Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хэлэлцэн баталсан.
Тус журмаар Замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих харилцааг зохицуулсан.
Журмын 1.3-д Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нь тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажиллагааг хариуцах бөгөөд энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуйн нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр заасны дагуу хамтран ажиллах санал дэвшүүлсэн 4 аж ахуйн нэгж, байгууллагатай энэ сарын 31-ний өдөр гэрээ байгуулан 2014 оны наймдугаар сарын 15-наас эхлэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв нь дээрхи дөрвөн аж ахуйн нэгжийг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх, соёлч боловсон харьцах тал дээр хяналт тавьж үйл ажиллагааны үндсэн менежментээр ханган ажиллана.
Тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлнэ мөн тээврийн хэрэгслийн жолооч тухайн өдрийн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжихээр журамласан.
Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж 20.000 /хорин мянган төгрөг/ байх ба зөөж шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг тухайн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актаар зохицуулах аж.
Иргэд зөрчил гарган тээврийн хэрэгслийнхээ дугуйг түгжүүлсэн тохиолдолд жолооч талын хажуу цонх болон дугуй түгжигч дээрхи утсаар холбогдон тайлуулж авах боломжтой ба төлбөрийг газар дээр нь картаар болон бэлнээр тушаах бүрэн боломжтой байх юм.
Хэрвээ дугуй түгжигч ашигласны хураамжийг бэлнээр өгсөн тохиолдолд таны гар утсанд баталгаажуулж 20.000 төгрөгний хураамжийг хүлээн авлаа гэсэн мессеж тусгай дугаараас очих болно.
Дугуй түгжигчийг эвдсэн тохиолдолд буруутай этгээдээр дугуй түгжигчийн өртгийг гурав дахин өсгөж төлүүлнэ. Дугуй түгжигчээр түгжих, тайлж авахыг зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх байгууллага, аж ахуйн нэгж хариуцах ба зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч дур мэдэн дугуй түгжигчийг оролдох, тээврийн хэрэгслээ хөдөлгөх зэрэг үйлдлийн улмаас учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч өөрөө бүрэн хариуцах юм байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
garaa (August 10, 2014 7:32:01 pm )
hyjaagaas bas neg hereggyi tumur hydaldan abch irgedee daramtlah boljee yynii orond zogsool olon gargaach
1 Comment