Эдийн засгийн байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Манай улсын үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны байдлаар 4.2 саяд хүрчээ. Хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр шийдвэрлэх асуудлууд хөвөрсөөр байна. Үүний нэг бол тухайн хэрэглэгч дугаараа сольсон тохиолдолд оператороо өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг явдал юм. Тэгвэл дээрх хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр Мобикомын хэрэглэгч дугаартайгаа өөр операторын үйлчилгээг авах боломж нээгдэж байгаа юм. Энэ үйлчилгээг 1990 оны дунд үеэс дэлхийн улс орнууд нэвтрүүлжээ. Өнгөрсөн оны байдлаар 78 улсын хэрэглэгч дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг ашиглаж байгаа аж. Хуулийн төсөл санаачлагчийн хэлж буйгаар уг хуулиар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байгаагаас гадна үүрэн холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниудын өрсөлдөөнийг нэмэгдүүлж байгаа гэсэн юм. Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ, түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх юм. Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн таван хувиас дээш хэсэг нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг бол Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж үзэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Иймд холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, дугаар шилжүүлэх үйлчилгээний харилцааг зохицуулах журам батлах замаар эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий болж байна хэмээн сайд Ч.Сайханбилэг танилцуулсан. Хэрэглэгчид хуучин хэрэглэж буй дугаараа хадгалсан хэвээрээ өөр компанийн хэрэглэгч болох боломжийг бүрдүүлж байгааг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун илэрхийлж байв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох өргөн далайцтай хэлэлцүүлгийг Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын байгуулсан ажлын хэсэг зохион байгуулж, Зөвшөөрлийн тухай хуулийг шинээр боловсруулжээ. Уг хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөлд зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт хуваахаар тусгажээ. Онцгой зөвшөөрлийг өргөдөл, нөхцөл байдлыг магадлан шалгах ажиллагааг явуулж, ажлын хэсэг, зөвлөлөөр хэлэлцсэний үндсэнд Засгийн газрын гишүүн, тусгай зөвшөөрлийг ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж үзэх ажиллагааг явуулсны үндсэнд төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгох ажээ. Зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа, эзэмших, ашиглах нийтийн өмч, эрхийн нэр төрлийг зөвшөөрлийн жагсаалтад оруулж, зөвхөн хуулиар тусгайлан баталдаг байхаар төсөлд тусгажээ.
Холбоотой мэдээ
-
Мгл (June 26, 2014 8:56:06 am )
Гарчиг гажигтай
-
иргэн (June 26, 2014 9:10:39 am )
гарчиг үнэхээр гажигтай байнаа. Гэхдээ энэ хуулийн төслийг 100% дэмжиж байна шүү.
-
иргэн (June 26, 2014 9:11:52 am )
Мови нэг юм бодохгүй бол татгалзанаа
-
-
-
mgl (June 26, 2014 11:38:22 am )
mobi uurchlult khiikhgui shiljuulnee
-
Unen (June 29, 2014 10:28:55 pm )
Garchig xoorxii doo. Xereglegchiin erx ashigt niitsen shiidver baina .
5 Comments