antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

ОЮУНЫ ХУВЬСГАЛД НЭГДЭЦГЭЭЕ

нийтлэсэн Admin

Оюун ухаан нойрмог бол бузар булайг төрүүлнэ. Ф.Гойя

 

Хувьсгал хэмээх үгийн утгыг хүн төрөлхтөн олон янзаар ухаарч ойлгож ирсэн боловч хэл хэлний толь сөхөн үзвээс “Хэвшмэл зогсонги байдлыг хурд  хүчний үйлчлэлээр хувьсган шинэчлэхүй” хэмээн тайлбарладаг. Нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан хямрал хувьсгалт өөрчлөлтийг сүүдэр мэт ардаа дагуулж явдаг.

Орос-Америкийн нэрт философич, социологич П.Сорокин:  “Төр, өмч, гэр бүл аж ахуй бүгд найрамдах засаглал, хаант засаг, ардчилал, дарангуйлал болон өөрийн удирдлага, капитализм, социализм, фашизм ба коммунизм, үндэсний үзэл ба интернационализм, милитаризм, консерватизм болон радикализм цөм хямрал….” хэмээн үзсэн.  Манай соёлын үнэт зүйлс хийгээд бүхий л системийн хямрал бүр нь өөр өөрийн олон янзын хэлбэртэй. Идэвхжилийн түвшин янз бүр боловч эцэс төгсгөлгүй үргэлжилж түүний хүчтэй архиралт ихэд газар аван шар сонины хуудсанд торойсоор л. Хямрал бүр нь бидний мэдрэхүй, итгэл сэтгэлийг идэж бахархан хүндлэх соёл, бардамнан бахдах ёс заншил хийгээд  нийгмийн эвдрэл хохирлын цувааг  ар араас нь урсгаж байдаг . Харамсалтай нь энэ бүхний төгсгөл хаана байгаа бол.

Уг нь бидний монгол эх орон маань үлгэр домгийн, магтаал, ерөөлийн аз жаргалын гэгээн орон шүү дээ.  Сайн сайхан бүгдээ дээд тэнгэртээ өргөж хөх тэнгэрээ шүтэн дээдэсдээ сүслэн залбирч зүйр цэцэн үг уран яруу хэллэгээр хоорондоо ярилцан сайн сайхныг билэгдэн ерөөж явдаг ийм ард түмэн, ийм нутаг орон дэлхий ертөнц дээр байдаг болуу.

Гэвч бид өдөр ирэх тусам бусдаас илүүрхэх сайн зуршлаа хаяж, чадах чадахгүй зүйлээр оролдон хөгжлийн дээдийг хий хоосон мөрөөдөж, гол усандаа юугаа ч хамаагүй хийн онгон дархан уулаа ухаж төнхөн түлсэн галынхаа үнсийг манахаа үл мэдэн ой тайгаа түймэрдэж зах зээлийн үед хэтэрхий ашиг хонжоонд улайран бие биенээ хуурч мэхлэж, долир нүдээр бүхнийг харж наймааны хэд гурван үг англиар сурсанаа их юманд бодон, морь унаж тэмээ тохомлож, хонь холбож үнээ өөвлөж ямаа самнаж ч чадахгүй болтлоо хоцрогдсон ИХ ХОТЫНХОН гэж өөрсдийгөө өргөмжилсөн нийслэлчүүд нь болохоор тэнгэрээ хараад цаг агаараа шинжилж, газраа хараад байгалаа таниж мэдэж байгаа малчин ард түмнээ хүртэл хоцрогдсоноор нь дуудан ялгаварласаар цөөхөн монголчууд маань хөлөө жийлцэн сэтгэлгээний ядуурал, оюуны хямралд гүнзгий нэвтрэн уруудсаар л.

Өнөөгийн бидний ертөнцөд хийгээд эх оронд маань хар толбо үүсгэн нүүрлэж, аюул занал учруулж байгаа энэхүү хямрал гэх олон төрлийн гэж нэрлэгдэх доройтлын үндэс нь угтаа бол оюун санааны хямрал гэдгийг гүн ухаантан, түүхч, социологич шашны зүтгэлтэн, сэтгэл судлаачид бүгд л сануулсаар хэлсээр бичсээр байна шүү дээ.  Энэхүү оюун санааны хямралыг бид яаж даван туулж  хүн төрөлхтөний оюуны үнэт зүйлийг авран  хамгаалж, хадгалан авч үлдэх вэ гэдэг асуулт биднээс хариу нэхсээр.

