antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 1 comment

Г.Доёд: Монгол Улс “төр”-гүй болчихоод байна

нийтлэсэн Admin

Энэ удаагийн “Чухал яриа” буландаа Олон улсын эдийн засгийн бизнесийн дээд сургуулийн багш Г.Доёдыг урьж ярилцлаа.


-Өнөөгийн төр, засгийн бодлого, төлөвшил, бодит байдалд энгийн иргэний хувьд ямар үнэлэлт өгөх вэ гэсэн асуултаар яриагаа эхлэх үү?

 

-Өнөөгийн төр засаг анх сонгогдсоноосоо эхлээд л хууль бусаар төрийн эрхэнд гарсан. Зүй нь хууль бусаар төрийн эрхэнд гарсан учраас огцрох ёстой.

 

Нөгөөтэйгүүр 2008 оны сонгуулийн үеэр өнөөгийн эрх баригчид ямар гоё мөрийн хөтөлбөр гаргаж, ард түмэндээ ямар сайхан, бал бурам шиг амлалт өглөө.

 

Тухайлбал МАН 1.5 сая төгрөг, АН нэг сая төгрөг өгнө гэж амалсан. Мөн цалин тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлнэ, жил бүр 60 мянган ажлын байрыг шинээр бий болгоно гэхчлэн их олон, бас сайхан заалтууд бий. Гэхдээ би энд тодорхой юмыг нь л дурьдаж байна. Нэг бүрчлэн дурьдах юм бол тэндээс нь биелэгдэж байгаа юм бараг байхгүй.

 

Дэлхийн улс орнуудын хувьд намууд сонгуулийн үед гаргасан мөрийн хөтөлбөрийг нь сонгогчид дэмжээд тухайн намаас нэр дэвшигчийн нэрийг дугуйлчихвал гэрээ байгуулагдчихлаа гэж үздэг. Тодруулбал, таны амласныг би хүлээж авлаа, хэрэгжүүлээрэй гэж дугуйлдаг. Өөрөөр хэлбэл тухайн нам, иргэдтэй гэрээ байгуулчихлаа гэсэн үг. Хэрэв амлалтаа биелүүлэхгүй бол дараагийн сонгуульд тухайн худалч намын өрсөлдөх эрхийг хаадаг.

 

Гэтэл Монголд намын мөрийн хөтөлбөрийг эрх мэдэл олж авахад ард түмнийг хуурах хэрэгсэл болгон ашигладаг болсон. Ийм байж болдоггүй л байхгүй юу. Бид энэ замаар, энэ тогтолцоонд мэхлэгдээд байна. Хэдэн зальтай нөхөд төрийн эрх мэдэлд гарчихаад өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалан хууль, журам батлаад сууж байна. Эдний ил цагаандаа гарсан луйврыг ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй, үргэлж эсэргүүцдэг. Хамгийн наад захын жишээ татахад АН, “Ард түмнээ сонсох аян” гээчийг зохион байгуулсан.

 

Гэвч Улаанбаатарт 21 аймгаас зорьж ирсэн иргэд цуглачихаад Ерөнхийлөгч, УИХ-д хандаж бидэнд үгээ хэлж, ярилцаач гэсэн хүсэлт тавьсан ч зугтаад ирээгүй. Ийм төр засаг гэж хаана байдаг юм бэ. Ард түмнээ сонсож, ярилцдаггүй нам, төр засаг байж болох уу. Ерөнхийлөгч ч гэсэндээ, ард түмэнтэйгээ амь, амьсгаа нэг, шударга ёс, та нарынхаа төлөө л гээд байсан. Бас л ирээгүй шүү дээ. Яахав бид буруу ярьж, учир шалтгааныг нь ойлгохгүй ч байж болно. Гэхдээ л ирж учир зүйг тайлбарлаж өгөх ёстой биз дээ. Харамсалтай нь манай төрийнхөн иргэдтэйгээ санал бодлоо хуваалцахаар ирээгүй, ирдэггүй, ирэх ч үгүй юм билээ. Иймээс л ард түмэн төрд бидний төлөөлөл байна гэж бодох үндэсгүй болчихоод байгаа юм.


