Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт
“АНХНЫ 14-ИЙН ХЭРЭГ” ГЭГЧ УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ЦААЗЛАГДСАН ЭХ ОРОНЧДЫН ШАРИЛЫГ МОНГОЛ ЁСООР ОРШУУЛЬЯ
Сталинизмын хядлагын үед, 1937 оны 9-р сарын 10-ны шөнө “Заговор” (хуйвалдаан) хэмээх нэртэй Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын гишүүн гэх 115 хүний нэрсийн жагсаалтаар ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан төр засгийн хариуцлагатай албан тушаалтан болон цэргийн томоохон дарга нарыг “дүрэмт хувцас, одон медаль, буу сэлмээ зүүгээд ир!” гэсэн зар тараан өөрийн албан өрөөндөө ирүүлж баривчилснаар Монгол улсад өргөн хүрээтэй улс төрийн баривчилгаа, хядлага өрнөж монголын түүхэнд урьд, хожид үзэгдээгүй төрийн махны машин эрчээ авсан түүхтэй. 1937 оны тэр шөнө баривчлагдсан эрчүүдээс 14 хүнийг сонгож урьдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хилсээр шийтгэсэн нь “Анхны 14-ийн хэрэг” гэх ойлголт нийгэмд бий болжээ. 1937 оны аравдугаар сарын 21-нд Орос, Монголын ДЯЯ-ныхан Улсын Төв Театрт олныг цочроосон шүүх хуралд Г.Самбуу, Л.Дарьзав, Б.Очирбат, Д.Яндаг, Ж.Малж, М.Ядамсүрэн, Ц.Өлзий, Ц.Өлзий-Очир, Ц.Баттөмөр, Д.Жамьянжав, Л.Дэндэв, Ё.Жигжид, О.Шагдар, Б.Ламжав нарын цэргийн болон төр, засгийн зүтгэлтэн 14 хүнийг оруулж, “Монголчуудыг нэгтгэсэн Пан Монгол улсыг Японы дэмжлэгтэй байгуулах гэж байсан”, “Гэндэн, Дэмидын толгойлсон Японы тагнуул, хувьсгалын эсэргүү байгууллага”-ын идэвхитэй гишүүн гэх хилс хэргээр яллажээ.
Дорнод аймгийн дарга О.Шагдарыг буудан алваас зохих ч “уг эсэргүү ажилд бусдаас оролцоо бага” гэж 10 жилээр яллаж, Б.Ламжавын амийг өршөөн бусад 12 эх орончыг “шүүх”-ийн шийдвэр гарсан даруй зэвсэг агссан цэргээр харгалзуулан гарыг ард нь хүлж, буутай цэргүүдээр харгалзуулан хойно, ачааны бүхээгтэй машинуудад ачиж аваад өмнө, хойно нь олон суудлын машин цуваа үүсгэн явсаар Сонгино хайрханы буруу харсан аманд тулж очин буулгаад нэг нэгээр нь буудаж эхэлжээ. “Сан бэйсийн сагсуу цоохор” Х.Чойбалсан бусдаас содон, согтуурхан гар буу гозгонуулан агсарч, буудаж байгаа хүмүүсийн дэргэдүүр цамнан цаазын ялын гүйцэтгэлийг биеэрээ удирдана. УБХ-ын дарга Д.Догсом тэгэж аягаласангүй, эхний хоёр, гурван хүнийг буудсаны дараа машиндаа суужээ.
Харин Ерөнхий сайд А.Амар сайд ёс жудагтай монгол эр хүний зангараг гаргаж машинаасаа ч гарч ирэлгүй гашуудан шаналж, амандаа ном уншин суух аж. Түүнийг харж уурссан Х.Чойбалсан: “Энэ феодалыг хараач, илүү нүх байна уу?. Энд нь булчих юмсан!” гэж загнан хашгичиж байсныг улсын баатар П.Чогдон хожим гэрчилсэн байдаг. Тэд “би хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнээ”, “үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй” “Монгол улс мандтугай! Бидний үнэн зөвийг хойч үеийнхэн гэрчилнэ” гэж амжиж хашгираад алтан амиа алджээ. Аллагыг голчлон шоронгийн комендант, Маахуур хэмээх Дамба гэгч алуурчин гардан гүйэтгэж, ДЯЯ-ны зөвлөх Кичиков, Голубчик зэрэг хэдэн Орос хянан, ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол, тусгай хэлтсийн дарга Н.Насантогтох, “алцан” Мандал, ДЯЯ-ны төлөөлөгч Л.Содов тэргүүлэн байлцжээ. Л.Содов хожим “Ж.Малж хамгийн сүүлд үлдээд “Би хэрэг хийгээгүй. Хилс үхэж байна, улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнээ!” гэж хашгираад 2-3 удаа буудуулж байж үхсэн гэж мэдүүлжээ.