Дээрхийн гэгээнтэн Далай лам:

“…Сүүлчийн зууны агуу их хөдөлгөөнүүд болох ардчилал, либерализм, социализм нь чухамдаа амгалан тайван амьдралыг өгч чадсангүй шүү дээ. Ямар олон сайхан санаанууд байлаа даа үнэхээр хувьсгал хэрэгтэй. Гэхдээ улс төрийнх ч биш эдийн засгийнх ч биш тэр ч байтугай техник технологийнх ч биш… Олон хувьсгалыг өнгөрсөн зууны турш үзлээ шүү дээ. Би харин та бүхэнд оюун санааны хувьсгалыг бэлэглэмээр байна” хэмээн өгүүлсэн.

Аль ч улс оронд, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд өөрчлөлт заавал шаардагддаг. Улс орны хөгжил зогсонги болох, ард иргэдийн амьдралд нааштай өөрчлөлт гарахгүй байх, нийгмийн хөгжлийн ерөнхий тогтолцоо, түүний үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдахгүй болох үед, ард иргэд өөрчлөлтийг хүсч эхэлдэг. Ийм өөрчлөлтийг хүсэх хүсэл, шаардлага нь хувьсгалын тохироо болон бүрддэг ажгуу. Ийм хүлээлт шаардлагад нийцүүлэн гарч ирж буй хөдөлгөөнүүд, шинэ  санаачлагууд нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хувьсгал болон өрнөж, хүсч буй өөрчлөлтийг авч ирдэг ажээ. Монгол оронд 1911 онд болсон, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь, олон зуун жилд Монгол оронд ноёрхсон Манжийн дарлалыг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлэлээс үүссэн байна.

Харин 1921 оны Ардын хувьсгалын талаар,  өдгөө янз бүрээр дүгнэн тайлбарладаг ч, Монгол Улсыг тусгаар тогтнуулж, дэлхийн газрын зураг дээр өөрийн хил хязгаартай, бие даасан тусгаар улсын статусыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэнд гол ач холбогдол нь оршдог. 1990 оны Ардчилсан хувьсгал, монгол оронд олон жил оршин тогтнож байсан нийгмийн тогтолцоог халж, дэлхийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага руу тэмүүлсэн, эрх чөлөө, чөлөөт сонголтын төлөөх агуу их  өөрчлөлт байлаа. Хувьсгал болгон өөр өөрийн өнгө төрхтэй. Хүчирхийлэл, цус урсгалт, бас тайван замаар гэхчилэн. Харин бид, бүгдийг нь туулж өнгөрүүлжээ. Одоо бидэнд сэтгэлгээний их ядуурал хямралаа даван туулж ОЮУН УХААНЫ ХУВЬСГАЛ хийхийг цаг хугацаа биднээс нэхэл хатуухнаар шаардаж байна.

Тэгвэл оюун ухаан гэж юу вэ? Бид оюун ухаан гэж юуг ойлгох вэ?
Монголчуудын хувьд оюун, ухаан хоёрыг холбоо үгээр илэрхийлэн ойлгож иржээ. Харин эрдэмтэн мэргэд бол оюун биокодоор дамжин төлөвшдөг сэтгэн бодох чадвар, ухаан нь бол харин социокодоор  дамжин  төлөвшдөг сэтгэн бодох чадвар хэмээн  тодорхойлдог байна.

Оюуны 7 түвшин байдгийг эрдэмтэд аль хэдийнээ нотолжээ.

    Асар өндөр
    Өндөр
    Сайн хэм хэмжээ
    Дундаж түвшин
    Бага түвшин
    Доогуур түвшин
    Оюуны хомсдол гэж ялган үздэг байна.

Ухааны хувьд :

–    Танин мэдэхүйн ухаан
–    Туурвин бүтээх ухаан
–    Харьцахуйн ухаан
–    Хайрлан дурлахуйн ухаан
–    Урлахуйн ухааан   гэж ойлгож ухаардаг  ажээ.

Хорвардын их сургуулийн доктор Ховард  Гарднер хүний оюун ухааныг

–    Логик математикийн
–    Хөгжмийн
–    Дотоод ертөнцийн
–    Харилцааны
–    Зураг дүрслэхүйн
–    Хөдөлгөөний
–    Хэл ярианы гэж ангилсан байдаг.

Доктор Д.Голиман “Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан “ байдаг гэж шинэ онол  дэвшүүлжээ.

