Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар эх оронд минь айлчлан ирж, зургаахан цаг саатсан ч зургаан арван жилд ч үр өгөөжөө түгээх түүхэн гэрээнүүд байгуулаад буцлаа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин.
Монгол Улс энэхэн замбуулинд ганцхан заяасан газарзүй, эдийн засгийн хосгүй байрлалтай цорын ганц гүрэн улс. Хойд, урд талаараа ХХI зуунаас эхлэн дэлхийн эдийн засаг, улстөр, хүчний харьцааг зангидан удирдах нь тодорхойлогдож байгаа агуу их хоёр гүрний дунд хавчуулагдан оршдгоороо нойрмоглон зүүрмэглэх хүчирхэг баавгай, атиралдан мушгиралдах үлэмж биет луу хоёрыг зааглан ялгаж, хоёр биенээ самардах боломж олголгүй өнөөдрийг хүргэсэн ховорхон гавьяатай. Хэдэн зууны турш хуурай газрын хамгийн том хоёр гүрний дунд жийргэвч болон оршсон төв Азийн жижигхэн монголыг хоёр аварга хөрш маань хүссэн, хүсээгүй сүүлийн үед анзаарахгүй байхын аргагүй болоод байгаагаа БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр 14-хөн хоногийн зайтай түүхэн айлчлалуудаараа дэлхий нийтэд зарлан тунхаглачихаад нисэн одоцгоов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөлөглөсөн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд товлосон цагаасаа цаг орчим хоцорч буухад БНХАУ-ын дарга Си Зиньпинд үзүүлсэнтэй адил хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд нар угтан авсан юм.
ОХУ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Медведевийн Монгол Улсад хийсэн сүүлийн айлчлалаас хойш таван жилийн дараа тохиож байгаа энэхүү түүхэн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтсаныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков урьдчилан мэдэгдсэн.
Улаанбаатарын цагаар 14:30 болоход Чингисийн талбайн баруун талаар тусгай хамгаалалттай гурван хар тэрэг давхиж ирсний дотроос ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар 10 жил ажиллаж байгаа, Англи, Франц, Шриланк хэлийг төгс эзэмшсэн, барууны ертөнцөд “Хатуу ч, туйлын хувь нэмэртэй оролцогч байж чаддаг, бас итгэлтэй” хэмээн ихэд үнэлэгддэг Сергей Лавров бууж, яаруухан алхсаар талбайн төвд очсон юм. Барууны удирдагчдад “Орчин үеийн хамгийн шилдэг дипломатч” хэмээн үнэлэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Ерөнхийлөгчөөсөө түрүүлэн ирж бүх зүйл ном ёсоороо эсэхийг шалгаж байгаагаас үзвэл ОХУ-ын зүгээс энэ удаагийн айлчлалд ихээхэн ач холбогдол өгсөн нь илэрхий.
Сонирхолтой нь ОХУ-ын төрийн дуулал эгшиглэх үеэр Ерөнхийлөгч В.Путины сэтгэл багагүй хөдөлж, дотор сэтгэлдээ мэлмэрүүлсэн ч байж болзошгүй түүхэн агшны зураг орос, монголын олон гэрэл зурагчны дуранд үлдсэн нь энэ удаагийн айлчлалын эхний гэнэтийн бэлэг байв.
Зургаахан цагийн хязгаартай энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд 200-гаад хүн багтсаныг Чингисийн талбай дээр эрхэм зочдыг хүлээнгээ хоорондоо ярилцах оросын сэтгүүлчдийн ярианаас сонссон юм. Хоёр Ерөнхийлөгч эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ үлдээн дурсгалын зураг татуулсаны дараа 30 гаруй минут ганцаарчилсан уулзалт хийсэн нь энэ удаагийн айлчлал аргагүй л ОХУ, Монгол Улсын хооронд нэн яаралтай шийдвэл зохих тулгамдсан олон асуудал байгаагийн нотолгоо байлаа.
Эрхэм Ерөнхийлөгч нарыг төрийн ордонд морилсоны дараа сэтгүүлчид цуваанд орж, төрийн ордонд алхаж явахад нүдний үзүүрт нийслэлийн Хангарьд ордон, төрийн ордон, Шангрила зочид буудлын дээвэр дээр байрласан мэргэн буудагчид үл мэдэгхэн цухалзаад алга болох нь анзаарагдаж байсан нь энэ удаагийн айлчлалын аюулгүй байдалд хоёр тал хэрхэн дээд зэргээр бэлтгэснийг харуулж байсан юм.
Өчигдөр Улаанбаатар хотын тэнгэрт бүртийх үүлгүй цэлмэг байж, агаарын хэм бараг л нэмэх 30-д хүрсэн болов уу. Чингисийн талбайд цаг гаруй халуун наранд шарагдсан орос, монгол сэтгүүлчид сая л нэг төрийн ордонд хөл тавихад урдаас сэнгэнэсэн сэрүүхэн агаар нэвчин авсан нь үнэхээр тааламжтай байсныг хэлэх ёстой. Ерөнхийлөгчийнхөө айлчлалыг сурвалжилж яваа Оросын сэтгүүлчид төрийн ордонд оронгуутаа “Ох какая жара” хэмээн дуу алдацгааж, савтай ус руу хошуурцгааж харагдана лээ. Харин “Өдрийн сонин”, “Ардчилал” “ТВ-5” “ETV”-ийн бидний хэдэн сэтгүүлч өөр зуураа “Өнөөдрийн халуун шиг орос, монголын хойшдын харилцаа халуун, дулаан болох бизээ” хэмээн монгол хүний амны бэлгэ өргөцгөөсөн юм.