-Сонгуулийн тогтолцоог шинэчилчих юм бол бүх зүйл сайн сайхан болно гэх горьдлого байсан ч эцсийн эцэст нэг их өөрчлөлт гарахгүй гэдэг нь бараг л тодорхой болчихлоо. Үнэндээ ч төрд луйвраар гарч ирсэн хүмүүс суусан хэвээрээ, хараат бус байх ёстой шүүх эрх мэдлийг хяналтандаа байлгасан янзаараа байхад ямар нэг өөрчлөлт, дэвшил гарна гэж итгэхэд бэрх. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Би Монголыг төргүй болжээ гэж бодож явдаг хүн. Эрүүгийн хуулийн 130.2-т зааснаар бол өнөөгийн эрх баригч, эрхэм гишүүд ард түмнээ мэхлэж авсан учраас зургаан сар хүртэлх хугацаагаар хоригдох ялаар шийтгэгдэх учиртай. Ийм улсаар төрөө бариулчихаад, шинэ хууль батлаад амжилтанд хүрнэ гэх нь дэндүү гэнэн хэрэг. Өнөөгийн төр, УИХ юу ч баталсан бай, тэр нь хүчин төгөлдөр биш. Яагаад гэвэл өнөөгийн төр хууль бус төр учраас тэр. Хууль бусаар төрийн эрхэнд гарсан улсуудаар бид хуулиа батлуулмааргүй л байгаа юм.

 

Одоогийн УИХ Сонгуулийн болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулна л гэж байна. Сонгуулийн хуулийг мажоритор, пропоцианаль болгоно гэж донгосож байгаад холимог хувилбар дээр тогтох шиг боллоо. Үнэндээ бол нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэгтэй л адил зүйл болоод байна. Хамгийн гол нь сонгуульд нэрээ дэвшүүлж буй намууд хэрэгжих боломжтой, үнэнч, ард түмний эрх ашгийг хамгаалсан мөрийн хөтөлбөр боловсруулж, сонгуульд ялсан л бол хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш энэ нэг сая төгрөг амлачихлаа, бид 1.5 сая төгрөг амлачихая, яаж ийгээд сонгуульд ялалт байгуулж, эрх мэдэл, эд хөрөнгөтэй болъё гэсэн байдалтайгаар цаашаа явахгүй.

 

-Тэгээд яах юм бэ. Удахгүй дараагийн сонгууль болно. Шүүх эрх мэдлийг хяналтандаа авчихсан учраас дахиад л “хор” найруулах нь тодорхой шүү дээ?

 

-Огцруулах л хэрэгтэй.

 

-Огцруулж чадахгүй шүү дээ.

 

-Дараагийн сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Энэ хүмүүс чимээгүйхэн нэрээ дэвшүүлэхгүй зугтах ёстой. Ичих нүүртэй баймаар байгаа юм. -Ичихгүй шүү дээ. Нэрээ дэвшүүлж л таарна. Эхнээсээ сурталчилгаага хийгээд эхэлчихсэн байна?

 

Эднийг огцруулна. Огцруулахгүйгээр ямар ч шинэчлэлт, дэвшил зөв зүйл болохгүй. Хэрвээ огцрохгүй бол хүч хэрэглэх ч асуудал гарахыг үгүйсгэхгүй.

 

-Монгол Улс ардчилсан нийгмийг сонгосноос хойш 20 жил өнгөрлөө. Заримдаа ардчилал гэж яг юу юм бэ. Бид ардчилсан зарчмаар явж байна уу гэх бодол төрдөг. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?

 

-Монголд ардчилал байхгүй шүү дээ. Би энэ асуултын хариуг их хайсан. Ардчилал, Ардчилсан нам гээд л байх юм гэж их бодсон. Гэвч бидний хийж буй зүйл ардчилал биш байсан даа, харамсалтай нь… Ардчилал гэдгийг гурван хэсэгт хуваадаг. Бид уг нь төлөөллийн ардчилал гэдгийг нь сонгосон юм байна билээ.

 

Тодруулбал санал асуулгаар УИХ-ын гишүүдийг сонгочихоод тэднээр уламжлан ард түмнийхээ ашиг сонирхлыг шийдвэр гаргах буюу хууль тогтооход нь илэрхийлэх боломжтой гэж ойлгосон. Гэтэл үгүй юм байна, асуудаггүй юм байна, ард түмнээс. Ардчилал гэдэг ард түмний оролцоотой, ард түмний оролцоог хангаж байж шийдвэр гаргахыг хэлдэг. Ардчиллын хамгийн наад захын илрэл нь ард нийтийн санал асуулга.

 

1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталсан. Тус хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, гадаад, дотоод харилцааны онц чухал шаардлагатай асуудлаар ард түмний санал асуулгыг явуулах хууль эрх зүйн орчинг баталсан. Өнөөдөр ард түмэн жагсаж, цуглаж төрд үгээ хүргэх гэж өчнөөн л оролдож байна. Зүй нь ардчилсан нийгэмд төрд ард түмний оролцоог санал асуулгаар хийнэ, нөгөө нь төлөөлөгчөөр дамжуулах ёстой.

