antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 Comments are off

Фрийдландад зориулсан хууль ба ордны хуйвалдаан

нийтлэсэн Admin

Оюутолгойн гэрээ хууль бус гэх хүн цөөнгүй ажээ. Энэ талаар манай сонин нэг бус удаа нийтэлсэн. Доктор С.Авирмэд гуай ч үүнийг бас нотолдог. Ер нь Фрийдланд гэгч Канад эр Монголын баялаг руу гар дүрж эхлэхдээ юун түрүүнд манай улс төрчдийг атгандаа хийж авахыг хичээжээ. Эцэст нь тэр санасандаа хүрч чадсан нь өнөөгийн Оюутолгойн хууль бус, луйврын гэрээ аж. Фрийдланд үүнийгээ хийхдээ дэлхийд уул уурхайн технологиороо дээгүүрт тооцогддог Англи, Австралийн “Рио Тинто” компанитай хамтарсан байна. Түүнд өөрийн эзэмших хувиас худалдаж Оюутолгой руу орохоос өөр сайн арга олдоогүй бололтой. Ингэхдээ манай Ашигт малтмалын тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар хийлгэх нь тэдний гол зорилго байжээ. Тиймээс монголчуудынхаа эрх ашгийн эсрэг, гадны бүлэг этгээдэд зориулсан хуулийг батлахад улс төрчдөөс хэн нь яаж хүчин зүтгэж байсныг энд товч өгүүлэхийг хичээлээ.

Ингэж “зориглосон” минь аль нэгэн улс төрийн хүчний захиалга юм уу, эсвэл сонгуулийн өмнөх хар Ри Ар төдий зүйл биш гэдгийг уншигчид маань эрхбиш ойлгох биз. Хуулийн шинэчилсэн төсөл батлагдахаас ердөө хоёр, гуравхан хоногийн өмнө гол санаа буюу заалтуудаа “шахаж” амжсан байлаа шүү дээ, манай зарим “овсгоотой” улс төрчид. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан, одоо Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Л.Пүрэвдорж, Мон Атом компанийн захирал асан, тэр үед УИХ-д сууж байсан Ц.Дамиран, АН-ын гишүүн Б.Батбаяр, Г.Батхүү, Л.Гантөмөр нарын зэрэг хүмүүс маш идэвхтэй ажиллажээ.

Тэд улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болно гэсэн заалтыг хуульд хийж өгчээ. Мөн хуулийн 5.5-д ”Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно” гэж батлуулж амжсан байна. Үүнд Ц.Нямдоржийн “зүтгэл” бас бий.

Аливаа хувь оролцоо, тэр тусмаа төрийн оролцооны тодорхой хувь хэмжээний тухай нээлттэй, ил тод хэлэлцэгдэх учиртай байлаа. Гэвч хэлэлцүүлээгүй. Эдгээр хачирхалтай заалт нь хууль батлагдахаас арваад хоногийн өмнө цөөн улс төрчдийн хүрээнд л яригдсан байв. Ийм заалт орсноор, нэгд, Монгол улс төсвийн хөрөнгөөрөө нөөцийг нь тогтоосон өөрийн өмч ордоо, лицензийг нь эзэмшигчээс хөрөнгө , зардал гарган худалдаж авахаар болжээ. Тэгэхдээ бүр тал хүрэхгүй хувийг нь авна. Төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийсэн ордын хувьд бол хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж ч болно, эзэмшихгүй ч байж болно, эсвэл бүр юу ч авахгүй, “бэлэглэж” ч болохоор байгаа юм. 0-50, 0-34 хувь гэдгийг нь чухам яаж үндэслэсэн, хэрхэн хэрэгжүүлэхийг бурхан ч мэдэхгүй юм байна.

Оюутолгой дахь “Айвенхоу Майнз”-ын хувьцааны 49 хувийг “Рио Тинто” компани худалдаж аваад байгаа. Тэгвэл бид энэ ордын 34 хувийг нэг тэрбум гаруй төгрөгөөр авах ажээ. Зэс, алтнаас орж ирсэн татвар төлбөрөө хав дарж байгаад, таван жил гаруйн дараа авна. Эс тэгвээс энэ том орд маань Канадын компанийн өмч болох ажээ.”Миний монголын газар шороо” хөдөлгөөнийхөн анх УИХ-ын Ц.Нямдоржтой уулзсан байлаа. Тус хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн О.Энхсайхан агсан ч 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийг ил тод, нээлттэй хэлэлцэх, УИХ-ын гишүүдийн санал өгсөн байдлыг иргэдэд мэдээлэх шаардлагыг тавьсан юм. Тэрбээр өөрийн санаачилсан хуулийн арай өөр төслөө олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж байв.

Харамсалтай нь түүний байр суурийг ил далдуур эсэргүүцэгчид сүүлдээ олширсон. Түүний боловсруулсан хуулийн төсөл нь өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Ганбямбын шүүмжлээд байгаа шиг “лицензийн хууль” төдий зүйл байгаагүй. Ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зөв арга, хувилбаруудыг эрх зүйн зохицуулалтын түвшинд нь шийдэж өгсөн төсөл байсныг учир мэдэх хүмүүс одоо ч ярьсаар байгаа юм. О.Энхсайханы гэнэтийн үхлийн цаад учир шалтгаан иймэрхүү зүйлтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй болов уу. Стратегийнх гэгддэг том ордуудыг оновчтой ашиглахын тулд юун түрүүнд Ашигт малтмалын сайн хуультай байхыг талийгаач О.Энхсайхан чухалчилж байжээ. Гэвч одоогийн Ардын нам, Ардчилсан намын аль аль нь үүний эсрэг хандсан гэх бүрэн үндэслэлтэй байна.