Сурвалжлагч нарт мэдээлэл өгөх хүртэл цаг хэртэй хүлээцгээсэн биднийг төрийн ордны есөн хөлт хүндэтгэлийн танхимд сая л нэг оруулахад “За хүлээсний хэрэг гарч түүхэн гэрээ хэлцлийн гэрч нар болох нь дээ” хэмээн нэгэн телевизийн тоймч бүсгүй бусдыгаа хөгжөөхөө мартаагүй юм. Удалгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн айлчлалын оргил хэсэг болсон 15 баримт бичигт хоёр талын албаны хүмүүс гарын үсэг зурцгаав.
Эдгээр албан бичгийг жагсаавал:
1.Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар
2. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
3. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протоколд Гадаад харилцааны сайд Л.Болд, Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.А.Ромодоновский нар
4. Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БОНХ-ийн сайд С.Оюун, Байгалийн нөөц экологийн сайд С.Н.Донской нар
5. Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд А.В.Коновалов нар
6. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Барилга орон сууц, нийтийн аж ахуйн сайд М.А.Мень нар
7. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичигт Зам тээврийн сайд А.Гансүх, Тээврийн яамны сайд М.Ю.Соколов нар
8. Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээрт Зам тээврийн сайд А.Гансүх, Оросын төмөр зам, нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нар
9. Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд дэд сайд А.В.Фомичёв нар
10. Монгол Улсын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, газрын тосны “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрт БШУ-ы сайд Л.Гантөмөр, “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч И. И.Сечин нар
11. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар, Холбооны цэрэг техникийн хамтын ажиллагааны албаны дарга А.В.Фомин нар
12. Монгол Улсын Сангийн яам болон Холбооны төрийн сан /Оросын төрийн сан/ хоорондын техникийн хамтын ажиллагааны санамж бичигт Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Холбооны төрийн сангийн дарга А.Ю.Артюхин нар
13. Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.А.Ромодоновский
14. Монгол Үндэсний Олон нийтийн радио телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлагийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлагийн ерөнхий захирлын орлогч П.В.Андреев нар
15. “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, “Аэрофлот” компанийн ерөнхий захирал В.Г.Савёлев нар гарын үсэг зурцгаасан нь энэ айлчлалын хамгийн гол үр дүн байлаа.
Түүнээс гадна Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг 2020 он гэхэд дуусгах, хоёр улсын худалдааны нөхцөлийг нэн тааламжтай болгож, 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх, Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх зэрэг түүхэн чухал санал, санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэвшүүлснийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ерөнхийд нь сайшааж аргагүй л том гүрний, баян удирдагчийн зангарга харуулсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зургаахан цагийн хугацаатай ч 100 жилд үр өгөөжөө хайрлах онцгой айлчлал ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, музейг нь үзсэнээр өндөрлөж эрхэм ерөнхийлөгчийн хөлөглөсөн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх буудлаас хөөрснөөр энэ удаагийн айлчлал өндөрлөсөн юм. “Хөрш хөршөө сонгодоггүй” гэдэг ч орос, монголчууд яах аргагүй нүүгээд холдох боломжгүй газар нутгаараа эгнэгт холбогдож, хэн хэнийгээ эгнэгт “Иди ко мне” хэмээн дуудах учиртайг Ерөнхийлөгч В.Путин донжтойхон сануулчихаад, зангарагтайхан нисэн одлоо. Харин тэр удахгүй “За мной” хэмээн дуудах болов уу яах бол….
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Увс Алтанцэцэг (September 04, 2014 5:54:07 pm )
Хөршүүдтэйгээ найрсаг харилцааг бий болгож байгаад баяр хүргэе Нийгэмд ухаалагаар зөв хүн байх уриалга бий болгож байгаад төрийн удирлага нартаа баярлаж байна. Нийгэмд буруу болсон болгоныг засаж байж дараагийн ажил үйлчилгээ явагдаж байгаа ч анзаарч ойлгож байгаа .Улас бүр сайн ажиллахыг хүсэе.
-
enerel (September 04, 2014 7:28:24 pm )
estoi saihan bna.uls oron maani ulam saihan tsetseglen hugjih boltugai
-
zochin (September 07, 2014 7:55:19 pm )
Бид ямар ч л байсан Оросуудтайгаа л байсан нь өлзийтэй байхаа. Америкчууд биднийг мөн бодох байх даа. монголчуудыг доод зэрэглэлийн хүмүүс гэдэг биз дээ. 90 ээд онд орж ирэхдээ тэгж ярьцгаадаг байсан байхаа. Тэр үед орж ирж байсан америк багш нар хар тамхи тарааж Монгол залуучуудыг уруу татаж байсан байхаа. Сайн даа ч биш шүү дээ энэ америкчууд чинь.
3 Comments