Их дээд сургууль болон дунд сургуулийн багш нар их бага хэмжээгээр сурагчид, оюутнуудаас авлига авдаг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
Үүнийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн сургалтын албаны багш Г.Алтанцэцэг, МСҮТ-ийн Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар нотоллоо. Тэд 60 гаруй оюутнуудын дүнг засч өгнө хэмээн их хэмжээний мөнгө авсан нь илчлэгдэж нийгэмд дуулиан тариад байгаа.
Авлигал өгсөн, авсан, зуучилсан гэх бүх хүмүүс хэрэгт оролцоотой болсноороо хамгийн олон шүүгчдэгчтэй шүүх хурал болсон ч хойшилсон.
Тодруулбал 66 шүүгдэгч, 36 өмгөөлөгчтэй эл хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг шүүх хуралд оролцуулахад хамгийн багадаа 200-гаад хүн оролцох болоод байгаа юм.
Олон хүнийг хамарсан уг хэрэг нь Эрүүгийн хуулийн 268, 269, 270-д заасны дагуу тус бүрт 5-8 жилийн хорих ял төлөвлөөд байгаа юм.
Учир нь хуулийн байгууллагынхан оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нартаа авлига өгсөн, харин түүнийг нь зарим оюутан замд нь зуучилсан гэж үзэж буй юм билээ. Бидний олж авсан мэдээллээр зарим нэг оюутнууд давтан авлига өгсөн хэрэгт ч сэжиглэгджээ.
Гэхдээ олон нийтийн зүгээс ийм олон оюутнуудыг хоморголон шийтгэж болохгүй гэсэн өнгө аясыг илэрхийлж байна.
Эл хэргийн шүүх хуралд оролцохоор ирсэн иргэн Дашбалжир “Би энэ хэргийг сонирхохоор ирсэн. Авлигал өгсөн хэрэгт холбогдоод байгаа оюутнуудад багш нарын зүгээс ямар нэгэн дарамт шахалт ирсэн учраас тэд шалгалтаа сайн өгье гэсэн үүднээс хандсан байх.
Тиймээс манай хууль шүүхийн байгууллага үүнийг маш сайн ялгаж салгах хэрэгтэй. Ер нь аль ч их дээд сургуулийн багш нар оюутнуудыг дүнгээр боож тэднийг дахин шалгалт өгүүлэхэд хүргэдэг нь нууц биш шүү дээ. Тиймээс энэ олон хүүхэд нэг дор шүүгдэгдэх гэж байгаад харамсч байна.
Маш олон эцэг эх оюутан болсон хүүхдүүддээ санаа нь зовж байна. Хамгийн гол нь авлига авсан гэгдээд буй багш нарыг ч сайн судлах хэрэгтэй. Өмнө нь дээрх багш, мэргэжилтнүүд оюутнуудаас мөнгө авсан хэрэгт холбогдож байсан тухай сонсч байсан” гэв.
Энэ нь боловсролын салбар хэрхэн авлига, хээл хахуулд идэгсний тод жишээг харуулж буй явдал юм. Мөн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн удирдлагууд яагаад ийм хэргийг өгшүүлэв гэдэг нь ч хачирхалтай.
Тодруулбал Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Б.Жавхлантөгс, Г.Алтанцэцэг нар өнгөрсөн жил авлигын хэрэгт холбогдож байсан ч сургуулийн удирдлагууд тэдэнд зөвхөн сануулах төдий арга хэмжээг авч байжээ.
Түүнчлэн дээрх хоёр нөхөр энэхүү хэргээ нуухын тулд ядарсан оюутнуудыг элдвээр дарамтлан үйл тамыг нь үздэг байсан тухай ч оюутнууд ярьж байсан.
Эндээс нэг зүйлийг ажиглахад Б.Жавхлантөгс, Г.Алтанцэцэг нар оюутнуудын дүнг засч өгнө хэмээн хэдэн жил хэдэн оюутнаас хэдий хэрийн хэмжээний мөнгө авч байсан бол гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг.
Товчхондоо авлигалч багш нарын шуналаас болж ээж, аавынхаа зовж олсон хэдэн төгрөгийг тэдэнд өгснөөрөө хүүхдүүд өнөөдөр шоронгийн хаалга татах ёсгүй гэж нийт масс үзэж буй юм.
Түүнчлэн одоо дурын нэг Facebook-ээр ороход “Бид багш нарынхаа нүдэнд мөнгө болж харагддаг” гэх үгс тэнэж явдаг нь ч нууц биш.
Анх оюутнууд сурлагын дэвтрийн завсарт 5-10 мянган төгрөг хавчуулж багш нартаа өгдөг байсан бол энэ тоо нь 2-3 жилийн дотор хэд дахин өссөн байна.
Мөн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн удирдлагууд дээрх багш нарынхаа толгойг илснээрээ ийнхүү сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл тээж ирсэн хүүхдүүдийг хохироочихлоо.
Тиймээс энэ сарын 23-нд болох уг хэргийн шүүх хурал олны анхаарлын төвд байгаа бөгөөд тэдэнд ямар ял оногдуулах бол гэсэн хүлээлтийг нийгэмд бий болгоод байна.
Ичих булчирхайгүй авлигалч багш нараас болж Монголын ирээдүй болсон залуучууд олноороо хохирч үлдэх ёсгүй.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.