Батлан хамгаалахын харьяа “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн барилга Оффицеруудын ордны ард баригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
2012 онд тендер зарлагдаж, барилгын ажлыг Болдбаатар захиралтай “Монгол өртөө” группийн охин компани “Роксолид” констракшн гүйцэтгэж эхэлсэн ч хугацаандаа буюу энэ есдүгээр сарын 1-нд ашиглалтад орж амжсангүй.
Уг нь Болбаатар захиралтай энэ асуудлаар бид өнгөрсөн наймдугаар сарын дундуур уулзан, тодруулга авахад тэрбээр 9 сарын 1 гэхэд бүх зүйл “ок” болно гэсэн боловч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй байна.
Нөгөөтэйгүүр 5,2 тэрбум төгрөгийн төсөвтэй гүйцэтгэгдэж буй уг ажлын ард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар байдаг гэх яриа бий. Олны үг ортой гэгчээр Батлан хамгаалах яам хавиар ийм зүйл яригдаж байгаа нь үнэний хувьтай байж мэдэх.
Энэ ч утгаараа хоёр Болдбаатарын бизнес гэж Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн барилгыг нэрийддэг юм билээ. Ингэж хардах нь ч аргагүй. Учир нь 2012 онд энэхүү барилгын тендер явагдах үед одоогийн Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нь Тэмүүжин өрлөг дунд сургуулийн захирлаар ажиллаж байжээ.
Юутай ч эдгээр асуудлаар уг барилгын ажлыг гүйцэтгэж буй “Монгол өртөө” группийн охин компани “Роксолид” констракшнийн захирал Болбаатартай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Батлан хамгаалахын харьяа Тэмүүжин өрлөг цэргийн дунд сургууль энэ есдүгээр сард нээлтээ хийх ёстой юм билээ. Одоо 10 гаруй хоног үлджээ. Гэтэл барилга бүрэн ашиглалтадороход яагаад ч амжихгүй харагдаж байна. Есдүгээр сарын нэгнээс өмнө барилга ашиглалтад орж амжих уу?
-Ашиглалтад орж амжина. Яг графикийн дагуу ажил явагдаж байна.
-Уг нь гэрээ ёсоор хэзээ ашиглалтад орох ёстой юм бэ?
-Гэрээ ёсоор есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох ёстой.
-Гэхдээ есдүгээр сарын 1-нээс наана улсын комисст хүлээлгэн өгөх ёстой биз дээ?
-Есдүгээр сарын1-нд л улсын комисст хүлээлгэж өгнө гэж яриад байгаа.
-Тэгэхээр хүүхдүүд нь хэзээнээс хичээлдээ орох юм б э?
-Есдүгээр сарын 1-ндээ л орно.
-Тэгвэл улс хүлээж аваагүй байшинд хүүхдүүд шууд хичээлдээ орно гэсэн үг үү?
-Хүүхдүүд хичээлдээ орж л байна биз. Зэрэгцээд улсын комисс хүлээж аваад л, баримт бичигтээ гарын үсэг зураад явна.
-Хэрэв улсын комисс хүлээж авахгүй бол яах вэ?
-Хүлээж авна.
-Та итгэлтэй байна уу. Яагаад?
-Бүх юм чанартай хийгдэж байгаа юм чинь хүлээж авах нь мэдээж.
-Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй барилгын баг ажиллаж байгаа юм бэ?
-170 гаруй хүн ажиллаж байна. Давхар болгонд 30, 40 хүн ажиллаж байна.
-Та өөрөө Батлан хамгаалах салбарт 32 жил ажилласан хүн гэл үү?
-Тийм. 32 жил ажиллаж байна. Би бэлтгэл оффицер хүн л дээ. Тэтгэвэртээ гараад 2 жил болж байна.
-Та Тэмжүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн тендерийг яаж авсан бэ. Сураг сонсох нь ээ, хоёр Болдбаатарын бизнес гэж яригдах юм. Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар та хоёрын авсан ажил юм биш үү?