Зоригт эрсийг бүгдийг хороож гүйцээд гүйцэд амьсгал хураасан эсэхийг магадлан шалгадаг чекистүүд эмчээр ч магадлуулсангүй, шууд шороогоор булж дарсан байна. Хилс хэрэгт хэлмэгдэн буудуулсан тэдгээр Монгол эрсийн хамгийн ахмад нэрт тагнуулч Ц.Өлзий 57 настай, хамгийн залуу нь МАХЦ-ийн Хуягт бригадын дарга Д. Жамьянжав 32 настай, ихэнх нь 33-37 настай байлаа. 1937 оны 10-р сарын 21-нд “Анхны 14-ийн хэрэг” гэгч улс төрийн хилс хэрэгт холбогдуулан эх орныхоо төлөө халуун сэтгэлээр зүтгэж явсан 14 зоригт эрсийг хэлмэгдүүлэн, 12-ыг нь Сонгино хайрханы зүүн хойд жалганд цаазлан хороож, нүхэнд дарж булжээ. Тэдний шарил гар нь хүлээстэй чигээрээ, жалгын ирмэг орчим ухсан нүхэнд булаатай хэвээрээ 77 жилийн нүүр үзэж байна. Тэдгээр эрс бүгд хариуцлагатай алба хашиж явжээ. Үүнд:
1. Г.Самбуу-БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны сайд
2. Л.Дарьзав-Цэргийн явдлын яамны орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч, корпус командлан захирагч
3. Б.Очирбат-Цэргийн явдлын яамны Тагнуулын газрын дарга асан, бригад командлан захирагч
4. Д.Яндаг-МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, Монгол тээхийн дарга асан
5. Ж.Малж-Жанжин штабын дарга, корпус командлан захирагч
6. М.Ядамсүрэн-Улсын Төв театрын дарга
7. Ц.Өлзий-Цэргийн тагнуулч, хурандаа
8. Ц.Өлзий-Очир-БНМАУ-ын Засгийн газрын нарийн бичгийн дарга
9. Ц.Баттөмөр-Ардыг Гэгээрүүлэх яамны сайд
10. Д.Жамьянжав-ЦЯЯ-ны харьяа Хуягт бригадын дарга, бригад командлан захирагч
11. Л.Дэндэв-Бүх цэргийн эмнэлэгийн албаны дарга
12. Ё.Жигжид-БНМАУ-ын Хоршоодын төв холбооны орлогч даргаар ажиллаж байв. Тиймээс төрийн террорын золиос болж, нэг дор олноороо буудагдсан эрсийнхээ дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэх үүднээс тэр шарилуудыг судлан шинжилж, сайтар баримтжуулж аваад, монгол ёсоор оршуулж, тухайн газарт нь дурсгалын цогцолбор байгуулахын сацуу төрийн хядлага явагдсан газруудын байршлыг эрэн сурвалжилж нэмж тогтоон, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх саналыг судлаач миний бие дэвшүүлж байна. Тийм учраас миний дэвшүүлж буй уг асуудал цаг үеэ олсон бөгөөд Монголын төрөөс хойш тавилгүй шийдэх нь төрийн үүрэгт ажил мөн. Учир иймд уг ажлыг ЦАУЗБУК-оос эрхлэн Шүүх эмнэлэг, ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, Бурхан шашины төв зэрэг холбогдох байгууллага, эрдэмтэд, ард иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж, гүйцэтгэх шаардлагатай. Чингих нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод дараах байдлаар нийцэж байна.
Тухайлбал, 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр УИХ-аас батласан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” Монгол Улсын хуульд: “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх…, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд мөн хуулийн 24.1-т: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хяналт тавина” гэж заажээ. Тийм учраас төрийн бодлого, түмний сэтгэлд нийцэх энэ ажлыг ЦАУЗБУК хойш тавилгүй шийдэрлэж, хийх цаг нэгэнт болжээ. Төрийн террорын золиос болж, амь эрстсэн тэдгээр эх оронч монгол эрсийн дурсгалыг хүндэтгэж жил бүр хүмүүс очиж, цэцэг өргөдөг. Харамсалтай нь хэлмэгдэгсдийнхээ шарилыг гаргаж ирэн, хүний ёсоор оршуулж чадаагүй байгаагаас болж дээгүүр нь алхаж, гишгэчсээр байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг юм. Уг нь үхэгсдээ хүндэтгэн оршуулах нь хүний ёсон сон. Тэр тусмаа эх орныхоо тусгаар, тогтнол, хүн ардынхаа амгалан тайван, халдашгүй байдлыг хангахын төлөө халуун амиа зориулсан эх орончдынхоо шарилыг ардчилсан нийгмийн өнөө цагт хүн ёсоор оршуулахгүй байж яахин болох билээ.
