Жил бүр хичээлийн шинэ жилийг угтаж зарим замын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Энэ хичээлийн жилийг угтаж наймдугаар сарын 22-31-нийг дуустал дугаарын хязгаарлалт хийх болсонтой холбогдуулан бүтэн өдрийн туршид 500 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлэх болсон. Тэгвэл энэ арга хэмжээ өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Зорчигч та өнөөдрөөс эхлэн улсын дугаараар түр зохицуулалт хийж буй наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих боломжтой боллоо. 10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм.
Мөн эдгээр автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ. Эдгээр автобусууд нь нэг зорчигчтой байсан ч цагийн хуваарийн дагуу дараагийн буудал руу явж үйлчилнэ.
Өнөөдрийн хувьд зорчигч та нийтийн тээврийн том, жижиг автобус, төмөр замын RAILBUS-аар үйлчлүүлэхдээ 500 төгрөгийн үнэтэй “ЦЭНХЭР” тасалбарыг нэг удаа авснаар бүтэн өдрийн турш хэдэн ч удаа, аль ч чиглэлд дахин төлбөр төлөхгүйгээр үйлчлүүлэх юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.