-Яг хууль журмын дагуу тендерт оролцож авсан. Энэ ажлыг авсаны дараа олон удаа шалгуулсан. АТГ хүртэл шалгасан.
-Тендерт хичнээн компани оролцсоноос танайх юугаараа давуу учраас энэ ажлыг авсан юм бэ?
-Би энэ бизнест олон жил ажилласан. Олон барилга барьсан. Туршлагатай.
-Батлан хамгаалахад ажиллаж байхдаа давхар барилгын бизнес хийдэг байсан юм уу?
-Тийм.
-Төрийн албан хаагч давхар хувийн ажил хийж болдог юм юм уу?
-Би хувийн компанитай л даа. “Монгол өртөө” групп гээд 24 жилийн тушлагатай компани надад байна.
-Та тэгвэл их туршлагатай гэсэн үг үү?
-Туршлагагүй байтлаа ийм том барилгыг босгох уу.
-Нийт хичнээн метр,кв барилга барьж байгаа юм бэ?
– Нийт 8350 метр.кв. Энэ барилга подволгүй байхад нь манайх подволтой болгож өгсөн.
-Төсөв нь хэдэн төгрөгөөр батлагдсан юм бэ?
-Төсөв нь 5,2 тэрбум төгрөг. Чи бод доо, 8350 метр.кв барилгыг 5,2-хон тэрбум төгрөгөөр барьдаг компани байна уу. Ийм сэтгэлтэй газар байхгүй.
5-р ангиас 12 дугаар ангийн, дандаа идэр насны хөвгүүд энд хичээлд сууна. Гэтэл би ямар үзэсгэлэнтэй юм хийж байгааг чи харж байна уу. 300 гаруй идэр насны хүүхдүүд энд суралцах учраас би үнэхээр сэтгэл гаргаж барилгыг сайн чанартай, үзэсгэлэнтэй хийж өгч байна.
Ийм сайхан сэтгэл гаргаад ажиллаж байхад улс мөнгийг нь өгөхгүй луу унждаг. Би хувиасаа 2 тэрбум төгрөг одоогоор гаргачихаад л байна.
-Улсаас нэг ч төгрөг аваагүй юм уу?
-Авсан л даа. 5,2 тэбрум төгрөгөөс 3 орчим тэрбум төгрөг авчихаад байна.
-Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатарыг энэ барилгатай холбоод байх юм. Ямар учиртай юм бэ?
-Энэ тендерийг авч байх үед З.Болдбаатар сургуулийн захирал байсан. Миний хувьд тендерт оролцдог журмаар нь л оролцсон. З.Болдбаатартай ямар ч холбоогүй.
Бид цэргийн улсууд, нэгнээ мэдэхийн хувьд мэднэ. Сургуулийн захирал байхдаа барилгын ажилтай танилцаад орж гардаг л байсан. Сүүлд Төрийн нарийн болсон учраас ажил үүрэгт нь энэ барилгын ажил хамаардаг болсон. Энэ утгаараа ажил шалгаад орж гарахаар хүмүүс хардаж, сэрддэг юм шиг байна лээ.
Бид хоёр адилхан нэртэй. Хоёр Болдбаатарын барилга гэж ярьдаг гэсэн.
-Тендерээ хэдэн онд авсан юм бэ?
-2012 онд тендер авсан. Энэ ажлыг аваад одоо хоёр жил болж байна.
-Хоёр жилийн хугацаанд энэ гуравхан давхар барилга барьж байгаа юм уу?
-Юу ярьж байгаа юм бэ. Нийт талбайг тооцох юм бол 13 давхар барилгын хэмжээтэй барилга барьчихаад байна. Гуравхан давхар ч талбай томтой шүү.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 27, 2014 9:21:12 pm )
Энэ галзуу хүний өдрийн тэмдэглэл үү
-
zochin (September 28, 2014 10:22:27 am )
xeden xvvxed surguultai l bolj babal ashtai yu daa xoorxll ter idsen uusam baibal shalgadag gazar ni shalgax baigvi dee
2 Comments