Энэ ажлыг хийх нь 1930-1940-өөд оны улс төрийн хядлага, төрийн террорын арга технологи, хор уршгийг баримтаар нотлон тодруулахад шинжлэх ухааны ач холбогдолтойн дээр хэлмэгдэгсдийг цагаатгах, судлах, сурталчилах, нэр төрий нь сэргээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг чанарын шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хэлмэгдүүлэлтийн түүхийн тухай янз бүрийн дурсамж яриаг бодитой эсэхийг баримтаар нотлон, тухайн асуудлыг тогтооход хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ уг ажлыг хийсний үр дүнд Монгол улсад хүний эрхийг баталгаажуулах, улс төрийн хэлмэгдүүлэлтээс сэргийлэх, тийм оролдлогыг таслан зогсоох, улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх үзлийг монголын нийгэмд төлөвшүүлэх давхар ач холбогдолтой юм.
Тэртээ 1937 онд хилс хэрэгт алтан амиа алдсан гэм зэмгүй эх орончдын гэм зэм нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гэсэн нэгэн сэтгэлээр мятрашгүй тэмцсэний л “гэм” байж. Тэд хэлмэгдэгсэд төдий бус эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид байсан юм. Тиймээс гар нь хүлээстэй чигээрээ шороонд булаастай хэвээр байгаа тэдгээр эх орончдын шарилыг гаргаж судлан шинжлээд, монгол ёсоор оршуулах нь хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төрийн бодлого, түмний сэтгэлд нийцэх бусуу? Монгол төрийн түшээд, Монгол ахан дүү нар минь хэлмэгдүүлэлтийн түүхэн сургамжыг цаг ямагт санагтун!
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд мэт он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун”
доктор Д.ХОРОЛДАМБА [email protected] 89891711, 99749755
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (September 12, 2014 3:32:16 pm )
demjij baina
-
зочин (September 12, 2014 9:41:33 pm )
эдгээр хэлмэгдэгсэд аль нутгийн хүмүүс байсныг тогтоох тодорхойлох боломжтой юу. Ер нь тэр үеийн түүхийг уншиж байхад улс орныхоо алс хэтийг харж ард олныхоо сайн сайхны төлөө ихийг хийхээр чин сэтгэлээр зүтгэж явсан хүмүүсийг эзэн Чингис хааны удмынхантай нь сорчилж хядсан юм байна гэсэн ойлголт төрсөн. Түүнийг хэрэгжүүлэхдээ боловсрол нимгэн хувийн сонирхол давамгайлсан Чойбалсан мэтийн овилгогүй хүмүүсээр Монголыг монголоор нь устгуулсан гашуун сургамжийг залуучуудад сайн ойлгуулах хэрэгтэй. Одоо ч тийм овилгогүй хүнийг алагчлан үздэг нохойнууд байсаар л байгаа.
-
dyrsgal (September 12, 2014 10:56:31 pm )
Ene bol chyhal sedev bna yeiin yed byy martagtyn
-
zochin (September 12, 2014 11:56:35 pm )
ardchilal garch irjel enel busarmag amidarliig zogsoosondoo
-
bolor (September 13, 2014 2:25:00 pm )
demjij bna ah dvv yr udamin hvmvvs n bdag l bh sain sudlaad ah dvv nartain holbogdoh heregtei bodhod vr udam n helmegdsen geel tsagaatguulaa bh ih l sudlaga heregtei boluu vneheer demjij bna shvv
-
bkyuklnjuty (September 13, 2014 6:41:18 pm )
МАН байгаа цагт энэ ажил хийгдэхгүй биздээ,төрийн дээр энэ нам монголчуудынхаа цусанд гараа угааж байсан биздээ.
-
ODorjpurew (September 13, 2014 6:52:14 pm )
Ih helmeqduulelt urqeljilseer 61n jil.2003_04_21nees N Enkbayr,M Altanhuyq nariin heeqduulelt 11n jil 5n sar,DDorliqjaw nariin helmeqduulelt 4n jil qarui.Nen darui caqaatquulhad tuslalcaa uzuulne uu
-
төмөр (September 15, 2014 10:30:15 am )
Маш зөв санал байна Тэр үед Млнголын армийн дээд тушаалд ажиллаж байсан 41 генералыг буудаад Халхын голын дайнд дөнгөж цэргийн сургууль төгсөн дэслэгч нар хороо дивиз клмандлан дайнд орж байсныг хэлсэн Шагдарсүрэн гуайн яриа энд байгаа
8 Comments