос сургуулиар явсан, өндөр боловсролтой, 40 мянгатын элит гаралтай айлын хүүхэд. Надтай танилцах үедээ боломжийн ажилтай ч эхнэр хүүхдээсээ салчихсан, түүнээсээ болоод архи их хэрэглэдэг байсан. Би ч гэсэн залуу насандаа алдаж, амьдрал зохиогоогүй ч хүүтэй болсон. Бид хоёрын зовлон жаргал ижилхэн санагддаг байлаа. Түүний хүн чанар, сайхан сэтгэлийг нь олж хараад “энэ хүнд гэр бүлийн аз жаргалыг нь эргүүлээд өгчихвөл архинаас холдож сайхан амьдрах байх” гэж итгэсэн юм. Тэгээд л хамт амьдарч эхэлсэн.
–Тантай амьдраад архи уухаа больсон уу?
-Би хүнийг архинаас гаргах их л амархан мэт сэтгэж байжээ. Нөхөртөө халуун дулаан гэр бүлийн орчин үүсгэхийг хичээхдээ бүхий л зүйлд нь буулт хийж ирсэн. Залуу хос л болсон хойно гарч орно, ууж идэх шалтаг бишгүй л гарна. Тэр болгонд нөхөр маань нэг ч удаа татгалзаж байгаагүй. Тэгээд л маргааш нь шараа тайлж архи ууна, нөгөөдөр нь ч мөн адил. Ингээд 7-14 хоногоор шараа тайлж уусаар байдаг. Архичин нөхөр гэхээр л хүмүүс агсам тавьж, эхнэрээ зоддог гэж ойлгодог. Гэтэл нөгөө “зангиатай архичид” гэдэг нь түүнээс бүр дор байдгийг мэддэггүй.
Дэлхийд эмэгтэйчүүдийн 70 хүртэлх хувь хүчирхийлэлд өртдөг. Монгол Улсад таван эмэгтэй тутмын нэг нь сэтгэл санаа эсвэл бие махбодийн ямар нэг хүчирхийлэлд өртдөг.
/НҮБ-ийн судалгаанаас/
–Архи хүний зан аашийг өөрчилдөг гэдэг. Таныг яаж зовоодог байв?
-Архичин хүний зан араншинг тааварлашгүй. Согтуу хүнтэй хамт амьдарч үзсэн хүмүүс л ойлгоно. Нөхөр маань эхлээд юу ч ярихгүй архи уудаг байлаа. Яваандаа элдэв муухай үгээр харааж, доромжилж эхэлсэн. Уулгахгүй гэж хориглох тусам улам их ууж, уураа гаргадаг болсон. Ажил дээрээ, найз нөхдийнхөө дэргэд над руу дайрч, элдвээр хэлэн, гар хүрэх үе ч байсан. Энэ бүхнийг би яаж тэсвэрлэж байснаа гайхдаг юм. Энэ бүхэн сэтгэлийн их дарамт болж, амьдрал маань уруудаж байлаа.
–Ажлаа алдахгүй, агсам тавихгүйгээр архи уудаг бол байх зүйл гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл үргэлж согтуухүнийг хямгадаж амьдрах хэцүү байх?
-Өдөр бүр, сар жилээр согтуу хүн дэргэд байх үнэхээр хэцүү. Хамгийн гол нь түүнээс болж ажлаа орхиход хүрсэндээ харамсдаг. Анхандаа зарим ажлыг би хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөхийн тулд хойшлуулж, цуцалдаг байснаа дараа нь эзгүй хойгуур архи уучих вий гэж санаа зовохдоо манаач болж ажлаа тасалдаг болсон. Сүүлдээ намайг ажилд явах бүрт л ямар нэг хардалтын асуудал урган гардаг байв. Би олон хүнтэй харилцдаг ажил эрхэлдэг байсан. Уулзалтын үед согтуу нөхөр маань ирчихсэн дуудах, хонгилоор нэг орилж хашгирах, элдвээр хэлэх зэргээр шившгээ тарьж байсан үе олон бий.
Сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байна.
/ХЭҮТ-ийн судалгаа/
–Эрүүл өнжих өдөр байх уу?
-Би түүнийг дээд тал нь 10 хоног архи уухгүй байхыг харсан. Энэ бол хамтын амьдралын минь хамгийн аз жаргалтай өдрүүд. Гэвч ахиад л уусан. Архи уух шалтгаан гаргахын тулд хэрүүл гуйгаад, уурлаад эхэлнэ. Архи уухын төлөө л ингэж байна гэдгийг нь мэдэх учир тэвчээд л өнгөрнө. Орой нь согтуу ирнэ.
–Хүү чинь аавдаа яаж ханддаг вэ?
-Мэдээж яаж дуртай байх вэ дээ. Нэг удаа согтуу нөхөртэйгөө муудалцаж байхад хүү орж ирсэн. Тэгээд аав руугаа муухай харчихаад гараад явсан. Нөхрөө унтуулчихаад хүүгээ хүлээж зогсохдоо би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Нөхрөөсөө хүүгээ хол байлгах ёстой юм байна гэж. Удалгүй аав маань өөд болж хань болгох нэрээр хүүгээ ээжтэйгээ хамт байлгасан. Хэдий ээжтэй минь эрх дураараа, амар тайван амьдарч байгаа ч эцэг эхийн хараа хяналт, хайр халамж, гэр бүлийн аз жаргалтай орчин хүүд минь хэрэгтэй шүү дээ. Согтуу нөхрөөсөө болж хүүгээ өөрөөсөө хөндий өсгөж байгаадаа харамсдаг.
