Монголчууд 1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар шүтэн бишрэх эрх чөлөө хангагдаж, улмаар уламжлалт шашин, түүх, соёл, ёс заншлаа сэргээн хөгжүүлэх таатай нөхцөл бүрдсэн гэхэд болно.
Сүсэгтэн олны эрэл, хүсэлтийг үндэслэн 2001 оны гуравдугаар сард Дашчойлин хийдийн дэд хамба лам Ч.Цэдэндамба санаачлан “Дээд бодь” хийдийг үүсгэн байгуулж байсан билээ.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бурхан шашны сүм хийд, сургууль байгаагүй тэр үед сүсэгтэн олонд үйлчилж эхэлсэн тус хийд нь өдгөө 17 ламтай. Хамба, ловон, гэсгүй, унзад, голч, човомбо, дуганч зэрэг бурхан шашны хийдэд байдаг нийтлэг бүтэц, хэргэм зэргийн хуваарилалт хийж лам нар мяндаг тушаалын дагуу ажилладаг болоод ч тэр үү иргэдийн хөл хөдөлгөөн огт тасардаггүй байна. Гэтэл “Дээд бодь” гэх энэхүү хийд дотор албан ёсны ямар ч зөвшөөрөлгүй интернэт, тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй хугацаа өнгөрчээ.
Түүгээр ч зогсохгүй хоолны газар, шашны эд зүйл зардаг дэлгүүрүүд ч үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Бүтэн 13 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, сүсэгтэн олонд буяны ном хурж, шавь сурагчдыг бэлдэж ирсэн тус хийдэд PC тоглоомын газар, тэгээд бүр ямар ч тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь ойр хавийн оршин суугчид төдийгүй нийт сүсэгтэн олны эгдүүцлийг хүргээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл сэтгэлийн амар амгаланг хайж, эсвэл бурхан болоочийнхоо хойдхыг даатгахаар ирсэн олон зуун иргэн хийдийн нэгдүгээр давхарт байрлах интернэт, тоглоомын газарт үйлчлүүлж байгаа бага насны хүүхдүүдийн хэлэх янз бүрийн хараалыг сонсоод бүтэн сарын нүүр үзэж байна.
Сүсэгтэн олон хүүхдүүдийн хараалын үг, шуугианд нь дасах хандлагатай болжээ
Манай сурвалжлах баг өчигдөр тус дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээд бодь” хийдийг зорьсон юм. Тус хийд Яармагийн хоёрдугаар буудалд яг төв зам дагуу байрладаг аж. “Дээд бодь” гэх үгийг орой дээрээ залсан энэ хийдийн үүдэнд цайны газрын хаяг хадаастай байв.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг эртний үг бий. Хийдийн хаалгаар оров уу, үгүй юү шашны эд зүйл зардаг гурван ч лангуу нүднээ тусна. Харин хүрэн өнгөтэй бүргэд хаалга дээр “интернэт” гэсэн бичиг хаджээ. Нэг цаг үйлчлүүлэхэд 600 төгрөг аж. Энд 7-16 насны 10 гаруй хүүхэд компьютер тоглоом тоглож байлаа.
Ингэхдээ өөр хоорондоо “Араас нь хутгал, наад гөлөг чинь гараад ирлээ, буудаач. Өө, арчаагүй амьсгаа” гэх зэрэг үгсийг хэлцгээх аж. Сүсэгтэн олон ч хүүхдүүдийн эл шуугиан, хараалын үгэнд хэдийн дасаад эхэлчихсэн бололтой нэг их эвгүйцэхгүй байв.
Өнөө, маргаашгүй зөвшөөрлөө авчихна
Ингээд тус тоглоомын газрыг ажиллуулж байгаа эмэгтэйтэй уулзахад тэрбээр зургаа авахуулж нэрээ хэлэхээс татгалзсан юм.
-Хийдэд тоглоомын газар ажиллуулаад хэр удаж байна вэ?
-Нэг сар л болох гэж байна.
-Энэ байрыг түрээсэлдэг гэж сонслоо?
-Тийм.
-Хэдэн төгрөгөөр түрээсэлдэг юм бэ?
-Мэдэхгүй. Ер нь та нарт ямар хамаатай юм.
-Ингэхэд ямар нэгэн зөвшөөрөл бий юу?
-Тийм.
-Үзэж болох уу?
-Одоохондоо зөвшөөрөл алга.
-Зөвшөөрөлтэй гэсэн биз дээ. Аваагүй хэрэг үү?
-Өнөө, маргаашгүй авчихна. Бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа гэв.
Тэрбээр “Ямар ч зөвшөөрөлгүй байж юу гэж үйл ажиллагаагаа явуулах юм. Удахгүй зөвшөөрлөө авчихна. Яасан хэрэгт дуртай хүмүүс вэ. Өөр ямар ч зүйл ярихгүй” гэсээр дуугаа хураалаа. Бид нэмж хэд хэдэн зүйл асуусан ч хариулсангүй.
Тиймээс дээрх асуудлаар “Дээд бодь” хийдийн удирдлагуудтай уулзахаар хоёрдугаар давхарт гарсан ч байсангүй.
Иймээс тус хийдэд бичээчийн ажил хийдэг Ц.Оюунтай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.
