УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн хуралдаанууд тун ч сонирхолтой өрнөсөн. Тэр тусмаа Ерөнхий сайд ЭЗХЯ-аас чагнах төхөөрөмж олж чекист болох шахав. Уг нь тагнуулынхан даргадаа илтгэж, дарга нь Ерөнхий сайдад халуун мэдээ хүргэхээр гараад харайлгачихсан юм билээ. Өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэх гээд толгой нь өвдөж байсан нь энэ мэдээг сонсоод нүд ирмэх зуурт илаарших мэт болж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлаж орхив. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайдын энэ үйлдэл өөрийг нь огцруулах асуудлыг олон нийтийн анхаарлын төвөөс холдуулах зорилготой байсан болохоос тагнуулын байгууллага яаж ажиллаад байгааг зарлах, задлах шаардлагагүй байсан. Цагдаагийн байгууллагыг “Б.Билэгтийн” ба “Х.Тэмүүжингийн” гэсэн хоёр хэсэгт талцуулсан тэрбээр энэ үйлдлээрээ ТЕГ ба АТГ-ыг мөн л хуваагдахад хүргэв.
Авлигатай тэмцэх газар холбогдох хуулийнхаа дагуу төрийн өндөр албан тушаалтнуудтай “ойр” хэргийг мөрддөг тул прокурорын зөвшөөрөлтэй л бол хэнийг ч тагнаж чагнах эрхтэй. Энэ байгууллагын эсрэг гагцхүү ТЕГ л сөрж ажиллаж болдог. Тэгэхээр бондын мөнгөтэй холбоотой ч юм уу, эсвэл бусад хууль бус үйлдэл энэ Засгийн газарт байдаг бол түүнийг нь АТГ-аас хамгаалах “боломж” зөвхөн ТЕГ-т байгаа гэж ойлгож болно. Ийм ч учраас Ерөнхий сайд ТЕГ-ын дарга Б.Ариунсанг хайрлаж, хадгалсаар энэ суудалд нь байлгаад байгаа хэрэг. Б.Ариунсан нь “ажлаа сайн” хийсний илрэл болгож АТГ-ын хүч хөдөлмөр зарцуулж илрүүлсэн ажлын үр дүнг хууль бусаар Ерөнхий сайддаа очиж мэдээлэн “Гэрэлд цохиулчихлаа шүү” гэсэн анхааруулга өгөөд байвал АТГ-ын ажлын үр дүн яаж гарах билээ.
Уг нь зарчмын дагуу бол ТЕГ, АТГ бие биеэ нөхөн хамтарч ажиллаж үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, гэмтнийг илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэхэд хүчин зүтгэх ёстой. Гэтэл нэг байгууллагын ажлын үр дүнг нөгөө нь бусниулчихаж. Үүнд ТЕГ, АТГ-ын ажилтнууд огт буруугүй. Буруу гэвэл ажлаа сайн хийсэн л буруутай болох байх. Харин ТЕГ-ын дарга Ерөнхий сайдад саймширч тусгай албадыг хооронд нь “дайтуулах” хэмжээний үр дагавар бүхий алдаа гаргалаа. Тиймээс ТЕГ-ын дарга Б.Ариунсантай хариуцлага тооцох ёстой. Эс тэгвээс АТГ-ын дараагийн ажиллагаанд саад учруулж ажлынх нь үр дүнг рапортоор сонсмогцоо Ерөнхий сайдад мэдээлж, Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлаад байвал юу болох вэ. Энэ байдлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэй.
Түүнчлэн Ерөнхий сайдын дээрх үйлдлийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзвэл Үндсэн хуулийн 16-ийн 17 дахь хэсэгт заасан “улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар хамгаална”, 38-ын 2-ын 6-д заасан “Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ үндэслэлээр Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд, ТЕГ-ын дарга Б.Ариунсанг ажлаас нь чөлөөлбөл дээрх талцаж хуваагдсан, хамтарч ажиллах нэг байгууллагынхаа ажлын үр дүнг нөгөө нь үгүйсгэн үнэгүйдүүлэх “аюул” саармагжиж болох юм.
Цаашид хууль, хүчний байгууллагыг хувийн ашиг сонирхолдоо ашигладаг байдлыг хамгаалах үүднээс Тагнуулын ерөнхий газрыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шууд удирдлагад оруулах шаардлагатай байгааг дээрх үйл явдал харууллаа. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа нууц задруулсан гэх асуудал сөхөгдөнгүүт сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзсан асуудлаа шалгуулж байсан зөв жишгийг эргэн харж Ерөнхий сайд маань заавал Үндсэн хуулийн Цэцээр шалгуулах гэлтгүй өөрийн хүсэлтээр огцорчихвол бүр ч эерэг түүх үлдэх билээ. Үүний тулд холбогдох хуулиудыг сайтар уншиж жаахан зориглоод л боллоо шүү дээ. Харин хожмын үр дүн нь хэчнээн хэрэгтэй гээч.
С.Чулуун
Холбоотой мэдээ
-
зочин (July 24, 2014 3:34:33 pm )
Энэ асуудал нь нийгэмд айдас төрүүлсэн үйлдэл болсон. Нууц ажиллагаа нууцаараа үлдэх ёстой. Хэнийг ч хэзээ ч хамаагүй тагнаж тагнаж чагнадаг юм байна гэсэн ойлголт бий болсон байна шүү.
-
Зочин (July 25, 2014 10:06:49 pm )
Төр улс хийх юмаа хийнээ.
-
ааааа (August 01, 2014 11:37:12 am )
АТГ хүн бүрийг тагнадаг тэрнийхээ төлөө ард түмний татварын мөнгөөр маш өндөр цалин авдаг хувийн өс хонзонгоор ажил хийж цалин авдаг
-
ATG (August 01, 2014 11:39:42 am )
Mongold ua unen ter unen ATG heden hunii os honzongiin toloo ajilladag
-
-
a (August 10, 2014 9:50:24 pm )
ATG-iin zob shyy.Altanhuyagiin buruu.
5 Comments