2006 оны 7 дугаар сарын 8-нд буюу улсын их баяр наадмын өмнөхөн яаран сандран баталсан Ашигт малтмалын тухай хуулийн талаар доктор С.Авирмэд болон бусад судлаачид “Хүчин төгөлдөр бус хууль” гэж эсэргүүцэх нь зүйн хэрэг. УИХ-аар уг хуулийг эцэслэн хэлэлцэж баталсан байдал, үүнэээс сар орчмын дараа УИХ-ын даргын гарын үсэг зурсан хуулийн эх материал хоёрыг тэдгээр эрдэмтэн судлаачид харьцуулаад үзтэл хоёр өөр хууль юм уу гэж андуурмаар болсон байлаа. Энэ талаар доктор С.Авирмэд гуай “Гэхдээ би энэ хоёрыг өөр өөр хууль гэж бодохгүй байна. Уг нь нэг хууль байх учиртай боловч, өөр хоорондоо ялгаатай нэг хуулийн хоёр өөр хувилбар болжээ” гэжээ. УИХ-аар баталсан жинхэнэ хууль, Ц.Нямдоржийн гараар засагдаж өөрчлөгдсөн хуурамч хууль хоёрыг хэлбэр талаас нь харьцуулсан түүний харьцуулалтыг дээрх хүснэгтээс хараж болох юм.

УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн мутраас 40 хуудас хууль нь бүхэл бүтэн гурван хуудсаар нэмэгдэж, 10 бүлэг нь 11 болж, 70 зүйл нь 66 болоод хувирчихжээ. Ингээд үндсэндээ хуулийн заалтууд тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нэр устай болсон нь ашигт малтмалыг хайх, ашиглах бодлогын чанартай хууль биш, лиценз тараах 1997 оны хуулийн үнэр нэвт шингэсэн хууль болсон байлаа. Удалгүй иргэн Ламжав үүнийг нь Үндсэн хуулийн цэцэд өгч хэлэлцүүлээд Ц.Нямдоржийн буруу болохыг тогтоожээ. Харин Ц.Нямдорж тухайн үед үүнийгээ тайлбарлахдаа “УИХ-ын дарга бол найруулгын болоод жижиг сажиг алдааг засч болно” гэсэн утгатай зүйл ярьж байв. Гэхдээ тэр Ашигт малтмалын тухай хуулийн амин санаа, бодлогыг гажуудуулж орхисноо одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй яваа нь гайхалтай. Хуулийг ингэж дур мэдэн зассанаас болоод зарчмын өөрчлөлт орж уу гэдгийг нарийвчлан харвал яах аргагүй өөрчлөлт орсон л байдаг шүү дээ. Тухайлбал, Ц.Нямдорж дээрх нэр бүхий гишүүдийнхээ санаа бодлыг улам лавшруулан хуулийг зассанаар газрын хэвлий, эрдэс баялгаа хэн нэгэн этгээдэд хувьчилж өгөөд “орд эзэмшигч” болгожээ. Оюу толгойн гэрээнд энэ нь ёстой жинхэнэ гай тарьсан заалт болсон байв.

Харин Фрийдланд энэхүү будлиантсан хуулийн заалтуудыг сонсоод учиргүй баярлан “Монголын дарга нар бидэнд ихээхэн нааштай хандаж байгаа. Ашигт малтмалынх нь хууль дажгүй болсон” хэмээн дэлхийгээр нэг зарласан даа. Ийнхүү бантагнуулсан хуулийн төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хоёр удаагийн хуралдааны протоколыг үзэхэд, Э.Бат-Үүл гишүүн “Стратегийн ордын тухай 5-ын 3 дахь заалт чинь ийм юм байгаагүй шүү дээ” гэхэд Ц.Нямдорж дарга элдэв тайлбар хэлж булзааруулаад өнгөрсөн байна лээ. Мөн Р.Раш гишүүн роялтийг 6,5 хувь болгох санал тавьсан боловч дэмжигдээгүй. Харин хуулийг батлах эцсийн хуралдаан дээр С.Ламбаа гишүүн энэ хууль нэлээд эргэлзээтэй болж байгаа тухай болон иргэний байгууллагууд эсэргүүцснийг сануулахад Ц.Нямдорж “Иргэний хөдөлгөөний саналыг заавал аваад байх шаардлагагүй” гэсэн байв. Үндсэндээ эдгээр гурван гишүүнээс өөр ямар нэг эсрэг санал хэлсэн, хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандсан гишүүн байгаагүй.

Үндсэн хуулийн цэцээс Ц.Нямдоржийн хууль зассаныг буруутгаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргын суудлаас нь огцруулсны дараа түүний гар дүрсэн хуулийг хэвээр мөрдөж ирсэн нь тун ойлгомжгүй хэвээрээ байгаа юм. Тэр бүү хэл өнөөгийн УИХ-аас 2010 оны 11 дүгээр сарын 25-нд энэ хуульд өөрчлөлт оруулахдаа зөвхөн Оюу толгойн гэрээг хийхийн тулд хоёр, гуравхан заалт нэмж янзлаад Ц.Нямдоржийн тэрхүү зарчмын хувьд буруу ташаа болгож хаясан зүйлүүдийг засалгүй хэвээр нь үлдээсэн байна. Төрийн шаргал ордны ийм хуйвалдаанд Фрийдландын баярлах нь ч аргагүй юм уу даа, тэр үүнийг л хүссэн юм чинь.

 

Б.Отгонбаяр

Undesnii medee

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car