antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2014 2 comments

“Би сүүлчийн Далай лам байх болно”

нийтлэсэн Admin

-Далай ламын залгамжлагчаа тодруулахгүй гэсэн мэдэгдэлд Бээжин албан ёсны ямар нэг байр сууриа илэрхийлээгүй ч дараагийн Далай лам заавал тодрох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж-

Дэлхийн буддын шашинтны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц хойд дүрээ тодруулахгүй хэмээн наймдугаар сарын сүүлээр мэдэгдсэн. 1935 онд Түвдэд төрсөн XIV Далай лам 1959 оноос хойш Энэтхэгийн Дарамсалад шашин номын үйлээ үргэлжлүүлж байна. Дэлхийн энх тайван, амар амгалан амьдралын төлөө, хүнлэг байхын утга учрын талаарх сургаалиа дэлхийн олон улс оронд очин уншдаг. Түүний энэхүү хүчин зүтгэлийг үнэлж энх тайваны Нобелийн шагналыг 1990 онд хүртээсэн билээ.

Далай лам залгамжлагчаа тодруулахгүй хэмээснээ таван зууны турш үргэлжилж ирсэн Далай ламын институт үеэ өнгөрөөсөн гэж үзэж байгаагаар тайлбарласан. “Нэг хүнээс хамааралтай шашны хуучин үзэл төгсгөл болж байна, би сүүлчийн Далай лам байх болно” хэмээн Германы Welt am Sonntag сонинд ярьсан. Гэсэн ч залгуулаад “Бид таван зууны турш Далай ламыг тодруулж ирсэн. Тэдэн дундаас XIV Далай ламын нэр хамгийн их алдаршсан. Тиймээс Далай лам надаар дуусаг. Хэрэв Далай ламын дараагийн дүр нэр хүндгүй нэгэн байвал Далай ламын нэрийг гутаана шүү” гэсэн нь анхаарал татаж байна. Буддын шашны уламжлал ёсоор Далай лам гэдэг бол бүх буддистуудын сүслэн биширдэг, нигүүлсэхүйн дээд дүр. Тиймээс “нэр хүндгүй, шашныхаа нэр хүндийг гутаах” хойд дүр гарч ирнэ гэдэг бол буддист хүний ухаанд багтахгүй зүйл.

Эдүгээ 80 насыг зооглох гэж байгаа Дээрхийн гэгээн сүүлийн 50 гаруй жил эх нутгаасаа дүрвэн амьдарч байгаа билээ. Төрсөн газар нутаг нь одоо харъяалагддаг БНХАУ-ын эрх баригчид Далай ламыг буддын шашны тэргүүн гэхээсээ илүүтэй улс төрийн зүтгэлтэн гэж үзэн Түвдийг тусгаар улс болоход уриалан дуудаж, улмаар газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлыг алдагдуулах аюултай хүн гэж үзсээр ирсэн. Тиймээс ч Дээрхийн гэгээн Данзанжамц Бээжингийн улс төрийн өрөг дээр байнга барьцаалагдаж ирсэн. Гадаад бодлогын хувьд ч хятадууд Далай ламтай хэрхэн харьцаж байгаагаар тухайн улс оронтой харьцах харьцааныхаа уяаг богиносгох уу, уртасгах уу гэдгээ шийдсээр ирсэн.

Харин Далай ламын залгамжлагчаа тодруулахгүй гэсэн мэдэгдэлд Бээжин албан ёсны ямар нэг байр сууриа илэрхийлээгүй ч дараагийн Далай лам заавал тодрох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, Бээжингийн зөвшөөрсөн хүн л дараагийн XV Далай ламын дүрээр тодорно гэсэн үг. Одоогоос гурван жилийн өмнө XIV Далай өөрийн улс төрийн үүргээ түвд гаралтай, АНУ-д мэргэжил эзэмшсэн Лувсан Сэнгээ хэмээх залууд шилжүүлсэнээ зарласан. Нэгэнт Түвд орноо тусгаар тогтнуулах нь цагийн аясаар улам бүдгэрч, Далай ламаа даган тусгаар улс болно гэсэн түвдчүүдийн итгэл ч бас бүдгэрч байгаа учраас энэ зөрчилдөөнийг нэгэн биеэр дуусгахаар шийдсэнээ зарлалаа. Бээжингийн зүгээс Түвдийн хөгжил цэцэглэлтэд сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа. Хоёр гурван жилийн өмнө энэ нутагт төмөр зам тавигдсан. Зам дагаж хөгжил ирдэг нь үнэн бөгөөд түвдчүүдийн амьдрал ахуй дээшлэх тусам тусгаар тогтнох үзлийг илэрхийлэх дуу хоолой улам багасна гэсэн үг.

Далай лам өөрийн зүгээс Бээжингийн талаас гарч байгаа өөрчлөлтийг ч бодолцож үзсэнээ энэхүү ярилцлагадаа дурдсан нь анхаарал татаж байна. БНХАУ-ын шинэ дарга Си Жиньпиний авлига хээл хахуультай, намын хүнд суртлын аппараттай хийж байгаа тэмцэл нь Далай ламд найдвар төрүүлжээ. Си Жиньпиний бий болгохоор тэмүүлж байгаа ардчилсан Хятад оронд Түвдийн буддизмд орон зай олдох нь дамжиггүй гэсэн итгэл байгаагаа XIV Далай лам нуугаагүй. Си Жиньпин Парист айлчлах үеэрээ “буддизм бол Хятадын соёлын нэг хэсэг” хэмээн хэлсэнийг мөн иш татжээ.

Д.НАРАНТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочинзочин (September 25, 2014 8:31:35 pm )

    монголчууд еерсдее Богдоо тодруулаад туундээ мергеед л явж байвал болоо биздээ

  • Зочин (September 26, 2014 1:33:00 pm )

    Тийм байх есгуйдээ Далай лам багшаа! Харин монголд торох нь зов шуу!

antalya rent a car