Цэцэрлэг, сургуулийн бүртгэл явагдаж, хүүхдүүдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд дээд тал нь тав хоног цэцэрлэгийн үүдэнд дугаарласан хэцүүхэн өдрүүд өнгөрч байна. Гэтэл “Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр БХЯ, Хилийн цэргийнхэн амралтаа авсан ажилчдын амралтын мөнгө, цалинг нь тавьж чадахгүй хэцүүдэж байгаа дуулдав. Тун удахгүй хичээл сургууль жигдрэхээр сургууль, цэцэрлэгүүд ч цалингаа тавьж дийлэхгүй байдал үүсчээ.
Тэртэй тэргүй өдөр хоногийг аргацаан амьдарч байгаа Эрүүл мэндийн салбарын тухайд байдал бүр ч хүндхэн тусах нь ойлгомжтой. Гэмтлийн эмнэлэг хэрэгцээтэй эм, тариагаа авч дийлэхгүй өвчтөнүүдийн ар гэрээс аргацаасаар өнөөдрийг хүрсэн.
Саяхан Сангийн сайд Ч.Улаан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Чингис” бондын мөнгөөр төсвийн цоорхой нөхдөггүй хуультай. Нийгмийн халамжийн арга хэмжээнд ч тараах учиргүй. Зарим байгууллага цалингаа хугацаанд нь тавьж чадаагүй асуудал гарсан байж болзошгүй. Улсын болон нэгдсэн төсвийн хүрээнд цалин тавьж чадахгүй байх нөхцөл үүсээгүй.
Үүсэх ч үгүй” гэсэн байна лээ. Гэтэл цалингаа тавьж чадахгүй байгаа нь зөвхөн БХЯ-аар соёл урлаг, хэвлэл мэдээллийн олон байгууллагуудыг хамарч ажилчдынхаа гар дээр тавих мөнгөгүйгээс эхнээсээ хаалгаа барьж эхлэв бололтой. Энэ талаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатараас тодруулах гэсэн боловч Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцоод Дорнод аймагт яваа гэнэ.
Ер нь ингэхэд энэ бүх хүндрэл, бэрхшээл юунаас болов оо. 2014 оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240 тэрбум төгрөгөөр, Татварын орлого бүрдүүлэлт 200 гаруй тэрбумаар тасарч яваа. Гэтэл тун удахгүй хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байдаг.
Аливаа улсын төр, засаг оршихуйн үндэс нь татвар билээ. Ямар ч цаг үед тухайн улсын төр нь иргэдээсээ авсан татвараараа амьдарсаар ирсэн бөгөөд тэрхүү хураасан татвараараа иргэдээ буцааж тэжээдэг, ард түмэнд ч иргэддээ хэрэгтэй зүйл хийсэн эсэхээрээ л “сайн, муу төр” гэж үнэлэгдэн түүхэнд бичигддэг жамтай.
Түүхэнд хураасан татвараараа ард түмэндээ хэрэгтэй зүйлсийг бүтээж, хүн амаа өсгөж, газар нутгаа тэлж, зам тээвэр, харилцаа холбоогоо хөгжүүлж, хот тосгон байгуулж, техник технологийг бүтээж, ард түмнээ “хөл хөсөр, гар газар” сэтгэл амгалан амьдруулсан ухаантай төр ч байна, хэрэгтэй хэрэггүй үрэлгэн зардал гарган ард иргэдээ өлөн зэлмүүн, ядуу тарчиг амьдруулсан ухаан мулгуу төр цагийн эрхшээлээр доройтон буурсаар ард түмэнтэйгээ хамт мөхсөн гунигт түүх ч бий.
Тиймээс хураасан татварыг хэрхэн юунд зарцуулж буй нь төрийг тодорхойлох хамгийн бодитой арга зам юм. Баялаг бүтээгчид өөрийн бүтээсэн үнэт зүйлсийнхээ тодорхой хувийг өөрийн хийж чадахгүй сайн үйлийн төлөө төрдөө өгдөг, төр нь ч “нийтэд тустай юм хийнэ” хэмээн амлан татвар авч өөрөө түүнийхээ өчүүхэн хэсгээр нь амьдраад, бусдыг нь нийтийн сайн сайхны төлөө зохистой зарцуулах онцгой эрх хүлээдэг учиртай билээ. Төр ард түмэн хоёрын хамгийн чухал тохиролцоо энэ юм. Харин хүн төрөлхтний түүхэнд үеийн үед байсаар ирсэн энэхүү тогтолцоо Монгол Улсын хувьд арай л жаахан буруу тогтолцоогоор яваад байгаа.
Монголын төр өнөөдөр хэдхэн баялаг бүтээгчдийнхээ татвараар амьдардаг хувалз болчихоод байна.
Амьд биетийг шимэгчлэн цусыг нь сорж амьдардаг, улмаар нөгөө амьтнаа үхэлд хүргэдэг нэгэн төрөл паразетийг хувалз гэдэг. Хувалзны амьдрах биологийн нөхцөл нь өөрөө томроод л байдаг, нөгөө амьтан нь турж жижгэрсээр эцэст нь үхэлд хүргэдэг онцлогтой.