 

Европын Швейцарь, Норвеги, Англи зэрэг улсууд евро хэмээх валютын нэгдэлд орох эсэхээ ард түмний санал асуулгаар шийдсэн. Швейцарьт ард түмний санал асуулгыг сар бүр явуулдаг. Төлөөллийн хурлаар асуудлыг шийдэх нь ховор. Ард түмэн өөрсдөө шийдсэн тохиолдолд өөрсдийнхөө эсрэг жагсдаггүй л байхгүй юу. Харамсалтай нь манай улс 1995 онд баталсан хуулиа хэрэглэдэггүй, хэрэглэхээс айдаг. Уг нь хэрэглэх ёстой. Зүй нь төр, УИХ ард түмний дунд санал асуулга явуулах ёстой юм шүү дээ.

 

-Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна гэсэн хуулийн заалт байгаа биз дээ?

 

-Ц.Нямдорж сайд нэгэнтээ “Засгийн эрх мэдэл ард түмэнд байна “гэсэн заалтыг тайлбарлахдаа “Сонгуулийн үеэр санал асуулгын хуудсан дээр сонгогч хэнийг дугуйлах вэ гэдэг тэр мөчид л ард түмэн засгийн эрхийг барьж байгаа нь тэр” гэж хэлсэн. Тэрэн шиг худал юм байхгүй. Хүн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хуралдах эрхтэй. Тэр эрхээрээ дамжуулаад төрийн бодлогод өөрийн хүсэл зорилгоо тусгах, оролцох эрхтэй.

 

Энэ эрхийг нь хангаж өгөх ёстой. Сонгуулиас гадна сонгосныхоо дараа амлалтаа биелүүлэхгүй бол УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрхтэй. Хэдийгээр энэ талаар Үндсэн хуульд заагаагүй ч гэсэн Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын улстөр, иргэний эрхийн фактад сонгох эрхтэй, сонгосон ч ажиллаж чадахгүй бол буцааж татах эрхтэй гээд заачихсан байдаг юм. Хэрвээ амлалтаа биелүүлэхгүй бол буцаан татах эрхтэй ч бид энэ заалтыг хэрэглэхгүй байна. Энэ луйварчид хэрэгжүүлэхгүй байна. Тэрнийг л хэрэгжүүлбэл сая ардчилал болно.Тэгж байж л иргэд төрийн хэрэгт оролцох боломжтой болно шүү дээ.

 

-Их сургуулийн багш хүнээс өнөөгийн Монголын боловсрол ямар түвшинд яваа вэ гэж асуухгүй өнгөрч болохгүй байх аа?

 

-Багш хүний мэдлэг орчин үеийн, цаг үеийн мэдээллээр нөхөн сэргээгдсэн, дэвшилттэй байх ёстой. Тэгж байж л дараачийн залуу хүндээ дамжуулж өгөх ёстой. Оюутан багшийн өгсөн мэдээллийг хүлээж аваад дараагийн үедаа дамжуулах гэх маягаар хөгжил явдаг. Манайд эдийн засгийг хөгжүүлэх, хувийн бизнес эрхлэх боломж хязгаарлагдмал. Төрийн захиргаадалтаас хувийн бизнесийг ялгах, төр өөрийнхөө төсөв, худалдаа, хүний нөөцийн бодлогоор бизнесээ дэмжих асуудал яригдахгүй байна. Нөгөөтэйгүүр багш нараа сайн бэлдмээр байгаа юм. Хуучин багш нар, над шиг хоцрогдсон улсууд шаардлага хангахгүй байж магадгүй. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд хоцрогдохгүй гэж өөрийгөө цэнэглэх гэж үзээд л байна. Хөгжилтэй орнуудын бизнес, хөрөнгө оруулалтын талаар нухацтай судалж, холбогдох сэдвийнх нь дагуу хичээлээ заадаг. Тэдэнтэй адил хэмжээнд л зааж байж зах зээл дээр гадныхантай өрсөлдөнө.

