antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

Д.Мандах: Байцаагч “Талст fashion” -ээс юм авах нь авсан. Барааных нь танилцуулгыг авсан гэдэг

нийтлэсэн Admin

-БИ МӨРДӨН БАЙЦААГЧ БИШ ЭНЭ АСУУДЛЫГ ХӨӨЦӨЛДӨЖ ҮНЭН, ЗӨВИЙГ НЬ ОЛЪЁ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙГАА-

“Талст fashion” дэлгүүрийн брэндийн бараа жинхэнэ эсэхийг шалгахаар очсон  байцаагч  тус дэлгүүрийн ажилчдын нүдийг хариулж байгаад юм авч байсан нь камерт бичигдсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Энэ асуудлаар Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахтай ярилцлаа.

-Танай нэг байцаагчтай холбоотой асуудал сүүлийн үед хэвлэлээр гарлаа. Тус газрыг удирдаж яваа хүний хувьд энэ талаар таныг ямар нэгэн тайлбар  хийх болов уу гэж бодлоо?

-Манай улсын байцаагч Д.Эрдэнэтуяатай холбоотой мэдээлэл хэвлэлээр гарлаа. “Талст fashion” дэлгүүр хяналт шалгалт хийж байх үед нь тэр бичлэгийг хийсэн юм билээ. Тэр бичлэгийг нь үзвэл манай байцаагч тодорхой нэг зүйлийг аваад далд хийж байгаа ч юм шиг дүрс байдаг. Зарим сонин энэ бичлэгт буусан байцаагчийн зургийг тэргүүн нүүрэндээ тавиад  тус дэлгүүрийн захирал эмэгтэйтэй ярилцлага хийсэн байна лээ. Үүнд хэд хэдэн зүйлийг хэлэх ёстой байх. Нэгдүгээрт манай байцаагчийг хулгай хийсэн гэж тэр дэлгүүрийн захирал нь ойлгосон бололтой. Уг нь энэ дүрс бичлэгийг “Талст fashion” дэлгүүрийнхэн хулгайн хэрэг байна гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага бичлэгийг үзээд “Эрүүгийн хэрэг биш байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзсэн. Тэгээд прокурорын байгууллагаар хянуулсан байгаа юм. Тухайн хүний байдал дүрс бичлэг дээр яаж ч харагдаж болно. Гэхдээ “Энэ бичлэг дээрх байцаагчийн дүрс гэмт хэрэг хийгээгүй байна” гээд байхад хэвлэлээр сенсаац дэгдээгээд буй нь хортой үйлдэл юм. Нэгдүгээрт тухайн байцаагчийн болон манай байгууллагад ажиллаж буй хэрэглэгчдийнхээ төлөө явж хамаг амьдралаа зориулж буй байцаагч нарын нэр хүндэд халдаж буй асуудал. Энэ худал мэдээлэлтэй холбогдуулан манай болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ч их бухимдсан.

-Энэ бичлэгийг та өөрөө үзсэн үү?

-Үзсэн, би өөрөө мөрдөн байцаагч биш. Манай байгууллага хуулийн байгууллага биш. Бичлэгийг үзээд мөрдөн шалгах эрх үүрэг  ч байхгүй. Эхлээд надад энэ бичлэгийг тус дэлгүүрийнхэн үзүүлэхэд “Цагдаагийн байгууллагад ханд. Хэрэг мөн бишийг нь тогтоолго. Хэрэв  манай байцаагчийн үйлдэл хууль зөрчсөн байвал арга хэмжээ авах асуудлаа ярина” гэсэн. Түүнээс техник хэрэгсэл хөгжсөн энэ үед улсын байцаагчийн тухай баталгаагүй юм барьж ирээд  хууль зөрчсөн хэмээн буруутгаж болохгүй шүү дээ. Би тухайн үед “Улсын байцаагчтай холбоотой ийм  зүйл барьж ирлээ гээд танай дэлгүүрт хийсэн шалгалтын дүнд нөлөөлөхгүй” гэдгийг нь хэлсэн. Мөн шалгалтын дүнд нөлөөлөх байдлаар ийм асуудал гаргаж байгаа бол хүлээж авахгүй гэсэн.

Нөгөө талаар  нэмж хэлэхэд улсын байцаагчийн мэдлэг боловсрол, ёс зүйн асуудал чухал байна. Харилцааны соёл, хууль дүрмийнхээ дагуу ажиллаж, биеэ зөв авч явах ёстой. Манай байгууллагад ёс зүйн зөвлөл байнга ажилладаг. Улсын байцаагчтай холбоотой өргөдөл гомдол ирвэл хүлээж авдаг. 12-84 гээд байнгын утас ажиллуулж байна. Энэ утсаар хэрэглэгчийн гомдлыг хүлээж авч байгаа. Мөн байцаагч нартай холбоотой гомдлыг ч хүлээж авдаг.

-Бичлэгийг үзээд Улсын байцаагч Д.Эрдэнэтуяагаас энэ талаар тодруулсан л биз дээ. Өөрөө юу гэж байх юм?

-Манай байгууллагын Тамгын газрын ажилтнууд Д.Эрдэнэтуяагаас тодруулга авсан байсан. Одоо энэ байцаагч ажлаа хийхгүй байгаа.

-Ээлжийн амралттай байгаа гэл үү?

