“Оюу Толгой” компанийн удирдлагууд цомхотголтой холбоотой асуудлаар Үйлдвэрчний хороотойгоо тохиролцоонд хүрчээ.
Өнөөдрийн байдлаар “Оюу Толгой” компани үндсэн 219 ажилтандаа бүтцийн өөрчлөлтөд орсон тухай мэдэгдэл хүргүүлсэн. Хуулийн дагуу эдгээр ажилчдын хөдөлмөрийн гэрээг долдугаар сарын 14-нд цуцлах хүртэл үндсэн цалинг нь олгох саналтай байсныг өөрчилж, дундаж цалингаар нь тооцож олгохоор болсон байна. “Оюу Толгой” компанийн уурхайн ажилчдын хувьд дундаж цалингийн хэмжээ нь үндсэн цалингаасаа ойролцоогоор 40-50 хувиар өндөр байдаг аж.
Үүнээс гадна ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохдоо ажилласан жилээс хамаарч, урамшууллын системээр тооцох нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, зургаагаас дээш жил ажилласан хүмүүст гурван сарын дундаж цалин дээр нэмж 1000 ам.доллар олгохоор болсон байна. Мөн мэдэгдэл хүлээж авсан ажилтнуудыг өөр хэлтэст шилжүүлэх талаар “Оюу Толгой” компанид ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа юм. Одоогоор хоёр хүнийг цомхотголд оруулахгүй байхаар шийдвэрлээд байгаа гэж тус компанийн Үйлдвэрчний хорооноос мэдээллээ.
Түүнчлэн тус компани үндсэн ажилтнуудаасаа гадна туслан гүйцэтгэгч компанийн 100 гаруй ажилтанд бүтцийн өөрчлөлттэй холбоотой мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил дуусч, үйлдвэрлэлийн шатандаа орсон учраас ийм шийдэлд хүрсэн гэж компанийн зүгээс мэдээлсэн. Дээрх тохиролцоонд холбогдох гэрээг өнөөдөр байгуулах юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.