Монгол Улсад 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тэнцвэржүүлсэн орлогоор 2014 онд 6.8 их наяд төгрөгийн орлого олох ёстой. Үүний 6.2 их наяд нь татварын орлого, үлдэх 637 сая төгрөг нь татварын бус орлогоос бүрдэхээр төсөвлөсөн. Гэтэл 2014 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээс харахад л нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 353.8 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 21.3 хувиар буюу 95.7 тэрбум төгрөгөөр дутуу биелэлттэй гарч. Үүнээс хойших зургаан сард татварын орлого бүрдүүлэлт байнга тасарснаас жилийн эхний долоон сарын байдлаар татварын орлого бүрдүүлэлт 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарч яваа.
Ерөнхийдөө татварын орлого асар их хэмжээгээр тасарч, улсын төсвийн алдагдал нэмэгдэж төсөв бүхэлдээ хүндрэх төлөв ийнхүү 2014 оны эхний хагас жилийн байдлаас тодорхой харагдаж эхэлсэн юм. Уг нь татварын орлого бүрдүүлэх ачааг төр биш, баялаг бүтээгчид л үүрнэ.
Энэ байдлаас дүгнэлт хийвэл жилийн эцсээр баялаг бүтээгчид рүүгээ улам ихээр дайрах дүр зураг ажиглагдаж эхэллээ. Учир нь Монголын төрд өнөөдөртөө өөр олигтойхон тэжээгч харагдахгүй л байгаа.
Монгол Улсын төсвийн орлого 2010 онд 3.1 их наяд, 2011 онд 3.3 их наяд, 2012 онд 5.8 их наяд, 2013 онд долоон их наяд болж өссөн. Орлого өсөхийн хэрээр төсвийн зарлага өсөх нь ч ойлгомжтой. Ерөнхийдөө сүүлийн дөрөвхөн жилийн дотор улсын төсөв хоёр дахин томорсон. Улсын төсөв данхайгаад байдаг. Эсрэгээрээ монголчуудын амьдралын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, инфляци 15 хувиас дээшээ цойлчихлоо. Төгрөгийн худалдан авах чадвар 40 гаруй хувиар суларч, импортоос улам их л хамааралтай болж, биднээс хураан авдаг татварын нэр төрөл нэмэгдсээр л.
Хамгийн сүүлд л гэхэд Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс хотын төвөөр зорчих автомашинтай иргэдээс 50 мянган төгрөгийн татвар хураах тухай хэсэг шуугиулаад иргэдийн ихээхэн бухимдалтай тулгарсны хүчинд татаж авчихаад байгаа. Монголын төр өнөөдөр улам данхайн томорч, татвар нь улам л нэмэгдэж эсрэгээрээ ард түмэн унтаад босоод ирэхэд л үнийн хөөрөгдөлд багалзуурдуулсаар байна.
Монголын төрийн албаны хаагчдын тоо 2014 онд 169448 болсон дүн мэдээ бий. Тэгвэл энэ тоо 2013 онд 162769, 2012 онд 161612, 2011 онд 155679, 2010 онд 148223 байж. Энэ хэдхэн тооноос харахад л сүүлийн дөрөвхөн жилийн дотор төрийн албан хаагчдын буюу татвараар тэжээлгэгчдийн тоо 12.6 хувиар өссөн байна. Харин иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний чанар, хүртээмж 12.6 хувь өсөөгүй л болов уу.
Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд мөн татвар төлдөг. Төлөхдөө асуудалтай төлдөг.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээгээр 72.9 мянган аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн 50 хувь нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаа явуулдаг компаниудын бараг 90 хувь нь жижиг, дунд үйл ажиллагаатай компаниуд гэсэн статистик бий.
Эдгээрийн ихэнх нь “татвараас зайлсхийдэг, үнэн зөв мэдүүлдэггүй, санхүүгийн хоёр тайлантай” гэдэг нь нууц биш болчихсон. Татвараа шударгаар үнэн зөв төлвөл тэр аж ахуйн нэгж бараг л ашиггүй ажилладаг, эхсүл олсон дээрээ улам нэмэх гэсэн шуналтай нь холбоотой. Нууж байгаа гэдгийг нь ч татварынхан мэддэг. Нуусных нь зоргоор төр мэдээгүй царай гарган өгсөн тайланг нь авч татварыг нь хурааж байна гэдэг бол нэг л сэжигтэй. Тэр бол авлига гэдэг нь тодорхой. Ийм л гинжин хэлхээтэй татварын тогтолцоо өнөөдөр хамгийн муу тогтолцоо байсаар байна.
Ямар сайндаа л Татварын Ерөнхий газрын хяналтын хэлтсийн дарга нарын данснаас хэдэн тэрбум төгрөг гарч ирж байхав. Ийнхүү татвараар амьдардаг Монголын төр улам данхайсаар, сүүлдээ төрийн болон бусад хувийн хэвшлийн байгууллагууд цалингаа тавьж дийлэхгүй хавтгайрсан өрийн сүлжээнд боомилогдлоо. Одоо ер нь яах вэ, та минь ээ.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (August 27, 2014 6:16:14 pm )
tsalingaa nemeechee ard tvmen tuildaj bna shvv
1 Comment