 

Тэгж байж л эдийн засгаа хөгжүүлнэ. Мэдлэг бол хүний нөөцийн хамгийн гол хүчин зүйл. Их ном уншсан хүнийг мэдлэгтэй гэдэггүй юм. Хүн амьдарч буй орчноосоо танин мэдэж, хүний хэрэгцээт оюуны болон бодит баялгийг бүтээх ухаан, ур чадварыг мэдлэг гэдэг юм. Огт үнээ сааж, өрөм загсааж үзээгүй хүүхдийг үнээ сааж, өрөм загсаа гэвэл чадахгүй шүү дээ. Гэтэл хөдөөний хүүхдүүд түүнийг номоор биш, амьдрал дээр үйлдлээр сурчихсан байдаг. Энэ бол мэдлэгээс гадна биеэр эзэмшсэн ур чадвар. Тиймээс бид өөрсдийнхөө мэдлэгийг дамжуулах аргачлалыг сайн эзэмших хэрэгтэй.

 

Өнөөдөр хамгийн их мэдээлэлтэй хэл бол англи хэл. Манайд үндэсний уламжлал, философи сэтгэхүйг ярьдаг улс байдаг л юм. Тэднийг үгүйсгэж болохгүй. Тэд сэтгэж чадаж байна. Хэдийгээр хүн сэтгэх хэрэгтэй ч бусдыг хэтэрхий шүтэж болохгүй. Бид өөрсдийгөө орхичихоод бусдыг хуулах маягаар явж байна. Америкт тэгдэг, Английн хууль ийм сайн юм байна хуулъя л гэдэг. Үнэхээр сэтгэхээ больчихсон. Гэтэл Чингис хаан орчиндоо анализ хийгээд шийдвэрээ гаргадаг байсан. Өөрөө гаргахаас гадна түмтийнхээ ноёдтой уулзаж, хэлэлцүүлж тунгааж байж шийдвэрээ гаргадаг байсан. Хэдийгээр тухайн үед хаант засаглалтай байсан ч ардчилалтай байсан байгаа биз. Хамгийн наад зах нь “Өнчин хүүгийн өчил” байна. Өнчин хүүгийн үгийг хүртэл тоож сонсоод шийдвэртээ тусгаж байсан байгаа биз. Гэтэл өнөөгийн төр засаг, ард түмнийхээ үгийг сонсдоггүй. Энийг ямар ардчилал гэдэг юм бэ.

 

-Сүүлийн үед залуучууд нам дагах нь их болсон. Уг нь мэргэжлээрээ ажиллах гэж байгаа залуу хүнд нам дагах нь нэг их чухал биш баймаар санагдах… Эсвэл нам карерь хөөх алтан боломж болж харагдаад байна уу?

 

-Ганц талаас нь ойлгож болохгүй л дээ. Тиймэрхүү сэтгэхүйтэй хэсэг байгаа л байх. Төрийн эрх мэдэлд очихоор хахууль авч эсвэл эрх мэдлээ өөртөө ашиглаж шийдвэр гаргах, амьдрах, улсын сан хөмрөгт гар дүрэх, алт мөнгөний орд газрын лицензийг танилдаа худалдах, тендер зарлахад ашиг олох боломж болгож өнөөгийн төр засаг харагдуулаад байгаа юм. Тэгэхээр залуучууд сайхан амьдрахын тулд нам бараадъя гэж боддог байх.

 

Нөгөөтэйгүүр нам руу орж тэмцэе, буруу зүйлтэй нь тулж үзэлцэе гэх бодолтой залуус ч цөөнгүй бий гэдэгт би итгэдэг. Ташрамд сонирхуулахад манай сургууль гаалийн ангитай. Жилийн жилд гаалийн анги л хамгийн олон хүүхэдтэй байдаг. Гаальд үсрээд л 1000 хүн ажиллахад хангалттай. Сэлбээд сэлбээд нэг их тоо гарахгүй л болов уу. Тэгээд би гаалийн ангийн оюутнуудаас та нар яагаад энэ ангид орж байгаа юм бэ, ажлын байр олдохгүй шүү дээ гэхэд.

 

Багш аа тэд нар чинь сайхан амьдардаг шүү дээ гэж байгаа юм. Яг л үүн шиг нам дагаад их хурлын гишүүн болчихвол сайхан амьдрах боломжтой юм байна гэж бодоод байгаа хэрэг. -Манай улсын гадаад худалдааны алдагдал их байдаг. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна гэх нааштай мэдээ сонсогддог ч алдагдал багасдаггүй нь ямар учиртай юм бэ? -Байнга алдагдалтай гарч байгаа. Яагаад гэвэл экспортоос орж ирж буй орлого нь импортоос орж ирж буй валютаас бага байдаг юм. Тэгсэн атлаа манай улсын валютын нөөц нэмэгдээд байгаа. Уг нь хоргодох ёстой шүү дээ.

 

-Яагаад?