–Архинаас гаргах ямар арга хэрэглэж байв?
-Надтай танилцахаас өмнө спераль тавиулсан байдаг. Гэвч уучихсан. Алкобус гэж 1/3 хэмжээгээр өдөрт нэг уудаг эм бий. 2010 онд Шархадны эмнэлэгт хэвтсэний дараа эмчийн зөвлөснөөр долоон хоног уугаад л орхисон. Мөн архинаас гаргадаг бөө, лам, зургаа дахь мэдрэхүйгээр тэнгэртэй харьцагч гээд мэргэн түргэн гэж сонссон болгонд л аргалаад дагуулж очсон ч нэмэр болоогүй.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд би хэтэрхий зөөлөн хандаж байсан юм билээ. Архи уулгахгүйн тулд байнга дэргэд нь байж, хаа ч явсан дагаж, гуйж гувшина. Гэвч тамхинд гараад ирье, хог асгаад ирье гэж гараад архи аваад уучихдаг. Сүүлдээ 100 гр-аар савласан архи энд тэнд нууж, түүнийгээ уудаг болсон. Өдөр бүр тасарч унатлаа уухгүй ч, эрүүл байна гэж үгүй. Ингэж нэг хоёр сар болсны дараа бие нь архи хүлээж авахгүй болоод эмнэлэг бараадна. Доктор Юндэнгийн эмнэлэг, Шархадны наркологийн тасаг болон бусад эмнэлгүүдэд хордлогоо тайлуулдаг байсан.
Сүүлдээ би өөрөө судас тариа хийж сурч, хордлого тайлах анхан шатны эмчилгээг гэрээрээ хийчихдэг болсон. Ингэсэн нь бүр ч санаа амар архи уух нөхцлийг нь бүрдүүлж өгсөн байх. Нөхрөө архи уусны маргааш эхнэрүүд эрүүний шөл уулгаад гэж ярьдаг шүү дээ. Гэтэл би тэгдэггүй байсан. Нөхөр маань өөрөө л миний өмнөөс бүх зүйлийг хэлнэ. Би тэр үед нь ёстой л ойлгожээ, одоо л нэг сайхан архигүй амьдрах нь дээ гэж хууртана. Одоо надад салах л ганц арга байна. Гэвч энэ тийм амар биш юм.
2013 оны байдлаар хүн амины хэргээр хоригдож буй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж, нөхрөө хөнөөжээ. Энэ онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ. Нэг хүний цаана наад зах нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо 23 мянга болж байгаа юм.
/“Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс/
–Яагаад?
-Эхлээд ч босгосон амьдралаа нураахгүйн тулд хичээж байлаа. Нөхрөө засаад авчих юмсан гэсэн сэтгэлээрээ холдож чаддаггүй байлаа. Хэдий гомдож цөхөрсөн ч ойлгож ухаараад архинаас гарчих болов уу гэсэн итгэл найдвар тасардаггүй юм байна. За одоо л ганц удаа итгэчихье гэж явсаар өнөөдрийг хүрлээ.
Хэрэв би энэ хүнтэй сууж, архинаас гаргаад сайхан амьдарчихна гэж итгэж найдаагүй бол найман жилийн хугацаанд ямар амжилт гаргаж, юунд хүрэх байснаа бодохоос харамсдаг. Бидэнд өөрийн гэсэн орон гэр, босгосон амьдрал алга, архи ууснаас үүдэж гарсан олон муухай дурсамж, голд горойсон доромжлолын үгс, үйлдлүүд л байна.
Би одоогоор ажилгүй байна. Тэр хүн ч ажилгүй болсон. Хэдийгээр өглөө нь үнэртэй ус цацаж, зангиагаа зүүгээд ажилдаа явсан ч өдөр нь ажлаа хийдүүлж, аль нэг бааранд архи ууж суудаг хүн хэр удаан тэсэх билээ дээ. Одоо гудамжны архичидтай нийлэн миний цуглуулсан ном, компьютер, багаж хэрэгсэл гээд гэрийнхээ мөнгө болох бүхнийг зарж уудаг болсон. Архи бидний амьдралыг аажмаар залгиж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (October 09, 2014 11:43:17 am )
зарим эрчүүд сэтгэлийн тэнхээгүй арчаагүй, мөнгөтэй болохоороо хүүхэн эргүүлээд түр зуурын жаргалаа үүрдийн юм шиг бодно, тэгээд арчаагаа алдаад ирэхээрээ нөгөө эхнэртээ ирж чиргүүл болно, айл гэрийн ноён нуруу эрчүүд архи гэдэг ундааг уухаа больж нэг л амьдрах хорвоог хань, үр хүүхдүүдтэйгээ тайван туулмаар даа,
-
zochin (October 09, 2014 6:06:05 pm )
mongol khuni dundaj nas xed bilee dee zuuxun xedxen amid yavax jilee albin chutgur shig amitand ad uzegdej xani ijil ur xuuxdee gomdooj bdag ni ter xunii uiliin ur yum daa
2 Comments