Бид оюун ухааны хувьсгал хийхийн тулд оюун ухааны шинжлэх ухаан гэх зүйлийн учир холбогдлыг мөн л зөв танин мэдэх шаардлагатай байна. Биднээс оюун ухааны хувьсгал хийхийг  ямар бодит байдал  шаардаж байна вэ. Өөрөөр хэлбэл оюун ухааны хувьсгалын тохироо хэрхэн бүрдэв ээ?  Монголын нийгмийн харилцааг бүхэлд нь хамарсан энэ  гэмт хэрэг хүчирхийлэл, авилга хээл хахууль, ядуурал  залилан, нийгмийн амьдралыг бусниулагч шударга бус явдал, ёс суртахууны ухамсар, архидалт, хедонизм буюу учир утгагүй  жаргал цэнгэл наадам зэрэг үндэсний оршин байх чадварыг алдагдуулах үзэгдлүүд газар авч “Монголчууд  орших уу эс орших уу” хэмээсэн  ноцтой асуултыг бидний өмнө тавиад удлаа. Бид зөв хариулт өгч, зөв үйл ажиллагаа явуулж чадсангүй. Монголын их зохиолч В.Инжинаш : “Бурангуй явдлыг удаан үргэлжлүүлж болохгүй” хэмээн сургасан байдаг.
Үүнээс улбаалан нийгмийн амьдралын бүх хүрээ Монгол улсын бүх иргэний оюун санаанд хувьсгалт өөрчлөлт, өөрөөр хэлбэл бүх нийтийн гэгээрлийн хувьсгал хийх хэрэгтэй байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Гэгээрлийн хувьсгалын ул мөр, үр дүн бидэнд ойрын жилүүдэд  үл үзэгдэнэ.

Бурхан багш сургахдаа: Гэгээрэл нь тодорхой хэлбэргүй, өнгөгүй хэмээн айлдсан билээ. Бидний бодож байгаагаар “Оюун ухааны хувьсгалын үр дүнд хүрэхийн тулд монголын нийгмийн оюун санааны орчинг оюунлаг болгохоос эхлэх хэрэгтэй болов уу”. Оюуны хувьсгал эхлүүлэх нь бидний нийгмийг эмчлэх цорын ганц багаж юм.

Дээрхийн гэгээнтэн Далай лам  “Аливаа зовлонгийн шалтгаан бол бурангуй явдал юм. Бурангуй явдлыг бид гэгээрлийн оюуны хувьсгалын замаар л туулж чадна” хэмээн үзсэнээс харахад оюуны хувьсгал бол гэгээрлийн хувьсгал юм.

Монголчууд өнөөдрөөс 800 гаруй жилийн өмнө хэрхэн гэгээрч, аливаа юмс үзэгдлийг үнэн зөвөөр таньж, төр нийгэм нэгэн цул бат барилдлага болон оршиж XIII зууны дэлхий  ертөнцийг хөтлөхүйн дээд хөх монгол болгож, соёлт хүн төрөлхтний хөгжлийг манлайлж ирсэн гайхамшигт түүхийг бид мартах учиргүй билээ.

Дэлхийд гайхуулсан энэхүү амжилтын үндэс чухам юу байв аа? Египетчүүд Пирамид хэлбэртэй булш бунхан босгосон лугаа адил Монголчууд аравт, зуут, мянгат, түмтийн бүтцэд тулгуурласан пирамид тогтолцоог бүрдүүлж, хэн хүссэн нь бус, хэн чаддаг нь, ажилсаг хөдөлмөрч, ухаалаг, чадварлаг хүмүүс нь нийгмийг авч явах алтан түлхүүрийг нээсэнд Монголчуудын амжилтын  гол нууц оршино. Монголчууд удирдлагын шат дамжлага бүрийг оюунлиг, ажилсаг, хөдөлмөрч, үнэнч, шударга хүмүүсээр бүрдүүлж,  тэдэндээ итгэл найдвараа хүлээлгэж ядуурал хоосролын зовлонг үл үзэж, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн ухамсар сэтгэлгээнд тулгуурлан ажиллаж ирсэн нь орчин үеийн удирдлагын шинжлэх ухааны үндэс суурь нь байжээ. Хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж, шударга хөдөлмөрийнхээ үр шимийг хүртэж, ахмад настан, үр хүүхэд гэр бүлээрээ сэтгэл хангалуун  амьдрах орчныг буй болгосон учраас монголчууд төрөө дээдэлж “төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч ирсэн түүхтэй билээ.

Төр гэдэг ойлголтыг өөрт нь тус болдог, өрх гэрийг нь  тэжээн тэтгэдэг, амгалан тайван амьдралынх нь үндэс болсон аравтаасаа эхлээд зуут, мянгат,  түмтийн тогтолцоогоо хэмээн ойлгож ийнхүү шүтэн дээдлэж ирсэн байна.