-Урт хугацааны чөлөө аваад явсан. Гадаадад сурахаар нөхөртэйгөө явсан. Манай Тамгын газрынхан хэвлэлээр түүний тухай бичиж эхлэхэд Д.Эрдэнэтуяатай утсаар холбогдсон байна лээ.

-Дүрс дээрх авч байгаа зүйлээ юу гэж тайлбарласан юм бол?

-Өөрөө бол  тус дэлгүүрээс юм авах нь авсан. Тэгэхдээ  барааных нь танилцуулгыг авсан гэж хэлдэг юм билээ. Би өөрөө энэ асуудлыг  мөрдөн байцаагч биш гэдэг утгаараа хөөцөлдөхгүй байгаа.

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн бэр гэдэг үнэн үү?

-Би хэний хамаатан гэдгийг нь мэдэхгүй байна. Отгонбаяр гэж гэр бүлийнх нь хүн байдаг гэж сонссон. Би сайн танихгүй.

-Танай байгууллага тус дэлгүүрээс “LV” брэндийн цүнх хурааж авчихаад түүнийгээ шатаана гэж хэлсэн гэсэн. Гэтэл “Талст fashion” дэлгүүрийнхэн яасан нь тодорхойгүй гэж ярьж байсан. Тэр цүнхнүүдийг нь яасан юм бэ?

-“LV” брэндийн барааг манай байгууллага бус Оюуны өмчийн газар хурааж авсан. Энэ шалгалтыг хийх хүсэлтийг анх Эрүүгийн цагдаагийн газрынхан гаргасан юм. Тэгээд Оюуны өмчийн газар манай байцаагч нар хамтран шалгалт хийсэн юм шүү дээ. Зөвхөн манай байгууллага хийгээгүй. Шалгалтын явцад тухайн бараа бүтээгдэхүүнийг жинхэнэ үү, үгүй юү гэдгийг тогтоолгохоор гадаадад байдаг байгууллага руу нь дээжээс нь явуулсан. Гэтэл “энэ бараа хуурамч байна” гэж олон улсын байгууллага тогтоосон. Тийм учраас бид барааг нь хуурамч гэж үзэж байгаа юм.

-Чанартай бараа зарж байсныг нь та нар хуурамч гээд  хураачихсан юм биш үү?

-Холбогдох байгууллагуудаас нь тэр бараа хуурамч гэдгийг хэлээд өгч байна. Нөгөөтэйгүүр бид барааг хураагаагүй. Тэр бараа хуурамч биш гэдгийг шалгаад холбогдох байгууллагуудад нь өгснөөс цаашгүй юм. Мөн манай байгууллага тус дэлгүүр хуурамч бараа зарж байна. “Талст fashion” дэлгүүрийнхэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч ээ хэмээн прокурорын байгууллагад албан тоот илгээгээгүй.

-Тэгээд “LV” брэндийн цүнхийг аль байгууллага нь хурааж авсан юм бэ?

– Барааг Оюуны өмчийн газар хурааж авсан юм.

-Тэгвэл танай байгууллагыг тус дэлгүүрийнхэн гүтгэж байна гэж ойлгож болох уу?

-Улсын байгууллагыг толгойлоод явж буй хүний хувьд асуудлыг би хурцатгамааргүй байна. Бизнес эрхэлж буй хүмүүс маань бас хууль тогтоомжоо судалж байх хэрэгтэй. Тэгээд ташаа мэдээлэл аваад бухимддаг юм шиг байна лээ. Зүгээр нэг бизнес эрхлэгч улсын байгууллага руу дайрч, доромжилно гэдэг өөрөө утгагүй асуудал шүү дээ. Хуурамч барааны асуудал зөвхөн энэ  дэлгүүрт болж байгаа ч асуудал биш. Манай зах зээл дээр түгээмэл гарч байна. Хэрэглэгчдийн төлөөх байгууллага болохоор бид тэмцэхээс өөр арга алга. Ер нь аливаа хяналт шалгалтын асуудал эмзэг. Улсын байцаагчийн эрх авсан хүн маань өөрөө тухайн байгууллагад улсаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бизнес эрхлэгчдийг хууль бус бараа зарж байна уу, үгүй юу гэдгийг шалгахын тулд эрхэнд нь халддаг. Юмаа шалгуулж байгаа хүн ч эмзэг. Байцаагч нарын өөдөөс эсэргүүцэх явдал гарч л байдаг. Ашгийн төлөө явж байгаа хүмүүсийн амаар төрийн байгууллага хяналт шалгалтаа тавихгүй явна гэж байхгүй.

-Ер нь иймэрхүү байдлаар танай байцаагч нартай холбоотой гомдол өмнө нь хэр их ирж байсан бэ?

-Байцаагч нартай холбоотой гомдол бага ирдэг шүү. Д.Эрдэнэтуяатай холбоотой явдал шиг олон нийтэд дэлгэгдэж асуудал болсон шуугиан өмнө нь гаргаж байгаагүй юм байна. Асуудалд ороод арга хэмжээ авагдаад явсан гурван байцаагч бол бий. Гэхдээ байцаагч нартай холбоотой асуудал тэр болгон олон гараад байдаггүй.

-Танайх хэдэн байцаагчтай вэ?

-Манай газар 33 хүнтэй байгуулагдсан. Эндээс Улсын байцаагчаар ажиллаж байгаа 22 хүн байгаа.

Г.ЦЭЦЭГ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car