Ц.Оюун: Хийдийн цахилгаан, дулааны мөнгө дийлдэхгүй байна шүү дээ
-Танайх хийд дотроо ямар ч зөвшөөрөлгүй тоглоомын газар ажиллуулж байна. Сүсэгтэн олон ихээр цуглардаг хийдэд тоглоомын газар ажиллуулж байгаа нь зохисгүй юм л даа.
-Тоглоомын газар биш интернэт шүү дээ.
-Ямар ялгаа байна?
-Уг нь интернэт ажиллуулах гэтэл хүн орж ирэхгүй байгаа гэсэн. Дандаа тоглоом тоглох гэсэн хүүхдүүд үйлчлүүлээд байгаа хойно яалтай билээ. Ажиллуулж байгаа хүн нь ч хэлдэг л юм. “Миний сэтгэл хангалуун биш байна” гэж. Бид хүмүүс интернэтэд суугаад мэдээ, мэдээлэл авчихдаг байвал зүгээр юм уу л гэж бодсон. Гэтэл хүмүүс чинь интернэтэд суух гэж орж ирэхээ байчихаж. Копьютерийн тоглоом тоглох гэж л хүүхдүүд үйлчлүүлэх юм.
-Түрээсэлдэг гэсэн үү?
-Тийм.
-Хэзээнээс түрээсэлж эхэлсэн юм бэ?
-Манай шинэ хийд өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад орсон. Интернэт, тоглоомын газарт нэг өрөөгөө түрээслүүлээд сар л болох гэж байна. Үнэнийг хэлэхэд нүүрс түлүүлдэггүй. Гурван давхар байшинг цахилгаанаар халаахад их мөнгө орж байна.
Зөвхөн цахилгаан, дулаанд л гэхэд 10 гаруй сая төгрөг төлж байх жишээтэй. Үнэхээр хэцүү байна шүү дээ. Бид арга ядахдаа л янз бүрийн хүмүүст байраа түрээслүүлж байна.
-Яг энэ хийдэд өөр ямар газрууд түрээсээ төлж үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Интернэт, тоглоом болон хоолны газар. Дээр нь шашны эд зүйл зардаг гурван дэлгүүр ажиллаж байна.
-Өөр?
-Одоогоор бусад өрөө нь хоосон.
-Сард хэдэн төгрөгөөр түрээслүүлдэг вэ?
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Хамба лам ирээгүй байна. Ирэхээр нь асуу.
-Шашны газар интернэт, тоглоомын газар ажиллуулж байгаад иргэд нэлээд дургүй байгаа нь ажиглагдлаа?
-Энэ том байшингийн халаалт, тогны мөнгийг дийлэхгүй байна шүү дээ. Тус хийдийн ажилтан ийн ярив. Уг нь бурхан шашны газар элдэв төрлийн хандив, тусламж, сүсэгтэн олны сэтгэлийн дэмээр үйл ажиллагаагаа явуулдаг баймаар.
Гэтэл сул өрөөнүүдээ түрээслэхгүй л бол дулаан, цахилгааны мөнгөө дийлэхгүй нь гэж тэрбээр хээв нэг хариулж байх юм.
Өдөр тутмын тогтмол цогчэн уншлага, шинийн найман, 15, 25, 29 болон битүүний өдрүүдэд хурал хурж, Авидын чога, Найдан чога, Дарь эхийн мандал шива, Гүнгргийн чога, Чойжоо дүгжүү, Цагаан шүхэртийн догжүр зэрэг сүсэгтэн олны захилгаар айлтгасан хурал, заслын номуудыг айлддаг “Дээд бодь” хийдэд ийнхүү ямар ч зөвшөөрөлгүй РС тоглоомын газар үүрэлчихсэн байна.
Хурал ном айлддаг энэ газраас Шар хадны сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү бяцхан үрс жим гараж магадгүй болжээ.
Иймд холбогдох газрууд болон хууль хяналтынхан хийдэд үүрлэсэн РС тоглоомын газрыг анхааралдаа авбал ямар вэ.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 19, 2014 7:46:41 am )
Яг юу н буруу байгаа юм бол? хонууд өнжүүдээр тоглуулаад байгаа юм уу? Харин ч зөв юм биш үү?
-
db (June 19, 2014 10:21:54 am )
мал минь хүүхэд чинь хичээлээ таслаад өглөөнөөс шөнө болтол тэнд ухаан санаа нь орон гаран болтол хүн алдаг тоглоомонд донтвол яахав айн???
-
-
Zochin (June 19, 2014 10:17:12 am )
Yun surtei yum, hiided tsainii gazar bh ni buruu yu, shashnii delguur bh ni buruu yu, harin ch neg dooroos heregtei uilchilgeegee avch bgaa yum bish uu, harin ter PC ni bol arai bolohgui bhaa,
-
db (June 19, 2014 10:23:01 am )
толгой нь хошног болсон муу лам нар мөнгөнд л шунаж байгаа царай нь
-
jiriin irgen (June 19, 2014 1:27:48 pm )
svm,hiided handiw ogj chadahgui bj bitgii olon ym yri chamaas tsaria aldalgvi zohitsuulj bga hvmvvs biz durak mine
5 Comments