ОЮУНЫ ХУВЬСГАЛЫН

Нэгдүгээр зорилт бол Монголынхоо түүхийг үнэн зөвөөр ухаарах, түүхээсээ гэгээрэх, түүхэн туршлагаасаа суралцан одоотой дүйцүүлэн ирээдүйг харсан замаар оюуны хувьсгалд хүрэх явдал юм.

Хоёрдугаарт: Монголчуудын оюуны соёлын хөтөч болсон ардын аман зохиол, үлгэр туульс, домог, ерөөл магтаал, оньсого, зүйр цэцэн үгс, бичгийн соёлын үнэт зүйлсээсээ ухаарал авч нийт үндэстний оюун санааны дархлааг буй болгох ажлыг төр нийгмийн бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй. Бид чаддаг зүйлээ мартаж хийж бүтээдэг болон зүйлсээ умартан хэн нэгэнд алдсаар байх учиргүй.

Гуравдугаарт: Дэлхий дахинаа нэр суу нь түгсэн олон зуун сод ухаантнаас огтхон ч дутуугүй бодож сэтгэж, шүтэж дээдлэж амьдарч ирсний нотлогоо бол Монголын нууц товчоо, Их Засаг хуулийн язгуур үзэл санаа яахын аргагүй мөн билээ. Дэлхийн сониныг лавлаж чаддаг, дээдэс мэргэдтэй ярилцаж чаддаг эрхэм хүмүүс эрдэмтэн судлаачдынхаа тусламжтайгаар эртний хаадын түүх цадиг, хууль журмаас ухаарч уламжлал дээр суурилсан шинэчлэлийг эхлүүлж дэлхийг төвхнүүлсэн дээдсийнхээ шийрийг хатаацгаая.

Дөрөвдүгээрт: Монголчуудын Бөө мөргөл, бурхны шашны сургаал номлол, зан үйлээс ухаарал авч, гэгээрэлд хүрэх замыг нээж монголд төрсөн , монгол ухаантай, монгол хүн монгол эх орондоо эрүүл саруул айх айдасгүй эх орныхоо баялагт эзэн нь байж хүссэнээрээ элэг бүтэн амьдрах боломж байгааг бид хайж биш харж чаддаг байж  оюуны хувьсгалын бамбарыг асаацгаая.

Тавдугаарт: XX  зууны шинэ монгол улсыг бүтээж байгуулсан, хөгжүүлж дэвжээсэн ахмад үеийнхэн бол гэгээрэлд хүрэх замыг туулсан эцэг дээдсийн минь хойч үе билээ.
“Ахмадын сургаал алт” хэмээсэн ардынхаа мэргэн сургаалийг санаж, тэднээсээ суралцаж, ухаарч, зөв хандлагаар сэтгэлгээгээ цэнэглэж бурхан шиг энэрэнгүй бахархам сэтгэлт бардам үндэстнээрээ нэгдэн өнөөгийн нийгмийг гэрэл гэгээтэй, саруул дардан болгохын төлөө хичээн зүтгэцгээе.

Зургаадугаарт: XX  зууны үед үүсэн байгуулагдаж өрхөө татаж, шинэ монголын хөгжлийн түүчээ тогоруу болсон урлаг соёлын байгууллагууд бол бидний оюуны соёлын үнэт дархлаа бөгөөд соёл урлагийн байгууллагуудаа дэмжиж, тэдэнтэйгээ  хамтарч Монголын уул талаар соёлын үрийг тарьцгаая.

Долоодугаарт: Монголын нууц товчооноос эхлээд олон мянган ном судар бүтээсэн, оюуны  хувьсгалын бамбарыг асаалцсан хувь ерөөлтэй оюуны соёлын охь манлай зохиолч , яруу найрагчид, бүтээн туурвигчдынхаа дуу хоолойг зөв хүмүүжил төлөвшилтэй, эх оронч үзэлтэй иргэдийг бага наснаас нь бэлтгэхэд  чиглүүлж эх орныхоо гэрэлт ирээдүйг оюуны хувьсгалаар сэрээцгээе

Наймдугаарт: Хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрч монгол эх орныхоо сайхныг зүрхэндээ эгштэл ухаарсан дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол ахан дүүсдээ сэтгэлийн  дэмжлэг үзүүлж эх орондоо ирээд ажиллах амьдрах орон зайг  нь нээж өгцгөөе.