 

-Энд их учир бий. Экспорт, импортын зөрүү их байгаагийн гол шалтгаан нь нэгд, нүүрсний үнээ дэлхийн зах зээлийн түвшинд хүргэж чаддаггүй. Нэг тэрбум 104 сая ам.доллар алдаж байгаа. 100 гаруй ам.долларын үнэтэй нэг тонн нүүрсийг бид 20-30-хан ам.доллараар л гаргаж байна. Гэрээгээ ингэж л хийдэг. Би гааль дээр төсөл дээр ажиллаж байхдаа Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор явж гэрээг нь шалгасан юм. Контрактын нөхцөл нь үнэхээр муу. Гэрээний үнийг тогтоохдоо огт мэдлэггүй, бараг л хятадын амаар, тэдний шахалтаар шахуу хийдэг.

 

Зарим нь 100 сая ам.долларын урьдчилгаа өгчихөж байгаа юм. Тэрэнд нь ханачихдаг. Ингэж алдаатай наймаа хийгээд импортоо үнэтэй аваад экспортоо дэлхийн зах зээлийн үнээс доогуур өгчихөөр алдагдалтай байхгүй яах юм бэ. Тэрбум ам.доллар алдаж байна гээд бод доо. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр Монголд гадаад худалдааны бодлогыг баримтлах төрийн байгууллага ч байхгүй, бас хуульгүй.

 

Бүр хуульгүй шүү. Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд манай улс нэгдэн орсноор 19 хэлэлцээрийг биелүүлэх учиртай ч хэлэлцээрийг биелүүлэх нэг ч хууль дүрэм Монголд байхгүй. Хуучин яам байсан ч татан буугдсан. Үндсэндээ эзэнгүйдсэн салбар гэж болно. Зөвхөн нүүрсний экспорт дээр л ийм байгаа юм чинь цаашид хаана, ямар ч салбарт луйвардуулах боломжтой. Төр, Үндэсний аюулгүй байдал гэх байгууллага байдаг ч үйл ажиллагаа явуулж үнэндээ чаддаггүй.

 

-Эдийн засгийн аюулгүй байдлын тухайд их хэцүүхэн болох шинж тэмдэг илрээд эхэлчихэж гэж ойлгож болох нь ээ?

 

-Үндэсний аюулгүй байдал гэдгийг дайн самуун гэж ойлгодог. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч хоёр том хөрш маань буу зэвсэг бариад аллага хийх нь юу л бол. Өөр гуравдагч орнуудаас халдлага хийх боломжгүй гэж боддог. Энэ хоёр хөрштэйгөө л сайн байвал энхтайван байна гэж би ойлгодог.

 

Харин Үндсэн хуулиа баталчихаад, газар доорх баялгаа минийх гэж зарлаад буй ч хөрөнгө оруулах хэлбэрээр эдийн засгийн аргаар боолчлох боломжтой. Эдийн засгийн аюулгүй байдалд халдана гэсэн үг л дээ. Банкны мөнгөний бодлого дээр валютын нөөц ихсэж буй гэдгийн цаана мөнгө угаах явдал их байгаа. Банкнуудын захирал 50-80 сая төгрөгийн цалинтай юм гэнэ билээ. Гэтэл манай улсын цалингийн доод хэмжээ 140 мянган төгрөг.

 

Асар их ялгаа байгаа. биз. Энэ чинь үндсэндээ мөнгөний салбарт залгиулж буйгийн илрэл. Малчдад хэдэн төгрөг өгөөд л зээлээ төлж чадахгүй бол хэдэн малыг нь хурааж аваад махлаад гаргачихдаг, маш хямдханаар шүү. Ийм байдалтай, ийм төр, ийм тогтолцоотой бид цаашаа явах ямар ч боломжгүй. Нөгөө талаар эд нар огцоръё гэж хэлж чадахгүй.

-Яагаад?

-Энэ тогтолцоо өөрчлөгдвөл шууд л “аав”-ын хаалга татна. Эд нар чинь хоёр хоног ч болов, наранд байхыг л бодно шүү дээ. Уг нь хуулиар УИХ л ард нийтийн санал асуулгыг санаачлах ёстой гэж дээр хэлсэн. Асуугаад өгөөч гэхээр асуухгүй байгаа юм. Гэхдээ эд яаж гүрийсэн ч Монгол Улс Олон улсын хүний эрхийн түгээмэл эрхийн фактад нэгдсэн учраас ард түмний санал асуулгыг явуулахад ямар ч саад байхгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2011 2:04:57 pm )

    gegeetei yrisand bllaa tand

antalya rent a car