Есдүгээрт: Монголын ирээдүйг бүтээгч  багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ  үүрэг хариуцлагыг өндөржүүлж, мэдээллээс цэгцтэй мэдлэгийг хуримтлуулж дадал төлөвшлөөрөө баталгаажуулан цогц чадварыг олж чадамж гэх гүүрээр зөв алхаж амжилтыг харж алдаагаа олдог боловсролтой бас боловсон залуусыг нийгэмдээ бэлтгэцгээе .

Аравдугаарт: Чингисийн Монголын гал голомтыг сахин суугаа үндэсний түүх соёлын маань их улаачид  баатарлаг малчидаа дэмжин тэдний цөлх ухаан, тал шигээ уужим тэнүүн сэтгэлгийн зам мөрөөр  оюуны хувьсгалтын гал дөлөө бадраацгаая.

Бидний улс эв эеэ нэгтгэж, эцэг өвгөдийн түүхээс суралцаж, эрдэмтэн мэргэдийн сургаал номлолоос ухаарч, эдүгээгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чин зоригоо эрхэмлэн хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй, хүрэхгүй гэх газар нэгээхэн ч  үгүй билээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга ….Жеймс Бейкер 1992 онд Монголд айлчлахдаа “Дэлхий дахинд эмх журамгүй , сахилга батгүй явдал газар авлаа. Энэ бүхнийг шийдэх арга зам бол Чингис хааны төрт ёсны уламжлалыг бүтээлчээр хэрэгжүүлэх явдал болой” хэмээн өгүүлжээ.

Тиймээ….Оюуны хувьсгалын гол зорилт бол уламжлалт тогтолцооноосоо ухаарч, түүхээсээ суралцаж эртний шилдэг хуулиудаасаа санаа авч тэнгэр язгуурт монгол түмнээ “гар газар, хөл хөсөр” тавиулахгүй амаржуулан жаргаах явдал билээ.

Аравт, зуут, мянгатын тогтолцоон дээр нэгдэж, ард олныхоо төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэдэг ухаант мэргэдийн жолоодлогоор замнаж, хэн чадалтай, авъяастай хүндээ удирдуулна гэдэг нь байгаль нийгмийн жам ёс гэдгийг сэхээрч төрийн төлөөлөгч болсон аравт, зуут, мянгатын дарга нартаа амь амьдралаа даатгаж, тэдэндээ итгэж, тэднийхээ төлөө ажилладаг байсан төр ёсны уламжлалаа орхисноор Монголчууд бид Монголоо алдаж эхэлсэнээ ухаарах цаг болсон бус уу?  Тухайн цаг үед аравтаас гадна өрхийг төрийн анхан шатны нэгжээр бүртгэж “Хүүхэд нь эх эцгээ, эхнэр нь нөхөрөө, залуус нь ахмадаа сонсдог” ёсыг хэвшүүлж чадсан нь өрх гэрээсээ эхлээд улс гүрэн бүгдээрээ хүмүүжилтэй, ёс зүйтэй, дэг журамтай байх нөхцлийг бүрдүүлж хулгай хийх явдлыг бүрэн мохоож, хуурч мэхлэх явдлыг таслан зогсоож, худал хэлэх үйлдлийг бүр мөсөн арилгасан  тэр нийгэм бидний эцэг дээдсийн үед баттай оршиж,  дэлхий дахиныг гайхшруулж байсан агаад одоо ч хүртэл дэлхийн улс орнуудын хөгжил дэвшлийн загвар төр улсын хэмжээнд үлгэр загвар болон яригдсаар байна. Бид хий хоосон ойн баярыг нь  тэмдэглэж хөөрцөглөхөөсөө илүү оюуны соёлын гүнд нь нэвтэрч, ололт амжилтаас нь суралцаж одоогийн энэ нийгмээ цэвэр тунгалаг болгоход оюуны хувьсгалын гол зорилтыг чиглүүлмээр байна.

Монголчуудын оюун сэтгэлгээнд баттай оршсон, орчлон хорвоог дагуулсан монгол сэтгэлгээ маань асан бадарч аугаа их үйлсийн гэрэлт бамбар болон дүүлэх болтугай. Уламжлал дээр суурилсан шинэчлэлийг одоо цагтай дүйцүүлвэл ухаан төгс, оюун саруул ирээдүйг бид бүтээж чадна.

БИД СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРЛААСАА ГАРЧ СЭРЭХ ЦАГ МААНЬ ИРЖЭЭ.

Оюуны хувьсгалд нэгдэцгээе

Оюун ухаанаараа нэгдэцгээе

Эцэг өвгөдийн түүхээрээ нэгдэцгээе

Эрхэмсэг оршихуйгаараа нэгдэцгээе


Рояаль Олон Улсын Дээд Сургуулийн захирал докторант Н.УЧРАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car